Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00931

 

 

 

 

 

 

 

 

2023 05 05 210/МА2023/00931

 

 

 

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/00778 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ТАЗ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Л-д холбогдох, 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, мөн зүйлийн 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. Н.Л- нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 04 сарын 30-ны өдрийн Б/43 дугаар тушаал гаргаж, Д.Н-г тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Харуулын цагдаагийн албан тушаалаас халсан. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр 2019 оны Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Н-г эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн. Мөн Сүхбаатар аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 147/ШШ2019/00416 дугаар шийдвэрийн дагуу тус газраас 2020 оны 12 сарын 18-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинд 10,000,000 төгрөгийг Д.Н-д олгосон байна. Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 10,000,000 төгрөгийг Н.Л-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Н.Л- Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажиллаж байх хугацаанд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Н- нь 2019 оны 04 сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, айлын хашаа мөргөж, зам тээврийн осол гаргаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан сахилга, ёс зүйн зөрчил гаргасан. Д.Н- нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, ЦЕГ-ын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.8-д заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул түүнд 2019 оны 04 сарын 30-ны өдөр Б/43 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасны дагуу цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. Цагдаагийн ахлагч Д.Н- дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 122/ШШ2019/0021 дугаартай шийдвэрээр түүнийг албанаас халсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг эргүүлэн олгохоор шийдвэрлэсэн. Цагдаагийн алба хаагч согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг ноцтой зөрчилд тооцож, хүлээлгэх хариуцлагыг чангатгах талаар Цагдаагийн ерөнхий газраас удаа дараа үүрэг, ажлын чиглэл ирүүлснийг миний бие хариуцсан байгууллагадаа хэрэгжүүлж ажилласан. Түүнчлэн, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7-д заасныг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагад үүрэг болгосон байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Л-аас 10,000,000 төгрөгийг гаргуулан Төрийн сан банкны улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

4.а. Д.Н- нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.4.8-д заасан хэм хэмжээг зөрчсөн, үүнийгээ хүлээн зөвшөөрч Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн. Мөн Сүхбаатар аймаг дах Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 11-р хуралдаанаар түүнийг цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомж, байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн зөрчил гаргасан талаарх шалгалтын дүнг хэлэлцээд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасан шийтгэлийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын зөвлөл хамтын зарчмаар оногдуулсан талаар ямар нэгэн маргаан байхгүй. Өөрөөр хэлбэл, Н.Л- би Д.Н-д холбогдох ёс зүйн асуудлаар дангаараа шийдвэр гаргаагүй албаны шалгалтын болон Зөвлөлийн хурлын тэмдэглэл|хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад уг баримтуудыг бодитоор үнэлээгүйд гомдолтой байна.

4.б. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар 4,559,408 төгрөг гаргуулахаар Н.Л-д даалгаагүй, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасан гэж ойлгож байна. Энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2020 оны 06 сарын 12-ны өдөр хүртэл 13,627,009 төгрөг болгоод 10,000,000 төгрөгөөр эвлэрсэн асуудал нь Н.Л-ы шийдвэр, үйл ажиллагаа биш юм. Тухайн үеийн Сүхбаатар аймгийн Цагдаагийн зөвлөлөөр хуралдан шийдвэр гаргасан гишүүд бүгдээрээ хамтын хариуцлага хүлээх ёстой. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 21 аймгийн Цагдаагийн газар болгон зөвлөлтэй, Цагдаагийн газрын дарга дангаараа тушаал шийдвэр гаргадаг мөрдүүлдэг, мөн Зөвлөлийн хурлын шийдвэрийг ч хэрэгжүүлж тушаал гарган хэлбэржүүлдэг. Энэ нь хамтын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа явдал юм. Н.Л- миний бие дур мэдэн шийдвэр гаргаж бусдад дангаар хохирол үүсгэсэн бол хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй. Гагцхүү Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Зөвлөлийн шийдвэрийг зөвхөн надад хамаатуулж, хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн, 10,000,000 төгрөгийн зөрүү хөлсийг эрх залгамжлан ажил хүлээж авсан Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга дангаар шийдвэр гаргасан бол өөрөө, зөвлөлийн хурлаар хамтын шийдвэр гаргасан бол Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар хариуцлага хүлээх ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Цагдаагийн албаны дарга нь хамтын зарчмаар буюу зөвлөлийн шийдвэрт үндэслэн тушаал гаргасан учраас ганцаараа хариуцлага хүлээх боломжгүй гэж тайлбарласан. Албан хаагчид сахилгын шийтгэл буюу хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэрийг байгууллагын удирдлага шалгаж, шийдвэр гаргадаг. Н.Л- нь хамтын шийдвэр гаргадаг албан тушаалтан биш тул хариуцлагыг хамт хүлээнэ гэдэг нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт 4,900,000 төгрөгийг гаргуулж, Н.Л-ыг гэм буруугүй гэж үзсэн. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас халж, чөлөөлснөөс шалтгаалан төрд хохирол учирсан тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан гэм буруутай этгээд хариуцлага хүлээнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Н.Л-д холбогдуулан төрд учруулсан хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...цагдаагийн ахлагч Д.Н- сахилгын зөрчил гаргасан учир Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын зөвлөлийн шийдвэрээр хариуцлага хүлээлгэсэн... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна. /1хх 1-2, 26-27, 2хх 12-27/

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

3.   Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 544 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 сарын 30-ны өдрийн Цагдаагийн ахлагч Д.Н-г албанаас халах тухай Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Н-г Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Д.Н-д 4,559,408 төгрөг олгож шийдвэрлэжээ. /1хх 90-97, 98-103, 104-107/

Мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 147/ШШ2020/00416 дугаар захирамжаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас 10,000,000 төгрөгийн олговор гаргуулж Д.Н-д олгож шийдвэрлэжээ. /1хх 87-89/

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоожээ.

 

4.   Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Иймд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хариуцагч Н.Л- хуульд нийцээгүй тушаал гаргаж цагдаагийн ахлагч Д.Н-г албанаас халсныг шүүх тогтоосон, үүний улмаас Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас 10,000,000 төгрөгийн олговрыг Д.Н-д олгож, төрд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон гэж үзэх тул ...цагдаагийн ахлагч Д.Н- сахилгын зөрчил гаргасан учир Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын зөвлөлийн шийдвэрээр хариуцлага хүлээлгэсэн... гэсэн хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /1хх 55, 90-97, 98-103, 104-107/

 

5.   Анхан шатны шүүх хариуцагч Н.Л-аас 10,000,000 төгрөгийг гаргуулан Төрийн сан банкны 100900021501 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт ... төрийн албан хаагчийг ... хууль бусаар ... чөлөөлсөн, халсныг ... шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасантай нийцжээ.

 

6.   Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ...төрд учруулсан хохирлыг барагдуулах нь зөв боловч зөвхөн Н.Л-аас нэхэмжилж байгаа нь буруу... гэсэн дүгнэлтийг гаргасныг дурдах нь зүйтэй. /2хх 11/

 

7.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон зохицуулалтыг баримтлаагүй хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/00778 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1... гэснийг ...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2023 оны 04 сарын 04-ний өдөр төлсөн 105,000 төгрөг, нийт 175,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.НЯМБАЗАР