Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0157

 

 

 

 

 

  

 

    2023         02           16                                      128/ШШ2023/0157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Хюманстэйшн интернэшнл” ХХК /РД:5323118/,

Хариуцагч: Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл хоорондын нэр бүхий долоон нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа, Ч.Ганболд, хариуцагч Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ариунзаяа, Э.Эрдэнэцогт, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцогт,ы өмгөөлөгч Б.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Хюманстэйшн интернэшнл” ХХК нь Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлд холбогдуулан “Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 10 дугаар тэмдэглэлийн “Хюманстэйшн интернэшнл” ХХК-д холбогдох 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн хэсэг, тус зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийн “Хюманстэйшн интернэшнл” ХХК-д холбогдох 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар, 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2022/5690 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна.

3. Эрүүл мэндийн яам, Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ын өдрийн 10 дугаар тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт өөрчлөлт” 06 дугаар тэмдэглэлээр тус тус “Хюманстэйшн интернэшнл” ХХК-ийн Япон улсаас импортоор Монгол улсад оруулж ирдэг “Үе мөчний глюкозамин ба хондройтин, хүүхдийн витаминтай алимны амттай чихэр, нимбэгний амттай мультвитамин, сүүний хүчлийн бифидо бактер, Ориго сахар, хүүхдийн кальци, чавганы амттай төмөр+фолийн хүчил, С-амин дэм зэрэг 7 нэрийн бүтээгдэхүүний агууламж, орц найрлага болон хэрэглэх зааврыг үндэслэн “Биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж үзэж шийдвэрлэсэн байна.                       

4. Нэхэмжлэгч “Хюманстэйшн интернэшнл” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч “Хюманстэйшн интернэшнл” ХХК-ийн төлөөлөгч Ивасаки минору шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай импортолж буй Япон улсын ИТО брэндийн нэр бүхий 7 хүнсний бүтээгдэхүүнүүд нь тус улсдаа хүнсний бүтээгдэхүүн ангилалд хамаарах бөгөөд JQA-QMA11967 дугаартай ISO:9001 албан ёсны сертификат, Япон улсын Эрүүл мэнд, хүнс тэжээлийн нийгэмлэгийн гэрчилгээтэй, мөн олон улсын бүтээгдэхүүний ангиллын HS кодоор хүнсний бүтээгдэхүүн ангилалд багтдаг. Түүнчлэн Монгол улсын Эрүүл мэндийн яамны 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2/3407 дугаар албан бичгээр яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Япон улсын ITOH KAMPO үйлдвэрлэгчийн нэр бүхий 26 бүтээгдэхүүнд биологийн идэвхт бүтээгдэхүүний улсын шинжээч томилон, дүгнэлт гаргуулсан. Шинжээч нэр бүхий бүтээгдэхүүнүүдийг баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн болохыг тодорхойлж, Хүнсний тухай хуулийн холбогдох заалт, журмын дагуу хүнсний бүтээгдэхүүн ангиллаар импортлох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалаар батлагдсан Эм эмнэлгийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэх журмын 1.16. “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд ... үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүн хамаарахгүй”, мөн тус журмын 4.33.6. “Гарал үүслийн улсад биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалд орсон эсэхийг тодорхойлох баримт бичиг” гэж заасан. Гэтэл дээрх заалтуудыг тус тус зөрчиж Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 дугаар тогтоолоор нэр бүхий 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн.  Тус тогтоолыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг битүүмжилсэн бөгөөд зарим бараа бүтээгдэхүүний хугацаа дуусаж ойролцоогоор 180,000,000 төгрөгийг хохирол хүлээгээд байна. 

Уг Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яамны Эм эмнэлгийн хяналт, зохицуулалтын газарт гомдол гаргасан. Эм эмнэлгийн хяналт, зохицуулалтын газар нь Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн ажлын хэсэг байсан. Энэхүү ажлын хэсгээр нь дамжуулан манай байгууллага гомдол гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2-т заасны дагуу дээд шатны байгууллага байхгүй тул өөрт нь гомдол гаргасан. Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж 02 тоот тогтоолоор “Эрүүл мэндийн сайдын А/295 дугаар тушаалын 4.1.6-д заасан “маргаантай тохиолдолд Хүний эмийн зөвлөлөөс шинжээчдийн баг, ажлын хэсгийг томилуулан дүгнэлт гаргуулах” заалтыг үндэслэн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 100 хувийн саналаар шинжээчдийг томилон ажиллуулж, дүгнэлт гарсны дараа асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэв” гэж шийдсэн боловч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд шинжээч нь ямар нэгэн дүгнэлт гаргаагүй бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлаар манай асуудлыг дахин хэлэлцэж, Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлөөс тус 7 нэр төрлийн бүтээгдэхүүн нь биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн гэдэг шийдвэр гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Тус тогтоолыг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн шийдвэрийн улмаас манай компани маргаан бүхий 7 нэр  төрлийн бүтээгдэхүүнийг одоо хүртэл зарж борлуулж чадахгүй нөхцөл байдалд байна. Тухайн асуудлаар өөрт нь гомдол гаргаад, дахин хэлэлцээд биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн гэж гарсантай холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 тоот шийдвэр хүчингүй болсон. Тухайн байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрээ дараагийн шийдвэрээрээ хүчингүй болгосон.

5.1 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэг үндэслэл нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/295 тоот “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ын 1.16. “тухайн үйлдвэрлэгч улсдаа хүнсний бүтээгдэхүүнээр бүртгэлтэй байгаа тохиолдолд биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэгдэхгүй” гэсэн тодорхой заалт байна. Манай байгууллагын нэр бүхий 7 бүтээгдэхүүн нь Япон улсад хүнсний бүтээгдэхүүнээр бүртгэлтэй байгаа талаар гарал үүслийн бичиг, Япон улсын холбогдох газраас авсан тодорхойлолт зэргээс тодорхой харагдаж байгаа. Энэ заалтыг зөрчиж биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэсэн нь хууль бус байна.

5.2. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6 тоот шийдвэрийг 2 үндэслэлээр хууль бус гэж маргаж байгаа. Нэгдүгээрт: Эрүүл мэндийн сайдын “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх тухай” А295 тоот журмын 1.16. “үйлдвэрлэгч улсдаа хүнсний бүтээгдэхүүнээр бүртгэлтэй бол биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэхгүй” гэсэн байгаа. Манай 7 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улсдаа хүнсний бүтээгдэхүүнээр бүртгэлтэй тул биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэх үндэслэлгүй. Манай байгууллагаас бүртгэлтэй холбоотойгоор биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгүүлэх тохиолдолд үйлдвэрлэгч улсдаа биологийн идэвхт бүтээгдэхүүнээр заавал бүртгэгдсэн сертификат байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Энэхүү асуудлаар маргаж байх явцад хариуцсан мэргэжилтэн нь Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэ гэж шийдвэрлэсэн. Энэ сертификатыг авчирч бүртгэлээ хийлгэнэ гэдэг хариуг өгсөн. Тиймээс манай байгууллага Эрүүл мэндийн сайдын А/295 тоот журмыг баримтлах нь зүйтэй гэж үзээд гомдол гаргасан.

Хоёрдугаарт, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэртэй холбогдуулан манайх гомдол гаргасан. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлөөс Эрүүл мэндийн сайдын А/295 тоот журмын 4.1.6-д заасны дагуу Хүний эмийн зөвлөлөөс шинжээч томилуулах гэдэг заалтыг үндэслэн шинжээч томилсон. Хүний эмийн зөвлөлөөр дамжуулан манай байгууллагын нэр бүхий 7 бүтээгдэхүүнтэй холбогдуулан шинжээч томилсон эсэх талаар тодруулга хүссэн. Гэтэл тухайн байгууллагаас шинжээч томилсон зүйл байхгүй, Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлөөс шинжээч томилсон байна гэдэг хариуг өгсөн. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын 4.1.6 дахь заалт маргаантай байгаа тохиолдолд Хүний эмийн зөвлөлөөс шинжээч томилох гэдэг асуудлыг тухайн хуралдаанаас шийдвэрлэсэн боловч 2022 оны 05 дугаар сарын 30-ны шийдвэр дээр хэрэгжүүлээгүй байна.

Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа Э.Эрдэнэцогт шинжээч нь 2009 оноос 2019 оныг хүртэл манай бүтээгдэхүүнийг хүнсний бүтээгдэхүүн мөн гэж үзэж байсан. 2021 оноос манай бүтээгдэхүүнийг хүнсний бүтээгдэхүүн биш гэдэг зүйлийг өөрөө гаргаж ирэн шийдвэрлэсэн байсан. Үнэхээр маргаантай байгаад шинжээч томилуулахаар байсан бол хөндлөнгийн байгууллага буюу Хүний эмийн зөвлөлөөс шинжээч томилоод Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас зохион байгуулах зохицуулалт байгаа тул үүний дагуу хийгдээгүй нь өөрөө хууль бус байна. Тиймээс 2022 оны 05 дугаар сарын 30-ны шийдвэр нь Эрүүл мэндийн сайдын баталсан журмуудыг зөрчсөн байна. Эрүүл мэндийн сайд, Хүний эмийн зөвлөл, Хүний эмийн мэргэжлийн салбар зөвлөл гэсэн 2 тусдаа байгууллагыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийнхаа 5.2-т зааснаар бүрэлдэхүүнийг томилох эрхтэй байна. Журамд зааснаар Хүний эмийн зөвлөлөөс шинжээч томилно гэж заасан байхад Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл өөрөө шинжээч томилоод шийдвэрлээд байгаа нь хууль бус юм.

6. Иймд Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тэмдэглэл болон 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлийн “Хьюманстэйшн интернэшнл” ХХК-д холбогдох маргаан бүхий 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж үзсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрсайхан шүүхэд бичгээр гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Б.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тэмдэглэлийн “Хюманстэйшн интернэшнл” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын шийдвэрүүд нь хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 болон 5.3 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн салбар зөвлөл бөгөөд орон тооны бус мэргэжлийн зөвлөх байгууллага юм. Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/127 тоот тушаалаар батлагдсан “Хүний эмийн зөвлөлийн мэргэжлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 1.2 болон 3.4 дэх хэсэгт зааснаар Зөвлөл нь биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, идэвх, аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудалд санал, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажилладаг. Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/127 тоот тушаалаар батлагдсан “Хүний эмийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2.4 дэх хэсэгт “Эмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна” гэж заасан бөгөөд хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох баримт бичгийг Зөвлөлийн ажлын алба болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хуралдаж шийдвэрлэдэг.

7.1. Зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар хурлын шийдвэрийн тухайд:

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхзаяа нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 14 минутад өөрийн [email protected] хаягаас Зөвлөлийн бүх гишүүд рүү “Зөвлөлийн 11 сарын хурлын хэлэлцэх асуудлын жагсаалт болон мэдээлэл”-ийг файлаар хавсарган илгээсэн ба уг хэлэлцэх асуудлын жагсаалтын 5 дахь хэсэгт Биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн эсэх талаар дүгнэлт гаргуулах 28 бүтээгдэхүүний нэрийг жагсаасан байсан. Үүний дагуу Зөвлөл нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр "Хюманстэйшн интернэшнл” ХХК-ийн 25 бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийж хуралдсан. Зөвлөлийн ажиллах журмын 1.6 дахь хэсэгт “Салбар зөвлөлийн хуралдаан нь гишүүдийн ирцийн 70-аас доошгүй хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно”, 1.7 дах хэсэгт “Асуудлыг хуралдаанд оролцогсдын олонхын саналаар шийдвэрлэж дүгнэлт гаргана” гэж заасанчлан, Зөвлөлийн хурлын ирц 85 хувь бүрдэж хүчин төгөлдөр явагдсан ба хуралдаанд оролцогсдын 100 хувийн саналаар "Хюманстэйшн интернэшнл” ХХК-ийн 25 бүтээгдэхүүнээс 7 бүтээгдэхүүнийг нь биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн гэж дүгнэсэн. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэж заасан тул үүний дагуу дээрх 7 бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гэж дүгнэлтдээ дурдсан. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “…Зөвлөл нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаартай тушаалаар батлагдсан Эм, эмнэлгийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэх журмын 1.16. "Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүнд хамаарахгүй”, мөн тус журмын 3.10.2. “Гарал үүслийн улсдаа биологийн идэвхт бүтээгдэхүүн гэсэн ангилалд орсон байх", 4.33.6. “Гарал үүслийн улсад биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалд орсон эсэхийг бичиг тодорхойлох баримт (үйлдвэрлэгчийн баталгаажуулсан хуулбар) гэсэн заалтуудыг тус тус зөрчиж ….. манай байгууллагын импортолдог гарал үүслийн улсдаа хүнсний бүтээгдэхүүнд хамаардаг нэр бүхий 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэх шаардлагатай гэж үндэслэлгүй шийдвэрлэсэн...” гэж дурджээ. Бүртгэлийн журмын 1.16 дахь хэсэгт заасан үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүн нь биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд хамаарахгүй гэснээс биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалд хамаарахгүй гэж заагаагүй. Бүртгэлийн журмын 1.13 дахь хэсэгт “Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэгт хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай шимт бодис, илчлэгийг нөхөх үйлчлэл бүхий бүтээгдэхүүн хамаарна” гэж заасан байгаа. Үүнийг зөрчсөн биологийн идэвхт бүтээгдэхүүн биш юм гэж үзээд байна. Хэрэв биологийн идэвхт бүтээгдэхүүн биш юм бол эдгээр бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хамаарах уу? Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хамаарна  гэж үзэж байгаа бол Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар заасан байгаа. Энэ талаар хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас эдгээр бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн биш байна гэж дүгнэсэн. Зөвлөл нь дээрх 7 бүтээгдэхүүний найрлага, орц, үйлчлэл зэргийг мэргэжлийн түвшинд үнэлж дүгнээд холбогдох хууль журмын дагуу нэгтгэн шалгасны дагуу Биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалд хамаарна гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан. Харин Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн харилцаа нь Бүртгэлийн журмын 3.10, 4.2, 4.6, 4.14 дэх хэсэгт заасны дагуу компани бүтээгдэхүүн бүртгүүлэх санал, хүсэлтээ Ажлын албанд ирүүлснээр эхлэх ба Ажлын албанаас тухайн бүтээгдэхүүнийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр Зөвлөлд ирүүлсэн тохиолдолд Зөвлөл уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч талаас бусад материалаа бэлдээд явуулсан зүйл байна уу? Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 3.16-т заасныг зөрчсөн байна, манайх хүнсний бүтээгдэхүүн гэсэн байдлаар яваад байна. Танайх биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзээд бүртгүүлэх гэхээр тухайн үйлдвэрлэгч улсдаа хүнсний бүтээгдэхүүн учраас гээд бусад материалаа бүрдүүлээд хандсан бол бид тухайн хэлэлцэх асуудлынхаа хүрээнд бүртгэлийн харилцаа тусдаа хэлэлцэх асуудалд орох байсан гэж үзэж байна. Ажлын албаны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн дээрх 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн эсэх талаар л хэлэлцэхийг дурдсан байсан тул Зөвлөл нь түүний дагуу холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрээ гаргасан болно.

7.2. Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийн тухайд:

 Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийн тухайд Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын биологийн идэвхт бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Г.Номин нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутад өөрийн [email protected] хаягаас Зөвлөлийн бүх гишүүд рүү “Зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөө”-г файлаар хавсарган илгээсэн ба уг жагсаалтын 2 дахь хэсэгт нэхэмжлэгчийн импортолдог нэр бүхий 7 бүтээгдэхүүн нь биологийн идэвхт бүгээгдэхүүн мөн эсэх талаар дахин хэлэлцэх гэж заасан байдаг. Үүний дагуу Зөвлөл нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 83.3 хувийн ирцтэйгээр хуралдаж, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн шинжээч Э.Эрдэнэцогт болон Ө.Баяр нарын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтүүдийг үндэслэн хуралдаанд оролцогсдын 100 хувийн саналаар уг 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч сая дурдахдаа бид нарыг өөрсдөө шинжээчээ томилсон гэж байна. Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/127 дугаар тушаалаар батлагдсан “Салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.5-д салбар зөвлөл нь өөрөө холбогдох мэргэжлийн хүмүүсийг үйл ажиллагааны чиглэлээр үнэлэлт дүгнэлт гаргахад татан оролцуулах, хамтран ажиллуулах бүрэн эрхтэй. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/297 дугаар тушаалаар батлагдсан бүртгэх журмын 4.1.3-т бүртгэлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах эрхтэй гэж заасан байна. Үүний дагуу бид 02 дугаар сарын 11-ний өдөр шинжээчээ томилж дахин хэлэлцсэний үндсэн дээр биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн  гэж хууль ёсны дагуу шийдвэрлэсэн.

 8. Иймд дээрх үндэслэлүүдээр Зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн болон 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрүүдийг хуульд нийцсэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг тус бүтээгдэхүүнүүдийг хүнсээр бүртгэж байсан гэж байна. 2012 оныг хүртэл энэ асуудал нь Биологийн идэвхт бүтээгдэхүүн болон хүнсний тухай хуулиар зохицуулагддаг байсан. 2012 оны 12 дугаар сараас эхлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг болсон. 2017 оноос эхлэн Хүний өдөрт авах эрдэс бодис, амин дэмийн хэмжээний тухай сайдын тушаал гарсан. 2019 оноос эхлэн гадаад улс орнуудаас орж ирсэн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг мэргэжилтнүүд дунд нь ангилах шийдвэрийг гаргасан. Ганц Япон биш Солонгос, Хятад биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг ангилал байдаггүй. Хэрхэн ангилах талаар мэргэжлийн шинжээч нар шийдвэрлээд явдаг асуудал юм. 2017 онд Хүнсний тухай хуулиар хүнс, баяжуулсан хүнс гэсэн ангилалтай байсан. 2017 онд тухайн бүтээгдэхүүн баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний ангилалд орж байсан. Хүнсний бүтээгдэхүүн гэж түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг хэлдэг. Бусад бүтээгдэхүүний хувьд нарийн технологиор бүтээгдсэн дээд ангилалд байдаг. Тиймээс бид Монгол Улсад орж ирсэн бүхий л бүтээгдэхүүнийг шалгаж, бүртгэх шаардлагатай болж байна. Үүнтэй холбоотойгоор хууль гарч таарах байх” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Улсын бүртгэлийн 9019050023 дугаарт, регистрийн 5323118 дугаарт бүртгэлтэй “Хюманстэйшн интернэшнл” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн Япон Улсаас импортолж оруулж ирдэг тус улсын “itoh Kampo” үйлдвэрлэгчийн нэр бүхий 29 бүтээгдэхүүнээс нэр бүхий долоон бүтээгдэхүүнийг “биологийн идэвхт бүтээгдэхүүн”-ээр бүртгэх талаар хэлэлцсэн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ын өдрийн 10 дугаар тэмдэглэлийн, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тэмдэглэлийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргасан ба,

2.1. Маргаан бүхий Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийн Хэлэлцэх хоёрдугаар асуудал Биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн эсэх 2.1. “Хюманстэйшн интернэшнл” ХХК-ийн 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, өөрчлөлт, сунгалт хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхзаяа хэлэлцүүлснээр шийдвэрлэхдээ, хуралд суусан гишүүдийн саналаар “...“Хюманстэйшн интернэшнл” ХХК-ийн өмч болох 1.Нимбэгийн амттай мультвитамин, 2.Сүүний хүчлийн бактери ба Ориго сахар, 3.Үе мөчний глюказамин ба хондройтин, 4.Төмөр+фолийн хүчил, 5.Лимоны амттай витамин С 1200, 6.Сүүний хүчлийн бактери агуулсан кальци, 7.Хүүхдийн витамин А, D. B зэрэг эдгээр бүтээгдэхүүнүүдийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан, тодруулбал, хуралдааны тэмдэглэлээс үзвэл, “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн №10 хурлаар шинэ бүртгэл 31, сунгалт 7, биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн эсэх 29 бүтээгдэхүүний талаар хэлэлцэж, шинэ бүртгэл 28, сунгалт 7, биологийн идэвхт бүтээгдэхүүн ээр бүртгүүлэх шаардлагатай 7 бүтээгдэхүүний шийдвэр тус тус гарлаа...” гэжээ.

2.2. Маргаан бүхий Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт өөрчлөлт” 06 дугаар тэмдэглэлийн Хэлэлцэх хоёрдугаар асуудлаар шийдвэрлэхдээ: Үе мөчний глюкозамин ба хондройтин, хүүхдийн витаминтай алимын амттай чихэр, нимбэгийн амттай мультвитамин, сүүний хүчлийн бифидо бактери, Ориго сахар, хүүхдийн кальци, чавганы амттай төмөр+фолийн хүчил, С-амин дэм зэрэг 7 нэрийн бүтээгдэхүүний агууламж, орц найрлага болон хэрэглэх зааврыг үндэслэн хуралд оролцож, санал өгсөн 100 хувийн саналтайгаар Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзжээ.

3. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.“Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл ...ажиллана”, 5.2. “Эмийн зөвлөл нь эмийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх орон тооны бус, мэргэжлийн зөвлөх байгууллага бөгөөд түүний бүрэлдэхүүн, дүрэм, ...Засгийн газрын гишүүн батална”, 5.3.“Эмийн зөвлөл нь мэргэжлийн салбар зөвлөлтэй байж болно” гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүний эмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай” А/127 дугаар тушаал, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай” А/295 дугаар тушаал, мөн сайдын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/144 дүгээр тушаалыг баталсан байх ба эдгээрээс А/295 дугаар тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4462 дугаарт бүртгэгдсэн байна.

4. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25. “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг” ойлгох ба, Эмийн зөвлөл нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн 5.5.3. “эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, өөрчлөлт оруулах асуудлыг эмийн үндэсний бодлогын хүрээнд шийдвэрлэх”, 5.5.4. “эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа түгээлт, хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангана”, 6.2.“энэ хуулийн 6.1-д заасан төрийн зохицуулалтыг дараахь үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ” гээд, 6.2.1. “эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, зах зээл дэх чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа”, 6.2.2. “...импортлох, худалдах тусгай зөвшөөрөл”, 6.2.3. “импорт, экспортын лиценз, хяналт зохицуулалт”, 6.2.8. “эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний ...хяналт”, 6.3. “энэ хуулийн 6.2-т заасан зохицуулалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно”,  15 дугаар зүйлийн 15.9.3. “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох”, 16 дугаар зүйлийн 16.6. “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн сан болон стандартын шаардлага хангасан хүнсний дэлгүүрт борлуулна” гэж зааснаар биологийн идэвхт бүтээгдэхүүний хяналтын талаарх төрийн зохицуулалт хуульчлагдсан байна.

5. Ийнхүү хуулиар зохицуулагдсан харилцааг нарийвчлан журамлаж, захиргааны хэм хэмжээний актаар бүртгэж, улсын хэмжээнд дагаж мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас буюу Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 тушаалын нэгдүгээр хавсралтаар “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ыг батлахдаа төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хүрээнд хүн амын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай ...биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах, хугацааг сунгах зэргийг зохицуулах зорилготой гэжээ.

6. Энэхүү журмын 1.13-д “Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэгт хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай шимт бодис, илчлэгийг нөхөх үйлчлэл бүхий бүтээгдэхүүн хамаарах бөгөөд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хүний өвчнийг эмчлэх, оношлох зорилгоор хэрэглэхгүй”, 1.14-д “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл ...бүртгэлээс хасах асуудлыг Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл шийдвэрлэнэ” гэж заасны дагуу маргаан бүхий Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ын өдрийн 10 дугаар, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт өөрчлөлт” 06 дугаар тэмдэглэл нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр байна.

7. Учир нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1. “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна”, 22.2. “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэхдээ үйлдвэрлэгчийн хүсэлт, шинжилгээний дүн, холбогдох бичиг баримт, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэнэ” гэж заасны дагуу,

7.1. Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт өөрчлөлт” 02 дугаар тэмдэглэлийн Хэлэлцэх нэгдүгээр асуудлаар 7 нэрийн бүтээгдэхүүний бүртгэлийн асуудлыг Н.Мөнхзаяа дахин хэлэлцүүлж, Шийдвэрлэсэн нь “Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/295 дугаар тушаалаар  батлагдсан “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын 3.10.2 дахь заалттай зөрчилдөж байгаа тул 4.1.6 дахь заалтад заасны дагуу маргаантай тохиолдолд ХЭЗ-Сангийн яам шинжээчдийн баг, ажлын хэсгийг томилуулан дүгнэлт гаргуулна гэснийг үндэслэн, биологийн идэвхт бүтээгдэхүүний шинжээч Ө.Баяраа, Э.Эрдэнэцогт, н.Баясгалан нарт бүтээгдэхүүнийг хуваан өгч, шинжээчээр ажиллуулан, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж,

7.2. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/01/87 дугаар албан бичгээр “... зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээ” нэхэмжлэгч “Хюманстэйшн интернэшнл” ХХК-д хүргүүлэн мэдэгджээ.

7.3. Улмаар Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн шинжээч Э.Эрдэнэцогтын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №22-05/N5 дүгнэлтээр С-Аминдэм, №22-05/N4 дүгнэлтээр Чавганы амттай төмөр+фолийн хүчил, №22-05/N3 дүгнэлтээр Хүүхдийн кальци, №22-05/N2 дүгнэлтээр Сүүний хүчлийн бифидо бактер, Ориго сахар, №22-05/N1 дүгнэлтээр Нимбэгийн амттай мультвитамин зэргийг “тухайн бүтээгдэхүүний агууламж, орц найрлага болон хэрэглэх зааврыг үндэслэн өнөөгийн баримталж буй журмын дагуу биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалд хамааруулах нь зүйтэй” гэсэн,

7.4. Шинжээч Ө.Баярын  2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэд “Хүүхдийн амттай алимны амттай чихэр”, “Үе мөчний глюкозамин ба хондройтин” зэргийг “тухайн бүтээгдэхүүний агууламж, орц найрлага болон хэрэглэх зааврыг үндэслэн “Парафармацевтик” ангиллын Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзнэ гэсэн дүгнэлтүүд гарчээ.

8. Иймд хариуцагчийн маргаан бүхий шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн импортоор оруулж ирдэг 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүний улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын 1.14-д “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл ...бүртгэлээс хасах асуудлыг Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл шийдвэрлэнэ”, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1. “Монгол Улсад ..., импортлох, худалдах, ... биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ... бүртгүүлсэн байна”, 22.2. “... биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэхдээ ...бичиг баримт, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэнэ” гэж заасантай нийцсэн, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д заасан биологийн идэвхт бүтээгдэхүүнээр улсын бүртгэлд бүртгэхгүй байх тохиолдол, үндэслэлүүд тогтоогдоогүй, үүгээрээ маргаан бүхий актууд нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

            9. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн оруулж ирж сүлжээ супермаркетуудаар худалдаалдаг бүтээгдэхүүнүүд нь хүнсний  нэмэлт бүтээгдэхүүн мөн эсэхэд, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1054 дугаар албан бичгээр “Танай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хүнсний нэмэлтээр бүртгүүлэх хүсэлтэд тусгасан бүтээгдэхүүнүүд нь хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмэхгүй бөгөөд, хүнсэнд шууд хэрэглэх зориулалттай тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-515 дугаартай тушаалаар баталсан Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын дагуу хүнсний нэмэлтийн жагсаалтад бүртгэх боломжгүйг мэдэгдэж байна” гэж “Хюманстэйшн интернэшнл” ХХК-д хүргүүлсэн, түүнчлэн Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1506 дугаар албан бичгээр “Танай 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр албан бичгээр ирүүлсэн нимбэгийн амттай мультвитамин, сүүний хүчлийн бактери ба ориго сахар, үе мөчний глюказамин ба хондройтин, төмөр полийн хүчил, лимоны амттай витамин Сангийн яам 1200, сүүн хүчлийн бактери агуулсан кальци, хүүхдийн витамин А, Д, В гэсэн 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хүнсний нэмэлтээр бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтад “хүнсний нэмэлт” гэж “дангаараа бүтээгдэхүүн, эсхүл хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах, хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг” ойлгохоор тусгасан байдаг. Иймд танай хүсэлтэд тусгасан бүтээгдэхүүнүүд нь хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмэхгүй бөгөөд, хүнсэнд шууд хэрэглэх зориулалттай тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-515 дугаартай тушаалаар баталсан Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын дагуу хүнсний нэмэлтийн жагсаалтад бүртгэх боломжгүйг мэдэгдэж байна” гэж “Хюманстэйшн интернэшнл” ХХК-д хүргүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын 1.16. “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.7-д зааснаас гадна үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч Япон улсдаа хүнсний бүтээгдэхүүний ангилалтай авч, маргаан бүхий энэ тохиолдолд шинжээч томилж ажиллуулснаар орц, найрлага, үйлчлэл зэргийг  мэргэжлийн түвшинд судалж биологийн идэвхт бүтээгдэхүүнд хамаарна гэж үзсэн, уг шинжээч нарын  дүгнэлттэй тухайлан нэхэмжлэгч талаас маргаагүй зөвшөөрсөн байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, мөн зүйлийн 5.5 дахь хэсгийн 5.5.3, 5.5.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-д заасныг баримтлан “Хюманстэйшн интернэшнл” ХХК-аас Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 10 дугаар тэмдэглэлийн “Хюманстэйшн интернэшнл” ХХК-д холбогдох 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн хэсэг, тус зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 06 дугаар тэмдэглэлийн “Хюманстэйшн интернэшнл” ХХК-д холбогдох 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН