Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0312

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            “Х” ХХК-ийн

                          нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0157 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал И-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал                          

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Х” ХХК

Хариуцагч Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Ш.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

 

Хэргийн индекс: 128/2022/0615/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0157 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, мөн зүйлийн 5.5 дахь хэсгийн 5.5.3, 5.5.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-д заасныг баримтлан х ХХК-аас Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 10 дугаар тэмдэглэлийн х ХХК-д холбогдох 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн хэсэг, тус зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 06 дугаар тэмдэглэлийн х ХХК-д холбогдох 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал И дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “1. 128/ШШ2023/0157 тоот шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д “нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр байна” гэж дүгнэсэн талаар:

Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн маргаан бүхий 7 бүтээгдэхүүнийг Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн шийдвэрийн улмаас гаалийн улсын байцаагч Ш.Б нь 0012519 дугаар шийтгэлийн хуудсаар манай компанид шийтгэл оногдуулж, манай компанийн 180 сая гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг битүүмжилсэн байдаг. Тус асуудлаар гомдол гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/Ш32022/9626 тоот шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүссэн бөгөөд тус захирамжийг хэрэгт гарган өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс эрх, ашиг хөндөгдсөн болохоо нотолсоор байтал эрх, ашиг нь хөндөгдөөгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй байна. Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 тэмдэглэлээр Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын 4.1.6-д “Маргаантай тохиолдолд Хүний эмийн зөвлөлөөс шинжээчдийн баг, ажлын хэсгийг томилуулан дүгнэлт гаргуулах” гэснийг зөрчиж 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хуралд маргаан бүхий 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэсэн дүгнэлт гаргаж байсан Ө.Б, Э.Э, Н.Б нарыг Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлөөс дахин шинжээчээр томилсон байна. Тодруулбал, маргаан гарсан тохиолдолд Хүний эмийн зөвлөлөөс шинжээч томилох ёстой байтал Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл өөрсдөө шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь журмын дээрх заалтыг зөрчсөн байна.

2. 128/ШШ2023/0157 тоот шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 8-д нэхэмжлэгч талыг Биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан мэтээр дүгнэсэн талаар:

х ХХК нь Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн маргаан бүхий 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн бүтээгдэхүүнүүдийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Гэтэл шүүхээс биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэхэд баримталдаг, тус нэхэмжлэлд хамааралгүй хууль болон журмын заалтыг хэрэглэсэн байна. Тодруулбал, Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл нь маргаантай асуудлыг шийдвэрлэхээр шинжээч томилсноос биш, тухайн бүтээгдэхүүнүүдийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэх асуудлаар шинжээч томилоогүй байтал "Эм, эмиэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 22.2 "... биологийн идэхт бүтээгдэхүүнийг бүртгэхдээ ...бичиг баримт, түүнд хийсэн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэнэ ”, 22.7-д заасан биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэхгүй байх тохиолдол, үндэслэлүүд тогтоогдоогүй, үүгээрээ маргаан бүхий актууд нъ хуулъ зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3. 128/ШШ2023/0157 тоот шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хүнсний нэмэлт бүтээгдэхүүн мөн эсэхэд гаргасан дүгнэлтийг дурдсан талаар:

Шүүхээс "Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2022 оны 05 дугаар  сарын 06-ны өдрийн "Танай 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн ...7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хүнсний нэмэлтээр бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтад "Хүнсний нэмэлт” гэж дангаар бүтээгдэхүүн. эсхүл хүнсний бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгийг оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагаа хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад нэмдэг бодис, хольцыг ойлгохоор тусгасан байдаг. Иймд танай хүсэлтэд тусгасан бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмэхгүй бөгөөд, хүнсэнд шууд хэрэглэх зориулалттай тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-515 дугаартай тушаалаар баталсан “Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам ”-ын дагуу хүнсний нэмэлтийн жагсаалтад бүртгэх боломжгүй мэдэгдэж байна” гэсэн хариу хүргүүлсэн байгааг дурдах нь зүйтэй” гэж 128/ШШ2023/0157 тоот шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д оруулсан байна. Шүүхээс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны уг хариуг үндэслэж ямар дүгнэлт хийсэн талаар тайлбарлаагүй байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дээрх хариу нь маргаан бүхий 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хүнсэнд шууд хэрэглэх зориулалттай тул хүнсний нэмэлтийн жагсаалтад бүртгэхгүй гэснээс биш, маргаан бүхий 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзэх үйл баримтыг дэмжсэн агуулга байхгүй байна.

4. 128/ШШ2023/0157 тоот шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-д тусгагдсан “Шинжээчийн дүгнэлттэй тухайлан маргаагүй, зөвшөөрсөн” гэх дүгнэлтийн тухайд:

Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлөөс дээрх шинжээчдийн дүгнэлт гарсан талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй тул тухайлан маргах боломж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгодог. Гэтэл шинжээч нарын гаргасан дүгнэлт нь дотогш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй, захирамжилсан шинжгүй тул захиргааны акт биш юм. Тиймээс тухайн шинжээчийн дүгнэлттэй тухайлан маргах боломжгүй байтал шүүхээс үүнийг зөвшөөрсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

5. Шинжээчийн дүгнэлтээр биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн эсэх талаар тодорхойлох боломжгүй талаар:

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журамд шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж тодорхойлох заалт байхгүй бөгөөд тус журмын 3.10-д зааснаар Биологийн идэвхт бүтээгдэхүүн нь гарал үүслийн улсдаа БИБ (Биологийн идэвхт бүтээгдэхүүн) гэсэн ангилалд орсон байхыг шаарддаг. Тодруулбал, маргаан бүхий 7 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд нь гарал үүслийн улс буюу Япон улсад Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэсэн ангилалд хамаарч байсан бол биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзэхээр байна. Иймд тус журамд зааснаар Биологичийн идэвхт бүтээгдэхүүнд тавигдах шаардлага нь шинжээчийн дүгнэлтээр биш Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж тодорхойлогдох биш. Харин гарал үүслийн улсдаа Биологийн идэвхт бүтээгдэхүүнд хамаарч байгаа эсэх нь чухал байна.

6. Үйлдвэрлэгч улсдаа хүнс гэж бүртгэгдсэн талаар:

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын 1.16 “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 22.7-д зааснаас гадна үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүнд хамаарахгүй гэж заасан. Шүүхийн 128/ШШ2023/0157 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10-д маргаан бүхий 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалтай болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх журмын заалтын дагуу Биологийн идэвхт бүтээгдэхүүнд маргаан бүхий 7 бүтээгдэхүүн хамаарахгүй байтал үүнийг зөрчсөн хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №10 болон 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хуульд нийцсэн гэж шүүхээс дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байна Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль. Тогтоомж, дүрэм, журмын дагуу бараа бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирж худалдан борлуулж байсан. Гэтэл Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлөөс мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, журмаа зөрчиж, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг мөн эсэхийг тогтоох эрхгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэгчийн эрх, ашгийг хохироосон байхад үүнийг зөвтгөн шийдвэрлэсэн нь дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0157 тоот шийдвэрийг хүчингүй болгож. нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянахад нэхэмжлэлийн нэг шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн нэг шаардлагыг хүлээн авахаас татгалзаагүй байх тул зөвтгөж өөрчлөн, харин нөгөө шаардлагын тухайд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн “Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 06 дугаар тэмдэглэлийн х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч х ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн дээрх салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 06 дугаар тэмдэглэлийн х ХХК-д холбогдох хэсгээр тус салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж тогтоосон шийдвэрийг хянуулахаар ирүүлсэн тус компанийн гомдлыг хэлэлцэж, тухайн 7 бүтээгдэхүүнийг “Биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж үзсэнийг дэмжсэн шийдвэр гаргажээ.

1.2. Үүнээс үзвэл гомдол гаргасны дагуу өмнөх хурлын шийдвэрээ зөв гэж үзсэн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр байх бөгөөд энэ нь тодорхой нэг тохиолдлыг бие дааж шийдвэрлээгүй, өмнөх хурлын шийдвэрээс ялгаатай, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн үр дагавар үүсгээгүй, тусдаа бие даасан захиргааны акт биш байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байжээ.

1.3. Гэтэл анхан шатны шүүх уг хуулийг хэрэглэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, тухайн шаардлагаар хэрэг үүсгэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул тус шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Нэхэмжлэгчийн “Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

2.1. Маргаан бүхий дээрх хурлын шийдвэрээр Гаалийн ерөнхий газрын төв лабораториос 2021 оны 02-4/1554 дүгээр албан бичгээр тус компанийн Япон улсаас импортлон оруулж ирдэг бүтээгдэхүүнүүдийг “биологийн идэвхт бүтээгдэхүүн” /цаашид БИБ” гэх/ мөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсний дагуу хариуцагч Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл хуралдаж, 7 бүтээгдэхүүнийг Биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн гэж тогтоосон байна.

2.2. Анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2.3. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... эрх ашиг хөндөгдөөд нэхэмжлэл гаргасан байхад хөндөгдөөгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй” гэжээ.

2.3.1. Маргаан бүхий шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөнийг үгүйсгэхгүй боловч хууль зөрчөөгүй захиргааны актын улмаас хөндөгдсөн эрхийг хууль бус актын улмаас зөрчигдсөн гэж үзэж, захиргааны хэргийн шүүх сэргээх, хамгаалах тухай ойлголт байхгүй тул энэ хүрээнд анхан шатны шүүх тухайн дүгнэлтийг хийснийг буруутгах үндэслэлгүй.

2.4. Гомдолд “... анхан шатын шүүх нэхэмжлэгчийг бүртгүүлэх хүсэлт гаргасан мэтээр ойлгож, бүртгүүлэхэд баримталдаг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.7-д заасны дагуу маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэжээ.

2.4.1. Нэхэмжлэгчийн энэхүү гомдол үндэслэлтэй боловч маргаан бүхий хурлын шийдвэрээр 7 бүтээгдэхүүнийг “Биологийн идэвхт бүтээгдэхүүн” болохыг тогтоосон нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25-д “"Биологийн идэвхт бүтээгдэхүүн" гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг ойлгох”-оор заасанд нийцсэн байх тул энэхүү гомдлоор шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2.5. Гомдолд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хүнсний нэмэлт бүтээгдэхүүн мөн эсэхэд гаргасан дүгнэлтийг Биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн болохыг дэмжсэн агуулгагүй байхад энэ талаар үндэслэлдээ оруулсан” гэжээ.

2.5.1. Хэрэгт авагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1054 дүгээр албан бичгийн талаар шүүхийн шийдвэрт дурдсан боловч уг дүгнэлтэд үндэслэж шүүхийн шийдвэр гаргаагүй, Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж тогтоосон маргаан бүхий акттай хамааралгүй байх тул гомдлын энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

2.6. Гомдолд “Үйлдвэрлэгч улс Япондоо тухайн бүтээгдэхүүнийг “хүнс”-ний ангилалтай болохыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/295 дугаар тушаалаар батлагдсан “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ын 1.16-д Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.7-д зааснаас гадна үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэж зааснаар Биологийн идэвхт бүтээгдэхүүнд хамаарахгүй байтал үүнийг зөрчиж, хууль журмын дагуу импортоор оруулж худалдаж байсан нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх  шаардлагыг зөрчсөн” гэжээ.

2.6.1. Эрүүл мэндийн сайд дээрх журмыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Улсын бүртгэлд эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн бүртгэх, түргэвчилсэн журмаар бүртгэх, хугацаа, бүртгэлийн төлбөр тогтоох, зарцуулах журмыг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасныг үндэслэн баталсан байна.

2.6.2. Уг хуулийн заалтаар “биологийн идэвхт бүтээгдэхүүнд юуг хамааруулахгүй байх талаар” журам батлах эрхийг Засгийн газрын гишүүнд олгоогүй байх тул “тухайн журмын 1.16-д хуульд зааснаас гадна “үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэж заасан нь журмаар зохицуулах хүрээнээс хэтэрсэн, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25-д заасан Биологийн идэвхт бүтээгдэхүүний тодорхойлолттой зөрчилдөх үндэслэлийг бий болгожээ.

2.6.3. Иймд анхан шатны шүүхийг хуульд нийцээгүй журмыг хэрэглээгүйг буруу гэж үзэхгүй.

2.6.4. Хариуцагч Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл нь Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/127 дугаар тушаалаар баталсан “Хүний эмийн зөвлөлийн мэргэжлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын “3.4.Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн үүрэг” хэсгийн 3.4.2-т “Биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, идэвх, аюулгүй байдалтай холбоотой асуудалд үнэлгээ, дүгнэлт өгөх, ...” гэж заасан чиг үүргийн хүлээнд нэхэмжлэгчийн импортолдог 7 бүтээгдэхүүнийг Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж тогтоосон нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25-д заасанд нийцсэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

3. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалт болон хариуцагчийн нэр, маргаан бүхий актыг агуулгын хувьд тодорхой болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0157 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг:

 “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 06 дугаар тэмдэглэлийн х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25-д заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар “Х” ХХК-ийн импортолсон 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 заалт болгож, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                 О.ОЮУНГЭРЭЛ

                   ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ