Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/04266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................./-д холбогдох,

Цалинд 13,881,259 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би 2007 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн С ХХК-ийн С зочид буудалд тогоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаанд 2017 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдох хөдөлмөрийн хөлс доголдож эхэлсэн бөгөөд одоог хүртэл ажилласан хугацааны цалингаа бүрэн гүйцэд авч чадаагүй. 2021 оны 10 сарын 11-ний өдрөөс ээлжийн амралтаа авч эргэн ажилдаа орох гэтэл байгууллагын удирдлагууд ажлын байр байхгүй ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн. Надад талбайн үйлчлэгч хийвэл хий гэсэн санал хэлсэн боловч тогооч мэргэжилтэй учир хийх боломжгүй талаараа хэлэхэд ажлаас гарахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажиллаж байсан хугацааны цалинд 13,849,281 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Н 2022 оны 09 сарын 06-ны өдөр гаргасан тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сард 200,000-300,000 төгрөг өгч байсан. Цалинг бэлнээр болон дансаар өгч байсан. Яагаад шүүхэд хандаагүй гэвэл нягтлан бодогчид ерөнхийлөгч Солонгосоос удахгүй ирнэ, тухайн үед хөрөнгө оруулалт орно гэсэн тул итгээд хүлээж байсан. Нягтлан н.Сувд ажлаасаа гарсан, дараа нь Одончимэг гэх хүн байгаа, ерөнхий нягтлан бодогч Г.Оюунцэцэг ажиллаж байсан. Ийм зүйл болно гэж бодоогүй. Татвар, нийгмийн даатгал хасагдсан үнийн дүнгээр нэхэмжилж байгаа. Тэтгэвэрт гарах дөхөж байгаа учир энэ байгууллагадаа байж байгаад гарья гэж бодоод цалингаа дутуу аваад яваад байсан. 2021 онд Азжаргал захирал үйлчлэгч хийх санал гаргасан учир ажлаасаа гарсан. Цалингийн үлдэгдэл өгөхгүй гэсэн учир шүүхэд хандсан. 2018 оны цалинд 3,182,514 төгрөг, 2019 оны цалинд 6,756,653 төгрөг, 2020 оны цалинд 642,678 төгрөг, 2021 оны цалинд 3,299,414 төгрөг гаргуулж гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С ХХК-ийн одоогийн захирал Х.Азжаргал нь 2021 оны 9 сард үүрэгт ажлаа хүлээж авсан ба 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нтэй 011 тоот Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан хангамжийн албаны тогоочоор сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар болсон. Нийн хувьд гэрээ байгуулан ажиллаж байх хугацаанд 2021 оны 04 сард амралтаа авах хуваарьтай байсан ба ээлжийн амралтын цалингаа аваад амралтаа биеэр эдлээгүй, амармаар байна гэсэн хүсэлтийг гаргасан тул удирдлагын зүгээс хүлээн аваад 2021 оны 10 дугаар сард хамт ажиллаж байсан тогооч Долгорсүрэнгийн хамт хоёуланг нь амралтыг нь өгөөд явуулсан. С ХХК-ийн хувьд Х.Азжаргал захирлыг анх ажлаа авахад Нийгмийн даатгал, татварын албанд нэлээдгүй өр хуримтлагдсан, санхүүгийн хувьд алдагдалтай байсан тул ажилчдын гал тогоог, заалны хамт рестораны зориулалтаар бусдад түрээсэлж ашиг, орлогыг нэмэгдүүлэх шийдвэрт хүрч түрээсэлсэн. Н, Долгорсүрэн нарыг 1 сар гаруй хугацаанд амраад ирэхэд нь дээрх нөхцөл байдлыг танилцуулаад Зочид буудлын өрөө үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажиллаж бай, цалинг бууруулахгүй 1.000.000 төгрөгийн цалинг олгодгоороо олгоно, магадгүй санхүүгийн асуудал гайгүй болбол ажилчдын хоолыг хийлгэж эхэлнэ гэдэг санал тавьсан. Дээрх асуудалд тогооч Долгорсүрэнгийн хувьд зөвшөөрөөд одоог хүртэл зочид буудлын ерөө үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажиллаж байгаа. Харин Н нь би тогооч хүн өөр ажил хийж чадахгүй тул хүсэлтээ өгөөд ажлаас гаръя гээд өөрөө хүсэлтээ бичиж өгөөд ажлаас гарсан. Түүнээс нэхэмжлэлд дурдсан шиг ажлаас үндэслэлгүй халсан асуудал байхгүй. Нэхэмжлэлд ажиллаж байсан хугацааны цалин 13,849,281 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х.Азжаргал захиралтай 2021 оны 09 сарын 13-ны өдөр гэрээ байгуулан ажиллах хугацаанд нэг ч удаа цалин олгоогүй асуудал байхгүй. Мөн Х.Азжаргал захирлыг ажлаа авахаас өмнө С ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Г.Оюунцэцэг, касс барьж байсан Цэнгэлмаа нар нь ажилчдын цалинг тавьж байсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Х.Азжаргал захирлын зүгээс өнгөрсөн жилүүдийн санхүүгийн баримт бичиг болон тайланд Аудитын шалгалт оруулан ажиллаж байгаа болно.

Энэхүү асуудал нь 2021 он, 2020 оны асуудал биш 2018 оноос 2021 оныг хүртэл бүтэн 4 жилийн хугацааны өмнөх зүйл юм. Нэхэмжлэгч нь энэхүү хугацаанд яагаад эрх үүргээ хэгжүүлээгүй вэ. Солонгос захирал удахгүй ирнэ, хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт итгэж өнөөдрийг хүрсэн гэж ярьж байна, энэ тухай нотолсон ямар баримт байна вэ, ямар баримтад үндэслэж энэхүү тайлбаруудыг хийж байгаа нь ойлгомжгүй байна. Цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ярьж байна, тэгвэл байгууллагын үүргийг хэрэгжүүлэхийн тулд Н нь эрхээ хэрэгжүүлэхгүй яасан бэ, хавтаст хэрэгт гаргаж өгсөн Сувд гэх хүний нотлох баримтыг шаардлага хангахгүй баримтыг тухайн үед нь яагаад баримтжуулаагүй вэ, өнөөдөр тухайн хүмүүс байхгүй гэсэн шиг 2018 оноос 2021 оны хоорондох асуудлаар одоо нэхэмжилж байна вэ, энэ нь ганц ажил олгогчийн үүрэг биш юм, ажилтны шаардах эрх мөн байгаа. Гэтэл энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө яагаад Азжаргал нь танд нотлох баримтгүй төлбөрийг төлөх ёстой вэ. Санхүүгийн баримтад үндэслэж бид энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргах гэж байсан гэж байна, үүнийг би ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь 2018 оноос 2021 оны хоорондох цалинг өгөөгүй гэдэг гэтэл өмгөөлөгч нь санхүүгийн баримтыг харж нэхэмжилнэ гэж байна, тухайн баримтад байх үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх гэж байгаа мэт. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өөрийн эрх үүргийн дагуу гаргаж өгөх ёстой байсан боловч гаргаж өгөөгүй. 4 хуудас хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэж ярьж байна, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлох үүргээ хэрэгжүүлээгүй гэвч шүүхээс өнөөдөр бүх зүйлийг тодруулж асуухад ямар ч үндэслэлгүй үйл баримтад үндэслэж энэхүү тооцооллыг гаргасан гэж ярьж байна. Мөн санхүүгийн баримтад шүүхээр үзлэг хийсэн, ямар нотлох баримтын шаардлага хангаагүй гараар бичсэн зүйл байсан үүнийг үзлэгийн тэмдэглэлд тусгаж хэрэгт авагдсан гэтэл тухайн зүйлд 12,000,000 төгрөгийн баримт гарч ирэхэд үүнтэй холбогдуулан гаргая гэж байна, үүнээс өөр зүйл гарахгүй. Нэхэмжлэгч нь 4 жилийн хугацаанд яагаад цаг тухайд нэхэмжилж байгаагүй вэ. Нэхэмжлэлийн шаардлагын тооцоог хэрхэн гаргасан бэ гэхэд манай үйлчлүүлэгч өөрөө гар бичмэл хөтөлж байсан гэж хэлж байна, тухайн баримт нь хэрэгт хавсаргагдаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг үндэслэж ярьж байна, үүгээр ямар нотлох баримт гаргуулах гэж байна вэ, гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээс өмнө гаргасан хүсэлтийг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж хүлээн авахаас татгалзсан, өөр хүсэлт гаргаагүй, үүнд хавсаргах өөр нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Нийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 3 хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, С ХХК-ийн захирлын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 21/Т/67 дугаартай тушаал 1 хуудас, С ХХК-ийн захирлын 20 дугаартай тушаал, түүний хавсралт 3 хуудас, хөдөлмөрийн гэрээ 3 хуудас, өглөгийн товчоо тайлан гэх баримт 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2 хуудас.

 

Хариуцагч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Сонжингрупп ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Сонжингрупп ХХК-ийн захирлын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 21/Т/67 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал 1 хуудас, Нийн С зочид буудалд гаргасан өргөдөл 1 хуудас, 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 07 дугаартай түрээсийн гэрээ 3 хуудас, Нийн С зочид буудалд 2021 оны 09 сарын 20-ны өдөр гаргасан өргөдөл 1 хуудас, Сонжингрупп ХХК-ийн захирлын 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 21/Т/43 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаал, түүний хавсралт 3 хуудас, 2021 оны 09 сарын 13-ны өдөр байгуулсан 11 дугаартай хөдөлмөрийн гэрээ 6 хуудас, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн ГПА-22/10 дугаартай Аудитын үйлчилгээний гэрээ 2 хуудас, Д.Долгорсүрэнгээс Сонжингрупп ХХК-д гаргасан өргөдөл 1 хуудас, БНСУ-ын хөрөнгө оруулалтай Сонжингрупп ХХК-ийн шинэчлэгдсэн дүрэм 3 хуудас.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Үзлэг хийсэн тэмдэглэл 4 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н хариуцагч С ХХК-д холбогдуулан 2017 оноос хойш дутуу олгосон цалинд 13,849,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулж, дутуу олгосон 2018 оны цалинд 3,182,514 төгрөг, 2019 оны цалинд 6,756,653 төгрөг, 2020 оны цалинд 642,678 төгрөг, 2021 оны 8 сарыг дуусталх цалинд 3,299,414 төгрөг, нийт 13,881,259 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба энэ шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч тал С ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Г.Оюунцэцэг, касс барьж байсан Цэнгэлмаа нар нь ажилчдын цалинг тавьж байсан, санхүүгийн баримт, тайланд Аудитын шалгалт оруулсан, хэзээний цалин нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Н С ХХК-д тогоочоор 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Нийн 0118059 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 21/Т/67 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-4-6, 8, 44-46/

Ажилтан Нийн хүсэлтээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д нийцсэн байх ба энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... С ХХК-ийн удирдлагууд удахгүй хөрөнгө оруулалт орж ирэхээр цалинг бүрэн өгнө гээд цалинг бүрэн олгодоггүй байсан, тэтгэвэрт гарах дөхөж байгаа учир өөр ажилд орох боломжгүй гэж бодож хүлээсээр өдий хүрсэн ... гэж тайлбарлаж, 2018 оны цалинд 3,182,514 төгрөг, 2019 оны цалинд 6,756,653 төгрөг, 2020 оны цалинд 642,678 төгрөг, 2021 оны цалинд 3,299,414 төгрөг, нийт 13,881,259 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлээ тодруулсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан. /хх-78-82/

С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Азжаргал томилогдсоныг 2021 оны 10 сарын 14-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

С ХХК-иас тогооч Нтэй 2021 оны 9 сарын 13-ны өдөр 011 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 3.2.3-т цалинг сар бүрийн 15, 30-ны өдөр хуваан олгохоор тохирсон болох нь хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /44-46/

Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэж заажээ.

 

С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНСУ-ын иргэн Lee овогтой Seog Jae 2015 оны 11 сарын 02-ны өдрөөс ажилласан, гүйцэтгэх захирал Lee овогтой Seog Jae нас барсан учраас С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Азжаргал 2021 оны 10 сард томилогдох хүртэл гүйцэтгэх захиралгүй байсан болох нь зохигчийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

С ХХК нь Компанийн тухай хуулийн 3.5-д хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ гэсэн тодорхойлолтод нийцсэн хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ,

84 дүгээр зүйлийн 84.1-д Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заажээ.

 

С ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлд компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна гээд гүйцэтгэх захирлын хүлээх үүргийг тусгажээ. /хх-66-68/

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ.

20 дугаар зүйл. Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг

20 дугаар зүйлийн 20.2.5.дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах;

20.2.6.эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах гэж заажээ.

 

Дээр дурдсан Компанийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар ажил олгогч С ХХК ажилчдын цалинг сард 2 буюу түүнээс дээш удаа тогтоосон өдөрт олгох үүрэгтэй, ерөнхий нягтлан бодогч цалин олгож байгаа байдалд хяналт тавьж, өглөгийн тооцоог хянаж, баталгаажуулахаар байх боловч энэ үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй ба энэ үүргийг ажилтан Нд хүлээлгэх хууль зүйн болон бодит үндэслэлгүй.

Ажилтан Нд цалинг бэлнээр болгон дансаар олгож байсан болох нь зохигчийн тайлбар, үзлэг хийхэд бэлнээр цалинг олгож гарын үсэг зуруулж байсан нөхцөл байдлаар тогтоогдож байх ба зохигч хэн аль дансаар олгож байсан баримтыг хэрэгт өгөөгүй.

С ХХК-ийн санхүүгээс Нийн олговол зохих цалинг нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 1-12 сард нийт 12,162,159 төгрөг, 2019 онд 14,157,163.96 төгрөг, 2020 онд 19,686,101 төгрөг гэж тодорхойлж бичсэн, 2019 оны 2 дугаар сараас хойших нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж, баталгаажуулаагүй болох нь зохигчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

Шүүхээс С ХХК-ийн 2021 оны 7 сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны кассын орлого, зарлагын баримтад үзлэг хийхэд 18 нэр бүхий ажилтанд бэлнээр цалин олгосон, Н эцсийн үлдэгдэл 12,696,181.70 төгрөг гэсэн эх хувь баримт байсан тул ажил олгогч С ХХК-ийг ажилтан Нийн цалинг 2018 оноос хойш 2021 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд дутуу олгож байсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч цалин олгосон баримтыг ерөнхий нягтлан бодогч Г.Оюунцэцэг үйлдсэн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ерөнхий нягтлан бодогчоор Г.Оюунцэцэг ажиллаж байсан гэж тус тус тайлбарлаж байх ба цалин олгосон баримт нь эх хувиар кассын орлого, зарлагын хавтаст үдэгдсэн байх тул үнэлэх боломжтой баримт юм.

Нэхэмжлэгчийн ...2018 оны цалинд 3,182,514 төгрөг, 2019 оны цалинд 6,756,653 төгрөг, 2020 оны цалинд 642,678 төгрөг, 2021 оны 8 сарыг дуусталах цалинд 3,299,414 төгрөг, нийт 13,881,259 төгрөгийг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримт бүрдүүлэх, өглөгийн журнал хөтлөх, санхүүгийн тайлан гаргах зэрэг баримтуудаар няцаах боломжтой байхад няцаагаагүй.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгална гэж заасны дагуу С ХХК санхүүгийн баримтууд хадгалагдах баримт юм.

Ажил олгогчийн хувьд ажилтны цалинг сард 2 буюу түүнээс дээш удаа олгох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлсэн бол баримтаар нотлох боломжтой байсан боловч нотлоогүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Азжаргал томилогдсоноос хойш цалингийн өр үүсээгүй тул хариуцахгүй... гэх тайлбар нь хуульд нийцэхгүй, баримтаар нотлоогүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ерөнхий нягтлан бодогч Г.Оюунцэцэгийг хуурамч баримт үйлдсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа, аудитын дүгнэлт гаргуулах хүсэлтээ цагдаагийн байгууллагад өгсөн... гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Нэхэмжлэгч Нийн цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтныг эрүүгийн журмаар шалгуулахад хамааралгүй юм.

 

2021 оны 7 сарын 31-ний өдрийг дуусталх цалингийн үлдэгдэл 12,696,181.70 төгрөг дээр нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагадаа дурдсан зөрүү 436,777 /2021 оны 8 сард 2,015,577 төгрөг гарт авахаас 1,578,800 төгрөг авсан гэж бичсэн/ төгрөгийг нэмэхэд нэхэмжлэлийн шаардлага 13,881,259 төгрөгтэй тохирохгүй байна.

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн өглөгийн товчоо тайлан нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй баримт байх ба 2021 оны 7 сарын 31-ний өдрийг дуусталх 12,696,181.70 төгрөг дээр нэхэмжлэгчийн 2021 оны 8 сарын дутуу гэх 436,777 төгрөгийг нэмэхэд нэхэмжлэлийн шаардлага 13,881,259 төгрөгтэй тохирохгүй байгааг дурдав.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан ажиллагааг хийх боломжтой гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

 

Нэхэмжлэгч 2022.01.24-ний өдрөөс хойш 260 гаруй хоногийн хугацаанд мэргэжлийн өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, Ж.Гантулга нь мэргэжлийн өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн нөхцөл байдалтай танилцах, тохирсон хууль зүйн зөвлөгөө өгөх, хэрэгт хамааралтай нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтийг хуульд нийцүүлэн гаргах зэргээр эрх үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн болно.

 

Дээр дурдсанаас дүгнэвэл, ажил олгогч С ХХК 2018 оны 1 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилтан Нийн цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сард 2 буюу түүнээс дээш удаа олгох үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь үзлэгийн тэмдэглэл, нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн цалингийн бичилт, нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн үйл баримт зэргээр тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч С ХХК-иас тогооч Нд олговол зохих цалингийн үлдэгдэлд 12,696,181.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нд олгож, нэхэмжлэлээс 1,185,077.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас олговол зохих цалингийн үлдэгдэлд 12,696,181.70 /арван хоёр сая зургаан зуун ерэн зургаан мянга нэг зуун наян нэгэн төгрөг далан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нд олгож, нэхэмжлэлээс 1,185,077.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,550 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж, хариуцагчаас 218,089 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ