Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/04395

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

\

 

2022 о 10 с 24ө

Дугаар 101/ШШ2022/04395

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...................гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................../-д холбогдох,

4,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2017 оны 01 сарын 03-ны өдөр хариуцагч Бд 1,000,000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай сар бүрийн 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хугацаа алдсан хоног тутамд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор бичгээр гэрээ хийж зээлүүлсэн.

2017 оны 01 сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд дансаар хариуцагч нь надад өгсөн мөнгө нь 2017 оны 01 сарын 10-ны өдөр 100,000, 01 сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 02 сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 05 сарын 23-ны өдөр 20,000 төгрөг, 06 сарын 09-ний өдөр 20,000 төгрөг, 06 сарын 13-ны өдөр 20,000 төгрөг буюу эхний гэрээний хугацаанд нийт 360,000 төгрөгийг төлсөн. Үүнээс 6 сарын хүү 600,000 төгрөгөөс 6 сарын хүүг хасаад 1,240,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

2017 оны 07 сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатай, сар бүрийн 10 хувийн хүүтэйгээр хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаанд 2017 оны 08 сарын 04-ний өдөр 20,000 төгрөг, 2017 оны 09 сарын 10-ны өдөр 20,000 төгрөг, 2017 оны 11 сарын 04ний өдөр 30,000 төгрөг, 2017 оны 12 сарын 03-ны өдөр 20,000 төгрөг, 2017 оны 12 сарын 19-ний өдөр 30,000 төгрөг, 2018 оны 09 сарын 29-нд 20,000 төгрөг, 2018 оны 10 сарын 21-ний өдөр 20,000 төгрөг, 2018 оны 11 сарын 04-ний өдөр 40,000 төгрөг, 2018 оны 12 сарын 06-ны өдөр 20,000 төгрөг, 2019 оны 01 сарын 27-ны өдөр 20,000 төгрөг, 2019 оны 01 сарын 31-ний өдөр 20,000 төгрөг, 2019 оны 05 сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2019 оны 05 сарын 31-ны өдөр 20,000 төгрөг буюу сүүлийн гэрээнд нийт 310,000 төгрөгийн төлөлтийг хариуцагч хийсэн.

Гэрээний хугацаа дууссанаас хойш 5 удаа 2019 оны 11 сарын 19-ний өдөр 40,000 төгрөг, 2019 оны 12 сарын 11-ний өдөр 20,000 төгрөг бэлнээр, 2022 оны 04 сарын 11-ний өдөр 10,000 төгрөг бэлнээр, 2022 оны 05 сарын 20-ны өдөр 20,000 төгрөг бэлнээр, 2022 оны 06 сард хамгийн сүүлд 50,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба нийт 140,000 төгрөгийг төлсөн. Үүний 40,000 төгрөгийг төгрөгийг дансаар, 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо үндсэн зээл 1,000,000 төгрөг эхний гэрээний төлөгдөөгүй хүү 300,000 төгрөг, 2 дахь гэрээний төлөгдөөгүй хүү 2,100,000 төгрөг, нийт 3,400,000 төгрөгөөс алданги бодож, 1,700,000 төгрөгийн алданги нэхсэнээс төлсөн 140,000 төгрөг хасаж 1,560,000 төгрөг буюу үндсэн зээлд 1,000,000 төгрөг, хүүд 2,400,000 төгрөг, алдангид 1,560,000 төгрөг, нийт 4,960,000 төгрөгийг нэхэмжилж байна. Эвлэрвэл алданги 1,560,000 төгрөгийг хасаж 3,400,000 төгрөгт эвлэрэх боломжтой. Анх нэхэмжлэл гаргахдаа 240,000 төгрөг илүү нэхэмжилсэн байна.

Лангуугаа одоо болтол ажиллуулж байгаа, надаас бэлэн мөнгө бөөнд нь авчхаад одоо 300,000 төгрөг төлнө гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би ч гэсэн амьдрахын төлөө зүтгэж байна. Хэнд ч өвчин зовлон тохиолддог, алданги 1,560,000 төгрөгийг хасах боломжтой... гэв.

 

Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Пгээс 2017 онд 1,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тэр үед аав элэгний хорт хавдраар өвдөөд 3 жил болж байсан үе. Аавынхаа эмчилгээнд зориулан зээлсэн. Аав өнгөрөөд би зээлээ өгч эхэлсэн. Ах дүү бүгд л өвчтэй хүнтэй болохоор эдийн засаг уналтад орсон. Тэгээд ковид гараад улам л хэцүү болсон. Би бага багаар өгч барагдуулсан гэж бодож байна. Би одоо өөрөө бөөрний асуудалтай. Бие асуудалтай байгаа үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би дансаар 640,000 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг өгсөн байна. Би ер нь зөндөө өгч байсан. Эрэгтэй хүнтэй ирээд дарамтлаад 20,000 төгрөг, 30,000 төгрөг, 50,000 төгрөгөөр авдаг байсан. Надад одоо эмчилгээнд зориулах 300,000 төгрөг л байна. Үүнийг өгч болж байна. Өөр мөнгө төлж чадахгүй... гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: П, Бнарын иргэний үнэмлэхийн хуулбар 2 хуудас, зээлийн гэрээ 2 хуудас.

 

Хариуцагч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Хаан банкны дансны хуулга 15 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П хариуцагч Бд холбогдуулан үндсэн зээлд 1,000,000 төгрөг, хүүд 2,600,000 төгрөг, алдангид 1,600,000, нийт 5,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээлд 1,000,000 төгрөг, хүүд 2,400,000 төгрөг, алдангид 1,560,000 төгрөг, нийт 4,960,000 төгрөг гаргуулна, алданги 1,560,000 төгрөгийг хасах боломжтой гэв.

 

Хариуцагч боломжоороо мөнгө төлсөн, 300,000 төгрөг төлөх боломжтой, өвчтэй, хагалгаанд орно гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч П 2017 оны 01 сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч Бд 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг 0,5%-иар тооцохоор тохиролцон зээлж, бичгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-5/

 

Зээлдүүлэгч Пгээс зээлдэгч Бн 5740010634 тоот дансаар мөнгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Хариуцагч Б зээлийн гэрээний үүрэгт дансаар 2017 оны 01 сарын 10-ны өдөр 100,000, 01 сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 02 сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 05 сарын 23-ны өдөр 20,000 төгрөг, 06 сарын 09-ний өдөр 20,000 төгрөг, бэлнээр 06 сарын 13-ны өдөр 20,000 төгрөг, нийт 360,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Бн Хаан банкны 5740010634 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 6 сарын 30-ны өдөр дуусахад зээлдэгч үндсэн зээлд 1,000,000 төгрөг, хүүд 600,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс дээрх төлсөн 360,000 төгрөгийг хасвал 1,240,000 төгрөг төлөхөөр байна.

 

Талууд 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 2017 оны 7 сарын 2-ны өдрөөс 2019 оны 7 сарын 2 хүртэл 24 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр сунгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-6/

 

Хариуцагч ...эрэгтэй хүнтэй ирээд гарын үсэг зур гэхээр нь зурсан... гэж тайлбарлаж байх боловч хэргийн 6-р хуудсан дахь зээлийн гэрээний зүүн доод буланд Б өөрийн гараар зээл сунгасан ...... 2017.7.2 гэж бичсэнээс дүгнэвэл өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Зээлдэгч Буйрмагнайг зээлдүүлэгч П зээлийн гэрээнд хүчээр зуруулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн ...өвчтэй, хагалгаанд орох гэж байгаа, мөнгө төлөх боломжгүй, 300,000 төгрөгийг өгнө... гэх тайлбараар зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Зээлийн гэрээг сунгасан хугацаанд зээлдэгч Б дансаар 2017 оны 08 сарын 04-ний өдөр 20,000 төгрөг, 2017 оны 09 сарын 02-ны өдөр 20,000 төгрөг, 2017 оны 11 сарын 04ний өдөр 30,000 төгрөг, 2017 оны 12 сарын 03-ны өдөр 20,000 төгрөг, 2018 оны 10 сарын 21-ний өдөр 20,000 төгрөг, 2018 оны 11 сарын 28-ны өдөр 40,000 төгрөг, 2019 оны 01 сарын 27-ны өдөр 20,000 төгрөг, 2019 оны 01 сарын 31-ний өдөр 20,000 төгрөг, 2019 оны 05 сарын 31-ны өдөр 20,000 төгрөг, бэлнээр 2017 оны 12 сарын 19-ний өдөр 30,000 төгрөг, 2018 оны 09 сарын 29-нд 20,000 төгрөг, 2018 оны 12 сарын 06-ны өдөр 20,000 төгрөг, 2019 оны 05 сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, нийт 310,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Бн Хаан банкны 5740010634 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 сарын 2-нд дууссанаас хойш зээлдэгч Б дансаар 2019 оны 11 сарын 16-ны өдөр 40,000 төгрөг, бэлнээр 2019 оны 12 сарын 11-ний өдөр 20,000 төгрөг бэлнээр, 2022 оны 04 сарын 11-ний өдөр 10,000 төгрөг бэлнээр, 2022 оны 05 сарын 20-ны өдөр 20,000 төгрөг, 2022 оны 06 сард хамгийн сүүлд 50,000 төгрөг, нийт 140,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Бн Хаан банкны 5740010634 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Зээлийн гэрээг сунгасан 24 сарын хугацаанд 2,400,000 төгрөгийн хүү төлөхөөс дээр дурдсан нийт 450,000 төгрөгийг төлснийг хасвал 1,950,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Дээр дурдсанаас дүгнэвэл, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 сарын 2-нд дуусахад үндсэн зээлд 1,000,000 төгрөг, 2017.01.03-наас 2017.06.30-ныг дуусталх хугацааны хүүгийн үлдэгдэлд 240,000 төгрөг, 2017.07.02-ноос 2019.07.02-ныг дуусталх хугацааны хүүгийн үлдэгдэлд 1,950,000 төгрөг, нийт 3,190,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч алдангид 1,600,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт ...алдангид нэхэмжилсэн 1,600,000 төгрөгөөс 140,000 төгрөгийг хасаж 1,560,000 төгрөгийг нэхэмжилж байна, хариуцагчийн нөхцөл байдлаас алданги 1,560,000 төгрөгийг хасах боломжтой.... гэж тайлбарлаж, зөвшөөрч байх тул алданги гаргуулахгүйгээр шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт нийцнэ гэж үзэв.

 

Иймд хариуцагч Б-гаас үндсэн зээлд 1,000,000 төгрөг, хүүд 2,190,000 төгрөг, нийт 3,190,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Пд олгож, нэхэмжлэлээс 1,770,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гаас 3,190,000 /гурван сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П-д олгож, нэхэмжлэлээс 1,770,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 65,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Пд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай..

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ