Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00341

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00341

 

 

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/04894 дугаар шийдвэртэй Ж.Э-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох 12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч М ХХК-д Тоёота Ландкруйзер 80 маркийн автомашиныг 12,500,000 төгрөгөөр худалдсан. Худалдан авагч тал нь автомашиныг хэвийн ажиллагаатай хүлээж авсан Автомашиныг одоог хүртэл ашиглаж байгаа. Мөн доголдлын талаар ярьж байгаагүй. Гэрээний 2.2.3-т зааснаар 12,500,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй. Хариуцагч гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч огт татгалзаагүй. Хариуцагч компани автомашиныг 3 жил хэрэглээд явж байгаа. Доголдолтой автомашин байсан бол 6 сарын дотор мэдэгдэх үүрэгтэй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талууд автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу Тоёота Ландкруйзер 80 маркийн автомашиныг худалдахаар тохиролцсон. Уг автомашин нь хариуцагч компанийн үйл ажиллагаанд ашиглахад тохирохгүй байсан тул гэрээг цуцлах хүсэлтэй байгаа талаар мэдэгдсэн. Мөн гэрээний 2.2.3-т автомашиныг хүлээлцсний дараа төлбөрийг төлөхөөр заасны дагуу нэхэмжлэгч Ж.Э нь өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч компанийн нэр дээр шилжүүлээгүй, тул гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж ойлгосон. Хариуцагч компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Г нь нэхэмжлэгчийн эхнэртэй фэйсбүүк чатаар холбогдож автомашины үзүүлэлт шалгуурт нийцэхгүй байгаа талаар болон автомашиныг буцаах тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Мөн автомашиныг төлбөртэй зогсоолд байрлуулсан тухай мэдэгдсэн. Ковид 19 цар тахлын улмаас манай компанийн үйл ажиллагаа зогссон. Нэхэмжлэгчид автомашиныг буцаах талаар удаа дараа мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, М ХХК-иас 12,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 214,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Маргааны бүхий тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт нь уурхайн талбайн ашиглагдах шаардлагад нийцэхгүй байсан буюу гэрэл тусгал муутай, гар тоормос барихгүй, хөл тоормос доор барьдаг, өөд газар хүч алддаг, хяналтын самбар асдаггүй гэх асуудалтай байсан.Т ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлаас тээврийн хэрэгсэл техникийн шаардлагад нийцээгүй гэж уурхайн талбайд зөвшөөрөл олгохоос татгалзсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзахад хүрсэн. Энэ талаар хариуцагч компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Г нь нэхэмжлэгчийн эхнэрт мэдэгдсэн байхад гэрээнээс татгалзаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч уг нөхцөл байдлыг нотлохоор үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох боломжоор хангаагүйд гомдолтой байна. Уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Э.Б хэвээр байгаа, хариуцагч компанийн өмчлөлд шилжээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг биелэгдээгүй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талаас гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн буюу эд хөрөнгийн өмчлөл шилжээгүй, хариуцагч тал гэрээнээс татгалзсан байхад шүүх гэрээний төлбөрийг гаргуулах нь үндэслэлтэй гэж дүгнэж хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байхад аль хэдийн цуцлагдсан гэрээний төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзаж, автомашиныг хүлээж аваагүй гэж байгаа боловч 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр талууд гэрээ байгуулсан. Уг тээврийн хэрэгсэл нь хариуцагч талын уурхайд ашиглагдаж байгаа бөгөөд ямар нэг доголдолгүй автомашин худалдсан болно. Хэрэв доголдолтой байсан бол 6 сарын дотор буцааж өгөх боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаааны явцад гэнэт баримтын талаар дурдан, татгалзлыг баталж өгнө үү гэж маргасан. Хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээнээс татгалзаагүй. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ төдийгүй хууль ёсны дагуу хийгдсэн болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Мөн хариуцагч тал доголдолтой зүйл худалдсан мэтээр ярьж байгаа боловч тийм зүйл огт байхгүй. Хариуцагч байгууллагын ажилтан, хуульч нар ирээд автомашиныг хүлээн авсан. Тухайн өдөр мөнгийг шилжүүлнэ гэсэн боловч мөнгийг шилжүүлээгүй. Автомашин Э.Б-ын нэр дээр байгаа гэх боловч Ж.Э-ийн хүүхдийн нэр дээр байгаа. Гэрчилгээ нь автомашинтай хамт байгаа. Хэргийн оролцогч биш хүнд татгалзлаа мэдэгдсэн гэж маргаж үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ж.Э хариуцагч М ХХК-д холбогдуулан 12,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр шаардлагын үндэслэлээ ... автомашин худалдах-худалдан авах гэрээгээр М ХХК-д Тоёота ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг 12,500,000 төгрөгөөр худалдсан. Худалдан авагч огт төлбөр төлөөгүй. гэж тайлбарласан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... тээврийн хэрэгсэл нь компанийн үйл ажиллагаанд ашиглахад тохирохгүй байсан тул нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийг худалдаж авахаа больсон талаар болон гэрээг цуцлах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг М ХХК-ийн нэр дээр шилжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэр дээр хэвээр байгаа тул хариуцагч гэрээ цуцлах саналыг хүлээн авсан, автомашин худалдах-худалдан авах гэрээг цуцлагдсан гэж ойлгосон гэж маргасан байна.

3. Талууд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, тус гэрээний дагуу 00-00 улсын дугаартай, Тоёота ланд крузер-80 маркийн автомашиныг 12,500,000 төгрөг төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон, автомашины эзэмшлийг шилжүүлсэн болон 12,500,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтын тухайд маргаагүй.

4. Харин хариуцагч гэрээнээс татгалзсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Худалдан авагч тээврийн хэрэгсэл нь компанийн үйл ажиллагаанд ашиглахад тохирохгүй байсан тул гэрээг цуцалсан гэсэн тайлбар гаргаснаас үзвэл эд хөрөнгийн доголдолтой байсан гэж үзжээ. Гэрээгээр талууд 00-00 ААА улсын дугаартай, Тоёота ланд крузер-80 маркийн, 1995 онд үйлдвэрлэсэн, FZJ800100080 арлын дугаартай, хар ногоон өнгөтэй тээврийн хэрэгслийг худалдахаар харилцан тохиролцсон байх ба уурхайн талбайд ашиглах тусгайлсан шаардлага тавиагүй байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхээр, 251.2 дахь хэсэгт хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр тус тус заажээ.

Худалдагч доголдолтой эд хөрөнгө худалдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар маргаан бүхий автомашины өмчлөгч нь Э.Б байх ба Э.Б нь тээврийн хэрэгслийг худалдах, нэр шилжүүлэх, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг Ж.Э-т олгож, улмаар итгэмжлэлд гарын үсэг зурсан байх тул Ж.Э М ХХК-д тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэгч Ж.Э нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн дагуу автомашиныг бусдад худалдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.1. Хариуцагч тээврийн хэрэгслийг худалдан авахаа больж гэрээг цуцлах хүсэлтэй байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэсэн тайлбар гаргаж, уг тайлбараа нотлох зорилгоор нэхэмжлэгчийн эхнэр болон хариуцагч компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Г нарын хоорондоо харилцсан цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хэргийн оролцогч биш этгээдийн захидал харилцааны мэдээлэлд халдах нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 9 дүгээр зүйлд заасныг зөрчинө гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

5.2. Гэрээний 2.5-д худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд тээврийн хэрэгслийг шилжүүлэх бөгөөд автомашины эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг өөрийн зүгээс саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь автомашины эзэмших эрхийг шилжүүлсэн боловч хариуцагч нь үнийг төлөөгүйгээс өмчлөх эрх шилжээгүй байна.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй хэдий ч худалдагч доголдолтой эд хөрөнгө худалдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Иймд эд хөрөнгийн өмчлөл шилжээгүй, хариуцагч тал гэрээнээс татгалзсан байхад шүүх гэрээний төлбөрийг гаргуулсан нь үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийн үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/04894 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.БЯМБАСҮРЭН