Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 15

 

Я.Н нэхэмжлэлтэй

                                                         иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 133/ШШ2019/00090 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-4 тоотод оршин суух Жалайр овгийн Я Н /РД: ДК90042101/ нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох

Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан цалин 2.804.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяанд ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн А/01 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулан өр төлбөрийг барагдуулах тушаал гарсан боловч хэрэгжээгүй. Иймд дотооддоо зохион байгуулалт хийн орон тоог цомхотгон ажилтнуудыг ажлаас чөлөөлөн нягтлан бодогч нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагааг хариуцан үлдэж албан газрын асуудлыг шийдвэрлэтэл одоог хүртэл ажиллаж байна. Байгууллагын санхүүжилт шийдвэрлэгдэхгүй байсан ч үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, ямар нэгэн шийдвэр гараагүй тул албан хаагчдад цалин, ХХОАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн. Тус төвийн өрийн асуудал, байгууллагын санхүүжилтийн асуудлыг дээд газартаа уламжлан шийдвэрлүүлж өгөхийг хүсэж тухайн үеийн хөдөлмөрийн хэлтэс, хөдөлмөрийн яам болон бусад холбогдох дээд газруудад удаа дараа бичиг тоот хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүрсэн.  Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр  тогтоолын дагуу томилогдсон комисс гарч Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлж тус төвд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очсон боловч бусад өр төлбөр болох ажилтнуудын цалингийн асуудлыг шийдээгүй. Засгийн газрын тогтоолын хэрэгжилт хангагдахгүй, томилогдсон комисс өрийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул тус төвийг төлөөлөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалингийн 37.288.262,15 төгрөг, цалингийн өртэй холбоотойгоор үүссэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 14.457.303 төгрөг, татварын 4.495.988,8 төгрөгийн өрийн нийт 54.512.781,82 төгрөгийг гаргуулахаар тус байгууллагыг төлөөлөн нягтлан бодогч Б.Дашмаа нь нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус байгууллага болон ажилтнуудын цалин хөлстэй холбоотой асуудлаар дахин Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар комисс томилон тус байгууллагатай холбоотой өр авлагыг барагдуулах талаар заасан боловч одоог хүртэл ажилтнуудын цалин хөлстэй холбоотой өрийг барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан ёсоор тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан тул тус төвд ажилласан хугацааны цалин 2.277.161 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Я.Н нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би жижиг дунд үйлдвэрт 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нярав, бичиг хэргийн ажилтанаар ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 26-нд тус ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны цалин болох 2.804.700 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдын ажил олгогч биш. 2. Тус газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдыг ажилд авч, чөлөөлөөгүй. 3. Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай албан тоотоор манай байгууллагад хүсэлт уламжлахдаа тус төвийн нягтлан бодогч хийж байсан Б.Д нь ...Дээрх өр төлбөрийг барагдуулж өгөхийг Барилга хот байгуулалтын яам болон холбогдох газруудаас удаа дараа хүссэн боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудалд хамаарах тул өрийг барагдуулах боломжгүйг мэдэгдсэн. Иймд Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлж өгөхийг харъяа яаманд уламжилж өгнө үү гэжээ. Энэ хүсэлтийн дагуу манай байгууллага 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай албан тоотоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт уламжилсан болно. Иймд манай байгууллага энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш болно гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилчдыг томилж чөлөөлдөг ажил олгогч нь биш учир тус газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргадаггүй. Мөн Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай албан тоотоор манай байгууллагад хүсэлт ирсэн. Тус хүсэлтэд нягтлан бодогч хийж байсан Б.Д нь дээрх өр төлбөрийг барагдуулж өгөхийг Барилга хот байгуулалтын яам болон холбогдох газруудаас удаа дараа хүссэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудалд хамаарахгүй тул өрийг барагдуулах боломжгүй гэж үзсэн. Иймд засгийн газрын өрийг бүрэн барагдуулж өгөхийг харьяа яаманд уламжилж өгнө үү гэсэн тоотын дагуу тус байгууллага 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай албан тоотоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргад үүнийг уламжилж өгсөн байдаг. Иймд манай байгууллага тус нэхэмжлэлийн хариуцагч биш гэж үзэж байна гэжээ

.Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажилласан хугацааны цалин 2.804.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Н олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилласан хугацааны цалин 2.804.700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59.825 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Я.Н нь Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрт 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 31 хүртэл ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Нэхэмжлэгч Я.Н нь Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргын тушаалаар ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Я.Н ажлаас чөлөөлөх үед Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийн төвийн дарга нь Ц.А байсан. Я.Н ажлаас чөлөөлөөд нэг жилийн дараа дарга Ц.А нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Тухайн үед Я.Н нь цалингийн талаар ямар маргаан гаргаагүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгч Я.Н нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус төв татан буугдах хүртэл хугацаанд цалин, хөлс аваагүй гэж тайлбарлаж, нотлох баримтаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг” шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Үүнээс харахад нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалингаа аваагүй гэх нь үндэслэл болохгүй байна. Үүнээс харахад Я.Н нь цалингаа авч, уг цалингаасаа НДД болон ЭМД-т төлөлт хийгдсэн гэж үзэхээр байгаа.

Мөн Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийн төв нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санхүүждэггүй байсан нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.А мэдүүлгээр тодорхой харагдаж байсан.

Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 133/ШШ2019/00090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан тус аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллаж байсан хугацааны цалин 2.804.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ: тус газар нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилчдын ажил олгогч биш, мөн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал, шийдвэр гаргаж Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилчдыг ажилд авч, чөлөөлөөгүй тул энэ хэргийн хариуцагч биш гэжээ.

 Говь-Алтай, Завхан ...аймгуудад үйл ажиллагаа явуулж байсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн талаар  авах зарим арга хэмжээний тухай Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн А/01 дугаар тушаалаар тус аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг удирдлага зохион байгуулалтаар ханган, бүтэц, чиг үүргийг нь баталж ажиллахыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад үүрэг болгож ажиллуулж байгаад Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаар тогтоолоор Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг уг тогтоолын хавсралтаар баталж, Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэжээ.

Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар Говь-Алтай, Завхан аймгуудын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсгийг уг тушаалын 1 дүгээр хавсралтаар байгуулж, ажлын хэсгийн удирдамжийг 2 дугаар хавсралтаар баталж, дээрх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: Ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаа, ХЭДС хариуцсан мэргэжилтэн, мөн газрын дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан

мэргэжилтэн, нярав, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогч нарыг баталжээ.

Ажлын хэсгийн удирдамжид: Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллого хийх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, татвар, нийгмийн даатгал, тогтмол зардал, өр төлбөр, авлагын тооцоо нийлж барагдуулах, шилжүүлэх, ажиллагсадтай хийх аливаа тооцоог хийж барагдуулах, уг төвийн санхүүгийн хаалтын тайлан гаргах, ажлын хэсгийн тайланг гаргаж танилцуулах зэрэг ажлыг даалгажээ.

Нэхэмжлэгч Я.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллаж байсан хугацааны цалингаа гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн байрыг төрийн нэг өмчийг балансаас балансад шилжүүлэх /татан буулгах/-ээр шийдвэрлэж, Засгийн газрын энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг тухайн аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлэх, тус төвийг татан буулгаж, хаалтын балансыг гаргах, хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран зохион байгуулахыг үүрэг болгосны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Гэрч Ц.А шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  “...тухайн орон нутагт ажиллаж байгаа салбар болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ажлын хэсэг гаргаад тус аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг хүлээлцээд явсан шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтийг хангах тал дээр ажлын хэсэг ажиллаагүй. Тухайн шийдвэр гарсан үед ажлын хэсэг шуурхай ажилласан бол өр төлбөр барагдаад нэг тийш болчих байсан...”х/х-ийн 136 дугаар тал/ гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна.

Хуулийн этгээдийг татан буулгах, энэ асуудлаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу томилсон комисс /ажлын хэсэг/-ийн эрхлэн гүйцэтгэх ажлын талаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ” гэсэн байгаа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг энэхүү ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайлан гаргаж танилцуулах үүрэгтэй байжээ.

 Үүний дагуу тус аймагт баугуулагдсан ажлын хэсэг нь татан буугдаж байгаа хуулийн этгээдтэй холбоотой шаардлагыг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан дарааллаар буюу мөн хуулийн 32.5.6 дахь хэсэгт “...хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс...” гэж, мөн 32.7 дахь хэсэгт “...хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж, төлбөрийг барагдуулж болно...” гэж тодорхой заажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь өөрийн үүргийг харьяа байгууллага болох Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, түүний дарга, ажиллагсдыг комисст шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ утгаараа хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагсдын хөдөлмөрийн хөлс буюу цалингийн тооцоог Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, татан буулгах комисс барагдуулах үүрэгтэй байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 133/ШШ2019/00090 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ЭНХТӨР

 

                                                  ШҮҮГЧИД                              Ш.БАТТОГТОХ

 

                                                                                   Т.ЖАРГАЛСАЙХАН