Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00630

 

 

 

 

 

 

 

 

2023 01 26

101/ШШ2023/00630

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, хххххххххххххххх тоотод оршин суух, Боржигон овогт Д.У /рд:ххххх/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, хххххххххххх тоотод оршин суух, Боржигон овогт Т.Б /рд:хххххххххх/-д холбогдох

 

Орон сууцны үлдэгдэл төлбөр 4,943,200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Доголдол арилгахад гарах зардал 1,293,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 87А хаягт байрлах 96 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Тус орон сууцнаас иргэн Т.Б нь 6 давхарын 43 тоотод байрлах 43.76 м.кв 2 өрөө байрыг худалдан авахаар болж 2019 оны 09 сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Дээрх орон сууцны 1 м.кв-ийг 1,900,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож нийт 83,144,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхөөр болсон. Ийнхүү үүргийн гүйцэтгэлийн хүрээнд захиалагч болох Т.Бгаас Голомт банк дахь дансаар дамжуулан нийт 78,200,000 төгрөгийг миний бие хүлээн авсан бөгөөд 2019 оны 11 сарын 25-ны өдрийн байдлаар 4,943,200 төгрөгийг Т.Б гэрээний үүрэгт төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд иргэн Т Батзаяатай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 4,943,200 төгрөгийг Д.У надад гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээний хүчин төгөлдөр байдал, төлсөн мөнгө, зөрүү төлөгдөөгүй байгаа мөнгөнд бид маргадаггүй. Манайх зөвхөн шал товойлттой, цонх, тагтнаас сийгээд байгаа тул засварлаад өгвөл үлдэх мөнгөө өгье гэдэг. Гэхдээ нэхэмжлэгч засаж өгье гэдэг боловч засаж өгөөгүй одоог хүрсэн. Хэрэгт авагдсан эд хөрөнгийг засварлахад 1,293,000 төгрөг шаардлагатай тул энэ мөнгийг хасаад үлдэх төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2019 оны 9 сарын 11-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу хүлээн авсан Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 87А байр 43 тоот байрны шалны овгор товгор, цонхных нь завсраар сийгдэг, тагтны хаалганы сийгэлт зэрэг орон сууцны чанарын доголдлыг засварлах төлбөрт 5,000,000.00 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Бид 2019 оны 9 сарын 11-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж тус гэрээний үүргийн гүйцэтгэлээс 4,943,200 төгрөг дутуу төлөгдсөн гэх төлбөрийг бүрэн төлөх боломжгүй. Учир нь миний бие Т.Б нь нэхэмжлэгч Д.У надад хүлээлгэн өгсөн байр нь хэд хэдэн засвар хийгдэх шаардлагатай байгаа тухай, тус засварыг хийж гүйцэтгэж намайг хохиролгүй болгож өгөхийг удаа дараа хэлж, ярилцаж байсан. Миний хувьд шинэ байр авчихаад шал нь овгор товгор, цонхных нь завсраар сийгдэг, тагтны хаалгаар нь бас сийгдэг, чийг цохидог байрыг хүлээн авах нь тун хохиролтой байна. Тус эвдрэл гэмтлийг засварлахад 5,000,000 төгрөгний зардал гарна гэж үзэж байсан. Шинжээчийн дүгнэлтээр орон сууцанд гарсан доголдлыг арилгахад 1,293,500 төгрөг гэж гарсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, орон сууцны шал, цонх, тагтны чанарын доголдлыг арилгахад гарах зардал 1,293,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Гэрээ байгуулаад удаагүй байхдаа хариуцагч байрандаа орсон. Гэхдээ шал товойлттой, цонх сийгдэг талаар тухайн үед мэдэгдэж байгаагүй. Доголдол байсан бол тухайн үедээ энэ талаараа яагаад шүүхэд гаргаж өгөөгүй вэ. Доголдол нь манай буруугаас болж үүссэн гэдэг нь нотлогдохгүй байна. Доголдолтой байр байсан бол бусад оршин суугчид энэ талаар гомдол гаргах байсан. Өөрсдийнх нь ашиглалтаас үүссэн гэмтлийг бид засах үүрэг хүлээхгүй гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 Нэхэмжлэгчээс гаргасан орон сууц захиалгаар бариулах гэрээ, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, Голомт банкны дансны хуулга,

5.2 Хариуцагчаас гаргасан фото зураг,

5.3 Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Т.Бд холбогдуулан орон сууцны үлдэгдэл төлбөр 4,943,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь орон сууцанд үүссэн доголдлыг арилгахад гарах зардал 5,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа багасгаж 1,293,500 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр Д.У нь Баянзүрх дүүргийн хххххххххххххххххавхар, 43.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 03 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, Т.Б нь 1 м.кв талбайг 1,900,000 төгрөгөөр тооцон нийт 83,144,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-4-7/

 

3.1 Талуудыг дээрх гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох орон сууц нь ашиглалтад орсон байсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

 

3.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

3.2.1 Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

4. Хариуцагч Т.Б нь гэрээний хүчин төгөлдөр эсэх үйл баримтад болон гэрээний дагуу нийт 78,200,000 төгрөгийг төлж, 4,943,200 төгрөгийг төлөөгүй үлдсэн талаар маргаагүй. Харин уг төлөөгүй үлдсэн 4,943,200 төгрөгөөс орон сууцанд үүссэн доголдлыг арилгахад гарах зардлыг хасч тооцуулна гэж тайлбарлаж, маргасан.

4.1 Зохигчдын хэн аль нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан даруй маргааны зүйл болох орон сууцанд Т.Б нь орж амьдарсан үйл баримтыг тайлбарласан.

 

4.2 Хариуцагч Т.Бгаас тухайн үед орон сууцыг хүлээлгэн өгөхөд доголдол илрээгүй, хожим орон сууцанд амьдрах явцад паркетан шал товойж, цонх, тагтнаас сийгсэн доголдол илэрсэн, энэ доголдол нь нэхэмжлэгч Д.Угаас шалтгаалсан буюу чанаргүй орон сууц хүлээлгэн өгсөнтэй холбоотой гэж тайлбарласан. Гэвч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.3 Нэхэмжлэгч Д.Угаас 2019 онд орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш орон сууцны чанарын доголдлын талаар гомдол гаргаж байгаагүй атлаа одоо энэ талаар маргаж байгаа нь үндэслэлгүй, орон сууцны паркетан шал товойж, цонх, тагтнаас сийгэж байгаа нь ашиглалтын явцад үүссэн гэж маргасныг хариуцагч баримтаар няцааж чадаагүй.

 

4.4 Орон сууцанд үүссэн доголдол нь худалдагчийн чанарын доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгснөөс үүссэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...орон сууцанд гарсан доголдол болон доголдлыг арилгаж өгөхийг тухай бүрт нь Д.Уд мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч үүнтэй холбоотой баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

 

4.5 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар маргааны зүйл болох орон сууцны сууцны паркетан шал товойсон, цонх, тагтнаас сийгэж байгаа нь нэхэмжлэгч Д.Угийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

4.5.1 Хариуцагчийн хүсэлтээр орон сууцанд үүссэн байгаа доголдлыг арилгахад гарах зардлыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар гаргуулсан боловч энэ нь одоо орон сууцанд үүссэн буюу 3 жилийн дараа бий болсон доголдлыг арилгахад гарах зардлын хэмжээ болохоос доголдол юунаас улбаалж үүссэн болохыг тогтоосон баримт биш юм.

 

4.5.2 Шүүхээс 2022 оны 11 сарын 03-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрүүдийн шүүх хуралдаанд удаа дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс доголдол юунаас улбаалж үүссэн талаар тодруулахад энэ талаар шинжээч томилуулахгүй, шаардлагагүй гэж тайлбарласан. Иймд хариуцагч тал энэ талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэхгүй, татгалзаж байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэдэг тул шүүх доголдол юунаас үүссэн болохыг тогтоолгохоор шинжээч томилоогүй болно.

 

5. Нөгөө талаар, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-д Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Талуудын байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнд паркетан шал, цонх, тагтны чанарын талаар тусгайлан тохиролцоогүй байна. Иймд орон сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжтой байгаа тохиолдолд зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн паркетан шал, цонх, тагтыг чанарын доголдолтой гэж үзэх боломжгүй юм.

 

6. Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж, 14.7-д Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж тус тус заасан.

 

6.1 Хариуцагч Т.Б нь орон сууцыг 2019 оны 09 дүгээр сард эзэмшиж эхэлсэн атлаа үүнээс хойш орон сууцны материал болон засварын талаар Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан хугацаанд нэхэмжлэгч Д.Уд хандаагүй явсаар нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээрх хугацааг хэтрүүлсэн байна.

 

7. Түүнчлэн хариуцагч Т.Б нь 2019 оны 09 дүгээр сараас эхлэн орон сууцанд амьдарсан байх ба 2019 оны 10 сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл өвлийн саруудад цонх, тагт сийгэх доголдол илэрч байгааг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

 

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т.Б нь орон сууцны төлбөрт 4,943,200 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Уд олгож, хариуцагчаас гаргасан 1,293,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасантай тус тус нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 94,050 төгрөг, хариуцагчаас төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т тус тус зааснаар хариуцагч Т.Бгаас 4,943,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд олгож, нэхэмжлэгчид холбогдох 1,293,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Б-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 94,050 төгрөг, хариуцагчаас төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ