Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2023/00015

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

Б, Н,

Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2023/00089 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Б,

 

Нэхэмжлэгч: Н,

 

Нэхэмжлэгч: Н нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ад холбогдох,

 

9,715,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 8,184,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, нэхэмжлэгч Н,  хариуцагч А нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагч А, хариуцагчийн өмгөөлөгч  Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Б, Н, Н нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ ...байр хүлээн авахад Агийн талаас ямар ч хүн байгаагүй, шийдвэр гүйцэтгэгч хүлээлгэн өгсөн. Байрандаа амьдрах боломжгүй хаалга үүд нь онгорхой балгас болгосон байсан тул засвар хийсэн. 2022 оны 10 сарын 05-нд бид хотоос Замын-Үүдэд ирж байраа хүлээж авсан. Уг байранд өмнө нь нэг ч хүн амьдраагүй, байшингийн хаалга, хана, тааз, зарим нэг зүйлийг бүхэлд нь эвдэж гэмтээж, хүн амьдрах ямар ч боломжгүй, хаалга үүд нь онгорхой балгас болгосон тул бид өөрсдөөсөө зардлаа гаргаж, хүн хөлсөлж байшингаа дахин янзалсан. Агаас болж бид санхүү эдийн засаг, сэтгэл санаагаар маш их хохирсон. Атай уулзаж ярьсан хэлсний дагуу мөнгө төгрөгөө авахаар уулзах гэж Улаанбаатар хотоос вагоноор болон өөрсдийнхөө машинаар олон удаа нааш, цааш явсан. ... Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү ирж явсан болон буцсан түлшний үнэ 919,000, вагоноор Замын-Үүд рүү очсон болон буцсан зардал 153,000, барилгын материалын зардал 5,543,000, ажлын хөлс 3,000,000, нийт 9,715,000 төгрөгийг Агаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Агийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга:  “... 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр Дорноговь аймаг Замын-Үүд сумын *** тоотын 186 м.кв хувийн орон сууцыг худалдах, худалдан авах хэлцлийн хийсэн. Уг хэлцлийг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 136/ШШ2022/00016 дугаартай шийдвэрээр ... худалдан авахаар төлж байсан 13,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж миний эзэмшилд болгон, байрыг буцааж өгөх шийдвэрийг шүүх шийдвэрлэсэн. Уг байрын анх авахад огт засвар хийгээгүй дотор талын бүх хана модон байсан. Миний бие өөрийн хөрөнгө мөнгөөр засвар хийж амьдарсан. Балгас болсон гээд байгаа уг дарсан зургууд нь граж, тааз хаалганы зураг, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хуралдаанд оролцохоор ирсэн зардал, эдгээр хүмүүсийн байрны засварын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй” гэжээ.

 

3. Агийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “... худалдан авахад модон ханатай, дотоод засал огт хийгээгүй үүдний тамбаргүй, хашаагүй байр байсан, би байшингийн гадна 3 тал хашаа хийж, үүдний тамбар барьж, дотор заслын бүх зүйлийг хийж, модон хананд бугдэд нь обой нааж,  тохижилтын ажил хийсэн. Бид анх орон сууцыг зарах, авах үедээ бол мөнгийг цувуулж өгөөд төлбөр бүрэн төлөгдсөн дараагаар л шилжүүлэх, албан ёсоор гэрээг хийхээр тогтсон, энэ үндсэн дээр хоорондоо гэрээ байгуулж миний бие мөнгийг хариуцагч нарт шилжүүлж, байрыг эзэмшиж эхэлсэн, тэрхүү итгэл үнэмшлээр худалдан авч буй байрны дотор засал 1,275,000 төгрөг, тамбар 4,519,100 төгрөг, гадна хашаандаа 2,390,000 төгрөгийн нийт 8,184,100 төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн. Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүдэн талууд шилжүүлсэн бүх зүйлээ буцааж буй тул д засварын ажилд гарсан нийт зардлыг хариуцагч талаас гаргуулж, хийгдсэн ажлыг үлдээлгэхээр нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь зарцуулсан бараа, материал бүтээгдэхүүнийг дахин ашиглах боломжгүй, эд зүйлийг хөдөлгөснөөр чанар байдлаа алдах зэрэг аль аль талдаа ур ашиггүй нөхцөл бий болох тул хуульд зааснаар зарцуулсан зардал, мөнгө буюу 8,184,100 төгрөгөөр хариуцагч нараас гаргуулж, өгнө үү” гэжээ.

 

4. Б, Н, Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Гийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга:  “...нэхэмжлэлд дурдагдаж байгаа хашааны банз, хашаа, хашааны хаалга, тамбар зэргийг бидний зүгээс нэхэмжлээгүй, нэхэмжлэлд дурдагдаагүй зүйл юм. Бидний зүгээс хашаа болон хашааны хаалгыг бид бол авахгүй, хэрэггүй. Нэхэмжилж байгаа 8,184,100 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тамбар, хашаа, хашааны хаалгыг бидний зүгээс хийж өг гэж шахаж шаардсан зүйл байхгүй” гэжээ

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  А (РД:***)-аас 5,753,890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б, Н, Н нарт олгож, 4,273,250 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Агийн төгрөгний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

талуудын зөвшөөрлөөр /гадна хашаа, тамборыг/ Ад олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Агаас 107,012 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бд олгож, хариуцагч Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,896 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарлаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч Н, нэхэмжлэгч Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нарын давж заалдах гомдлын  агуулга: “...4,273,250  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Н байшиндаа засварын ажил хийхийн тулд иргэн Д.***тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан /хх 46-48/, гэрээний дагуу ажил хийгдэж эхэлсэн тул 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.***ы *** дугаар дансанд ажлын хөлсний урьдчилгаа 2,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үлдсэн 1,000,000  төгрөгийг дээрх дансанд шилжүүлсэн. Иргэн Д.***ы ажил хийхээр Улаанбаатараас Замын-Үүд сумруу вагоноор явсан тасалбар /хх 59/, гэрээний дагуу барилгын засварын ажил хийж гүйцэтгэж байгаа зургууд /хх91-92/, нэхэмжлэгч Б шүүх хуралдааны явцад ***тай ажиллахдаа ажилд нь тус болж хийлцсэн гэх мэдүүлэг /хурлын тэмдэглэлд/, барилгын материал татахад ...портероор 100,000 төгрөг төлж хүргүүлсэн баримт /хх 57/, ... барилгын материалаа ачиж хүргүүлсэн тээврийн хөлсөнд төлсөн 300,000 төгрөг, түлш 194,000 төгрөгийг хийсэн /хх50/, Улаанбаатар хотоос Замын-Үүд, Сайншанд хооронд явсан 679,250 төгрөгийн баримтуудыг зохих ёсоор хавсаргасан. ... 2022 оны 04 дүгээр сарын 19-нд байр суллах шийдвэр гарсан байхад суллаж өгөхгүй маш их чирэгдэл учруулсан. 2022 оны 10 дугаар сарын 05-нд байраа шийдвэр гүйцэтгэх албанаас хүлээн авсан. Иймээс энэ хугацаанд нааш, цааш явсан зардал, засвар хийсэн зардал болох 4,273,250 төгрөгийг хариуцагч Агаас гаргуулж өгнө үү” гэжээ.  

 

7. Нэхэмжлэгч Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... *** гэдэг хүнтэй Н гэж хүн гэрээ байгуулж, гэрээнийхээ үндсэн дээр ажил хийлгэсэн байдаг. Энэ хүн ажлаа хийхдээ Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү явж обой наасан үйл ажиллагаа байгаа. Засвар хийж байгаа зургууд нь бүгд хавтаст хэрэгт авагдсан. 3,000,000 сая төгрөгийн баримтууд нь хэрэгт орсон. *** гэж хүн энэ мөнгөө авсан гэж хэлдэг. Нэгэнт гэрээ хийгээд ажиллаж байгаа юм чинь мөнгө өгөх нь бид нарын үүрэг. Анхан шатны шүүхээс энэ баримтууд нь шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байсан. Мөн тээврийн зардлыг хассан. Анхан шатны шүүхээс барилгын материалын үнийн хөлсийг оруулсан мөртөө яагаад ажиллах хөлс, тээврийн зардлыг хассан байдаг юм. Улаанбаатар хотоос бид нар бараагаа авчраад Замын-Үүдэд буулгасан. Нөгөөтэйгүүр барилгын материалыг Улаанбаатараас Замын-үүд рүү явуулахын тулд цайз захаас тээврийн товчоо хүртэл портер хөлсөлж 100,000 төгрөгөөр ачуулсан. Тэгээд Замын үүд рүү том тэргээр материалуудаа өгч явуулсан. ... Бид энэ байрыг бариад шинээр нь өгсөн. ... Бид нар шүүхийн шийдвэрийн ажилтантай хамт байр хүлээлгэхэд А ирээгүй. Шийдвэр гүйцэтгэгч ирээд гадна талын хаалга онгойлгоод дотор талын хаалгыг нээх гэтэл цоож нь авагдсан онгорхой хаалга байсан. Тэгээд дотогш орж үзсэн бүх зүйл нь байхгүй байсан. Тэгээд шийдвэр гүйцэтгэгчид Аг байлга л даа гэсэн чинь эгч нь А байхгүй ажилтай ирж чадахгүй, өөрсдөө хүлээгээд авчих гэсэн. Тэгээд яг ямар байна зургийг нь дараад аваарай гэсэн зургийг нь дараад авсан. Бид нар 3 сарын хугацаанд маш их хохирол амсаж байна, би нэхэмжилж байгаа 4,273,250 төгрөгийг Агаас гаргуулж авна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэв. 

 

8. Хариуцагч Агийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “8.1. ...Анх байрыг худалдаж авахад байр улаан өнгийн дээвэртэй, граж улаан өнгийн хаалгатай байсан. Би байрны дээвэр болон хаалганы будгийг ямар нэгэн байдлаар арилгаагүй. Дээвэр болон гражийн хаалга нь байгалийн нар, салхины нөлөөгөөр гандсан. Байгалийн хүчин зүйлийн улмаас гандаж будаг арилсан зардлыг намайг гэм хор учруулсан гэж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гражийн дотор хана анх худалдаж авахад модон хавтангаар доторлосон, дээвэрт нь банз хадсан, шал нь элс асгасан, ямар шал хийгээгүй байсан. Би байрыг худалдаж авсанаас хойш гражид ямар нэгэн засвар хийгээгүй, гражийг эвдлэн сүйтгэсэн зүйлгүй. Анх надад худалдсан хэвээр нь хүлээлгэж өгсөн. Харин гражийн дээвэр нь нимгэн учир бороо ороход дусаал гоождог байсан.

 

8.2. Гэрийн үүдний бүргэд хаалга анх суурилуулагдсан хэвээрээ байгаа. Би уг хаалгыг хөшиж, эвдэлж сүйтгэсэн зүйл байхгүй. Амьдарч байгаад цоожлоод явсан. Цоож нь бүрэн бүтэн байсан. Түлхүүрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэж өгсөн. Ямар үндэслэлээр хаалгаа солиод надаас шинээр авсан хаалганы төлбөрөө нэхэмжилснийг шүүх намайг төлөх ёстой гэж шийдсэн нь үндэслэлгүй. 

 

8.3. Байрны дотор хананы хувьд 4 өрөө бүгд модон хавтангаар доторлосон байсан. Би ... амьдрахад тухтай болгох зорилгоор бүх өрөөндөө обой наасан. Уг обойг хуулахад модон хавтангууд хэвээрээ байгаа, ... нэхэмжлэгч нар модон доторлогоог өөрсдийн хүсэлтээр авч сольсон төлбөрөө надаас нэхэмжилж шүүх үүнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Бас байрыг анх худалдаж авахад лампиран таазтай байсан. Худалдаж аваад удаагүй буюу 1 сар болоогүй байхад лампиран таазууд доошоогоо пөмбийгөөд эхнээсээ унаж эхэлсэн. Би нөхөртэйгөө хамт тогтоох боломжтой таазнуудаа шрүпээр тогтоосон. Жижиг өрөөний тааз тогтоох боломжгүй байдлаар нурж унасан тул лампиран таазнуудыг аваад бүгдийг гражид хураасан, лампиран таазыг ашиглах боломжтой. Өөрсдөө өөр төрлийн лампиран тааз авч байрандаа хийсэн зардлыг би төлөх үндэслэлгүй.

 

8.4. Анх байранд ороход гэрлийн чийдэн, потрон огт байгаагүй. Би худалдаж аваад бүгдийг янзалсан. Гэрлийн чийдэн, потрон ..... зэрэг ахуйн хэрэглээний тоног төхөөрөмж авсан төлбөрийг би төлөхгүй. Анх надад ямар байр худалдсан талаар ямар ч нотлох баримт, зураг гаргаж өгөөгүй, миний засч янзалсан зүйлүүдийг огт дурдаагүй, өөрсдөө анх надад худалдахдаа ийм байр хүлээлгэж өгсөн байж намайг эвдлэн сүйтгэсэн, амьдрах аргагүй болгосон хэмээн худал ярьж надаас төлбөр нэхэмжилж, шүүхээс  5,753,890  төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, надад хүлээлгэж өгөхөд уг байр ямар байсан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс А надаас байрны засварын барилгын материалын зардал, замын зардал 5,753,890 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б, Н, Н нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ... Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

9. Хариуцагчийн өмгөөлөгч  Шын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Агийн зүгээс нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учруулсны улмаас байшинд засвар хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ байр анх ямар байсан, Ад өгөхөд ямар байсан. Агаас авахад ямар байсан, завсар хийсний ард ямар болсон талаарх баримт байхгүй. Анхан шатны шүүхээс гэм хор учруулсан байна гэж Агаас 5,753,890 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй учраас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. ... Агийн зүгээс нэхэмжлэгчийн хэлж байгаа мөнгөн дүнд заагдсанаар байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас дээвэр, хаалганы өнгө гандсан зэрэг байгаа. А тухайн газарт байсан байгаагүй тэр ганддагаараа гандана. Тухайн байранд энэ хүмүүс зун амьдарч үзээгүй гэдэг. Зун бороо гоожиж ус орж ирдгийг мэдэхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ байранд А амьдарч байх явцдаа хийцийг өөрчилж, чанарыг нь муутгаж гэм хор учруулсан байна гэсэн нотлох баримт авагддаггүй. Ямар ч хүн өөрийн болон хүний байранд амьдрахад ойр зуурын жижиг завсар хийдэг. Өмнөх хүний хийсэн завсар дээр нэмж завсар хийснээрээ өмнө амьдарч байсан эзэмшигчээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч анх энэ байранд ороход ямар ч гэрлийн чийдэн байгаагүй, зүгээр л барьсан байсан шинэ байшин гэж байгаа. Тэгээд тав тухтай амьдрахын тулд жижиг завсар, таамбар, хашаа хийсэн. Эдгээрийг хийж байгаа шалтгаан нь энэ байранд амьдарна гэсэн зорилгоор л хийсэн. Түүнээс түр зуур ашиг олох зорилгоор энэ бүгдийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлуудад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу маргаан бүхий үйл баримт нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байхад энэ талаар хэргийн оролцогчоос тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

 

2. Нэхэмжлэгч Б, Н, Н нараас хариуцагч  Ад холбогдуулан “...Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү ирж явсан болон буцсан түлшний үнэ 919,000, вагоноор Замын-Үүд рүү очсон болон буцсан зардал 153,000, барилгын материалын зардал 5,543,000, ажлын хөлс 3,000,000, нийт 9,715,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг,

 

 хариуцагч А эс зөвшөөрч “...Миний бие нь өөрийн хөрөнгө мөнгөөр засвар хийж амьдарсан. Уг дарсан зургууд нь грашын тааз хаалганы зураг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаанд оролцохоор ирсэн зардлыг би төлөхгүй, байрны засварын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан байна.

 

2.1.Харин  хариуцагч Б, Н, Н нарт холбогдуулан, нэхэмжлэгч А “ ... бараа, материал бүтээгдэхүүнийг дахин ашиглах боломжгүй, эд зүйлийг хөдөлгөснөөр чанар байдлаа алдах зэрэг аль аль талдаа ур ашиггүй нөхцөл бий болох тул хуульд зааснаар зарцуулсан зардал, мөнгөөр буюу 8,184,100 төгрөгөөр хариуцагч нараас гаргуулж,шийдвэрлэж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасныг,

 

хариуцагч Б, Н, Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г эс зөвшөөрч “...нэхэмжлэлд дурдагдаж байгаа хашааны банз, хашаа, хашааны хаалга, тамбар зэргийг бидний зүгээс нэхэмжлээгүй, нэхэмжлэлд дурдагдаагүй зүйл. Бидний зүгээс хашаа болон хашааны хаалгыг авахгүй, хэрэггүй. Нэхэмжилж байгаа 8,184,100 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тамбар, хашаа, хашааны хаалгыг бидний зүгээс хийж өг гэж шахаж шаардсан зүйл байхгүй” гэсэн агуулга бүхий тайлбар /хх 70/-ыг гаргажээ.

 

3. Зохигчийн хооронд Иргэний хуульд заасны дагуу худалдах худалдах авах гэрээнээс татгалзсантай холбогдох, учирсан хохирлыг арилгуулах тухай буюу үүрэг зөрчсөнөөс үүсэх хохирол болон хариуцлагыг шаардсан нөхцөл байдал үүссэн байна.

 

4. Учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэг хүлээх боловч хэрвээ сэргээх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлж болно.   

 

Харин үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг л нөхөн төлөх үүрэгтэй учир хохирол учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг шүүх харгалзан үзэх учиртай.

 

 5. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гуравдугаар баг, *** тоот хувийн сууц, граж зориулалттай орон сууцыг худалдаж авахаар тохирсны дагуу нэхэмжлэгч А амьдарч байх хугацаандаа засан сайжруулсан зардлыг, харин тухайн орон сууцны өмчлөгч болох нэхэмжлэгч Б, Н, Н  нараас худалдсан орон сууцаа буцааж авсны дараа засварлаж, янзалсан зардлыг гаргуулна гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б, Н, Н нарын  хариуцагч Агаас 9,715,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу 5,753,890 төгрөгийг гаргуулахаар, 4,273,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг болон Агийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

7. Эдгээрээс дүгнэхэд Анхан шатны шүүх, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар анхаараагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу нэхэмжлэгч Б, Н, Н нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь бодит байдалд нийцсэн эсэхийг үндэслэлтэй тогтоогоогүй байх ба энэ нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлд хамаарна.    

 

Өөрөөр хэлбэл маргаан бүхий эд зүйлс нь чанар байдлын хувьд шаардлага хангахуйц байсан эсэхийг мөн хохирол учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг хэргийн үйл баримт болон нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх учиртай.

 

8. Тодруулбал орон сууцыг засварласан материалын зардал бодитой эсэхийг тогтоосон баримтгүй байх ба тухайлбал орон сууцыг хүлээлгэж өгөхөд ямар байдалтай байсныг, орон сууцыг буцаан хүлээж авах үед тухайн орон сууцны аль хэсэгт ямар эвдрэл, гэмтэл, хохирол хэний буруутай үйлдлээс бий болсон эсэх  эсхүл учирсан хохирол, зардал нь биет байдлын доголдолтой эд зүйлс хүлээлгэж өгсөн эсхүл хүлээн авсан уу түүнчлэн тухайн хөрөнгийн ердийн элэгдэл, хорогдолтой  холбоотой зэрэг нөхцөл байдал, нотлох баримтад дүгнэлт хийсний эцэст  хэргийг шийдвэрлэх нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэх төдийгүй шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцнэ.

 

9. Шүүхийн шийдвэрийн үндэслэх, болон тогтоох хэсгээс үзэхэд нэхэмжлэгч Б нар анх шүүхэд 9,715,000 төгрөг гаргуулах/хх-2/ нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч шүүхээс энэхүү шаардлагыг нэмэгдүүлж, өөрчилсөн гэж дүгнэн, нэхэмжлэгчийг 10,027,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, шийдвэрийн тогтоох хэсэгт энэ нэмэгдүүлсэн хэмжээнд шийдвэрлэжээ.

 

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцээгүй буюу тус нэмэгдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг холбогдох хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих ажиллагааг явуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.   

 

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх боломжгүй, маргааны үйл баримтанд эцэслэн дүгнэлт хийх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Н, нэхэмжлэгч Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагч А нарын гомдлыг эдгээр дурдсан үндэслэлээр хангахгүй орхиж, тэдгээрийн гомдол гаргахад төлсөн, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2023/00089 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, нэхэмжлэгч Н,  хариуцагч А нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  нэхэмжлэгч Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,322 төгрөг, хариуцагч Агийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА