| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2022/0934/З |
| Дугаар | 128/ШШ2023/0053 |
| Огноо | 2023-01-16 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2023/0053
2023 01 16 128/ШШ2023/0053
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар.
Нэхэмжлэгч: “Аж эксплорэйшн” ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөөгч: П.Наранхүү
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Даваасүрэн
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Дашдаржаа
Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу "Аж эксплорэйшн" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага бүхий ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөөгч П.Наранхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу "Аж эксплорэйшн" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох байгууллага болох Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгахаар маргаж байна.
2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 186 дугаар шийдвэрээр "Аж эксплорэйшн" ХХК-д Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших "Оорцог толгой” нэртэй 5064.97 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ.
2.2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн "Төмөр замын чиг тогтоох тухай" 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Зүүнбаян Ханги" чиглэлийн төмөр замын шугамын чигийг тус баталжээ.
2.3.Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 8/2419 дүгээр албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн "Төмөр замын чиг тогтоох тухай" 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Зүүнбаян Ханги" чиглэлийн төмөр замын шугамын трасст "Аж эксплорэйшн" ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших "Оорцог толгой” нэртэй 5064.97 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-021806 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаар дайран өнгөрч байгаа тул тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гарах болсныг мэдэгдэж сонсох ажиллагаа явуулахыг мэдэгдсэн.
2.4."Аж эксплорэйшн" ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 01/05 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж “Аж эксплорэйшн" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд буцаан өгч өөр талбайгаар дүйцүүлэн авах хүсэлт гаргажээ.
2.5.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар шийдвэрээр дээр дурдсан төмөр замын чигийн бүртгэл нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших "Аж эксплорэйшн" ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 1110.13 гектар талбайг хасаж солбицолд өөрчлөлт оруулан давхцалыг арилгасан.
2.6. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 8/2740 дүгээр албан бичгээр "Аж эксплорэйшн" ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 1110.13 гектар талбайг хасаж солбицолд өөрчлөлт оруулсныг мэдэгдсэн.
2.7.”Аж эксплорэйшн" ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/58 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандаж “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2022 оны 05 дугаар сарын 19 өдөр 238 дугаартай шийдвэрээр манай компанийн XV-021806 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөс 1110.13 гектар талбайг хасаж шийдвэрлэсэн.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/100 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт дүйцүүлэн өгөх чиглэлийг уламжилж өгнө үү” гэх
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 01/118 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж “Танай газрын дэргэд байгуулагдсан нөхөх олговор олгох асуудлыг судлан, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэгтэй 2 удаа уулзаж манай хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүсэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл манай компанийн хүсэлтийг судалж бидэнд тодорхой шийдвэр өгөөгүй бөгөөд Засгийн газарт хэлэлцүүлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уламжлах үүргээ биелүүлэхгүй удааж байгаад гомдолтой байна.
Зүй нь XV-021806 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас эрхий бүхий байгууллагын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд талбай авах бол нөхөх олговрыг заавал бүрэн төлсний дараа Төрийн мэдэлд авдаг тухай Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-т болон мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан байдаг.
Иймд дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлж манай хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх хүсэлтүүдийг тус тус гаргажээ.
2.8. Ашигт малтмал, газрын тосны газар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2772 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг үндэслэн ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч уг тусгай зөвшөөрлөөс хасалт хийгдсэн талбайн хэмжээгээр нөхөх олговроор хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлснийг уламжилжээ.
2.9.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03/1716, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/3375 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “Аж эксплорэйшн" ХХК нь XV-021806 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шугамын чигтэй хэсэгчлэн давхцалтай улмаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу талбай дүйцүүлэн авах хүсэлтээ ирүүлээд байна. Дээрх хүсэлтийг судлан, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахыг тус тус мэдэгджээ.
2.10.Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/4828 тоот албан бичгээр “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/98 тоот тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөх олговор хүсэлтийг хүлээн авах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцоход баримтлах нөхөх олговор тооцох аргачлалыг батлах эрхийг эрх бүхий байгууллагад олгох зохицуулалтыг Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж, Улсын их хурлаар батлуулах хүртэл Аж эксплорэйшн ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх агуулга бүхий хариу өгсөн.
2.11.Тус шүүх “Аж эксплорэйшн" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу "Аж эксплорэйшн" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аж эксплорэйшн ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах ХV-021806 дугаартай "Оорцог толгой" нэртэй 5064.97 гектар талбайтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг нь Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30 өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шугамын чигийг тогтоосон газартай хэсэгчлэн давхцалтай болсонтой холбоотойгоор тухайн давхацсан хэсэгт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Засгийн газрын энэхүү 109 дүгээр тогтоол гарсны дараа тус газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 05-р сарын 03-ны өдрийн 8/2419 тоот албан бичгээр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын трасстай манай XV-021806 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаар дайран өнгөрч байгаа тул уг талбайн зарим хэсгийг Төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргах болсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг манайд ирүүлсэн.
Энэ мэдэгдлийн дагуу бид тус газрын эрх бүхий албан тушаалтан нартай уулзаж төмөр замын трасст давхцалтай хэсэгт дүйцүүлэн шинээр тусгай зөвшөөрлөөр нөхөх олговор авах хүсэлтэйгээ илэрхийлсэн боловч энэхүү хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр манай XV-021806 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас шууд 1110.13 га газрыг хасч солбицолд өөрчлөлт оруулсан Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар шийдвэр гаргасан байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудын дагуу нөхөх олговор авах хууль ёсны эрхээ эдлэхээр манай компани 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/05 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас хассан 1110.13 га талбайд дүйцүүлэн шинээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан.
Засгийн газрын дээрх 109 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор тус агентлаг нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2772 тоот албан бичгээр манай хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн боловч ямар нэг шалтгаан, үндэслэл дурдалгүйгээр дахин судлуулахаар мөн яамны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03/1716 тоот албан бичгээр хүсэлтийг агентлагт буцаасан байна.
Гэвч манай компанийн эзэмшлийн XV-021806 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас хассан 1110.13 га талбайд нөхөх олговрын зориулалтаар дүйцүүлэн шинээр тусгай зөвшөөрөл авах манай компанийн хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр Засгийн газарт хүргүүлэх үүргээ биелүүлэхээс татгалзаж тус газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/4828 тоот албан бичгээр манайд хариу ирүүлжээ.
Уг албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/98 тоот тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөх олговор хүсэлтийг хүлээн авах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцоход баримтлах нөхөх олговор тооцох аргачлалыг батлах эрхийг эрх бүхий байгууллагад олгох зохицуулалтыг Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж, Улсын их хурлаар батлуулах хүртэл Аж эксплорэйшн ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хариуг ирүүлсэн нь илт хууль бус бөгөөд дараах хуулиудыг зөрчсөн үйлдэл болсон.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно", гэж 14.4.Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т "Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно", мөн хуулийн 56.1.3- т "хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн" бол тусгай зөвшөөрлийн давхцалтай хэсгийг цуцалж, тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах эдгээр хуулийг зөрчсөн нь төрийн захиргаанаас гаргасан эс үйлдэхүйгээр тогтоогдож байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээний төрийн мэдэлд авахад нөхөх олговор олгохоор журамласан байтал тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцоход баримтлах нөхөх олговор тооцох аргачлалыг батлах эрхийг эрх бүхий байгууллагад олгох зохицуулалтыг Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж батлуулсны дараа манай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн нь ойлгомжгүй бөгөөд Төрийн байгууллага хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус үйлдэл гаргаж байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 заалт нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд энэ заалтын дагуу Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг хавсралт ёсоор баталж, шинээр тусгай зөвшөөрлийг нөхөх олговрын зориулалтаар олгож байсан Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа.
Гэтэл өмнө нь дээрх Засгийн газрын тогтоолоор Ашиг малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу нөхөх олговрыг шийдвэрлэж байсныг хариуцагч мэдэж байгаа атлаа хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах эрхийг зөрчиж, хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхгүй төрийн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйг байгаа нь тогтоогдож байна.
Төрийн захиргааны байгууллагын энэхүү эс үйлдэхүйн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т "хуульд үндэслэх, 4.2.2-т "шуурхай, тасралтгүй байх", 4.2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэж заасан зарчмуудыг илтэд зөрчсөн шийдвэр болсон.
Иймд “Аж эксплорэйшн" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү.гэв.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас сонсох ажиллагаа явуулахаар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төмөр зам чиглэлд давхцалтай байгаа учраас сонсох ажиллагааны оролц гэсэн мэдэгдэл ирсэн. Мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч сонсох ажиллагаанд оролцсон бөгөөд сонсох ажиллагааны үеэр төрийн барьж байгаа бодлогыг дэмжье. Давхцалтай байгаа хэсэг дээр компанийн зүгээс их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа учраас үүнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар дүйцүүлэн нөхөн олговор олгосон тохиолдолд татгалзах зүйлгүй гэдэг байр суурьтайгаар сонсох ажиллагаанд оролцсон. 2022 оны 05 дугаар 05-ны өдөр яригдаж, үүний дараа 05 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасны дагуу хариуцагч байгууллагад хүсэлтээ өгсөн. Үүний дагуу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрлийн давхцалтай хэсгээс хассан шийдвэр гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу давхцалтай хэсгээс хасаж, тус хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу дүйцүүлж нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх байх гэсэн ойлголттой байсан. Гэтэл хариуцагч байгууллага энэ асуудлаа шийдвэрлээгүй, шууд хасалт хийж явсан. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу уламжилсан гэдэг хариу өгсний дагуу сайдад хүсэлтээ уламжилсан. Хүсэлтийг хүлээн авсан Ашигт малтмал, газрын тосны газарт танай хүсэлтийг уламжилсан гэсэн хариу өгсөн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан ажлын хийж гүйцэтгэх ажлын хэсгийн дарга Л.Баярмандал даргад хүсэлт өгсөн. Л.Баярмандал дарга хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа танай хүсэлтийг шийдвэрлэнэ гэдэг хариу өгсөн. Энэ хариу нь хуульд нийцэхгүй учир. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн олговор олгох асуудал шийдвэрлэгдсэний дараа хариу өгөх ёстой байсан. Хуульд байхгүй үндэслэлийг хэлж манай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэг: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших "Оорцог толгой” нэртэй 5064.97 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр "Аж эксплорэйшн" ХХК-д олгожээ.
Хоёр: Төрийн захиргааны байгууллага Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн "Төмөр замын чиг тогтоох тухай" 109 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн уг тогтоолын хавсралтаар батлагдсан "Зүүнбаян Ханги" чиглэлийн төмөр замын шугамын чигийг тус байгууллагын кадастрын зураг зүйн мэдээллийн санд бүртгэжээ.
Дээр дурдсан төмөр замын чигийн бүртгэл нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХҮ-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэгтэй давхцалтай байсан тул уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Аж эксплорэйшн" ХХК-ийн төлөөлөлтэй уулзан Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26.1 дэх хэсэгт заасны дагуу сонсох ажиллагаа явуулж улмаар Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 1110.13 гектар талбайг хасаж солбицолд өөрчлөлт оруулан давхцалыг арилгасан байна.
Гурав: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын XV- 021806 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Аж эксплорэйшн" ХХК нь уг тусгай зөвшөөрлөөс хасалт хийгдсэн талбайн хэмжээгээр нөхөх олговроор хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа тухай албан бичгийг төрийн захиргааны байгууллага 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2772 тоотоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж ажилласан.
Дөрөв: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж хуульчилсан.
Иймд "Аж эксплорэйшн" ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд
гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа танай хүсэлтийг шийдвэрлэнэ гэж хуульд нийцэхгүй үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус эс үйлдэхүй гаргаж байна” гэж, хариуцагчаас “Аж эксплорэйшн" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс хасалт хийгдсэн талбайн хэмжээгээр нөхөх олговроор хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг хариуцагч 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2772 тоотоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж ажилласан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу хүсэлтийг шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй “эс үйлдэхүй гаргаагүй” гэж тус тус маргасан.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу “Аж эксплорэйшн” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэж тодорхойлсон бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
4.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 186 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Аж эксплорэйшн” ХХК-д Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших “Оорцог толгой” нэртэй газарт 5064.97 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэжээ.
5.Дээрх шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр XV-021806 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуусах хүртэл хугацаагаар олгосон байна.
6.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Төмөр замын чиг тогтоох тухай” 109 дүгээр тогтоолоор “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын шугамын чиг (Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 111 дэх километроос хилийн Ханги боомт хүртэлх)-ийг баталжээ.
7.Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 8/2419 дугаар албан бичгээр “Монгол Улсын Засгийн газраас Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн богино хугацаанд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Дээр дурдсан төмөр замын трасс нь танай компанийн эзэмшлийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Оорцог толгой нэртэй XV-021806 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаар дайран өнгөрч байна.
Иймд XV-021806 тоот тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг Төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гарах болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахыг мэдэгдэж байна. ... ” гэх мэдэгдлийг нэхэмжлэгч “Аж эксплорэйшн” ХХК-д хүргүүлжээ.
8.Нэхэмжлэгч “Аж эксплорэйшн” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт гаргах нь” 01/05 дугаар албан бичгээр “... Манай компани дээрх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж байгаа бөгөөд манай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 800 га талбай /304 га орох гарах гарцгүй мухар болж байна/ давхцалтай байна. Иймд нийт 1104 га талбайг төрийн мэдэлд буцаан өгч өөр талбайгаар сольж авах хүсэлтэй байгаа бөгөөд АМтХ-ын 9.1.13 “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.” гэж заасны дагуу дүйцүүлэн авах хүсэлтээ үүгээр мэдэгдэж байна.” гэх агуулга бүхий хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.
9.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж хасалт хийх тухай” 238 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Төмөр замын шугамын чиг тогтоох тухай” 109 дүгээр тогтоол, “Аж эксплорэйшн” ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр явуулсан сонсох ажиллагааны тэмдэглэл, мөн компанийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/05 тоот албан бичиг, Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Аж эксплорэйшн” ХХК-ийн XV-021806 тоот хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Оорцог толгой” нэртэй 5064.97 гектар хайгуулын талбайгаас “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын шугамын чигийн дагуу давхцалтай, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй 1110.13 гектар талбайг хасаж тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулжээ.
10.Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангасан тухай” 1/2772 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад уламжилжээ. Уг албан бичигт: “... Энэхүү төмөр замын чиг нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Оорцог толгой” нэртэй 5064.97 гектар талбай бүхий XV-021806 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаар дайран өнгөрч байсан бөгөөд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар шийдвэрээр XV-021806 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1110.13 гектар талбайг хасаж солбицолд өөрчлөлт оруулан давхцалыг арилгаад байна.
XV-021806 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Аж эксплорэйшн” ХХК-д олгосон. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу “Аж эксплорэйшн” ХХК-тай сонсох ажиллагаа явуулсан бөгөөд тус компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу хасалт хийгдсэн талбайн хэмжээгээр нөхөх олговроор хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлснийг уламжилъя.” гэжээ.
11.Нэхэмжлэгч “Аж эксплорэйшн” ХХК 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/59 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “... Давхцаж байгаа 1110 га талбайг төрийн мэдэлд буцаан өгч АМтХ-ийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үдсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас дүйцүүлэн авахаар хүсэлт гаргасан.
Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 238 дугаартай шийдвэрээр манай компанийн XV-021806 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөс 1110.13 гектар талбайг хасаж шийдвэрлэсэн байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/100 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт дүйцүүлэн өгөх чиглэлийг уламжилж өгнө үү.” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан.
12.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03/1716, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/3375 дугаар албан бичгүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “Аж эксплорэйшн” ХХК нь XV-021806 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шугамын чигтэй хэсэгчлэн давхцалтай улмаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу талбай дүйцүүлэн авах хүсэлтээ ирүүлээд байна. Дээрх хүсэлтийг судлан, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахыг тус тус мэдэгджээ.
13.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заасан “нөхөх олговор авах тухай” гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
14.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйл.“Засгийн газрын бүрэн эрх:”, 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.;” 14 дүгээр зүйл.“Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар”, 14.4.“Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж тус тус заажээ.
15.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр байна.
16.Маргаан бүхий тохиолдолд, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн хууль, журмын дагуу эзэмшиж байсан XV-021806 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөс 1110.13 гектар талбайг нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй байсан талбайгаасаа төрд шилжүүлэн өгсөн хэмжээгээрээ нөхөх олговор авч болохоор байна.
17.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл. “Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг”, 11.1.“Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 11.1.14.“хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;”, 11.1.15.“ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх;” гэж тус тус заажээ.
18.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хариуцагч нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих эрхтэй байх бөгөөд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байна.
19.Дээрхээс үзвэл маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газраар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргуулахаар уламжлах үүрэгтэй байна гэж үзэхээр байна.
20.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “... “Аж эксплорэйшн” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Аж эксплорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Аж эксплорэйшн” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-021806 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ