Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/05033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 о 12 с 01ө

Дугаар 101/ШШ2022/05033

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...................,

 

Нэхэмжлэгч: ............. нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .........-т холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 2 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 1 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны С д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр А, Б нарыг тогтоолгох, уг орон сууцны ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, нэхэмжлэгч Агийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, хариуцагч М , хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, гэрч С.Үүрийнтуяа, С.Энхбаатар, С.Энхжаргал, С.Алтантуул, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А би 1973 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр талийгаач С гийн 3 дахь охин болж мэндэлсэн бөгөөд тэрээр 1996 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хүү Бг өлгийдөн авч байсан. Ань холбоочин мэргэжилтэй, 2003-2018 оны хооронд Овоотын хилийн цэргийн ангид холбоочин, тогооч хийж байсан. Миний эцэг С  нь автын инженер мэргэжилтэй, Хилийн цэргийн 0153 дугаар ангид автын инженер ажил эрхэлж байсан ба 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 2 тоот, 2 өрөө орон сууцыг өмч хувьчлалаар авах эрхтэй болж 34 дугаар эрхийн бичгийн дагуу хүлээн авсан бөгөөд түүнээс хойш гэр бүлийн хамт амьдарч байсан. Талийгч эцэг С  нь 1993 оноос хойш хараа муудаж, болор суулгаад тааралгүй эвэрлэг бүрхүүл нь цайрч 1994 онд эцэг маань хараагүй болж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Намайг Овоотын хилийн цэргийн ангид ажиллаж байх үед 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эцэг С  маань өвчний улмаас нас барсан байсан ба тухайн үед холбоогүй, мэдээгүй байж байгаад 2006 оны 8 дугаар сард мэдсэн. Талийгч эцэг С г нас барах хүртэл миний хүү Б цуг амьдарч, миний дүү н.Жаргал ирж, очин, хоол хийж өгч асардаг байсан. Гэтэл М  нь эцгийг өнгөрөөд 10 хоногийн дараа эцэгтэй чинь гэрээ байгуулсан, өгдөг юмаа өгсөн гээд манай гэрийнхнийг байрнаас хөөж гаргаад тус орон сууцанд амьдарч эхэлсэн байсан. Хариуцагч М  нь эцэгтэй тохиролцсон гэх хашаа байшинг бидэнд өгсөн зүйл огт байхгүй, ямар ч төлбөр мөнгө төлөөгүй. Түүнээс хойш хариуцагчаас орон сууцаа нэхэхэд эцэгтэй чинь гэрээ хийсэн, хийсэн гэрээгээ чамд үзүүлэхгүй, миний орон сууц гэж орон сууцнаас хөөдөг. Бидний зүгээс орон сууцны гэрчилгээг хариуцагч М  аль хэдийн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, талийгаач эцэг болон М  нар хоорондоо гэрээ байгуулсан гэж ойлгож өдийг хүрсэн. Гэтэл 2021 оны 6 дугаар сард банканд ажилладаг миний найзаас М  тус орон сууцыг барьцаалан зээл авахаар ирснээр талийгаач болон хариуцагч нарийн хооронд ямар ч гэрээ байхгүй, одоог хүртэл орон сууц талийгаач эцгийн нэр дээр байгаа талаар болон биднийг хуурч байсныг анх мэдсэн. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны лавлагаа авахад тус орон сууц нь талийгаач эцэг С  болон хариуцагч М нарын нэр дээр бүртгэлтэй болохыг мэдсэн ба анх орон сууцны бүртгэлийг яаж хийлгэсэн талаар улсын бүртгэлийн хувийн хэрэгтэй танилцахад хариуцагч нь эцгийн минь нас барсны гэрчилгээг гэр бүлийн ямар ч хамааралгүй этгээд мөртөө олж авсан, эцгийн маань өнгөрөөд 49 хоног нь ч өнгөрөөгүй байхад орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар улсын бүртгэлд өргөдөл гаргасан зэрэг зүй бус үйлдлүүд гаргасан байгааг олж мэдсэн.  Эцгийн минь байрыг нас барсны дараа бидэнд худал хэлж төөрөгдүүлж, намайг гэртээ байхгүй ажлаар хол газар байх үед орон сууцыг хууль бусаар авч, талийгаач эцэг С тай гэрээ байгуулсан, гэрчилгээг өөр дээрээ шилжүүлэн авсан гэж биднийг олон жил хуурч мэхлэн орон сууцыг ямар ч үнэ хөлс төлөлгүйгээр одоог хүртэл хууль бусаар өмчилж, эзэмшиж биднийг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд  Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 2 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 1 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны С д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр А, Б биднийг тогтоож, уг орон сууцыг зах зээлийн ханшаар 100,000,000 төгрөгөөр үнэлж, үүний ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Би тухайн үед хүүхэд байсан учир хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Миний ээж Алтантуяа хөдөө орон нутагт ажиллахаар явсан, би өвөөгийн хамт тухайн орон сууцанд амьдарч байсан нь үнэн гэв.

 

Нэхэмжлэгч Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч АИргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520.1.1-т зааснаар тухайн эд хөрөнгийг бусад өвлөгч нарын нэгэн адил тэгш эрхтэйгээр өвлөх эрхтэй, хууль ёсны өвлөгч мөн. М ийн үйлдлээс болж төөрөгдөлд орж, мөн хөдөө орон нутагт байсны буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн орон сууцны өвлөгчөөр тогтоолгохгүй 2021 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өвийг хуульд заасан хугацаанд хүлээн авах боломжгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 1-т талийгаач С  нь 2006 оны 07 сарын 05-ны өдөр нас барсан байхад талийгаачийг нас барсны дараа буюу С гийн иргэний эрх зүйн чадвар Иргэний хуульд заасны дагуу дуусгавар болсны дараа 2006 оны 07 сарын 18-ны өдөр хариуцагч М үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт нас барсны гэрчилгээг хавсарган гаргасан баримт бичгийг нотлох баримт гэж үзэж байна. Мөн сүүлд асуусан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. М ийн эд хөрөнгийг луйвардаж, гэрээс нь хөөх байсан бол яаж гэрчилгээнд нь нэрээ оруулж чадах вэ гэж иргэний эрх зүйн чадвар чадамжийн нас барснаас дуусгавар болсон хүний нэр дээр гэрчилгээ гаргуулж авснаар тогтоогдож байна. Мөн Жаргалд хэлж байсныг хашаа байшин авч өгнө гэх хариуцагчийн бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна. Энэхүү орон сууц хот төлөвлөлтөд орсон тохиолдолд бичиг баримтыг эцэслэх ёстой гэдгийг мэдэж байсан гэх тайлбараар тогтоогдож байна. Тус тайлбарын агуулгыг сийрүүлбэл М нь орон сууцыг 100 хувь өөрийн нэр дээр аваагүй талаар ганцаараа мэдэж байсан гэх үйл баримт нь харагдаж байна. Мөн орон сууц хот төлөвлөлтөд орох үеэр 1 хашаа байшин авч өгөөд тухайн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэх ойлголт харагдаж байна. Одоо орон сууцанд орсноор их үнэд хүрэх бөгөөд нас барсан хүний нэр дээр бүртгэлтэй орон сууц учраас шилжүүлэх шаардлага хариуцагчид зайлшгүй тулгарах юм. Абол өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргаагүй талаар нотариатын танхимын албан бичгээр өв хүлээн авахаас татгалзсан бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй гэсэн бичгээр нотлогдож байна. Нэхэмжлэлээ дэмжиж байна, нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэв.

 

Хариуцагч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр Тэгшжаргал бид хоёр 1997 онд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 2 дугаар гудамжны 2А тоот хашаа байшинг 1,200,000 төгрөгөөр худалдан авч, 2006 он хүртэл амьдарч байсан. 2006 оны эхэн үед миний найз Х.Жаргал надад хэлэхдээ Агийн аавынх нь байр хувьчлалд орох гэсэн цахилгаан болон хэрэглээний олон жилийн хураагдсан өртэй болохоор хэцүү, хураагдах гээд байна. Чи С , Анарт тус болоо ч гэсэн. Ингээд би гэрт нь очиж А, С  гуай хоёртой уулзсан. Тэр үед Аманай аавын байр хураагдаж аав маань орох оронгүй болох гээд байна чи надад тус болооч гэж Х.Жаргалын ярьсан зүйлийг хэлсэн. Би тэр үед нөхөртэйгээ ярилцаж байгаад ...За найз нөхөд хүмүүс байна бас хоёр нүд нь юм хардаггүй настай аавыг нь ... өрөвдөөд ямар ч бичиг баримтгүй байрны хэрэглээний төлбөр болох гурван сая гаран төгрөгийг төлж барагдуулсан. Цагдаагийн Академийн санхүүд халаалт, хэрэглээний төлбөрийг төлсөн. Цахилгааны төлбөрийг УБЦТС газарт төлж өр төлбөргүй гэсэн тодорхойлолт авч байж, өмч хувьчлалд оруулж байсан. С  гуайн зээ хүү Бтэй хоёулаа амьдардаг байсан. Тэр үед харж хандах хүнгүй хэцүү л байсан. Би бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд Цагдаагийн Академийн арын албаны дарга н.Цэдэн-Иш гэдэг хүнд хүлээлгэж өгөхөд ...нэг хүний нэр дээр байр хувьчилдаггүй чи нээрээ оруул гэж байж миний нэрийг оруулсан байгаа С  гуай гарч хөөцөлдөж чадахгүй намайг манай бэр ... гэж тухайн үедээ тайлбарлаж байсан. Би Ад тэр үед их л тус болж байсан. 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байрны бичиг баримт гараад бид хүлээж авч амжаагүй байтал 2006 оны 7 дугаар сарын 05-нд С  гуай гэртээ ганцаараа байж байгаад бурхан болсон. Би С  гуайтай ярилцаж тохирсон ёсоор өөрийн амьдарч байсан хашаа байшингаа Агийн хэлснээр С.Энхжаргалд хүлээлгэж өгсөн. С.Энхжаргалын гэр бүлтэй Б ч амьдарч байсан. Миний хариуцлагагүй хандсан юм бол хашаа байшингийн бичиг баримтгүй л байсан. Аийм юм ярьж байгаад харамсаж байна. Аөөрийн төрсөн дүүдээ хашаа байшингаа алдахгүй байх боломж байсан. Ад аавыгаа өнгөрсний дараа үлдсэн 1,000,000 төгрөгийг би өгсөн. Би анхнаасаа гэрээ хэлцэлгүй баримтгүй юманд над шиг хандах ингэж хандах хүн байхгүй байсан тэр үед чи л тусал гэж байх үедээ өөрөө ийм муухай юм бодож төлөвлөж байжээ. Би хүний юмыг луйвардаж гэрээс нь хөөх байсан бол яаж гэрчилгээнд нэрээ оруулж чадах юм бэ? Орон сууцны контор дээр ороод төлбөр тооцоог хийхэд нь бүр гайхаж байсандаа, хэрэв би тэр үед тус болоогүй бол аав нь хэнтэй хаана амьдарч байгаад бурхан болох байсан бол. Би Атай саяхан уулзаад ярилцсан надад хүнд асуудал тулгарчихлаа чи түр байж байгаарай манай нөхөр Д.Тэгшжаргал маань улаан хоолойн хавдар тусаад эмчилгээгүй хөнгөвчлөх эмчилгээнд байгаа эмчилгээ сахиур, эмнэлэг гээд ямар ч завгүй их асуудалтай байгааг ойлгох сэтгэл алгадаа. Намайг харлуулж, гүтгэх, доромжилж, юмаа аваагүй гэж яаж хэлж чадаж байна. Уг нь энэ орон сууц хот төлөвлөлтөд орох асуудал яригдаж байгаа. Хот төлөвлөлтөд орчихвол үнэ цэнэ нь өснө. Намайг анх энэ байшинд ороход ямар хэцүү байсныг хүмүүс мэднэ. Халаалтын паарыг хүртэл С  гуайтай хамт архи уусан хүмүүс салгаад зарчихсан гээд пааргүй хүн амьдрахад хэцүү л юм байсан. Би амьдрах хугацаандаа 2-3 удаа засвар үйлчилгээ хийсэн 4 давхар байрны 4 давхарт учраас дээрээс ус алдах, цантах гээд асуудал ихтэй. Яг ямар орчинтой байр байсныг мэдэх хүмүүс ч байгаа. Төрсөн эцгийгээ тоохгүй ажил явдалд нь оролцоогүй хүн намайг ингэж гүтгэх ч юу ч биш байлгүй... Энэ бүх байдлыг Я.Жаргал болон гэрчлэх хүн олон бий. Би энэ орон сууцыг барьцаанд тавьж зээл авах гэж явсан удаа байхгүй, болохгүй гэдгийг ч сайн мэднэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 893 тоот Монголын Нотриатчдын Танхимын албан бичигт 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нас барсан С  УХ29031876 эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн болон гэрээслэлийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна гэсэн байна. Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд болсон үйл явдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтаар хариуцагч М нь маргаан бүхий орон сууцын хууль ёсны өмчлөгч хэрхэн болсон талаар мөн шударга өмчлөгч болох нь нотлогдож байна.

 

С гийн бичиг баримтыг бариад хөөцөлдөх хүн ч байдаггүй байсан тул намайг бэр гэж хэлж өөрөө явуулж байсан. Цагдаагийн академийн арын албаны дарга гэх хүн С  ганцаараа өмч хувьчлалд орж болохгүй чи бичиг баримтаа өг гэсэн тул би бичиг баримтаа өгч, өмч хувьчлалд орж байсан. Ань надад хэлэхдээ надаас 1,000,000 төгрөгөөр аваад хашаа байшингаа миний Энхжаргал гэх дүүд өгөөрэй гэсэн, иймд би өөрийн эзэмшилд байсан Шархадны хашаа байшинг өгч, бичиг баримт байхгүй байртай үлдсэн. Би 2021 онд манай нөхөр өвчтэй байхад би Атай уулзаж ярилцсан. Энэхүү байр нь минийх ч юм шиг эсхүл хүнийх ч юм шиг хэцүү байна, миний нөхөр хорт хавдар туссан, надад хэцүү байна гэж хэлсэн, Амөн найз нь орох оронгүй хэцүү байна гэж хэлсэн. Би эмнэлгийн асуудлаа шийдвэрлэж байхад энэхүү асуудал болох байх гэж хэлээд орхисон байсан. Би барьцаанд тавих гэж яваагүй, Жаргал гэж хүн байгаа, тухайн хүн Ад туслаач аав нь хэцүү байна гэж хэлсэн болохоос биш зүгээр байсан байрыг би хууль бусаар луйвардаж аваагүй. Тухайн үед надад туслаач гэж байсан хүмүүс одоо намайг луйварчин гэж байна, надад зовлон тохиолдсон байхад намайг шүүхэд дуудаж байгаад гомдолтой байна. Талийгаач С гийн ажил явдлын хоолыг нь хийх хүн байхгүй, би хоолыг нь ганцаараа хийж дуусгаж байсан, тухайн үед хүүхдүүд нь ирдэггүй байсан. Б нь цуг амьдардаг байсан, тухайн үед 2 эсхүл 3 дугаар ангийн жаахан хүүхэд хар цайнаас өөр зүйлгүй байхад нь би манай ангийн хүүхдийн аав юм байна гэж бодоод тусалдаг байсан. Хашаа байшинг өгөөгүй гэж ярьж байна, гэхдээ Ань 2006 онд надаас 1,000,000 төгрөг авчхаад М ээ чи хашаа байшиндаа аавыг оруулчхаарай гэж орхичхоод аав нь нас барангуут Энхжаргалыг оруул гэсэн. Энхжаргал нь тухайн хашаа байшинд орсон, манай хажуу айлтай зохицоогүй гэж ярьдаг, тухайн айлыг зүгээр байхад нь мөнгө аваад нүүгээд явсан байсан. Би очиж гурвуулаа байхад нь хэлэхэд за ойлгосон гэж байсан хүмүүс өөрсдөө мөнгө аваад нүүгээд явсан байсан. Гэтэл одоо би тухайн хашаа байшинг аваагүй гэж хэлж байна. Тухайн хашаа байшин бичиг баримтгүй байсан нь үнэн, гэхдээ би тухайн үед Энхжаргалд эгч нь ажлынхаа завсар зайгаар газрын алба орж хөөцөлдөж өгнө гэж хэлж байсан. Одоо энэхүү байрнаас үнэтэй болсон хашаа байшин байгаа. Би тохиролцсоны дагуу тухайн үед хийсэн, надаас илүү зардал гарсан уу гэхээс дутуу зардал гараагүй. Одоо олуулаа болоод үгсэн хуйвалдаж ингэж ярьж байна, тэгвэл яагаад тухайн үед аавынхаа ашиглалтын зардлыг хийгээгүй юм, аавынхаа ажил явдлыг ч хийж чадаагүй хаяж явж байсан хүмүүс юм. Энэхүү байранд намайг анх ороход халаалтгүй байсан. Гэтэл халаалтгүй байранд насанд хүрээгүй жаахан хүүхэдтэй хамт хараагүй хүнийг орхиж явсан байсан. Тухайн үед нь миний ааваас ялгаа юу байх вэ дээ гэж бодож тусалж байсан, одоо намайг луйварчин гэж байгаа нь надад маш гомдолтой байна. Манай нөхөр өвчтэй байна, өөр харах хүн байхгүй гэж Ад хэлсэн байтал шүүхээс надад мэдэгдэх хуудас ирсэн, миний нөхөр өөд болсон ажил явдал дээр нь байхад хүртэл надад шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн. Алтантуяа нь надтай 1 ч удаа хүрч ирж уулзаагүй. Би орон сууцны зээлд хамрагдаж өөр байртай болсон, үүнийг Анамайг баяжчихлаа гэж харж байх шиг байна, үүнд гомдолтой байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Нэхэмжлэгч А, Б нараас Ц.Мягмарсүрэнд олгосон итгэмжлэл 1 хуудас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа 11 хуудас, О.Алтантуяагийн төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас, Агийн ургийн овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа 1 хуудас, С гийн нас барсны бүртгэлийн лавлагаа 1 хуудас, Бгийн төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, Монголын нотариачдын танхимын 2021 оны 12 сарын 1-ний өдрийн 893 дугаартай албан бичиг 1 хуудас, Нийслэлийн ерөнхий боловсролын Баянзүрх цогцолбор сургуулийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн албан бичиг 1 хуудас, 1 дүгээр маягтын лавлагаа 1 хуудас, нас барсны бүртгэлийн лавлагаа 2 хуудас, төрөл садангийн лавлагаа 4 хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Г.Энхжаргалтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, Б.Галхүүтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, С.Цацралтуяатай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: гэрч Л.Жаргалын мэдүүлэг 4 хуудас, С.Энхжаргалын мэдүүлэг 6 хуудас, Хаан банкны 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 50/9617 дугаартай албан бичиг 1 хуудас, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын албан бичиг 1 хуудас, Баянзүрх дүүргийн 8-р хорооны засаг даргын 2022 оны 1 сарын 14-ний өдрийн албан бичиг 1 хуудас, шинжээчийн дүгнэлт 20 хуудас.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Агийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Батхүүгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А, Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн хариуцагч М т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 2 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 1 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны С д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр А, Б нарыг тогтоолгох, уг орон сууцны ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжилсэн.

 

Хариуцагч А болон түүний аав С тай тохирсон, хэрэглээний хуримтлагдсан зардлыг төлсөн, хашаа байшин, мөнгө өгсөн, хууль ёсоор хамтран өмчилсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргаж, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх талаар өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Оюун овогтой Алтантуяа 1973 оны 11 сарын 29-ний өдөр төрснийг 1974 оны 02 сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 0369 дугаарт бүртгүүлэн төрөлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба тэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/68 дугаар захирамжаар 2018 оны 4 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн овог, нэр өөрчлөлтийн 1..... дугаарт өөрийн овгийг өөрчилж, С.А болсон болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, ...... дугаартай Ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-13-14/

 

Нэхэмжлэгч Б Агийн хүү болох нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-16/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байхаар хуульчилсан тул нэхэмжлэгч Аг талийгаач С гийн хууль ёсны өвлөгч мөн гэж үзэх үндэслэлтэй.

 

С гийн төрсөн хүүхдүүд болох С.Энхжаргал, С.Энхбаатар, С.С.Алтантуул, С.Үүрийнтуяа нар маргаан бүхий орон сууцын өвлөгчөөр тогтоолгохгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, төрсөн хүү С.Энхзаяа нас барсан болох нь нэхэмжлэгчийн болон гэрч С.Энхжаргал, С.Энхбаатар, С.С.Алтантуул, С.Үүрийнтуяа нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Аталийгаач эцэг С гийн өвлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нь хууль ёсны өвлөгч байна гэж хуульчилсан.

 

Талийгаач С гийн хүүхдүүд байгаа тохиолдолд зээ хүү болох Бг талийгаач С гийн хууль ёсны өвлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заасан.

 

Нэхэмжлэгч Н.Батхүү эх Аг хөдөө ажиллаж байх үед талийгаач С тай хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч 18 насанд хүрээгүй хүүхэд Бг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй иргэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Бг өвөг эцэг С гийн өвлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй.

 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 2 тоот, 2 өрөө орон сууцыг 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Намжил овогтой Самбаад эзэмшүүлж, орон сууцны гэрээ байгуулж, сууц эрхийн бичгийг С д олгосон болох нь зохигчийн тайлбар, орон сууц эзэмших эрхийн бичгээр тогтоогдож байна. /хх-9/

 

С  2006 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд дээрх эзэмших эрхийн бичгийн дагуу эзэмшиж байсан орон сууцыг төрсөн охин Атай тохирсноор сайн дурын үндсэн дээр хувьчилж авахдаа хэрэглээний хуримтлагдсан зардлыг Агийн нэг ангийн гэх хариуцагч М ээр төлүүлж, уг орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй этгээдээр М ийг бүртгүүлэх өргөдлийг С  гаргасан болох нь зохигчийн тайлбар, нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан С гийн өргөдлөөр тогтоогдож байна. /хх-8/

 

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 2 тоот, 33.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хувьчилж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн уг сууцыг С  болон М нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эрхийн бүртгэлийн 1 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь зохигчийн тайлбар, 01077770 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-12/

 

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны тогтоол 2006 оны 7 сарын 3-нд гарч, 2006 оны 07 сарын 24-нд гэрчилгээ бичигдэж гарах хугацааны хооронд, 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өмчлөгч С  нас барсан, М өмчлөгчийн хувиар 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хувьчлагдсан орон сууцыг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаа, М ийн өргөдөл, нас баралтын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-10,11, 15/

 

Талийгаач С  нас барахаасаа өмнө ийн хамт маргаан бүхий орон сууцыг хамтран хувьчилж авахаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлсний дагуу өмчлөх эрх үүссэн болох нь тогтоогдсон тул хамтран өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэгч тал энэ талаар маргаагүй.

 

Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 2 тоот, 33,4 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн 1 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны өмчлөгчөөр С , М нар одоогоор бүртгэлтэй байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-6/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... бид талийгаач эцэг С  болон М нар хоорондоо гэрээ байгуулж, орон сууцны гэрчилгээг М ийн нэр дээр шилжүүлсэн гэж ойлгож байсан, 2021 оны 6 сард банканд ажилладаг найзаасаа орон сууц С  болон М нарын нэр дээр байгааг сонсоод, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны лавлагаа авахад орон сууцны гэрчилгээ талийгч эцэг болон М нарын нэр дээр бүртгэлтэй байгааг мэдсэн... гэж тайлбарлаж байна.

 

Талийгаач С г нас барсны дараа нэхэмжлэгч А хөдөө ажил уруугаа явсан, хариуцагч М өөрийн амьдарч байсан Шархаданд байрлах хашаа байшинд Агийн дүү С.Энхжаргалыг түр хугацаанд амьдруулсан, маргаан бүхий орон сууцанд М одоог хүртэл эзэмшиж, амьдарч байгаа болох нь гэрч С.Энхжаргал, С.Энхбаатар, С.Алтантуул, С.Үүрийнтуяа, гэрч Л.Жаргал нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Талийгаач С  С.Үүрийнтуяа, С.Энхбаатар, С.Энхжаргал, С.Алтантуул, А, С.Энхзаяа гэх 6 хүүхэдтэй байсан С.Энхзаяа нас барсан болох нь зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, төрөл садангийн лавлагаануудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ,

 

528.3-т энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заажээ.

 

Гэрч Л.Жаргалын мэдүүлгээр С гийн хүүхдүүд болох А, С.Энхжаргал, С.Энхбаатар, С.С.Алтантуул, С.Үүрийнтуяа нарыг эцгийнхээ өвийг хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж заажээ.

 

Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр С , М нар бүртгэлтэй болохыг өмчлөгч бус этгээдүүд буюу С гийн хүүхдүүд мэдэх боломжгүй, хамтран өмчлөгч М талийгаач С г нас барснаас хойш С гийн төрсөн хүүхдүүд байгааг мэдсээр байж орон сууцыг хамтарч өмчилж байгаа талаараа анх ярилцсан Ад мэдэгдээгүй зэргээс шалтгаалж талийгаач С гийн төрсөн хүүхдүүд орон сууцыг М тэй тохиролцож, худалдсан гэж ойлгож, маргаан үүсгээгүйгээс өв нээлгэх хүсэлтээ гаргаагүй гэж үзэхээр байна. Иймд дурдсан нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байх тул талийгаач С гийн өв хүлээн авах хугацааг шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасны дагуу сунгах үндэслэлтэй.

 

Зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаас, 2006 онд С  маргаан бүхий орон сууцны ашиглалтын зардлыг төлөөгүйгээс өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй байснаас А, М нартай харилцан ярилцаж, М ээр ашиглалтын зардлыг төлүүлж, М-ийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх, М өөрийн хашаа байшингаа С д өгөхөөр харилцан тохиролцож байсан, үүний дагуу М т орон сууцыг эзэмшүүлсэн, хашаа байшинг С.Энхбаатарт эзэмшүүлж байсан гэж үзэхээр байна.

 

Гэвч С  болон М нарын хооронд орон сууц, хашаа байшинг арилжааны гэрээгээр арилжаалсан, орон сууцыг М үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан болох нь тус тус баримтаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий орон сууцыг М дангаар өмчлөх эрхгүй.

 

Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 2 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 1 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцын зах зээлийн үнэлгээ 41,000,000 төгрөг болох нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх-208-228/

 

Иймд нэхэмжлэгч Агийн өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 2 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 1 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны С д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Аг тогтоож, уг орон сууцны үнэ 41,000,000 төгрөгөөс С д ногдох хэсэг болох 20,500,000 төгрөгийг хариуцагч М ээс гаргуулж нэхэмжлэгч Ад олгож, нэхэмжлэлээс 29,500,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Бгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Н.Бадамхандаас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангаагүй... гэсэн байгаа талаар нэхэмжлэгч талаас тодруулахад С.Энхжаргал, С.Энхбаатар, С.С.Алтантуул, С.Үүрийнтуяа нараас тодруулах боломжтой, Н.Бадамхандыг асуулгах хүсэлт гаргахгүй гэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Агийн өв хүлээн авах хугацааг сунгаж, ........... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 1 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны С д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч А-г тогтоож, хариуцагч М-ээс уг орон сууцнаас А-д ногдох хэсэгт 20,500,000 /хорин сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ад олгож, нэхэмжлэлээс 29,500,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Б-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-ээс 260,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ