Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/00778

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 02 с 06 ө

Дугаар 101/ШШ2023/00778

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч З.Баярмаа, Т.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б-д холбогдох,

 

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарангэрэл, Р.Жавзандулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Анар, иргэдийн төлөөлөгч Ү.Ихнаран, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарангэрэл, Р.Жавзандулам нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. Бнь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/43 дугаар тушаал гаргаж, Нг тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Харуулын цагдаагийн албан тушаалаас халжээ. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр Таны гаргасан 2019 оны Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нг эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэжээ. Мөн Сүхбаатар аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 147/ШШ2019/00416 дугаар шийдвэрийн дагуу тус газраас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинд 10 000 000 төгрөгийг Нд олгосон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 10,000,000 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан Б-аасгаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цагдаагийн хурандаа БЦагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/376 дугаар тушаалаар 2018.06.05-2020.03.09-ний оны хооронд Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 6.1-т1 зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэгч нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага юм. Дээрх байгууллагыг хариуцан ажиллаж байх хугацаанд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, айлын хашаа мөргөж, зам тээврийн осол гаргаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан сахилга, ёс зүйн зөрчил гаргасан. Дээрх асуудалд албаны шалгалт явуулж, дүнг танилцуулах үүргийг Замын цагдаагийн тасгийн даргад өгсөн бөгөөд шалгалтаар харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Н нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, ЦЕГ-ын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.8 дахь хэсэгт заасан Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул түүнд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Б/43 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5-д заасны дагуу цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан. Цагдаагийн ахлагч Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 122/ШШ2019/0021 дугаартай шийдвэрээр түүнийг албанаас халсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг эргүүлэн олгохоор шийдвэрлэсэн. Цагдаагийн алба хаагч согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг ноцтой зөрчилд тооцож, хүлээлгэх хариуцлагыг чангатгах талаар Цагдаагийн ерөнхий газраас удаа дараа үүрэг, ажлын чиглэл ирүүлснийг миний бие хариуцсан байгууллагадаа хэрэгжүүлж ажилласан.

Түүнчлэн Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7-д төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох; гэж заасан байдаг бөгөөд энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагад үүрэг болгосон байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан. Иймд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд албан үүргээ гүйцэтгэж ажилласан бөгөөд Аөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: Аийн албан бичиг 1 хуудас, Б-ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 28 дугаартай шийдвэр 3 хуудас, төлбөрийн хүсэлт 2 хуудас, итгэмжлэл 1 хуудас.

 

Хариуцагч талаас шүүхэд өгсөн нотлох баримт: итгэмжлэл 1 хуудас, Сүхбаатар аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын 2010 оны 08 сарын 26-ны өдрийн 81 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал 1 хуудас, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын албаны шалгалтын материал 25 хуудас, Сүхбаатар аймаг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 21 дугаартай шийдвэр 8 хуудас, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын даргын 2019 оны 07 сарын 24-ний өдрийн А/59 дугаартай хариуцагчийн төлөөлөгчийг томилох тухай тушаал 1 хуудас, 2020 оны 04 сарын 20-ны өдрийн Б/35 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал 1 хуудас, 2020 оны 04 сарын 20-ны өдрийн Б/34 дугаартай томилж цол олгох тухай тушаал 1 хуудас, 2019 оны 04 сарын 30-ны өдрийн Б/43 дугаартай цагдаагийн ахлагч П.Нямсүрэнг албанаас халах тухай тушаал 1 хуудас, Сүхбаатар аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын 2016 оны 10 сарын 16-ны өдрийн 138 дугаартай албанаас чөлөөлөх тухай тушаал, 2013 оны 07 сарын 09-ний өдрийн 104 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал 3 хуудас, 141 дугаартай цалин нэмж, хасч олгох тухай тушаал 2 хуудас, 2012 оны 09 сарын 24-ний өдрийн 109 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал 1 хуудас, 2012 оны 09 сарын 15-ны өдрийн 101 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал 1 хуудас, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 544 дугаартай магадлал 6 хуудас, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 55 дугаартай тогтоол 4 хуудас, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт гэх нэртэй 2022 оны 09 сарын 12-ны өдрийн хүсэлт 3 хуудас, Цагдаагийн ерөнхий газрын албан бичиг 3 хуудас, Засгийн 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 258 дугаартай тогтоол 1 хуудас, Монгол улсын засгийн газрын албан даалгавар 1 хуудас, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын даргын 2019 оны 06 сарын 04-ний өдрийн А/49 дугаартай цагдаагийн газрын дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал 1 хуудас, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дотоод журам 12 хуудас, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 133 дугаартай захирамж 2 хуудас, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын илтгэх хуудас 1 хуудас, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар албан бичиг 2 хуудас, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 143 дугаартай захирамж 1 хуудас, Аийн албан бичиг 1 хуудас, Аийн албан бичиг 1 хуудас, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын даргад мэдэгдэл 1 хуудас, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоол 3 хуудас, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэсэн илтгэх хуудас 13 хуудас, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 416 дугаартай шийдвэр 3 хуудас, Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 24 дугаартай тогтоол 6 хуудас,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Сүхбаатар аймаг дах цагдаагийн газраас ирүүлсэн 2020 оны 02 сарын18-ны өдөр Нд 10,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт 1 хуудас, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 147/ШШ2020/00416 дугаар шийдвэр 3 хуудас, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дүгээр шийдвэр 8 хуудас, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/MA2019/0544 дүгээр магадлал 6 хуудас, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 55 дугаар тогтоол 4 хуудас, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 147/ШШ2020/00416 дугаар шийдвэр 3 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А хариуцагч Б-дхолбогдуулан гэм хорын хохиролд 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч Н удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан тул халсан нь үндэслэлтэй байсан, захиргааны хэрэгт оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтаа бүрэн бүрдүүлж өгөөгүйгээс шүүх Нг ажилд нь тогтоосон тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.Бат-Эрдэнэ энэ хэргийн хамтран хариуцагч гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ,

50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заажээ.

 

Аөөс дээрх хуулийн заалтын дагуу Б-д2021 оны 12 сарын 30-ны өдрийн 04/2509 дугаартай мэдэгдлээр төрд учирсан хохирол болох 10,000,000 төгрөгийг төлөх талаар мэдэгдсэн, улмаар хохирлыг төлөөгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч А шаардах эрхтэй байна.

 

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын дарга Б2019.04.30-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 сарын 23-ны өдрийн А/129 тоот тушаалаар батлагдсан цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.8-д заасныг удирдлага болгон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож айлын хашаа мөргөж ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр харуулын цагдаагаар ажиллаж байсан Нг албан тушаалаас нь чөлөөлснийг ажилтан эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасанд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дугаартай шийдвэрээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, Нг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан шийдвэр, магадлал, тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-90-109/

 

Нэхэмжлэгч Н-г ажилд нь эгүүлэн тогтоосон 2019.08.28-ны өдрөөс хойш хариуцагч тал ажилд нь аваагүйгээс 2020 оны 04 сарын 10-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар зохигчид эвлэрч, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар 10,000,000 төгрөгийг Нд төлөхөөр эвлэрсэн болох нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 416 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж, 2020.12.18-ны өдөр ажил олгогчоос 10,000,000 төгрөгийг Нгийн дансанд 416 тоот шийдвэрийн дагуу гэх утгатай шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байна. /хх-55/

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар А төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн зохицуулалттай.

 

Хариуцагч Б-ын Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа Нг хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдсон, улмаар шүүхийн шийдвэрт заасан 10,000,000 төгрөгийг ажилтанд олгож, төрд хохирол учирсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байх тул хариуцагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Б-аас төрд учирсан хохиролд 10,000,000 төгрөгийг гаргуулж Төрийн сан банкны улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч төрд учруулсан хохирлыг барагдуулах нь зөв боловч зөвхөн хариуцагчаас нэхэмжилж байгаа нь буруу, шат шатны ажилтнуудын ажил үүргийн хуваарьтай танилцах ёстой гэх дүгнэлт гаргаж байна.

 

Иргэдийн төлөөлөгчийн төрд учруулсан хохирлыг барагдуулах гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн ба шат шатны ажилтнуудын ажил үүргийн хуваарьтай танилцах, хариуцагчийн эрхийг хангах, дангаараа хариуцах нь үндэслэлгүй гэх тайлбараар хэргийг шийдвэрлэх боломжгүй, шүүх хариуцагчийн ажилтныг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн үйлдлээс шалтгаалж төрд хохирол учирсан гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 174,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б-аас 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулан Төрийн сан банкны улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА

 

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА