Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2023/00457

 

 

 

 

 

 

 

 

2023 03 03 210/МА2023/00457

 

 

Б.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/00133 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М ын хариуцагч Д.У т холбогдуулан гаргасан 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М , түүний өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие * дүүргийн * хорооны * тоот хаягт 6 давхар Шилэн худалдааны төвд туслах материал, даавууны худалдаа хийхээр 2014 оноос хойш лангуу түрээслэн ажиллуулж байсан. 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д.У нь Мишээл тавилгын дэлгүүрт байрлах 800 м.кв талбайн түрээсийг төлж чадахгүй болоод байна, 4 сарын мөнгийг урьдчилаад бэлэн эсхүл бартераар төлж болно гэж хэлсэн. Иймээс итгээд урьдчилаад талыг нь дансаар талыг нь бартераар өгсөн. Бараа материалыг нь би хар дэвтэртээ бичээд, үлдэгдлийг нь Голомт банкныхаа дансаар шилжүүлсэн. Ингээд цагаан сарын үеэр орно гэсэн боловч орж чадаагүй, мөнгийг буцааж өгнө гээд сураггүй алга болсон учраас шүүхэд хандаж эрэн сурвалжлуулсан. 2015 онд өгсөн 12,000,000 төгрөгөө 7 жилийн хугацаанд Д.У ээс авах гэж хөөцөлдөж байна. Иймд хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 4,350,000 төгрөгийг Д.У ийн данс руу шилжүүлэхдээ түрээс гэж шилжүүлсэн. Тэрнээс 12,000,000 төгрөгийн эд хөрөнгө, материал, 4 сарын түрээсийн төлбөр аваагүй. Ажлын байр суллаж өгсөн түүнийгээ ашиглах эсэх нь нэхэмжлэгчийн асуудал. * ХХК-ийн тавилгын талбай түрээслэхэд 1 сарын барьцаа хөрөнгө буюу 15,000,000 төгрөг төлөх чадвартай, 70-80 сая төгрөгөөр тохижуулах боломжтой газрыг сонгон шалгаруулаад түрээсийн талбайг өгдөг. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд үйл ажиллагаа явуулах байсан. Гэтэл үйл ажиллагаа явуулаагүй нь Б.М ын өөрийн асуудал юм. Би дансаар 4,350,000 төгрөгийг хүлээж аваад 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг * ХХК-д шилжүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар Д.У нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр түрээслэгчээс гарсан баримт авагдсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.У ээс 9,651,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 2,348,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У ээс улсын тэмдэгтийн хураамжид 169,371 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч ингэхээ түрээслүүлэгч байгууллага болоод түрээслэгч К ХХК нараас зөвшөөрөл аваагүй түрээсийн гэрээнд дамжуулан түрээсэлсэн тохиолдолд гэрээг түрээслэгч нэг талын санаачилгаар цуцлах талаар заасан ба энэ харилцаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах талаар заасан тул түрээсийн төлбөрт төлсөн гэх 9,651,300 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэлт хийсэн үндэслэлгүй. Учир нь гэрээнд гуравдагч этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн дамжуулан түрээсэлсэн эсэх түрээсэлсэн тохиолдолд үүсэх харилцаа нь * ХХК болон К ХХК нарын хоорондох асуудал ба тэдгээрийн хоорондын гэрээний заалттай холбоотой хууль зүйн үндэслэл нь Б.М ын нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болохгүй ба түүнд хамаарахгүй. Тооцоо нийлсэн гэх агуулга бүхий гар бичмэлийг нотлох баримт гэж үзэж төлбөр гаргуулах тухай шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Учир нь талуудын гарын үсэг зурсан гэх хэсэг нь хэн хэзээ гарын үсэг зурсан нь тодорхойгүй, түүнчлэн өгсөн гэж зураад байгаа эсэх эсхүл өгөх ёстой гэж зураад байгаа үйл баримт тодорхойгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй нэг талаас гаргаж өгсөн гар бичмэлийг хар дэвтэр хэмээн зөвтгөж нотлох баримтаар үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Бид тус харилцаа үүсээгүй буюу үүрэг үүсээгүй учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Үүнтэй холбоотойгоор тухайн * ХХК-тай К ХХК түрээсийн гэрээний харилцаа үүсгэхдээ дамжуулан түрээслэх боломжгүй нөхцөлөөр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдоно. К ХХК-ийн захирал н.Болдбаатар гэх боловч хариуцагч Д.У ийн нөхөр болох нь хариуцагчийн тайлбараар нотлогддог. Хэрэгт авагдсан түрээсийн гэрээ нь нотлох баримтын шаардлагыг хангасан байдлаар ирүүлсэн байхад тухайн түрээсийн гэрээнд н.Болдбаатарыг төлөөлж гарын үсэг зурсан этгээд нь Д.У юм. Мөн хэргийн 12 дугаар талд нэхэмжлэлийн шаардлага гардаж авсан баримтад Д.У ийн гарын үсэг зурагдсан. Эдгээр баримтаар нотлох баримтаар авагдсан Д.У ийн гарын үсэг мөн болох нь тогтоогдож байна. Иймд К ХХК, Д.У нар хамааралгүй гэж тайлбарлах боломжгүй. Дамжуулан түрээслэх боломжгүй түрээсийн гэрээтэй атал бусдад дамжуулан түрээсэлсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр бус гэрээний харилцаа байсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Мөн тооцоо нийлсэн агуулга бүхий гэж тайлбарлаж гомдолд дурдсан нь хар дэвтэр нь бид зээлийн харилцааг үүсгэхдээ тухайн үед гарын үсгийг нь зуруулдаг, бараа материал нийлүүлэхдээ хүлээлгэн өгдөг баримт юм. Тус баримтын эх хувийг нотариатаар баталгаажуулсан байдлаар хэрэгт хавсаргасан. Шүүх тухайн баримтын талаар хариуцагчийн өмгөөлөгчөөс үүнд гарын үсэг зурсан уу гэж асуухад Урнаа зурсан гэж тайлбарласан шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан. Тухайн бартерт өгсөн гэх бараа материалын мөнгийг буцаан төлсөн үү гэж асуухад мөнгийг нь төлөөгүй гэж тайлбарласан хариу тайлбар мөн хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэгч болон хариуцагчийн нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэж хуульд заасан учраас гар бичмэл гэж тайлбарласан хар дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангаж байна. Учир нь хэрэгт эх хувиар авагдсан, хариуцагч талаас төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог учир гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.У т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Мишээл худалдааны төвд талбай түрээслэхээр 12,000,000 төгрөг шилжүүлсэн, улмаар уг талбайг ашиглах боломжгүй байсан тул мөнгөө буцааж авна гэж, хариуцагч татгалзлаа ...түрээс гэх утгаар 4,350,000 төгрөгийг шилжүүлсэн боловч * ХХК-д 3,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч өөрөө ашиглаагүй, бараа материал болон түрээсийн төлбөр аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх-1, 17/

4. Б.М нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Д.У ийн Голомт банкны 3305100600 дугаартай дансанд түрээс гэх утгаар 3,000,000 төгрөг, 1,350,000 төгрөг, нийт 4,350,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн Д.У нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 5,301,300 төгрөгийн бараа материал хүлээж авснаа зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх6-7/

4.1. Эдгээр баримтаар талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр амаар хэлцэл хийгдэж, Д.У нь Мишээл тавилгын дэлгүүрийн талбайг Б.М д түрээслүүлэхээр харилцан тохиролцож, Б.М нь урьдчилгаа төлбөрийг бэлнээр болон дансаар нийт 9,651,300 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

5. Дээрх хэлцлийн агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж талбай шилжүүлэхийн тулд тухайн талбайн өмчлөгч буюу эзэмшигчээс зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй байна.

5.1. * ХХК нь К ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Хан-Уул дүүрэг, 2-р хороо Чингисийн өргөн чөлөөнд байрлах өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох худалдаа үйлчилгээний зориулалттай Мишээл-1 худалдааны төвийн С-25 кодтой 684.5 м.кв талбай бүхий хэсгийг түрээслэгчид хэсэгчлэн түрээслүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба хариуцагч Д.У нь зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

5.2. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахаар байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

6. Хариуцагч Д.У нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.У ээс 9,651,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

8. Хариуцагч нь ...шүүх тооцоо нийлсэн гэх агуулга бүхий гар бичмэлийг нотлох баримт гэж үзэж төлбөр гаргуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч бичгээр бичсэн бичвэрт өөрөө гарын үсэг зурсан байх тул түүнийг мөнгөн хөрөнгийг хүлээж авсанд тооцно. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмчлөлийн түрээсийн талбай биш бөгөөд бусдын түрээсийн талбайг түрээслэхээр гэрээ байгуулсан байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/00133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН