Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/00133

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, Х овогт Б.М /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ................. тоот хаягт оршин суух, Б овогт Д.У /РД:00000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 12,000,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.У-т холбогдуулан түрээсийн төлбөр 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Н-ын хажуу талын Баянзүрх дүүргийн ............. тоот хаягт 6 давхар Шилэн худалдааны төвд туслах материал, даавууны худалдаа хийхээр лангуу түрээслэн ажилуулдаг. 2014 оноос хойш дээрх үйл ажиллагааг явуулж байсан. Д.У нь 2015 оны 4 сараас эхлээд манайхаар үйлчлүүлж, тэр үеэс би Д.У-ийг таньдаг болсон. Миний нөхөр Д.У-ийн нөхрийг 2004 оноос хойш сайн таньдаг байсан. Тухайн үедээ манайхаас буйдангийн туслах материал худалдан авч, өөрөө буйдан хийж зарна гээд удаа дараа зээлэхийг хүсдэг байсан боловч би итгэдэггүй байсан учраас зөвшөөрдөггүй байсан. Бид наймаа хийгээд нилээн таньдаг болоод эгч, дүү гэж явж байгаад 2015 оны 8 сарын 31-ний өглөө над руу утасдаад чи тавилга наймаагаа өргөжүүлэх гэж байгаа юм чинь эгч нь М тавилгын дэлгүүр дээр 800 м.кв талбайтай, энэ талбайн түрээсийг төлж чадахгүй болоод байна гээд утсаар хариу хэлэх гэхээр тулгамдаад нөхөртэйгээ ярилцаад үзье гээд буцаагаад над руу залгахаар нь бид хоёр ер нь өргөжүүлье, тавилга заръя гэсэн бодолтой байгаа, тэгье гэж хэлсэн. Д.У надад 4 сарынхаа мөнгийг урьдчилаад бэлэн мөнгөөр, бартераар эсхүл ямар нөхцөлөөр байж болно. Түрүүлээд хийчих, тэгээд чамайг орох үед хоёулаа гэрээ байгуулаад орж болно гэж хэлсэн учраас би за тэгье гэж зөвшөөрсөн. Надад тухайн үедээ тавилга захиалах мөнгө байгаагүй, надад ойлгуулахдаа цагаан сар, шинэ жилийн үеэр тавилга хурдан зарагддаг, наймаа сайн болно. Би өмнө жил 400 сая төгрөгийн ашиг олсон. Тэгэхээр чи ямар ч алдагдалгүй манайх руу орчих, орох үед чинь гэрээ хийе гэхээр нь би итгэчихсэн. Итгээд би урьдчилаад талыг нь дансаар талыг нь бартераар өгсөн. Бараа материалыг нь би хар дэвтэртээ бичээд, үлдэгдлийг нь Г банкныхаа дансаар шилжүүлсэн. Ингээд цагаан сарын үеэр орно гэж бодоод нэг найзаасаа асуутал Х чинь хэцүүхэн байгаа шүү гэдгийг сонсоод Х рүү орсон чинь шинээр тавилга оруулж байхаар нь хартал танихгүй эхнэр, нөхөр байсан. Д.У-ийг асуутал тэр хүн чинь гарсан бид нар оронд нь орж байгаа, мэдэхгүй гэхээр нь гараад Д.У рүү утсаар ярьтал өө тиймээ, би ч гэсэн хэцүү байна гээд гарсан. Дүүгийнхээ мөнгийг асуудалгүй өгчихнө, чиний 12 сая төгрөг надад юу байхав дээ, би чинь 2 тэрбумын газартай зар тавьчихсан удахгүй зараад чиний мөнгийг 20 сая төгрөг болгоод өгсөн ч болно гэж хэлэхэд нь би итгэсэн. Тэгээд бид 1 жилийн хугацаанд холбоотой байж байгаад жилийн дараанаас утас нь холбогдохоо больсон. Тэгээд Д.У-ийг хайж хадам ах дээр нь очиход бид наад хүнтэй чинь холбоогүй, харьцахаа больсон мэдэхгүй гэж хариу өгсөн. Энэ маягаар нилээн удаан явж байгаад иргэний шүүхэд эрэн сурвалжлуулахаар хандсан. Тэгээд хайгаад 4 жил болсон. Би 2015 онд өгсөн 12,000,000 төгрөгөө 7 жил энэ хүнээс авах гэж хөөцөлдөж байна. Иймд хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2015 оны 08 сарын 31-ний өдрөөс 2015 оны 09 сарын 04-ний өдөр хүртэл нийт 4,350,000 төгрөгийг Д.У-ийн данс руу шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр түрээс гэж шилжүүлсэн. Түүнээс эд хөрөнгө, материал өгсөн нь үндэслэлгүй, энэ хүнээс хариуцагч 12,000,000 төгрөгөнд материал, бүтэн 4 сарын түрээс аваагүй. Ажлын байр суллаж өгсөн түүнийгээ ашиглах эсэх нь нэхэмжлэгчийн асуудал шүү дээ. М-ын тавилгын талбай дээр талбай түрээслэхэд 1 сарын барьцаа хөрөнгө буюу 15,000,000 төгрөг төлөх чадвартай, 70-80 сая төгрөгөөр тохижуулах боломжтой газрыг сонгон шалгаруулаад түрээсийн талбайг өгдөг. Тухайн үед Д.У-ийн хувьд түрээсийн асуудалд ороод байсан учраас хэзээ дуртай цагтаа орох хүнд түрээслэх шаардлага байхгүй. 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлээд үйл ажиллагаа явуулах байсан. Үйл ажиллагаа явуулаагүй нь Б.М-ын өөрийн асуудал юм. Бид дансаар 4,350,000 төгрөгийг хүлээж аваад 8 сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг Мд шилжүүлсэн. Хэзээ дуртай үедээ ороорой гэвэл хаана ч биелэгдэх боломжгүй. Хэрэгт авагдсан баримтаар Д.У нь 2016 оны 04 сарын 30-нд түрээслэгчээс гарсан баримт авагдсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2015.08.31-ний өдөр, 2015.09.04-ний өдрийн Г банкны орлогын мэдүүлэг, хар дэвтрийн хуулбар, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022.02.14-ний хаяг тогтоосон мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны 3177 тоот эрэн сурвалжлах тухай шийдвэр, Шилэн зах худалдааны төвийн кассын орлогын ордер, 2015.04.19-ний өдрийн түрээсийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.09.13-ны өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.09.25-ны өдрийн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Х гэсэн фото зураг, М ХХК-ийн 2015.12.08-ны өдрийн түрээсийн нэхэмжлэх, 2015.08.31-ний өдрийн түрээсийн төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр М ХХК-иас С25 зодтой талбайн түрээсийн гэрээ, К ХХК-иас ирүүлсэн хүсэлт, талбай шилжүүлэх акт, хурлын тэмдэглэл, 2015, 2016 оны түрээсийн тооцоо, Хийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтыг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.М, Н.Ц нараас гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.У нь 2015 оны 4 сараас эхлээд манайхаар үйлчлүүлж, наймаа хийгээд нилээн таньдаг болоод эгч, дүү гэж явж байгаад 2015 оны 8 сарын 31-ний өглөө над руу утасдаад чи тавилга наймаагаа өргөжүүлэх гэж байгаа юм чинь эгч нь М тавилгын дэлгүүр дээр 800 м.кв талбайтай, энэ талбайн түрээсийг төлж чадахгүй болоод байна гээд утсаар хэлж, 4 сарынхаа мөнгийг урьдчилаад бэлэн мөнгөөр, бартераар эсхүл ямар ч нөхцөлөөр байж болно. Түрүүлээд хийчих, тэгээд чамайг орох үед хоёулаа гэрээ байгуулаад орж болно гэж хэлсэн учраас би за тэгье гэж зөвшөөрсөн. Надад тухайн үедээ тавилга захиалах мөнгө байгаагүй. Итгээд би урьдчилаад талыг нь дансаар талыг нь бартераар өгсөн. Бараа материалыг нь би хар дэвтэртээ бичээд, үлдэгдлийг нь Г банкныхаа дансаар шилжүүлсэн. Ингээд цагаан сарын үеэр орно гэж бодоод нэг найзаасаа асуутал Х чинь хэцүүхэн байгаа шүү гэдгийг сонсоод Х рүү орсон чинь шинээр тавилга оруулж байхаар нь хартал танихгүй эхнэр, нөхөр байсан. Д.У-ийг асуутал тэр хүн чинь гарсан бид нар оронд нь орж байгаа, мэдэхгүй гэхээр нь гараад Д.У рүү утсаар ярьтал өө тиймээ, би ч гэсэн хэцүү байна гээд гарсан. Дүүгийнхээ мөнгийг асуудалгүй өгчихнө, чиний 12 сая төгрөг надад юу байхав дээ, би чинь 2 тэрбумын газартай зар тавьчихсан удахгүй зараад чиний мөнгийг 20 сая төгрөг болгоод өгсөн ч болно гэж хэлэхэд нь би итгэсэн. Иймд хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. 2015 оны 08 сарын 31-ний өдрөөс 2015 оны 09 сарын 04-ний өдөр хүртэл нийт 4,350,000 төгрөгийг Д.У-ийн данс руу шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр түрээс гэж шилжүүлсэн. Түүнээс эд хөрөнгө, материал өгсөн нь үндэслэлгүй, энэ хүнээс хариуцагч 12,000,000 төгрөгөнд материал, бүтэн 4 сарын түрээс аваагүй. Ажлын байр суллаж өгсөн түүнийгээ ашиглах эсэх нь нэхэмжлэгчийн асуудал шүү дээ. Тухайн үед Д.У-ийн хувьд түрээсийн асуудалд ороод байсан учраас хэзээ дуртай цагтаа орох хүнд түрээслэх шаардлага байхгүй. 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлээд үйл ажиллагаа явуулах байсан. Үйл ажиллагаа явуулаагүй нь Б.М-ын өөрийн асуудал юм. Дансаар 4,350,000 төгрөгийг хүлээж аваад 8 сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг М-д шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар 2015.08.31-ний өдөр, 2015.09.04-ний өдрийн Г банкны орлогын мэдүүлэг, хар дэвтрийн хуулбар, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022.02.14-ний хаяг тогтоосон мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны 3177 тоот эрэн сурвалжлах тухай шийдвэр, Шилэн зах худалдааны төвийн кассын орлогын ордер, 2015.04.19-ний өдрийн түрээсийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.09.13-ны өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.09.25-ны өдрийн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт, Х гэсэн фото зураг, М ХХК-ийн 2015.12.08-ны өдрийн түрээсийн нэхэмжлэх, 2015.08.31-ний өдрийн түрээсийн төлбөр төлсөн баримт, М ХХК-иас С25 кодтой талбайн түрээсийн гэрээ, К ХХК-ийн хүсэлт, талбай шилжүүлэх акт, хурлын тэмдэглэл, 2015, 2016 оны түрээсийн тооцоо, Хийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, гэрч Б.М, Н.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. М худалдааны төвийн С25 кодтой 684.5 м.кв талбайг 2015.01.01-нээс 2015.12.31-ний өдөр хүртэл хугацаагаар К ХХК нь М ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу гэр ахуйн тавилга худалдан борлуулах зориулалтаар ашиглаж байсан байна. К ХХК нь М ХХК-д түрээсийн төлбөрийн хуримтлал үүсгэж, улмаар 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С25 кодтой 684.5 м.кв талбайгаас 200 м.кв талбайг Хур Ирмүүн Билэг ХХК-д М ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж өгчээ. Улмаар 2016 оны 5 дугаар сарын 25-нд С25 кодтой талбайг К ХХК нь М ХХК-д буцаан өгсөн байна.

6. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.У-тэй М худалдааны төвийн С25 кодтой талбайгаас 100 м.кв талбайг сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, түрээсийн төлбөрт 4,350,000 төгрөгийг дансаар, 7,650,000 төгрөгийг буйдангийн туслах материалаар, нийт 12,000,000 төгрөг төлсөн ба түрээсийн талбайг чөлөөлж өгөөгүй, ашиглах боломжгүй байсан тул мөнгөө буцааж авна гэж, хариуцагч нь түрээсийн талбайг чөлөөлсөн боловч өөрөө ашиглаагүй, хятадаас бараа ирэхээр орно гэсэн боловч бараа нь ирээгүй, гэрээний хугацаа дууссан, түрээсийн төлбөрт 4,350,000 төгрөг төлснийг нь түрээслүүлэгчид төлбөрт тооцон шилжүүлсэн тул хариуцахгүй гэж маргаж байна.

7 Хэрэгт гаргаж өгсөн нэхэмжлэгчийн хар дансны дэвтэрт хариуцагч Д.У-ийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тооцоо нь 5,301,300 төгрөг байх тул нэхэмжлэгчийг 5,301,300 төгрөгийн бараа материалыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэлээ. Учир нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар 5,301,300 төгрөгийн бараа, 4,350,000 төгрөгийг дансаар нийт 9,651,300 төгрөгийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрч Д.У гарын үсэг зуржээ.

8. Харин 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 649,000 төгрөгт тооцоо нийлээгүй, 8 дугаар сарын 31-ний өдрийн 1,699,700 төгрөгийн тооцоо нь 9 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлэлтэд орсон байхад давхардуулсан байна.

10. Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно гэж зааснаар нэхэмжлэгч нь 4,350,000 төгрөгийг мөнгөөр, 5,301,300 төгрөгийг бараа материалаар төлсөн гэж үзлээ.

9. М ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр С25 кодтой талбайг К ХХК ашиглаж байжээ. Уг гэрээний 7.2.4-т Түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд давхар түрээслүүлсэн нь тогтоогдсон бол түрээслүүлэгч гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлнэ, Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээслэсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр дамжуулан түрээслэж болно гэж заасан.

10. Хариуцагч Д.У нь нэхэмжлэгчид талбай түрээслэхийн тулд тухайн талбайг ашиглагч буюу түjээслэгч К ХХК болон эзэмшигч буюу түрээслүүлэгч М ХХК-ийн хэн алинаас зөвшөөрөл аваагүй байна.

11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын тохиролцоо хүчин төгөлдөр байх нь гуравдагч этгээд буюу эзэмшигчийн зөвшөөрлөөс хамааралтай байхад зөвшөөрөл аваагүй байгаа нь талуудын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болгож байна. Иймд түрээсийн талбайг чөлөөлж өгсөн эсэх, хэзээнээс ашиглахаар тохиролцсон нь маргаанд хамааралгүй байна.

12. Б.М, Д.У нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

13. Иймд хариуцагч Д.У-ийн үндэслэлгүй олж авсан 9,651,300 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгох нь зүйтэй байна.

14. Харин нэхэмжлэгчийн хүлээлгэн өгснөө нотолж чадахгүй байгаа 2,348,700 төгрөгт ногдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуeлж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.У-ээс 9,651,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 2,348,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-ээс улсын тэмдэгтийн хураамжид 169,371 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ