Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00697

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 31 210/МА2023/00697

 

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/00320 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө ХХК

Хариуцагч: Ч.

Нэхэмжлэлийн шаардлага: 3,334,613.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантуяа, хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ө ХХК нь Б дүүргийн 5, 6 дугаар хорооны 29, 1, 2, 66, 42, 31/15, 80, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 66, 67, 67, Б дүүргийн 11 дүгээр хорооны 41 дүгээр байруудын инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ХХК-аас шилжүүлэн авч, ажил үйлчилгээг үргэлжлүүлж байна.

Тухайн үед ХХК нь Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-д 112,740,602 төгрөгийн, Ус сувгийн удирдах газарт 24,672,199 төгрөгийн өр төлбөртэй, оршин суугч, хэрэглэгчдээс 30,066,260 төгрөгийн авлагатай байсан. Манай компани уг өр төлбөрийг болон авлагыг инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хамт балансаас балансад шилжүүлэн хүлээн авсан.

1.2 2020 оны 01 сарын 01-ний өдрийн байрлаар 29 дүгээр байрны 44 тоотын айл өрх нь 2018 оны 03 сараас 2019 оны 12 сар дуустал хугацааны ус, дулааны төлбөрт 1,864,084.61 төгрөгийн өглөгтэй байсан. Манай компанийн харьяалалд ирснээс хойш 2020 оны 01 сараас 2022 оны 08 сар дуустал саруудад хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 1,470,529.31 төгрөгийн төлбөр үүссэн бөгөөд нийт 3,334,613.92 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд айл өрхийн ус, дулааны төлбөр нийт 3,334,613.92 төгрөгийг Ч.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэлийн шаардлага утга нь бүхэлдээ 29 дүгээр байрны 36 тоот хаягт хандсан байна. Ч. нь 36 тоотод амьдардаггүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.ээс 3,334,613.92 төгрөг гаргуулан Ө ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.ээс 68,304 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч 200,000 төгрөг, 200,000 төгрөгийн 2 ширхэг баримтыг нэхэмжлэгч тал санхүүгийн нотлох баримтаараа нотолсон байхад шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч талын 2018-03 сараас 2022-8 сар хүртэлх хугацааны жагсаалт дахь үнийн дүн нь санхүүгийн тайлан дээрх хугацаа болон үнийн дүнгүүд илт зөрүүтэй бичигдсэн байхад шүүх бодитойгоор харьцуулж хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь зөрүүг арилгуулж үнэлсэнгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа хэрэглэсэн ус, дулааны төлбөр гэж заасан байдаг. Гэтэл төлбөрийн жагсаалтад миний СӨХ-д буюу засвар үйлчилгээний хуримтлалдаа тогтмол дүнгээр нийлүүлдэг мөнгийг надаас нэхэмжилж байгаа нь шударга бус.

Алданги тооцохдоо дээрх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөрийн дүнгээс тооцолгүй нийт үнийн дүнгээс авч тооцож нэмсэн байгаа нь санхүүгийн үнэн баримт мөн гэж үзэхэд эргэлзээтэй байгааг шүүх хянан шийдвэрлэсэнгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасан байдаг бөгөөд нийлүүлэгч, хэрэглэгч бидний хоорондох харилцаа ямар нэгэн гэрээгээр зохицуулагдаагүй. Хэрэгт гэрээтэй холбоотой гэрээний нотлох баримт байхгүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. ХХК-тай төлбөрийн маргаан дуусаагүй байгаа бөгөөд тооцоо нийлүүлж маргаанаа шийдвэрлэх боломж олгож, тус компанийн 2018-2019 оны тооцоог нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлээс салгаж хасаж өгнө үү.

Иймд би ус, дулаан хэрэглэсэн төлбөр 1,336,844 төгрөгийг хүлээн зөвшөөрч Ө ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 936,844 төгрөгийг төлнө гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн талын хариу тайлбарын агуулга:

5.1 Ч. тухайн байрын орон сууцны ашиглалтыг ямар компани хариуцан ажиллахаас үл хамааран өөрийн хэрэглэсэн ус, дулааны төлбөр, бохир ус татан зайлуулсан зардлыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасны дагуу төлөх үүрэгтэй.

5.2 Хариуцагч Ч. нь гомдолдоо ХХК-ийн хариуцаж байх үед хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг хасаж өгөхийг дурдсан байна. Манай компани нь Б дүүргийн 5, 6 дугаар хороодын 29, 1, 2, 66, 42, 31/15, 80, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 66, 67, 68, Б дүүргийн 11 дүгээр хорооны 41 дүгээр байруудын инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс ХХК-аас шилжүүлэн авч ажил үйлчилгээг үргэлжлүүлж байгаа ба тухайн үед ХХК нь Улаанбаатар дулааны шугам сүлжээнд 112,740,602 төгрөгийн, Ус сувгийн удирдах газарт 24,672,199 төгрөгийн өр төлбөртэй, оршин суугч, хэрэглэгчдээс 30,066,260 төгрөгийн авлагатай байсныг инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хамт балансаас балансад шилжүүлэн хүлээн авсан тул хасаж тооцох боломжгүй. Мөн гомдолд дурдсан 200,000 төгрөгийг нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 200,000 төгрөгийг нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус тус манай компанийн дансанд шилжүүлсэн байгаа тул 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг нэхэмжилсэн дүнгээс хасаж тооцохыг зөвшөөрч байна. Харин 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 200,000 төгрөгийг нэхэмжилсэн дүнгээс хасах боломжгүй. Учир нь манай компани 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2022 оны 9 сараас хойш гарсан төлбөрөөс хасагдаж тооцогдсон болно.

Иймд иргэн Ч.ийн давж заалдах гомдолд дурдсан 200,000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн 3,334,613.92 төгрөгөөс хасаж үлдэгдэл 3,134,613,92 төгрөгийг Ч. ээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Ч.т холбогдуулан 3,334,613.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ ...инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ХХК-аас шилжүүлэн авсан. Хариуцагч нь 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар дуустал хугацааны ус, дулааны төлбөрт 1,864,084 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар дуустал 1,470,529 төгрөгийн, нийт 3,334,613 төгрөгийн өр төлбөртэй гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.1 ХХК болон Ө ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, ХХК нь УДДТ-ийн тоног төхөөрөмж, байруудын узел, шугам сүлжээ холбогдох эд анги тоног төхөөрөмжүүд болох үндсэн хөрөнгийг хавсралт жагсаалтын дагуу ашиглалт хариуцах Ө ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. Үүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар Хөрөнгө шилжүүлэх гэрээ-ээр жагсаалтад заасан хөрөнгүүдийг шилжүүлсэн байна. /хх 37-42/

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй байх боловч уг гэрээний дагуу үүрэг үүсэх хугацааг буруу тодорхойлсон байна.

3.1 Хэрэгт авагдсан нотлох баримт болон дээрх хөрөнгийн жагсаалтад Ч. нь 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын ус, дулааны өртэй талаар тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ...2018, 2019 оны төлбөрүүд нь ХХК-аас Ө ХХК-д шилжсэн гэж тайлбарлах боловч Хөрөнгө шилжүүлэх гэрээ-ээр хариуцагч Ч.ийн өр төлбөр шилжсэн гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын ус, дулааны төлбөр болон алдангид нийт 1,864,084 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хугацааны ус, дулааны болон бусад төлбөр, алданги, нийт 1,864,084 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

3.2 Ө ХХК нь ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр УДДТ-ийн тоног төхөөрөмж, байруудын узел, шугам сүлжээ холбогдох эд анги тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ус, дулаан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын ус, дулааны төлбөрт 744,616 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас мөн оны 08 дугаар сарын ус, дулааны төлбөрт 592,228 төгрөг, нийт 1,336,843 төгрөг төлөх үүрэгтэй. Хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөг буюу нийт 400,000 төгрөг /хх 47-48/ төлснийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлээс хасч тооцоогүй нь үндэслэлгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дээрх хугацааны ус, дулааны төлбөрт нийт 936,844 /744,616+592,228-400,000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

3.3 Талууд гэрээгээр алданги тохиролцсон, эсхүл хуульд заасан тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар эрчим хүчээр хангагчийн алданги шаардах эрх нь хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь дээрх хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Иймд анхан шатны шүүх ус, дулааны төлбөр 744,616 төгрөгийн алданги 74,461 төгрөг, 592,228 төгрөгийн алданги 59,222 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй гэж үзэх тул алдангийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/00320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 3,334,613.92 төгрөг гаргуулан А ХХК-д олгосугай. гэснийг 936,844 төгрөг гаргуулан Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,397,769 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын Ч.ээс 68,304 гэснийг Ч.ээс 27,034 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,315 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН