Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/ма2023/00038

 

 

 

 

 

 

 

 

    2022           12            26                                        210/МА2023/00038

 

 

* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/04395 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * гийн хариуцагч * д холбогдуулан гаргасан 4,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч * , хариуцагч * , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2017 оны 01 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, * д 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. * нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 360,000 төгрөг төлсөн. Мөн дээрх 1,000,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатай, сар бүрийн 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаанд нийт 310,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дууссанаас хойш 280,000 төгрөг төлсөн. Иймд эхний гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 300,000 төгрөг, дараагийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй зээлийн хүү 2,100,000 төгрөг, нийт 3,400,000 төгрөг, алданги 1,700,000 төгрөгөөс түүний төлсөн 140,000 төгрөгийг хасаж 1,560,000 төгрөг, нийт 4,960,000 төгрөгийг нэхэмжилж байна. 3,400,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2017 онд 1,000,000 төгрөг зээлж авсан. Уг мөнгийг эцгийнхээ эмчилгээнд зарцуулсан бөгөөд цувуулж төлсөөр төлж барагдуулсан. Одоо бөөрний өвчтэй болсон тул хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Би дансаар 640,000 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үүрэгт 300,000 төгрөгийг өгч болно, өөр мөнгө төлж чадахгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч * гаас 3,190,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * д олгож, нэхэмжлэлээс 1,770,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * гаас улсын тэмдэгтийн хураамжид 65,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: * гээс 1,000,000 төгрөг зээлсэн. Гэхдээ гэрээ байгуулаагүй. Тухайн зээлийг төлөхдөө цаг хугацаа алдсан боловч мөнгийг бага багаар төлсөн. Гэтэл хуурамч гэрээгээр намайг их хэмжээний өрөнд оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анх 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Дахиж гэрээ хийгээгүй утсаар яриад мөнгө авч байсан. Гэрээ байгуулаагүй тул шинжээч томилуулмаар байна. Шүүх мөнгө хүүлэгч нарын талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд хэргийг зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: * 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 6 сарын хугацаатай гэрээ байгуулж, 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эцэг өвчтэй байгаа тул гэрээг 2 жилийн хугацаагаар сунгаж, тус хугацаандаа хүү төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Сарын 20,000 төгрөгийг 14 хугацаанд төлсөн. Тус хугацаанд лангуугаа ажиллуулж байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч * нь хариуцагч * д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,960,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сар бүрийн 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан байна. /хх 5/

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 1,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 5/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

4. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн хүүг сар бүр төлнө гэх агуулга тусгагдаагүй байна. Иймд талууд зээлийн хүүг сар бүр төлөхөөр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн хүүг жил тутам төлнө.

 

4.а. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлийн гэрээний дагуу хариуцагчид үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүүд 600,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

4.б. Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 360,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 120,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 190,000 төгрөг буюу нийт 360,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4.в. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлсөн 360,000 төгрөгийг үндсэн зээл 1,000,000 төгрөгөөс хасч тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 640,000 төгрөг болох бөгөөд уг үнийн дүнгээс талуудын тохиролцсон хүүг тооцвол зээлийн хүү 384,000 төгрөг /640,000 төгрөг*10%*6сар/ болж байна.  

 

5. Талууд дээрх зээлийн гэрээний хугацааг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл буюу 24 сарын хугацаагаар сунгасан үйл баримт хэргийн 6 дугаар талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Гэрээг сунгахдаа хариуцагч зээлийн хүүг сар бүр төлөхөөр өөрчлөлт оруулаагүй байна. Иймд зээлдэгч нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүг жил тутам төлөхөөр байна.

 

5.а. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд  үндсэн зээл 640,000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 120,000 төгрөгийг хасч тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 520,000 төгрөг болох бөгөөд энэ 1 жилийн хугацаанд төлөх хүүг тодорхойлбол  зээлийн хүү 624,000 төгрөг /520,000 төгрөг*10%*12 сар/ төлөх үүрэгтэй байна.

5.б. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 2 дахь жилийн байдлаар үндсэн зээл 520,000 төгрөг төлөхөөс 190,000 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдлийг 330,000 төгрөг гэж тодорхойлно. Үүнээс зээлдэгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүү 396,000 төгрөг /330,000 төгрөг*10%*12 сар/ төлөхөөр байна.

6. Дээрх тооцоог нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 330,000 төгрөг, зээлийн хүүд 1,404,000 төгрөг, нийт 1,734,000 төгрөг төлөхөөр байна. Хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд төлсөн 140,000 төгрөгийг нийт үүргээс хасаж тооцоход 1,594,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/04395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3,190,000 /гурван сая нэг зуун ерэн мянга/” гэснийг “1,594,000” гэж, “1,770,000” гэснийг “3,366,000” гэж, 2 дах заалтын “65,990” гэснийг “40,454” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч * гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

             

                                                 ШҮҮГЧИД                                  Д.БЯМБАСҮРЭН

             

                                                                                                      Д.ЦОГТСАЙХАН