Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00685

 

У-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00630 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У-гийн хариуцагч Б-д холбогдуулан гаргасан гэрээний үлдэгдэл төлбөрт 4,943,200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, доголдлыг арилгахад гарах зардалд 1,293,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 87А хаягт байрлах 96 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Тус орон сууцнаас иргэн Б- нь 6 давхрын 43 тоотод байрлах 43,76 м.кв 2 өрөө байрыг худалдан авахаар болж, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Дээрх орон сууцны 1 м.кв-ийг 1,900,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож нийт 83,144,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхөөр болсон. Ийнхүү үүргийн гүйцэтгэлийн хүрээнд захиалагч болох Б-гаас Голомт банк дахь дансаар дамжуулан нийт 78,200,000 төгрөгийг миний бие хүлээн авсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 4,943,200 төгрөгийг Б- гэрээний үүрэгт төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Иймд иргэн Т Батзаяатай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 4,943,200 төгрөгийг хариуцагч Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрээний хүчин төгөлдөр байдал, төлсөн мөнгө, зөрүү төлөгдөөгүй байгаа мөнгөн дүнд маргахгүй. Худалдан авсан орон сууцны шал товойлттой, цонх, тагтнаас сийгээд байгаа тул засварлаад өгвөл үлдэх мөнгөө өгье гэдэг. Гэхдээ нэхэмжлэгч засаж өгье гэдэг боловч засаж өгөөгүй одоог хүрсэн. Хэрэгт авагдсан эд хөрөнгийг засварлахад 1,293,000 төгрөг шаардлагатай тул энэ мөнгийг хасаад үлдэх төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу хүлээн авсан Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 87А байр 43 тоот байрны шал овойсон, цонхных нь завсраар сийгдэг, тагтны хаалганы сийгэлт зэрэг орон сууцны чанарын доголдлыг засварлах төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Бид 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлээс 4,943,200 төгрөг дутуу төлөгдсөн гэх төлбөрийг бүрэн төлөх боломжгүй. Учир нь орон сууцанд засвар хийгдэх шаардлагатай байгаа тухай, тус засварыг хийж гүйцэтгэж намайг хохиролгүй болгож өгөхийг удаа дараа хэлж, ярилцаж байсан. Шинжээчийн дүгнэлтээр орон сууцанд гарсан доголдлыг арилгахад 1,293,500 төгрөг гэж гарсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, орон сууцны шал, цонх, тагтны чанарын доголдлыг арилгахад гарах зардал 1,293,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрээ байгуулаад удаагүй байхад хариуцагч орон сууцанд орсон. Гэхдээ шал товойлттой, цонх сийгдэг талаар тухайн үед мэдэгдэж байгаагүй. Доголдол нь манай буруугаас болж үүссэн гэдэг нь нотлогдохгүй байна. Доголдолтой орон сууц байсан бол бусад оршин суугчид энэ талаар гомдол гаргах байсан. Өөрсдийнх нь ашиглалтаас үүссэн гэмтлийг бид засах үүрэг хүлээхгүй гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б-гаас 4,943,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У-д олгож, нэхэмжлэгчид холбогдох 1,293,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 94,050 төгрөг, хариуцагчаас төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлд дурдагдаагүй маргааны зүйлийг тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч У-гийн нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 4,943,200 тегрегийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүний дагуу хариуцагч Б- нь тухайн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хариуцагчид хүлээлгэн өгсөн байр нь шал товоолттой, цонх, тагтнаас сийгээд байгаа тул засварлахад шаардлагатай үнийн дүн болох 1,293,000 төгрөгийг хасаж тооцуулан үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, орон сууц захиалан бариулах гэрээний 1 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу захиалагч захиалан бариулж буй барилгын төлбөрийг төлөх, хүлээн авах, гүйцэтгэгч нь барилгын ажлыг гүйцэтгэх, хүлээлгэн өгөх ... буюу Иргэний хулуийн 343-358 дугаар зүйлд заасан зохицуулалт бүхий үүргийг гүйцэтгүүлэх харилцан шаардлага бүхий маргаан үүсгэсэн. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана заасан мэтгэлцэх зарчмыг зөрчиж шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй, талуудын мэтгэлцээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний татгалзалд байхгүй худалдах, худалдан авах гэрээний дагуу зохицуулагдах маргаан байна хэмээн үзсэн. Ингэхдээ дээрх гэрээний дагуу У- нь ажил гүйцэтгэгч бөгөөд тухайн байрыг өмчлөх эрхгүй. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэж заасан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байгаа үед тухайн байрыг худалдсан гэж үзэх боломжгүй. Энэ нь Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн ямар ч үйл баримт, нотлох баримт, талуудын тайлбар байхгүй байхад ийнүү хөндлөнгийн бус байр сууринаас нэг талд давуу байдалтай, идэвхитэй байр суурьнаас дүгнэлт гарган шийдвэр гаргасанд гомдолтой байна.

6.а.Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тус орон сууцыг барьж ашиглалтад оруулсан болохоо дурддаг ба шүүх хурал дээр ч зөвшөөрдөг. Ийнхүү шинээр баригдсан барилга, байгууламжид тавигдах шаардлагад Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна, 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заасны дагуу барилга байгууламж барьж ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш доод тал нь 4 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангасан байх бөгөөд тухайн хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийн барилга барьж, улсын комист хүлээлгэн өгсөн иргэн, байгууллага нь хариуцан арилгадаг. Зохигчдын байгуулсан гэрээний 1.3-т энэ тухай тодорхой зааж өгсөн байдаг гэтэл шүүхээс тус хуулийн зүйл, заалтыг огт хэрэглээгүй, тухай байрыг барьж ашиглалтанд оруулсан У-г тухайн барилгын ашиглалтын шаардлагаас ямар ч үндэслэлгүй чөлөөлж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч тал доголдлын талаар тухайн үед нь мэдэгдэж байгаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан даруйд доголдолтой байсан гэх хариу тайлбарыг өгсөн. Орон сууцны доголдолд шал товойсон, цонх тагтнаас сийгэх асуудлыг ярьсан. Тухайн орон сууцанд орсноос хойш 2, 3 жилийн хугацаанд доголдлын талаар мэдэгдээгүй. Уг орон сууц нь 96 айлын орон сууц бөгөөд тухайн айлуудаас нэг ч айл доголдлын талаар гомдол гаргаагүй. Иймд тухайн доголдлыг ашиглалтын явцад үүссэн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч У- нь хариуцагч Б-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 4,943,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь доголдлыг арилгахад гарах зардалд 1,293,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч У- нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах, 96 айлын орон сууцны барилгын 1 дүгээр орц, 6 давхар, 43.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 03 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, хариуцагч Б- нь орон сууцны үнэ 83,144,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-4-7-р тал/

 

4.а.Нэхэмжлэгч У- нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг хариуцагч Б-д хүлээлгэн өгсөн, хариуцагч нь орон сууцны үнэ 83,144,000 төгрөгөөс 4,943,200 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон байна.

 

4.б.Нэг тал нь төрлийн шинжээр тодорхойлогдох, нэгэнт бий болсон эд хөрөнгө худалдах, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг хэрэгжсэн байдал нь гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог бөгөөд талуудын байгуулсан гэрээнд ажлын үр дүнд чиглэсэн агуулга тусгагдаагүй байна. Иймд эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.в.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч У- нь хариуцагч Б-гаас худалдсан эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.

 

4.г.Хариуцагч Б-гийн хувьд орон сууцны үлдэгдэл төлбөр 4,943,200 төгрөгийг төлөхийг үгүйсгээгүй тул анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн, хариуцагч Б-гаас 4,943,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

5. Орон сууцанд илэрсэн доголдлыг арилгахад гарах зардалд 1,293,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анх орон сууцыг хүлээлцэх үед доголдол илэрсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь орон сууц хүлээлцсэнээс 3 жилийн дараа гарсан байх бөгөөд энэ нь доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгсөн гэдгийг шууд нотолсон баримт биш байна.

 

5.а.Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6.Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжээгүй тул тухайн орон сууцыг худалдсан гэж үзэх боломжгүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. Хариуцагч тал нь анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад орон сууцны өмчлөх эрхийн талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй, энэ нь талуудын маргааны зүйл биш байх тул анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ