Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 136/шш2023/00089

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 136/ШШ2023/00089

Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 19** оны 0* дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Д**** аймаг, З сум 3-р баг, **** гудамж, 1-12 тоотод оршин суух, Я овогт О.Б (РД:СЮ******),

 

Нэхэмжлэгч: 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, Д***** аймаг, З**** сум 3-р баг, *** гудамж, 1-12 тоотод оршин суух, Т овогт Г-ийн Н (РД:СЮ******),

 

Нэхэмжлэгч: 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, Улаанбаатар хот, ***** дүүрэг, 19-р хороо, ***** тоотод оршин суух, Б овогт Д-ийн Н (РД:СЮ******) нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 19** оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, Д***** аймгийн С***** сум, 127 байр **** тоотод оршин суух, А-ийн А (РД:ЕЮ******)-д холбогдох

 

9,715,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 8,184,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: О.Б, Д.Н,

Нэхэмжлэгч Г.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Хариуцагч А.А,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ш,

Нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б, Д.Н, Г.Н нар нь хариуцагч А.Ад холбогдуулан ****төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахи байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... байшингаа авсан чинь ламьпир нь нурчихсан, обой нь хуурсан байсан. Би энэ хүнийг обой наа гэж хэлээгүй. Учир нь энэ хүн яагаад эзэмшигчийн зөвшөөрөлгүй миний байшинд обой наадаг юм. Ер нь бол хуульд эзэмшигчийн зөвшөөрөлгүй хэзээ ч хүний байшинд засвар хийх ёсгүй. Тэгээд обойг нь хуулахаар модон хавтан гарч ирсэн. Хэзээ ч модон хавтан дээр обой наалддаггүй, обой наахын тулд замаск татсан байсан тэр нь хэзээ ч модон хавтангаас салахгүй...би бүх модон хавтанг хуулж авсан, хавтанг дахин ашиглах боломжгүй болсон. Сольсон хавтан нь одоо надад байгаа, хэрэгт хавтанг хуулж байгаа зураг нь байгаа, 3,000,000 төгрөгөөр тохиролцоод би хамт оролцоод хийсэн. Одоо хоёр давхарын обой наагаагүй дутуу байгаа. Яагаад хоёр давхрыг орхисон бэ гэхээр хүйтэнд наахаар эргээд хуурч унадаг гэж хэлсэн.... засварын мөнгө байхгүй учраас хадам аав Гангантөгсөөр 6,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулж барилгын материалыг татсан. Барилгын материал үнэтэй болсон. Энэ хүн тамбор хийсэн гэж байна. Тэр тамборыг хэдэн шополоор бариад нэг цонх гаргасан, цонхоо хар паниараар хадаад дотор нь тор хадсан. Тэгээд ирек гээд байгаа хуучин модоор хийсэн байсан. Илүү гарсан модоор нь нохойны үүр, сандал зэрэг хийсэн байсан. Тэгээд тэрийгээ учиргүй үнэтэй хэлээд байгаа. Би тийм модыг хаанаас ч олно. Мөн шилэн хөвөн хийсэн гэж байна. Тэр шилэн хөвөн нь тамбор дотор байхгүй. Одоо энэ тамбораас цас хайлаад ус гоожоод дусаад байдаг. Би энэ хүнд 42 сар зүгээр орон сууцаа ашиглуулаад эргээд надад өгсөн хэдэн төгрөгийг нь би өгч байгаа. Чи надад түрээсийн журмаар бол их мөнгө өгөх ёстой. Ер нь бол энэ хүн миний байшинг хэдэн сар сууж байгаад дараа нь мөнгөө буцаагаад шүүхийн шийдвэрээр авна гэсэн зорилготой авсан гэж бодож байна. Төлбөрөө сар сардаа ч өгч байгаагүй. Надад 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг их ховорхон өгдөг байсан. Надад их сайндаа 700,000 төгрөг, 400,000 төгрөгөөр өгдөг байсан. ...Өөрөө бол гэрээндээ надаас мөнгө авахгүй гэж хэлсэн... гэжээ.

 

2.Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрээгээ цуцлаад гаргахаар очиход нөхөр чинь алданги тооцож өгье 06-ны өдрийг 08-ны өдөр болгоод өгөөч гэж хэлж байсан....Шүүхийн шийдвэр гарснаас хойш ерөөсөө уулзаагүй. Шийдвэр гүйцэтгэгчид гурван түлхүүр өгсөн гэж худлаа ярьж байна. Харин ганцхан гадна талын тамборын түлхүүр үлдээсэн байсан. Энэ хүн миний байшинд амьдрах хугацаанд 1 төгрөг ч төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч энэ талаар мэдэж байгаа. Танайх арай дэндүү болсон байна гэж хэлж байсан. Одоо хариуцагч дотор хаалганы түлхүүр орхисон гэж худал ярих хэрэг байхгүй. Анх манай байрыг авах үедээ бид нар олон удаа байшин хайгаад олоогүй. Манай нөхөрт хэр баргийн байшин таалагдаагүй. Танай байшинг авъя гэж өдөр, шөнөгүй унтуулахгүй утсаар залгасаар байгаад авсан. Би 2,000,000 төгрөг ч авч үзээгүй дандаа цувуулж мөнгө авч байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр олгох мөнгийг чи надаас бүтэн авна гэж хэлсэн. Одоо бол хариуцагч өөрөө шийдвэр гүйцэтгэх газраар явах нүүргүй болсон. Манай байрыг барьцаалаад хүмүүсээс мөнгө авчихсан. Тэр хүмүүс нь мөнгийг маань аваад өг гэж гуйгаад явж байгаа. Тухайн үед энэ хүн байраа хүлээлгэж өгөөгүй. Тэр үед ямар байсан талаар мэдэхгүй байна. З, С явсан зардалд 913,000 төгрөг, вагоны билет 284,400 төгрөг, барилгын материалд 5,605,500 төгрөг, тэмдэгтийн хураамж 170,000 төгрөг, зураг, шуудан 30,500 төгрөг, ажлын хөлсний 3,000,000 төгрөг, ачаа вагонд өгсний 23,700 төгрөг нийт 10,027,140 төгрөг болж байгаа. Хэрвээ байр маань зүгээр байгаад энэ охин шүүхийн шийдвэр гарсны дагуу хүлээлгээд өгсөн бол өнөөдөр ингэхгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сараас эхлээд Наранцэцэг болон Адилтуяа хоёр гэрээ хийгээд үүний үндсэн дээр түлхүүрийг хариуцагч аваад 3 жил орчим энэ байшинд орж амьдарсан. Нэгэнт энэ хүн гэрээ хийгээд түлхүүрийг авсан бол энэ хүний хариуцлага, хүлээх үүрэг юм. Тухайн үедээ эзэмшиж байсан бол эзэмшлийн дагуу л хандах ёстой. Тухайн өмчөө энэ хүн өөрөө тордох ёстой. Гэтэл хүний өмч мэтээр эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэчихээд өнөөдөр болохоор гэм буруугүй мэт сууж байгаа нь огт нийцэхгүй асуудал юм. Одоо бид нар энэ байранд суугаагүй, амьдраагүй. Харин бид нар засвар хийгээд байж байгаа. Мэдээж монголчууд сүсэг бишрэлтэй хүмүүс ийм байранд амьдахгүй. Хоёрдугаарт энэ хүн нэхэмжлэлдээ 15,000,000 төгрөг ярьж байгаад сүүлдээ 8,000,000 төгрөгийг нэмсэн. Энэ нь хашаа, тамбор хийсний төлбөрийг нэмсэн, өөрөө амьдарч, эзэмшиж байх үедээ хийсэн, өөрөө эзэмшиж тавилгаа тавьж, грашт машинаа хийж амьдарч байсан. ...Хавтаст хэрэгтэй танилцахад тухайн хашаа барьсан банзыг нэг ширхэг нь хэдэн төгрөг гэж тодорхойлох ямар ч баримт байгаагүй. Чи бол үлдэгдэл мөнгө дээр цайрах гэж тооцоо гаргасан. Чи эмэгтэй хүний хувьд юмыг ул суурьтай бодож сурах хэрэгтэй гэжээ.

 

Хариуцагч А.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:...Би хил хаагаагүй үед хоногийн хугацаа хэтэрч байсан болохоос сар бүр байшингийн төлбөрөө төлдөг байсан. Би анх энэ байшинг нэгэнт авах зорилгоор авсан. Харин хил, гааль 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хаагаад 3 дугаар сард 1,000,000 төгрөг өгөхөд Наранцэцэг хүү алданги тооцоод тухайн мөнгийг бодсон. Би энэ тооцоонд тухайн мөнгийг оруулаагүй, тухайн үедээ цаг үе ийм байхад хүү, алдангид тооцож аваад байвал цаашид энэ мөнгийг өгөхөө больё гэж хэлсэн. Би бол энэ байшинг авах үүднээс чадахаараа зүтгэсэн. Тэр үед 40,000,000 төгрөгөөр зарах гэж байсан байраа 50,000,000 төгрөгөөр зарсан. Энэ бол цэвэр хүнийг ажилгүй боломжгүй байх үед буцааж авсан, нэхэмжлэгч тайлбартаа миний эзэмшлийн байшинд яах гэж обой наасан юм гэж байна. Тэгвэл одоо чи өөрийн эзэмшлийн байшинд засвар хийчихээд яагаад надаас мөнгө нэхэмжлээд засварын мөнгө нэхээд байгаа юм. Би чиний эзэмшлийн юуг ч сүйтгээгүй. Хэрэгт та нарын хавсаргасан гэрэл зураг шиг энэ хэвээр байгаа. Одоо засвар хийхдээ та нар мөн адил модон хана дээрээ замаск татаж обой нааж байгаа. Би тухайн үедээ замаск татаж обой наахаас өөр яах юм. Би худалдаж авахаар гэрээ байгуулсан юм чинь бүтэн засвар хийнэ шүү дээ. Би ямар түрээсэлж байгаа биш дотор нь ороо тавиад байхгүй шүү дээ.... Би өөрөө цэмцгэр хүн хэзээ ч гэрээ тийм байлгахгүй. Та нар арай хэтрүүлээд байгаа юм. Та нар яагаад нойлын өрөөг хавтангаар янзалсныг хавсаргахгүй. Яагаад обой нь хуурсан хэсгийг хавсаргасан юм. Би шийдвэр гүйцэтгэгчид 3 түлхүүр хүлээлгэж өгсөн. Тэр хүн та нарт хэдэн түлхүүр хүлээлгэж өгсөн талаар мэдэхгүй. Одоо өгсөн, авсан гарын үсэг зурдаг бүртгэл байдаг. Би шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор байрыг суллаж өгсөн. Гэтэл та нар одоо хүртэл мөнгө өгөөгүй байгаа. Би яаж сарын 300,000 төгрөгөөр амьдрах юм. Тэгэхээр би үнсдэн мөнгөө бөөн авна гэж нэхэмжилнэ. Та нар өөрсдийнхөө амьдрах байранд засвар хийчихээд яагаад надаас нэхэмжилж байгаа юм. Би авах ёстой мөнгөө авна. Нэхэмжлэгч Наранцэцэг тухайн үедээ хүргэнээ явуулаад янзлуулъя гэж хэлчихээд одоо болохоор тэгж хэлээгүй гэж худал ярьж болохгүй. Би өмнөх шүүх хуралдаанд хэлэхдээ 4 дүгээр сард шүүх хурал болсон 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд үлдсэн төлбөрөө бөөн өгөөд байраа авч үлдмээр байна. Хэрэв өгч чадахгүй бол өмнө нь өгсөн мөнгөө авахгүй гэж хэлсэн. Гэтэл тухайн хурлаар та нар энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд одоо хариуцагч мөнгө авахгүй гэж хэлсэн гэж байна. Хэрвээ би анхнаасаа танай байрыг буцааж өгөх хүсэлтэй авсан байсан бол ийм санал тавихгүй байсан. Одоо та нар байраа 100,000,000 төгрөгөөр зарах боломжтой. Тийм ч учраас намайг ажил төрөлгүй, боломжгүй үед нь буцаагаад авч байна гэжээ.

 

2.Хариуцагч А.А нэхэмжлэгч нарт холбогдуулан ... ДГА-ийн З сум 3 дугаар баг Нефтийн 3-9 тоот орон сууцанд засвар хийсэн барилгын материал болон ажлын хөлс 8,184,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хил, гааль 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хаагаад 3 дугаар сард 1,000,000 төгрөг өгөхөд Наранцэцэг хүү алданги тооцоод тухайн мөнгийг бодсон. Би энэ тооцоонд тухайн мөнгийг оруулаагүй,тухайн үедээ цаг үе ийм байхад хүү, алдангид тооцож аваад байвал цаашид энэ мөнгийг өгөхөө больё гэж хэлсэн. Би бол энэ байшинг авах үүднээс чадахаараа зүтгэсэн. Өмнөх шүүх хурал дээр үлдэгдэл мөнгөө бөөн өгөөд орон сууцаа авъя гэхэд зөвшөөрөөгүй, би энэ байранд өөрийн хөрөнгөөр засвар хийж сайжруулсан. Орон сууцыг худалдан аваагүй болохоор би сайжруулсан зассан материалын үнээ шаардана гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд дараахи байдлаар тайлбарласан байна.

 

1.Нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгч Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар хэлэх үгээ хэлэх эрхтэй. Иймд хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тэр хашаа, тамбор зэргийг авна байх гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас: Итгэмжлэл /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, 2019.04.06-ны өдрийн гэрээний хуулбар /хх-7/, 000533668 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, 000421240 гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-9/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ /хх-10/, үл хөдлөх хөрөнгө хүлээлгэн өгөх тухай акт /хх-11/, тэтгэврийн зээлийн гэрээ /хх-13-16/, фото зураг /хх-17-25/, 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 01 дугаартай шүүхийн тогтоол /хх-26/, 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 101 дугаартай шийдвэр /хх-28-31/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-46-59/,

 

Хариуцагчаас: Тайлбар /хх-40-41/, хүсэлт гаргасан /хх-41/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 5,753,890 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 4,273,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

-... байшингаа авсан чинь ламьпир нь нурчихсан, обой нь хуурсан байсан. Би энэ хүний обой наа гэж хэлээгүй. Учир нь энэ хүн яагаад эзэмшигчийн зөвшөөрөлгүй миний байшинд обой наадаг юм. Ер нь бол хуульд эзэмшигчийн зөвшөөрөлгүй хэзээ ч хүний байшинд засвар хийх ёсгүй. Тэгээд обойг нь хуулахаар модон хавтан гарч ирсэн. Хэзээ ч модон хавтан дээр обой наалддаггүй,обой наахын тулд замаск татсан байсан тэр нь хэзээ ч модон хавтангаас салахгүй...би бүх модон хавтанг хуулж авсан,хавтанг дахин ашиглах боломжгүй болсон. Сольсон хавтан нь одоо надад байгаа,хэрэгт хавтанг хуулж байгаа зураг нь байгаа, 3,000,000 төгрөгөөр тохиролцоод би хамт оролцоод хийсэн. Одоо хоёр давхарын обой наагаагүй дутуу байгаа. Яагаад хоёр давхрыг орхисон бэ гэхээр хүйтэнд наахаар эргээд хуурч унадаг гэж хэлсэн.... засварын мөнгө байхгүй учраас хадам аав Гангантөгсөөр 6,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулсан. Ингэж байж барилгын материалыг татсан.

 

-...Шүүхийн шийдвэр гарснаас хойш ерөөсөө уулзаагүй. Шийдвэр гүйцэтгэгчид гурван түлхүүр өгсөн гэж худлаа ярьж байна. Харин ганцхан гадна талын тамборын түлхүүр үлдээсэн байсан. Энэ хүн миний байшинд амьдрах хугацаанд 1 төгрөг ч төлөөгүй. Тухайн үед энэ хүн байраа хүлээлгэж өгөөгүй. Тэр үед ямар байсан талаар мэдэхгүй байна. З, С явсан зардалд 913,000 төгрөг, вагоны билет 284,400 төгрөг, барилгын материалд 5,605,500 төгрөг, тэмдэгтийн хураамж 170,000 төгрөг, зураг, шуудан 30,500 төгрөг, ажлын хөлсний 3,000,000 төгрөг, ачаа вагонд өгсний 23,700 төгрөг нийт 10,027,140 төгрөг нэхэмжилж байна. Хэрвээ байр маань зүгээр байгаад энэ охин шүүхийн шийдвэр гарсны дагуу хүлээлгээд өгсөн бол өнөөдөр ингэхгүй гэжээ.

 

-...2019 оны 04 дүгээр сараас эхлээд Наранцэцэг болон Адилтуяа хоёр гэрээ хийгээд үүний үндсэн дээр түлхүүрийг хариуцагч аваад 3 жил орчим энэ байшинд орж амьдарсан. Нэгэнт энэ хүн гэрээ хийгээд түлхүүрийг авсан бол энэ хүний хариуцлага, хүлээх үүрэг юм. Тухайн үедээ эзэмшиж байсан бол эзэмшлийн дагуу л хандах ёстой. Тухайн өмчөө энэ хүн өөрөө тордох ёстой. Гэтэл хүний өмч мэтээр эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэчихээд өнөөдөр болохоор гэм буруугүй мэт сууж байгаа нь огт нийцэхгүй асуудал юм. Хоёрдугаарт энэ байранд бид нарыг амьдарч байгаа гэж тайлбарлаад байна. Одоо бид нар энэ байранд суугаагүй, амьдраагүй. Харин бид нар засвар хийгээд байж байгаа. Бид нар яаж хүний нохой хороо шиг амьдарч байсан байшинд амьдрах юм. Мэдээж монголчууд сүсэг бишрэлтэй хүмүүс ийм байранд амьдрахгүй.

 

Хариуцагч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

... Би анх энэ байшинг нэгэнт авах зорилгоор авсан. Харин хил, гааль 2020 оны 1 дүгээр сарын 20-ы өдөр хаагаад 3 дугаар сард 1,000,000 төгрөг өгөхөд Наранцэцэг хүү алданги тооцоод тухайн мөнгийг бодсон. Би энэ тооцоонд тухайн мөнгийг оруулаагүй. Харин тухайн үедээ цаг үе ийм байхад хүү, алдангид тооцож аваад байвал цаашид энэ мөнгийг өгөхөө больё гэж хэлсэн.

 

...Тэгвэл одоо чи өөрийн эзэмшлийн байшинд засвар хийчихээд яагаад надаас мөнгө нэхэмжлээд засварын мөнгө нэхээд байгаа юм. Би чиний эзэмшлийн юуг ч сүйтгээгүй. Хэрэгт та нарын хавсаргасан гэрэл зураг шиг энэ хэвээр байгаа. Одоо засвар хийхдээ та нар мөн адил модон хана дээрээ замаск татаж обой нааж байгаа. Би тухайн үедээ замаск татаж обой наахаас өөр яах юм. Би худалдаж авахаар гэрээ байгуулсан юм чинь бүтэн засвар хийнэ шүү дээ.

 

...Өөрсдөө амьдрах орчноо сайжруулах засвар хийчихээд надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би засан сайжруулсанаас дордуулаагүй би зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... хил, гааль 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хаагаад 3 дугаар сард 1,000,000 төгрөг өгөхөд Наранцэцэг хүү алданги тооцоод тухайн мөнгийг бодсон. Би энэ тооцоонд тухайн мөнгийг оруулаагүй,тухайн үедээ цаг үе ийм байхад хүү, алдангид тооцож аваад байвал цаашид энэ мөнгийг өгөхөө больё гэж хэлсэн. Би бол энэ байшинг авах үүднээс чадахаараа зүтгэсэн. Өмнөх шүүх хурал дээр үлдэгдэл мөнгөө бөөн өгөөд орон сууцаа авъя гэхэд зөвшөөрөөгүй, би энэ байранд өөрийн хөрөнгөөр засвар хийж сайжруулсан.

 

ДГА-ийн З сум 3 дугаар баг Нефтийн 3-9 тоот орон сууцанд засвар хийсэн барилгын материал болон ажлын хөлс 8,184,100 төгрөг гаргуулах тухай тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тал тайлбартаа: хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тэр хашаа, тамбор зэргийг авна биз гэжээ.

 

Зохигчийн хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ гэрээ нь хууль зөрчиж хийсэн гэрээ байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна./ХХ-28-р тал/,

 

Дээрх шийдвэрээр хариуцагч А.Аг ДГА-ийн З сум 3 дугаар баг Нефтийн 3-9 тоот орон сууцнаас нүүлгэн гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч нараас 13,500,000 төгрөг гаргуулан А.Ад олгохоор шийдвэрлэсэн,

 

Хариуцагч А.А нь дээрх орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн,

 

Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа: Хариуцагч нь орон сууцанд 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд амьдрахдаа орон сууцанд зөвшөөрөлгүйгээр засвар хийсэн, зарим хэсгийг өөрчилсөн, чанарыг муутгасан тул нэхэмжлэгч тал 5,543,000 төгрөгийн эд материалаар засвар хийсэн. Засварын ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг төлсөн, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад нааш цааш явсан замын зардал /УБ-З рүү ирж буцсан,явсан дизель түлшний үнэ 919,000 төгрөгний зардал гарсан, мөн вагоноор З рүү очсон болон буцсан зардал 153,000 төгрөг, нийт 9,715,000 төгрөг, сүүлд ирж очих замын зардал, фото зураг угаалгасан баримт нэмэгдээд нийт 10,027,140 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

Дээрхи нэхэмжлэлийн шаардлагаас: Нэхэмжлэгч нарын тайлбар хэрэгт цуларсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчаас барилгын материалын зардалд 5,543,000 төгрөг /хх-51-53/, /хх-55-56-р тал/, замын зардалд 148,390 төгрөг нийт 5,753,890 төгрөгийг /хх-96-99-р тал/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч О.Б, Д.Н, Г.Н нарт олгохоор,

 

Нэхэмжлэлийн шаардлагаас: Засварын ажил хийлгэхээр гэрээ байгуулсан байх ба гэрээний үнийн дүнд нэг сая, хоёр сая нийт 3 сая төгрөгний шилжүүлэг хийгдсэн боловч гэрээний тал засварын ажлыг гүйцэтгэсэн эсэх, мөн хөлсийг хүлээн авсан талаар нотолсон баримт ирүүлээгүй байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад нааш цааш явсан замын зардал /УБ-З рүү ирж буцсан, явсан дизель түлшний үнэ 919,000 төгрөгний зардал гарсан,мөн вагоноор З рүү очсон болон буцсан зардал 153,000 төгрөг,нийт 9,715,000 төгрөг нэхэмжилсэн нь баримтад нэхэмжлэгч нарын нэр тодорхойгүйн гадна нэхэмжлэлийн шаардлагатай болон энэ хэрэгт хамааралтай нотлох баримт биш эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг буюу 9,715,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан гэм хорыг арилгахдаа үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч А.А нь ДГА-ийн З сум 3 дугаар баг Нефтийн 3-9 тоот орон сууцанд 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд амьдрахдаа орон сууцанд зөвшөөрөлгүйгээр засвар хийсэн,зарим хэсгийг өөрчилсөн, чанарыг муутгасан тул гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг үнэлэн барилгын материалын зардалд 5,543,000 төгрөг, замын зардалд 148,390 төгрөг нийт 5,753,890 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн талаар хариуцагч А.А тайлбартаа: ...уг орон сууцыг худалдан авахад модон ханатай, дотоод засал хийгээгүй, үүдний тамборгүй хашаагүй байр байсан. Би худалдан аваад байшингийн гурван талд хашаа, үүдний тамбор барьж, дотор заслын бүх зүйлийг хийж модон хананд бүгдэд нь обой цаас нааж тохижилтын ажил хийсэн. ...миний бие мөнгийг хариуцагч нарт шилжүүлж,байрыг эзэмшиж эхэлсэн. ...дотор засалд 1,275,000 төгрөг, тамбор 4,519,100 төгрөг, гадна хашаанд 2,390,000 төгрөгийн нийт 8,184,100 төгрөгийн засвар хийсэн гэж тайлбарлан материалын жагсаалт, ажлын хөлс гэж тодорхойлон жагсаалт гаргаж ирүүлсэн боловч тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин нь зохигчдын тайлбарыг үндэслэн ДГА-ийн З сум 3 дугаар баг Нефтийн 3-9 тоот орон сууцны хашаа, тамборыг хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч А-ийн А (РД:ЕЮ82082702)-аас 5,753,890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б, Д.Н, Г.Н нарт олгож, 4,273,250 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,хариуцагч А.Агийн төгрөгний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Талуудын зөвшөөрлөөр /гадна хашаа, тамборыг/ А.Ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Агаас 107,012 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгож, хариуцагч А.Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,896 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ДГА-ийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ