Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/00849

 

 

 

 

 

 

 

 

 

   

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....................ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................-д холбогдох,

Гэм хорын хохиролд 31,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, иргэдийн төлөөлөгч Ю.Төртүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Л  миний бие 2020 оны 07 сард бусдаас 2014 онд үйлдвэрлэсэн, 1 улсын дугаартай, Тоёота харриер маркийн автомашин худалдан авсан бөгөөд машинаа өөрийн төрсөн эгчийн охин болох Буяндалайн Энхжаргалын нэр дээр бүртгүүлж, гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэж байсан юм. Манай гэр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 2 тоотод оршин суудаг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр охины хамт дэлгүүр орчхоод байрныхаа гадаах зогсоол дээр машинаа тавиад гэртээ орж ирээд байж байтал манай байрны хүн хогийн цэг шатаж байна, машинаа холдуулаарай" гэж хэлэхээр нь нөхрийн хамт гараад машинаа холдуулах гэсэн боловч машин шатаад эхэлчихсэн холдуулах боломжгүй болсон байсан. Иймд Онцгой байдал дуудаж галыг унтраалгасан бөгөөд машин ашиглах ямар ч боломжгүй болтлоо шатсан байсан.Хэргийн газарт Цагдаагийн байгууллага ирж үзлэг хийж, байрны гаднах камерын бичлэгийг шалгаж үзэхэд 2 залуу машины хажуу талд тамхи татаж байгаад тамхиа хажуу талын хогийн цэг рүү хаяж, улмаар тэр 2 хүүхдийг тэр газраас явснаас хойш 4 минутын дараа утаа гарч, улмаар хогийн цэг шатаж, түүний ойролцоо байсан манай машин шатсан байсан. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалан 2021 оны 11 сарын 20-ны өдрийн 1831 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, их хэмжээний хохирол учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэвч дээрх хэргийн хувьд 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэгдээгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэж үзэж хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ хийсэн үнэлгээний тайлангууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд шатсан автомашин 49’250’000 төгрөгөөр үнэлэгдэж, гал түймрийг С  гэгч болгоомжгүйгээр тавьсан болох нь тогтоогддог бөгөөд нэхэмжлэгчийн хувьд шатсан машиныг бусдад 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан билээ. Иймд нэхэмжлэгч Л гийн зүгээс автомашины үнэлгээнээс 10 сая төгрөг хасаж, 39,250,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан С  хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилоход 41,800,000 төгрөгөөр авто машины зах зээлийн үнийг тогтоосон тул уг дүнгээс 10 сая төгрөгийг хасаж үлдэх 31,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.

Хариуцагч С  шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний нэр дээр бичсэн нэхэмжлэлийг уншиж ойлголоо. Хэрэг гарсан гэх тухайн өдөр би найзынхаа хамт тухайн газар явж байсан нь үнэн. Харин татаж байсан тамхиа унтраагаад тамхины ишээ хогийн цэг рүү хаяагүй, харин наана нь асфальтан зам дээр хаяад явсан. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаад намайг буруугүй болохыг тогтоосон. Хэрвээ буруутай байсан бол эрүүгийн хэрэг үүсгэх буюу ядаж зөрлийн тухай хуулиар надад хариуцлага тооцох байсан. Би тамхины ишээ хогийн цэг рүү хаяж гал түймэр гаргаагүй. Тийм болохоор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч буруугүй байж хариуцлага хүлээж чадахгүй. Жич: Хэрэг, учрал болсон гэх тухайн цаг минутын үед хогийн цэгийн цаад талд хүүхдүүд тоглож байсан. Эдгээр хүүхдүүд ямар нэгэн байдлаар гал алдсан нь гарцаагүй гэж би боддог. Энэ тухайгаа цагдаад дэлгэрэнгүй ярьсан байгаа...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн автомашин шатсан гэх үйл байдалд холбоотойгоор 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хувьд тухайн болсон үйл явдлын талаар “Хавдар судлалын хашааны урд талд байрлах байрны гадаа найз Төрбилэгийн хамт тамхи татсан. Бид хоёр хогийн цэгийн хажууд тамхи татаж байтал Хавдар судлалын хогийн цэгийн хажууд байрлах машины урд талд зогсож тамхи татсан. Ингээд тамхи дуусахаар нь би тамхиа шидсэн. Миний татаж байсан тамхи хогийн цэгийн урд цементэн дээр унасан ” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд уг хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1831 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т "... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан зохицуулалтын хүрээнд хариуцагч гэм буруутай эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага тогтоодоггүй, гагцхүү шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэдгээс хамаарч хариуцагчийг тухайн автомашин шатсан гэх үйл байдалд буруутай гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан Дамно ХХК-ийн хийсэн гэх Автомашин техникийн Үнэлгээний №Б32-21-468 дугаартай тайлангаар маргаан бүхий автомашинд учирсан гэх хохирлын хэмжээг 49.250.000 төгрөгөөр үнэлсэн гэх боловч энэхүү үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа, уг үнэлгээний тайлан нь зөвхөн хэрэг бүртгэлтийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан учраас “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад ашиглах зориулалтаар хийсэн болно” заасан, иргэний хэргийг шийдвэрлэхэд дээрх тайланг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэх баримтууд болон автомашинд учирсан гэх эрх бүхий байгууллагын үнэлгээний талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн маргаан бүхий авто машиныг Э аас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн А.Доржпагмад 10,000,000 төгрөгөөр үнэлж бусдад худалдсан гэж нотлох баримт гаргаж 10,000,000 төгрөгийг хасаж хариуцагчаас үлдэгдэл гэх 39,250,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас өмнө гаргасан хариу тайлбарт нэмэлт байдлаар тодруулж тайлбар гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.******* нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Галын дүгнэлт гараагүй... ” гэв.

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: итгэмжлэл 2 хуудас, Л гийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, Л гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол 1 хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 1 хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 4 хуудас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл 2 хуудас, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлт 1 хуудас, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол 1 хуудас, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол 1 хуудас, Дамно ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан 2 хуудас, Адистмэлмий ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 177 дугаартай прокурорын тогтоол 1 хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас 1 хуудас, хүсэлт хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол 1 хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол 1 хуудас, худалдах худалдан авах гэрээ 1 хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл 2 хуудас,

Хариуцагчаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт: итгэмжлэл 1 хуудас, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл 1 хуудас, авто үйлчилгээний мэдээллийн сан 1 хуудас.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа 2 хуудас, Гаалийн ерөнхий газрын албан бичиг болон гаалийн бүрдүүлэлт хийсэн лавлагаа 2 хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Ш.Төрбилэгийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн мэдүүлэг, 2021 оны 06 сарын 11-ний өдрийн мэдүүлэг нийт 10 хуудас, сиди 1 ширхэг, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа 7 хуудас, хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан 20 хуудас, үзлэгийн тэмдэглэл 3 хуудас.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л  хариуцагч С т холбогдуулан гэм хорын хохиролд 39,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 41,800,000 төгрөгөөс авто машиныг бусдад зарсан 10,000,000 төгрөгийг хасаж, 31,800,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч тал “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, С ын гэм бурууг шүүх тогтоогоогүй, галын дүгнэлт гараагүй” гэж маргасан.

 

1 улсын дугаартай тоёота харриер маркийн авто машины өмчлөгчөөр Э  бүртгэлтэй боловч Л гийн өмчлөл, эзэмшлийн машин болох нь Л гийн тайлбар, гэрч Э ын мэдүүлэг, Л  мөрдөн байцаалтад хохирогчоор тогтоогдсон зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л  1 улсын дугаартай тоёота харриер маркийн авто машин шатсаны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй.

 

Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 27/1 дүгээр байрны баруун талын авто машины зогсоолын хажууд байрласан хогийн цэгт 2021 оны 06 сарын 06-ны өдөр 17 цаг 20 минутын орчимд гал гарч, Л гийн эзэмшил, өмчлөлийн 1 улсын дугаартай харриер маркийн автомашин шатсан болох нь зохигчийн тайлбар, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /хх-9-16/

 

Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 27/1 дүгээр байрны баруун талын авто машины зогсоолын хажууд байрласан хогийн цэгт гарсан галын дуудлагатай холбоотой гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж, прокурор ....бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаасан, их хэмжээний хохирол учирсан..... болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 1831 тоот тогтоолоор тогтоогдож байна. /хх-27/

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 1831 тоот тогтоолд хохирогч гомдол гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба прокурорын тогтоолд С ын болгоомжгүй үйлдлээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан талаар дурджээ. /хх-ийн 27/

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан сидид үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нь С , Тнар 27/1 байрны хогийн цэгийн хажууд тамхи татсан, С  тамхиа хогийн цэг рүү чиглэлтэй шидсэн, Тгазарт унаган гишгэсэн, удалгүй хогийн цэгээс утаа гарч, гал дүрэлзэн ассан нь С ын үйлдэлтэй холбоотой, улмаар хогийн цэгийн хажууд авто машины зогсоолд байрлуулсан 1 улсын дугаартай харриер маркийн авто машин шатсан гэж үзэхээр байна.

 

Өөр бусад байдлаар гал гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч тал “авто машины сэлбэгүүд Монгол Улсад байхгүй, засварлах боломжгүй байсан учир иргэн Доржпагмад 10 сая төгрөгөөр худалдсан” гэж тайлбарлаж байх ба энэ нь тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ, гэрч Э ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-28-29, 104-106/

 

Хариуцагч тал автобокс.мн /www.autobox.mn/ гэх нийтэд илэрхий сайтаас харахад А.Д гэх нэртэй хүний өмчлөлд бүртгэгдсэн, замын хөдөлгөөнд оролцож торгуулсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн авто машины сэлбэг олдохгүй байсан учир бусдад худалдаж, авто машинд учирсан хохирол 49,250,000 төгрөгөөс бусдад худалдаж авсан 10,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 39,250,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 497.1, 510.1-д нийцсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилон маргаан бүхий авто машины зах зээлийн үнэлгээг тогтоолгоход шинжээч 41,800,000 төгрөгөөр үнэлсэн болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн авто машин шатах үеийн зах зээлийн үнэ ханш 41,800,000 төгрөгөөр 10,000,000 төгрөгийг хасаж үлдэх 31,800,000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Эрүүгийн хэргийг шалгах явцад 1 улсын дугаартай авто машинд учирсан хохирлын хэмжээг 49,250,000 төгрөгөөр тогтоосон болох нь Дамно ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлангууд, прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байна. /19-20, 27/

 

1 улсын дугаартай шатсан авто машины  25 эд анги их эвдрэлтэй, уг эвдрэлийг засах боломжгүй, солихоор байсан болох нь Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн нөхцөл байдал, Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч тал 1 улсын дугаартай авто машинд учирсан эвдрэлийг 49,250,000 төгрөгөөс бага зардлаар засварлах эсхүл солих боломжтой болохыг нотлоогүй.

 

Иймд хариуцагч С ын болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч Л гийн эд хөрөнгөнд хохирол учирсан, уг хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэн, хариуцагч С аас нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан 31,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгч “хариуцагч гэм буруутай байна, үнэлгээ бодитой бус байна” гэх дүгнэлтийг гаргаж байна.

 

Иргэдийн төлөөлөгчийн “хариуцагч гэм буруутай” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн ба “үнэлгээ бодитой бус” гэх тайлбараар хэргийг шийдвэрлэх боломжгүй, шүүх хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Галын улмаас учирсан гэм хорын хохирол шаардаж буй энэ хэрэгт гал гарснаас хойш Л  А.Доржпагма нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор үүссэн авто машин хөдөлгөөнд оролцож байгаа эсэх, худалдан авсан гэх А.Доржпагма авто машины ямар ямар эд ангийг хэдэн төгрөгөөр засуулсан талаар асуух нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж А.Доржпагмыг гэрчээр асуухаар шийдвэрлээгүйг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 354,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 31,800,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 316,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны баримтлан хариуцагч С аас 31,800,000 /гучин нэгэн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 354,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 316,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                     Д.БАТЦЭЦЭГ

 

                       

      ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД

 

 

                                          ШҮҮГЧ                                        Н.САРАНГҮН