Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00022

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00022

 

Ж. ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04266 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж.

Хариуцагч: М ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Цалин 13,881,259 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ж. 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл М ХХК-ийн Сонжин гранд зочид буудалд тогоочоор ажилласан. 2017 оноос хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдох хөдөлмөрийн хөлс доголдож эхэлсэн бөгөөд одоог хүртэл ажилласан хугацааны цалинг бүрэн олгоогүй. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Иймд 2018 оны дутуу олгосон цалин 3,182,514 төгрөг, 2019 оны дутуу олгосон цалин 6,756,653 төгрөг, 2020 оны дутуу олгосон цалин 642,678 төгрөг, 2021 оны дутуу олгосон цалин 3,299,414 төгрөг, нийт дутуу олгосон цалин хөлс 13,849,281 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 М ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ж. тэй хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, сарын 1,000,000 төгрөгийн цалинтай, тогоочоор ажиллуулахаар болсон.

2.2 Нэхэмжлэгч Солонгос захирал удахгүй ирнэ, хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт итгэж өнөөдрийг хүрсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай нотолсон баримт байхгүй. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны цалинтай холбоотой шаардлагыг 4 жилийн дараа гаргаж буй нь үндэслэлгүй.

Иймд цалинтай холбоотой тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас олговол зохих цалингийн үлдэгдэлд 12,696,181.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж. д олгож, нэхэмжлэлээс 1,185,077.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,550 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж, хариуцагчаас 218,089 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч Ж. нь 2017 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдох ёстой цалин хөлс олгогдохгүй доголдож эхэлсэн гэсэн атлаа тухайн үедээ ямар учраас цалингаа дутуу авч байсан болон энэ талаар дээд удирдлагуудад хандаж хэрхэн шийдвэрлүүлж байсан талаарх баримт огт байдаггүй. Түүнчлэн, 2018 оноос 2021 оны хооронд дутуу олгогдсон цалингаа хэрхэн яаж ямар нотлох баримтыг үндэслэж үнийн дүн гаргаж ирж нэхэмжилж байгаа нь тодорхой бус ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2 Нэхэмжлэгч 2018 оноос хойш ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй эрх нь зөрчигдөж байхад 2021 он хүртэл хууль хяналтын байгууллагад хандахгүй өнөөдрийг хүрсэн болох нь цалингаа дутуу авч байсан эсэхэд нь эргэлзээ төрүүлэхээр байдаг. Үүнийгээ нэхэмжлэгч талаас хөрөнгө оруулалт удахгүй хийгдэнэ гэж хэлсэн тул түр хугацаанд хүлээж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ одоогийн захирал Х.Азжаргал томилогдохоос өмнө 4 жилийн өмнөх асуудал байдаг.

4.3 Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн маргаанд гомдол гаргах хуулийн хугацааг тооцож хэргийг шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл /1999/ оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар бус 4 жилийн өмнөх хөдөлмөрийн гэрээний дагуу авах ёстой байсан цалингаа аваагүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн олгогдоогүй гэх цалингийн зөрүүг ямар баримтыг үндэслэж шийдвэрлэсэн болох нь анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой ойлгомжтой бичигдээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гаргасан тайлбар, нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 М ХХК-ийн санхүүгийн баримт тайлан болон өглөгийн товчоо тайлан буюу санхүүгийн анхан шатны тайланг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Өглөгийн товчоо тайланд ажилтны тайлангийн өглөг гэж Ж. д 13,307,223 төгрөг гэснийг үндэслэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааны явцад хэргийн 69-71 дүгээр талд үзлэг хийсэн. Үзлэгээр Ж. д 12,696,181.70 төгрөгийн цалин олгосон, ар талд нь /300,000 төгрөгийн цалин олгов Наран/ гэж бичсэн байна. Санхүүгийн үзлэг хийж тайлангаар баталгаажсан анхан шатны баримтыг үндэслэж цалинг нөхөн олгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Ажил олгогч нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Энэ өдөр Ж. нь миний 4 жилийн цалин дутуу олгогдож байсан тул цалингийн товчоо тайлангаа авсан. Тухайн үед цалингийн нягтлангаар ажиллаж байсан н.Одончимэг нь өглөгийн товчоо тайланг өгсөн. 13,881,259 төгрөгийн авлагатай гэсэн баримтыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

2. Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч М ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс 13,881,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 24/

3. Ж. нь М ХХК-д 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 12-14/

4. М ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21/Т/67 дугаар тушаалаар тогооч Ж. тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь хүсэлтээр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 8/

5. Хариуцагчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны кассын орлого, зарлагын баримтад хийсэн үзлэгээр ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид 12,696,181 төгрөгийн цалингийн өглөгтэй болох нь тогтоогджээ. /хх 72/ Иймд хариуцагчийн ...цалингийн зөрүүг ямар баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь ...ойлгомжтой бичигдээгүй гэх гомдол үндэслэлгүй.

6. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх уг хуулийн заалтыг хэрэглээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, хариуцагч нь нэхэмжлэгчийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлснөөр нэхэмжлэгчийг дутуу олгосон цалин хөлсний талаар мэдсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн цалин хөлсний талаар шаардлага гаргах хугацааг мөн өдрөөс тоолох бөгөөд тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 218,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН