Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/04894

 

 

 

 

 

 

   

 

2022 11 18 101/ШШ2022/04894

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол,  тоот хаягт оршин суух, Буянт овогт Жанчивын Э/регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  УБ тауэр оффисын давхар  тоот хаягт оршин байрлах, Минерал майнинг ресурс ХХК/регистрийн дугаар:/-д холбогдох,

 

12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 19-09 тоот автомашин худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч Минерал майнинг ресурс ХХК-д Тоёота Ландкруйзер-80 маркийн 1995 онд үйлдвэрлэгдсэн . арлын дугаартай  өнгөтэй тээврийн хэрэгслийн 12,500,000 төгрөгөөр худалдсан. Худалдан авагч тал 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлбөрийг хийнэ гэсэн боловч огт төлбөр төлөөгүй тул Минерал майнинг ресурс ХХК-иас 12,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уг машиныг нь авч яваад өнөөдрийг болтол үйл ажиллагаандаа бүрэн хэрэглэж байгаа. Энэ хугацаанд доголдлын талаар ярьж багйаагүй. Иргэний хуулийн 262.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.3-т зааснаар 12,500,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлнө гээд өнөөдрийг болтол төлөөгүй байгаа. Худалдан авагч тал нь машинаа бүрэн бүтэн хүлээж авсан. Машиныг хүлээж авсантай холбоотойгоор худалдагч тал үүргээ биелүүлсэн. Гэрээний талууд гэрээнд заасны дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдаг боловч өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй. Хариуцагч талын тайлбарлаж байгаа тайлбараас харахад гэрээнээс татгалзсан гэж байна. Гэрээнээс огт татгалзаагүй. Хариуцагч компани уг машиныг 3 жил хэрэглээд явж байгаа. Доголдолтой машин байсан бол 6 сарын дотор мэдэгдэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Гэрээн дээрх заалт нь хүртэл байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Минерал майнинг ресурс ХХК нь Ж.Э-ээс 2019 оны 12 дугаар сарын 12- ны өдрийн № 19-09 дугаартай Авто машин худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Улсын бүртгэлийн . дугаартай, Тоёота Ландкруйзер 80 маркийн, . арлын дугаартай,  өнгийн тээврийн хэрэгслийг хулдалдан авахаар тохиролцсон.

Гэвч тус тээврийн хэрэгсэл нь Минерал майнинг ресурс ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглахад тохирохгүй байсан тул нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийг худалдаж авахаа больсон талаар, гэрээг цуцлах хүсэлтэй байгааг мэдэгдсэн. Мөн Авто машин худалдах, худалдан авах гэрээ-ний 2.2.3-т заасны дагуу тээврийн хэрэгслийг хүлээлцсэн дараа төлбөрийг хийнэ гэж заасны дагуу Ж.Э нь өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг Минерал майнинг ресурс ХХК-ийн нэр дээр шилжүүлээгүй, нэхэмжлэгчийн өөрийн нэр дээр нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвээр байгаа тул хариуцагч тал Ж.Э гэрээ цуцлах талаар саналыг хүлээн авсан, Авто машин худалдах, худалдан авах гэрээ-г цуцлагдсан гэх ойлголттойгоор өнөөдрийг хүрсэн.

Хариуцагч компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Г нь нэхэмжлэгчийн эхнэртэй чатаар харилцаж, машины үзүүлэлт нь шалгуурт нийцэхгүй байна, машинаа буцаая гэж холбогдож байсан гэдэг. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид гэдэг нь гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Гэр бүлийн гишүүд учраас нөхөртөө хэлээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Уг автомашины техникийн үзүүлэлт нь шаардлагад нийцээгүй буюу гэрэл асахгүй, хөл тооромс нь доор барьдаг асуудалтай, өөдөө газар хүч алддаг гэх шалтгаанаар үйл ажиллагаандаа тээврийн хэрэгслийг хэрэглэх боломжгүй гэдгийг нэхэмжлэгч талд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн байдаг. Энэ машинаа хүрч ирээд авчих, төлбөртэй зогсоолд байгаа гэдгийг нь хүртэл мэдэгдсэн. Энэ үйл явдлын дараа ковид гарч манай компанийн үйл ажиллагаа зогссон. 2022 оны зунаас эхэлж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэхэмжлэгчид машинаа ирж ав гэж хэлсэн боловч ирж аваагүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

1.    Ж.Э болон Минерал майнинг ресурс ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19-09 дугаартай Автомашин худалдах-худалдан авах гэрээ /хх3-6/

2.    Өмгөөлөгч Т.М болон нэхэмжлэгч Ж.Э нарын хооронд байгуулагдсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх8-9/

3.    Хариуцагч Минерал майнинг ресурс ХХК-иийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус компаниас З.Нд олгосон 2022.05.25№08/22 дугаартай Итгэмжлэл /хх16-17/

4.    Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар /хх22/

5.    Нэхэмжлэгчийн нэмэлт тайлбара /хх27-28/

6.    Тоёота Ландкруйзер-80 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, гэрээ болон холбогдох бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах, бэлэн мөнгө хүлээн авах бүрэн эрхийг Э.Б-с Ж.Э-т олгосон, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Э-н гэрчилсэн итгэмжлэл (энэхүү итгэмжлэлийн хуулбарын үнэн зөвийг 2022.10.10 өдөр нотариатч Б.Энхээ гэрчилсэн) /хх46/

7.    Э.Б-с Ж.Эт олгосон 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл /хх47/

8.    2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Э-р гэрчлүүлсэн өмчлөгч Э.Б нь автомашиныг худалдан борлуулсан үнэ 12,500,000 төгрөгийг өөрийн эцэг буюу нэхэмжлэгч Ж.Эийн Хаан банк дахь  дугаартай дансаар шилжүүлэн авахыг зөвшөөрсөн тухай Э.Б тайлбар, автомашины үнэ 12,500,000 төгрөгийг Минерал майнинг ресурс ХХК-иас шаардан авах эрхийг Ж.Эт шилжүүлэх гэрээ /хх60-62/

9.    Тоёота Ландкруйзер-80 маркийн, улсын дугаартай, FZJ80- арлын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа /хх63-64/ (тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2022/23406 дугаар захирамжаар Автотээврийн үндэсний төвөөс лавлагаа шаардсан)

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Минерал майнинг ресурс ХХК-д холбогдуулан, Автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

4. Хэрэгт авагдсан, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19-09 дугаартай Автомашин худалдах-худалдан авах гэрээ-с үзэхэд, худалдагч тал Ж.Э нь өөрийн эзэмшлийн, Тоёота Ландкруйзер-80 маркийн 1995 онд үйлдвэрлэгдсэн . арлын дугаартай, улсын дугаартай, өнгөтэй тээврийн хэрэгслийг худалдан авагч тал Минерал майнинг ресурс ХХК-д 12,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хүлээлцсэний дараа 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

5. Тоёота Ландкруйзер-80 маркийн 1995 онд үйлдвэрлэгдсэн  арлын дугаартай, .улсын дугаартай, . өнгөтэй тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Э.Б бүртгэлтэй байх боловч тухайн автомашиныг Минерал майнинг ресурс ХХК-д худалдсан үйл баримтыг өмчлөгч Э.Б хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

-Тоёота Ландкруйзер-80 маркийн, .улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, гэрээ болон холбогдох бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах, бэлэн мөнгө хүлээн авах бүрэн эрхийг Э.Б Ж.Эт олгосон, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Э гэрчилсэн итгэмжлэл,

-2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Э-р гэрчлүүлсэн өмчлөгч Э.Б нь автомашиныг худалдан борлуулсан үнэ 12,500,000 төгрөгийг өөрийн эцэг буюу нэхэмжлэгч Ж.Эийн Хаан банк дахь  дугаартай дансаар шилжүүлэн авахыг зөвшөөрсөн тухай Э.Б-ын тайлбар, автомашины үнэ 12,500,000 төгрөгийг Минерал майнинг ресурс ХХК-иас шаардан авах эрхийг Ж.Эт шилжүүлэх гэрээ;

6. Нэхэмжлэгч Ж.Э нь тухайн автомашиныг өөрийн өмч мөн боловч жолоочийн эрхгүйн улмаас өөрийн хүү Э.Бын өмчлөлд бүртгүүлсэн хэмээн тайлбарласан, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэлтэй Э.Б нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19-09 дугаартай гэрээгээр автомашиныг худалдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно. гэж заасантай нийцэж байна.

7. Зохигч талуудын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19-09 дугаартай Автомашин худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

8. Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг компанийн үйл ажиллагаанд ашиглахад тохирохгүй хэмээн худалдах-худалдан авах гэрээг цуцлах хүсэлтээ мэдэгдсэн, худалдагч тал өмчлөх эрхээ шилжүүлж өгөөгүй хэмээн маргаж байх боловч уг татгалзал үндэслэлгүй байна.

9. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар, худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

10. Харин, худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тохиолдлыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д хуульчлан зохицуулсан бөгөөд хариуцагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

11. Мөн түүнчлэн, тухайн тээврийн хэрэгслийг компанийн үйл ажиллагаанд ашиглахад тохирохгүй, доголдолтой гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүйн зэрэгцээ, дурьдаж буй шалтгаанаар худалдах-худалдан авах гэрээг цуцлах хүсэлтээ худалдагч талд мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдсонгүй.

12. Хариуцагч нь Автомашин худалдах-худалдан авах гэрээ-ний 2.2.3-т Гэрээний 2.2.2-т заасан үнийг талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19-09 дугаартай гэрээний дагуу төлбөр тооцоог тээврийн хэрэгсэл хүлээлцсэний дараа 2019 оны 01 дүгээр сарын 10-ны дотор төлбөрийг хийнэ. гэж заасныг үндэслэл болгож, нэхэмжлэгч автомашины өмчлөх эрхийг шилжүүлээгүй хэмээн маргаж байх боловч гэрээний энэхүү заалт нь өмчлөх эрхийг шилжүүлснээр төлбөр төлөх үүрэг үүсэх бус гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх хугацааг тогтоосон шинжтэй, хариуцагч нь гэрээний зүйл болсон автомашиныг хүлээн авсан атлаа уг хугацааны дотор төлбөрөө төлөөгүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

13. Дээр дурьдсан үндэслэлүүдээр, хариуцагч Минерал майнинг ресурс ХХК-иас 12,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Эт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, Минерал майнинг ресурс ХХК-иас 12,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эт олгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Минерал майнинг ресурс ХХК-иас 214,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эт олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА