Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0179

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Р*******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А*******, Х.Т*******

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*******, Н.М*******

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т*******, У.А, Я.А

Маргааны төрөл: “Р*******” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.И, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т*******, Х.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, П.С, хариуцагч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Я.А, иргэдийн төлөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Р*******” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нарт холбогдуулан “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар актыг хүчингүй болгуулах, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, З.Т нар “Р*******” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0295632 дугаар шийтгэлийн хуудсаар 46,015,628,927.44 төгрөгийн зөрчил илрүүлж, 4,601,562,892.8 төгрөгийн нөхөн татвар, 562,218.2 төгрөгийн торгууль, 350,812.0 төгрөгийн алданги, бүгд 4,602,439,923.1 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

3. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолоор дээрх шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрөөс 45,998,088,320.17 төгрөгийн зөрчилд 4,599,808,832.1 төгрөгийн нөхөн татвар, бүгд 4,599,808,832.1 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох, 17,540,607.3 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,754,060.7төгрөгийн нөхөн татвар, 526,218.2 төгрөгийн торгууль, 350,812.1 төгрөгийн алданги, бүгд 2,631,091.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ. 

Улмаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаартай тогтоолыг Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар тушаалаар баталгаажуулсны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар албан бичгээр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн буцаан авах хүсэлт гаргажээ.

4. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, Ж.Н нар нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан ******* дугаар актаар “Р*******” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 4,803,427,388.3 төгрөгөөр төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан байна.

5. Татварын хяналт шалгалт хийх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21191000110 дугаар томилолтоор нэхэмжлэгч “Р*******” ХХК-ийн 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 18 хоногийн хугацаанд татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нар хийхээр 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр томилогдсон байна.

Улмаар хяналт шалгалтыг хийж Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар 4,724,000,423.48 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж, тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож, Р******* ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 83,767,802.96 төгрөгөөр баталгаажуулсныг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/26 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор 47,240,004,234.84 төгрөгийн зөрчилд ногдох нийт 4,724,000,423.48 төгрөгийн төлбөрөөс 40,189,785.92 төгрөгийн зөрчилд ногдох 4,018,978.59 төгрөгийн төлбөрийг бууруулж, 47,199,814,448.92 төгрөгийн зөрчилд ногдох 4,719,981,444.89 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилснийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр хүргүүлжээ.

6. Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“ 1/ Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж заасныг зөрчсөн.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.Д, Ж.Н нар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг санхүүгийн баримтуудад үндэслэн шалгаж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот актаар үлдэгдлийг 4,803,427,388.30 төгрөгөөр баталгаажуулан, улмаар тус хэлтсийн 2019 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 05/2545 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэн байдаг. Үүний дагуу татварын хяналт шалгалт эхэлсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамжтай хийнэ гэж заасныг зөрчиж ерөнхий болон тусгай удирдамжгүйгээр хяналт шалгалтыг явуулсан байна. Шүүхийн журмаар хяналт шалгалтын хувийн хэрэг буюу архивын хадгаламжийн нэгжийг гаргуулсан бөгөөд уг хувийн хэрэгт Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын хийх ерөнхий удирдамжийг хавсаргасан байдаг нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн хяналт шалгалтын удирдамж байх боломжгүй өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамжгүй хийсэн байна.

Хяналт шалгалтын хувийн хэрэг буюу архивын хадгаламжийн нэгжид 2019 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр 2119100210 тоот дугаартай 2 томилолт байдаг. Маргаан бүхий актыг гаргасан Том татвар төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нарыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр томилсон байдаг. Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтын эхнээс томилоогүй. 2019 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр 2119100210 тоот дугаартай томилолтоор Б.Т, Д.Бг томилсон байдаг бөгөөд эдгээр байцаагчид олгосон томилолт нь тодорхойгүй байдаг. 2019 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр 2119100210 тоот дугаартай томилолтоор мөн томилсон Ч.С, Ц.О нарын хяналтын шалгалт хэрхэн явагдсан нь тодорхойгүй. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 3 дугаар зүйлийн 3.6-д татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэнэ, 3.9-д томилолтын хугацааг татварын хяналт шалгалтад хамрагдах он, татвар төлөгчийн ангилал, зарцуулагдах хүн өдөрт суурилж тодорхойлно, 3.12-т тодорхой үндэслэлээр сунгах тухай заасныг тус тус зөрчсөн.

Түүнчлэн “Р*******” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хянан шалгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасныг зөрсөн.

Тус компани нь 2007 онд контор, орон сууцны ашиглалтын үйлчилгээ эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, 2011 онд барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдаа, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгүүлж, “Р*******” ХХК-ийн захиалгаар зураг төслийг “Г” ХХК, “Э” ХХК боловсруулан, ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр “Ж” ХХК, “С” ХХК, “Э” ХХК, “Ж” ХХК тус тус гүйцэтгэж, 2014 онд ашиглалтад оруулсан Р 99 айлын орон сууц, 205 автомашины зогсоол, буудал, спорт цогцолборын барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулсныг татварын хяналт шалгалтын удаа дараагийн актуудаар зөвшөөрдөг. 

Татварын улсын байцаагчдын зөрчилд тооцсон дээрх зөрчлүүд нь компанийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд холбоотой, компанийн үндсэн ажилтан, ажилчдын хоолны газарт зориулан худалдан авсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан анхан шатны баримт болох ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, мөнгөн хөрөнгийн журнал, ажиллагсдын цайны газрын тооцоо, орон сууцны ус, цахилгаан, ашиглалтын зэрэг анхан шатны баримтаар тогтоогддог. 

2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн нэмэгдсэн өртөгийн албан татварыг тухайн компанийн төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно” гэж зааснаар тус компанийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөгчийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон нь хууль зөрчөөгүй болно.

2/ Маргаан бүхий акт хуульд үндэслээгүй талаар: Том татвар төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нар нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар 4,724,000,423.48 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэдэг. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.1.төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар; 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар” гэж тус тус зохицуулсан бөгөөд 4,724,000,423.48 төгрөгийн нөхөн татварыг ногдуулах хууль зүйн үндэслэл биш байна.

Түүнчлэн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ гэж зааснаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн хяналт шалгалтын үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг үргэлжлүүлж, дуусгахаар байхад энэ талаарх хуульд үндэслээгүй шийдвэр гаргасан.

3/ Захиргааны акт нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоол хүчин төгөлдөр болсон бодит нөхцөл байдалд үндэслээгүй шийдвэр болсон.

Нэхэмжлэгч “Р*******” ХХК нь төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдаж Сүхбаатар дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч С.Д, 3.Т нарын бүрэлдэхүүнтэй тус компанийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 25170500505 тоот томилолтын дагуу шалгалт хийж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 250295632 тоот шийтгэлийн хуудсаар акт тогтоосон. 

Дээрх шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөл 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 007 тоот тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэснийг 2008 оны Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 тоот тушаалаар баталгаажуулан, хуулийн хүчин төгөлдөр болсон.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.Д*******, Ж.Н нар дээрх хүчин төгөлдөр Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн тогтоолыг биелүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх шалгаж баталгаажуулсан 4,692,524,905.8 төгрөгийг дахин шалгалгүй, зөвхөн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг санхүүгийн баримтуудад үндэслэн шалгаж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот актаар үлдэгдлийг 4,803,427,388.30 төгрөгөөр баталгаажуулан, улмаар тус хэлтсийн 2019 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 05/2545 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэн байдаг. Том татвар төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нар нь маргаан бүхий актыг гаргахдаа Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлэх үүрэгтэй.

Түүнчлэн маргаан бүхий актыг гаргахдаа Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолын талаар дүгнэлт хийгээгүй, хяналт шалгалтын хувийн хэрэг буюу архивын хадгаламжийн нэгжийг шүүхийн журмаар гаргуулж авахад дээрх хүчин төгөлдөр тогтоолыг нотлох баримтаар аваагүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэхэд хүргэдэг.

4/. Маргаан бүхий актаар тогтоосон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь заалттай тохироогүй буюу хуулийг буруу хэрэглэсэн талаар:

“Р*******” ХХК-ийн захиалгаар зураг төслийг “Г” ХХК, “Э” ХХК боловсруулан, ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр “Ж” ХХК, “С” ХХК, “Э” ХХК, “Ж” ХХК тус тус гүйцэтгэж, 2014 онд ашиглалтад оруулсан “Р” 99 айлын орон сууц, 205 автомашины зогсоол, буудал, спорт цогцолборын барилгатай холбоотой өөрөөр хэлбэл тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралтай импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 2011 оны 2,198,443,832.51 төгрөг, 2012 оны 17,445,791,398.72 төгрөг, 2013 оны 19,775, 449,761.08 mөгрөг, 2014 оны 6,848,771,110.46 төгрөг, 2015 оны 219,308,566.51 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцсон нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн, 14.1.2-т худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн компанийн төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно гэж заасантай нийцсэн болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашиглаагүй зөвхөн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар л ашигласан болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд татвараас чөлөөлөгдөх үйлчилгээг тусгайлан зааж өгсөн. Уг хуульд заасан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээг манай компани эрхэлдэггүй. Иймд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нар нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.7-г үндэслэж 4,724,000,423.48 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

5/. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв гаргаж байсан талаар: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.12-д “аж ахуйн нэгж,байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу “Р*******” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэгдсэн өртгийн албан татварын тайланг хуульд заасан хугацаанд ұнэн зөвөөр мэдүүлж байсан. 

Нөгөө талаас 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг илгээдэг үед үйлчилж байсан 2008 оны Татварын ерөнхий хуулийн 46.3.1, 46.4.1, 46.4.2, 46.4.3, 46.4.4, 46.4.5, 46.4.6-д тус тус зааснаар татварын алба ч нэхэмжлэгчийн илгээсэн тайланг хянан баталгаажуулж байсан.

6/. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар: Дээрх улсын байцаагчдын хууль зөрчсөн гэж тогтоогоогүй асуудлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолд дараах байдлаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь маргааныг гомдлоор шийдвэрлэдэг байгууллага болохоос татварын хяналт шалгалтаар тогтоогоогүй зөрчлийг тогтоодог байгууллага биш юм. Татварын маргаан таслах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  09 тоот тогтоолд "Дээрх орон сууц, спорт цогцолборын барилгыг барихтай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татвартай бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн "нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт" хэсэгт 4,668,398,665,20 төгрөг гэж тайлагнаснаар төсвөөс буцаан авах илүү төлөлт үүссэн байна" гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч компани НӨАТ-ын тайлан илгээсэн үеийн буюу 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18.1.3-д зааснаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, татварын тайлангаа үнэн зөвөөр илгээсэн байдаг. Түүнчлэн Засгийн газрын 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ын 4.2.2 дахь заалтын б-д шинээр мэдүүлсэн тайланг маягтын дагуу хөтөлнө гэсэн шаардлагын дагуу илүү төлөлт хэсгийг үнэн зөвөөр бөглөсөн. Уг журмын 6.3-д “...татварын ногдол, илүү, дутуу үлдэгдэл, татварын өр, авлагын дүнг өөрчлөх, хуурамчаар дансны бичилт үйлдэн татвар ногдуулах орлогыг бууруулахыг хориглоно" гэж заасныг зөрчөөгүй үнэн зөвөөр маягтын дагуу бөглөж илгээсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасныг зөрчиж гэнэт өмнө тайлагнаж байгаагүй илүү төлөлт тайлагнаж, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгээгүй.

Татварын маргаан таслах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолд “Харин ашиглалтад оруулсан барилгын борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрөөгүй, уг борлуулалтын орлогыг 2011-2014 оны санхүүгийн тайланд Урьдчилж төлсөн зардал, Дансны өглөг, Бараа материал дансанд бүртгэж байгаад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр мэдүүлсэн тайланд зөвхөн дээрх орон сууцны борлуулалтын орлогоо нэмж тайлагнасан байна” гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээж байх үеийн буюу 2006 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна: 8.1.2-т барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад” гэж зааснаар борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнах боломжгүй нөхцөл байдал байсныг борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрөхгүй байснаа ил тодын хуулиар шинээр тайлагнасан гэж шууд буруутгах боломжгүй юм. 

Харин “Р*******” ХХК нь төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдаж Сүхбаатар дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д, 3. Т нарын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 250295632 тоот шийтгэлийн хуудсаар акт тогтооход дээрх зөрчлийг тогтоодог боловч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нэмж мэдүүлсэн тайлан гаргаснаар тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр, авлагын үлдэгдэл нэмэгдэж болон хасагдаж өөрчлөгдөөгүй байна. Тус компанид чөлөөлөгдөх борлуулалтад хамаарах худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг авлагаар бүртгэж илүү төлөлтийг өсгөсөн гэсэн үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.9 дэх заалтыг зөрчсөнд тооцон хариуцлага хүлээлгэсэн нь буруу байна гэсэн үндэслэлээр худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг өсгөсөн зардалд 4,599,808,832.10 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар актыг хүчингүй болгуулах, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Том татвар төлөгчийн газар хяналт хийхдээ 6 төрлийн зөрчил илрүүлсэн байдаг. Үүнээс хамгийн том зөрчил бол актын 5, 6 дугаар зүйлд заасан зөрчил байгаа. Чөлөөлөгдөх үйлчилгээ буюу барилгыг ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвараар үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг тооцно. Үүнд түншлэл, тайлант хугацааны албан татвараар ногдох бараа аж ахуй үйлчилгээнд хамааралгүй импортоор оруулж ирсэн бараа, ажил үйлчилгээ хамаарахгүй гэж байдаг. Энэ асуудлыг Нийслэлийн Маргаан таслах зөвлөл шийдвэрлэсэн байдаг. Тус компани чөлөөлөгдөх борлуулалтад хамаарах худалдаа авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг лавлагаа бүрт илүү төлөлтийг өсгөсөн гэх үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөнд тооцон хариуцлага хүлээлгэсэн нь буруу байна гэж үзсэн.

Мөн түүнчлэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг зөрчсөн гэдэг. Маргаан бүхий акт нь тэмдэглэл болон тогтоох хэсгээс бүрдэж байгаа. Актын тэмдэглэл хэсэгт манай компанийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрхэн зөрчсөн талаарх ямар ч дүгнэлт байдаггүй. Акт гардуулсан тухай тэмдэглэлд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг зөрчсөн ганцхан өгүүлбэр байдаг. Үүнийг Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлан гаргаснаар тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр авлагын үлдэгдэл нэмэгдэж болон хасагдаж өөрчлөгдөөгүй байна гэж манай компанийг тус хуулийг зөрчөөгүй талаар тус тогтоолын 5 дугаар хуудсанд тусгасан.

Улсын байцаагчийн актын тэмдэглэл хэсэгтээ манай компанийг ямар чөлөөлөгдөх борлуулалтад хамаарагдах, хамаарагдахгүй гэдгийг дурдаагүй. Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн зөвхөн нэг л төрлийн ажил үйлчилгээ эрхэлсэн байдаг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 онд хэрэгжээд дууссанаас хойш татварын алба, татвар төлөгч чөлөөлөгдөх борлуулалт болон чөлөөлөгдөх татвар гэсэн ойлголтыг үл ойлголцох зүйл гарсан юм шиг байна. Тухайн үед залруулаад 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр даргын тушаал гарсан байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн суутган төлөгч нь тайлангийн шинэ маягтыг баталсан байгаа. Энэ маягтад урьд нь байгаагүй хуулийн заалтыг нэмж өгсөн байгаа. Хуулийн 13 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтыг 2 дугаар мөрөнд тавьсан. Энэ 13 дугаар зүйлтэй манай компанийн нэг ч борлуулалт холбогддоггүй.

Нийслэлийн Маргаан таслах зөвлөл уг маргааныг хэлэлцээд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 007 дугаар тогтоолоор нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг бууруулсан 3, 6 тэрбум төгрөгийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна гээд улсын байцаагчийн актын 2 дугаар хуудсанд тодорхой бичсэн байгаа. Актыг гаргахдаа гэтэл нэг л үндэслэлээр дахин дахин зөрчилтэй нөхөн татвар ногдуулсан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөгдөх борлуулалттай холбоотой Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгосон.” гэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрвээ чөлөөлөгдөх борлуулалт гэж үзээд бидний улсын төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцааж олгохгүй гэдэг үндэслэлийг гаргаж байгаа бол хяналт шалгалтын үр дүнд мөн улсын байцаагчийн актын хавсралтаар нотлогдох ёстой. Гэтэл яг чөлөөлөгдөх худалдан авалт алга гэсэн хавсралт хүснэгт хоосон байгаа. Татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлж төлөх үүргийг хүлээдэг. Манай салбарын хувьд шалгалтад хамрагдсан хугацаанд бидний барилга угсралтын ажлыг түлхүүр хүлээлгэх нөхцөлөөр орлогыг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан. Борлуулалтын дараах орлогыг хүлээн зөвшөөрдөг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжихэд зарим орлогыг хүлээн зөвшөөрөөгүй байсан орлого гэдэг утгаараа бид орлогоо ил тайлагнасан. Ил тайлагнасан орлогодоо ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөгдөх борлуулалтад ногдох чөлөөлөгдсөн татвар гэж үзэж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан татвар төлөгчдөд олгосон нэг удаагийн боломж юм. Шүүхийн шийдвэрт энэхүү орлого нь нотлох баримт болохгүй гэж хүртэл заасан. Актын 1-4 дэх хэсэг бол манай өөрийн залруулсан хэсэг буюу бид нар тайлангаараа 9,5 тэрбум төгрөгийн залруулгыг хийгээд түүнд ногдох 950 сая төгрөгийн худалдан авалтын залруулгыг хийчхээд байхад 1-4 дэх зөрчил залруулгын дүнд хүрэхгүй байгаа.” гэв.  

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий акт гарахдаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай ямар ч хамааралгүй гардаг. Тус актаар 6 зөрчил илэрсэн. Татварын хяналт шалгалт хийхдээ ямар нэгэн хууль тогтоомж журамд заасан үндэслэлээр хийдэг. Гэтэл 2019 оны 254 тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлээгүйгээс 1-4 зөрчлүүдийн тухайд тайлбар мэдүүлэг, судалгаа аваагүйгээс болоод тэр зөрчлүүд акт дээр бичигдсэн байдаг. Актад бичигдсэн зөрчлийн тухайд нэмэгдсэн өртгийн албан татварт бараа ажил үйлчилгээ худалдаж авсан нэмэгдсэн өртгийн албан татвар өөрийнхөө эрхэлдэг үйл ажиллагаатай хамааралгүй учраас хасаж тооцохгүй гэдэг зөрчлийг илрүүлсэн гэж бичиж байгаа. Хэрэглэсэн хуулийн заалт нь бараа ажил үйлчилгээтэй хамааралгүй нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохгүй гэдэг хуулийн заалт биш 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 2015 оны тус хуулийн 14.9 дүгээр заалтуудыг тус тус дурдсан байдаг. 14.7 дугаар заалт нь нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох юм уу, чөлөөлөгдөх үйлдвэрлэлд зарцуулагдсан байвал яаж тооцох, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглачихсан байвал яаж тооцох гэдэг тооцооллын зохицуулалтыг барьсан байдаг. Акт бол яг энэ хүрээнд л гарсан. Хэрвээ хамааралгүй гэвэл хавсралт дээр хамааралгүй падаануудыг дугаарлаж жагсаах ёстой байсан. 

Актын 5, 6 дугаар зүйлд заасан зөрчил Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах юм уу, хасахгүй юм уу, хасах болоод илүү төлөлт үүсэх юм бол хэрхэн буцааж олгох вэ гэдгийг зохицуулдаг. Бараа, ажил үйлчилгээтэй хамааралтай байх тохиолдолд хасдаг. Хамааралгүй бол хасдаггүй. Улсын байцаагч нар манайхыг хамааралгүй гэчихээд бодит байдал дээрээ хамааралтай гэж яриад байдаг. Барьсан хуулийн заалт нь чөлөөлөгдөх үйлдвэрлэл үйлчилгээ буюу танайх ашиглачихсан гэсэн хуулийн заалт яриад байдаг. Чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд жагсаагаад өгчихсөн. Гэтэл манайх энэ хуулийн заалтад заасан чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлдэггүй. Зөрчсөн зөрчил, хуулийн заалт нь хоорондоо уялдахгүй байна. 

Үүнээс гадна хяналт шалгалт хийхдээ удирдамж байхгүй. Хавтас хэрэгт авагдсан баримтууд дотор 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн удирдамж хэвээрээ байгаа. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын хяналт шалгалт юм. 2019 онд эхэлсэн хяналт шалгалтад 2020 оны 10 дугаар сард удирдамж гарсан байх боломжгүй. Өнөөдрийг хүртэл тэр удирдамжаа засдаггүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д хяналт шалгалтыг 7 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ гэж заасан. Хяналт шалгалтыг Том татвар төлөгчийн газар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жил 2 сарын хугацаанд шалгадаг. 4,7 тэрбум биш 5,9 тэрбумын бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварыг нь төлөөд худалдаалчихсан. Манайх энэ барилгыг барьж ашиглалтад оруулахдаа зарцуулсан бараа, ажил үйлчилгээндээ хамааралтай нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн. Гэтэл үүнийг хасаж олгохгүй байгаа гэдэг шалтгааныг ойлгохгүй байна. Хяналт шалгалтын журмыг, процессыг тэр чигт нь зөрчдөг. 

Хяналт шалгалтын 264 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4.1-4.5 дах хэсэгт заасан тайлбар гаргах эрх, хувийн хэрэгт судалгаа шинжилгээ хийх, өмнөх шалгалтад хамрагдсан байдал байгаа эсэх, илэрсэн зөрчил, бүх шатны маргаан шийдвэрлэлтэд судалгаа хийнэ гэсэн боловч бүгдийг зөрчсөн. Хэрвээ хийсэн байх юм бол Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 007 дугаар тогтоол хүчин төгөлдөр болчихсон байхад тэр тогтоолоор ямар зөрчлийг зөрчил биш гэж үзсэн, тэр нь яаж хүчин төгөлдөр болсон гэдгийг авч үзэж шалгах ёстой. Гэтэл энэ талаар шалгадаггүй. 950 сая төгрөгийн татварыг буцаалт хийсний дараа энэ асуудалд тайлбар авдаггүй. Захиргааны акт хуульд үндэслэх ёстой ч хуульд үндэслээгүй. Маргааныг шалгах явцад манайх хуучин хуулийн үйлчлэлд хамрагдах ёстой. Гэтэл хуучин хуулийн заалтад 18.1 гэсэн заалт байдаггүй. Шинэ хуульд байгаа гэхээр тэр нь алданги, торгууль ногдох заалт байдаг. Маргаан бүхий актаар манайд алданги, торгууль ногдуулсан зүйл ч байдаггүй.” гэв. 

11. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“1/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14.4-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.4.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татварын дүнгээс хасаж тооцсон “Д” ХХК, “А” ХХК, “З” ХХК, “М” ХХК, “Х” ХХК, “М” ХХК болон “К” ХХК-иудаас 2011 оны 2,175,081.01 төгрөг, 2012 оны 503,772.72 төгрөг, 2013 оны 1,357,454.54 төгрөг, 2015 оны 586,363.60 төгрөг, 2017 оны 163,527.27 төгрөг, 2018 оны 141,181.82 төгрөгийн суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүйгээр шийдвэрлэсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14.4.2.“хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ;”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14.6.2 “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;” гэж заасны дагуу 2010-2018 онд 56,878,578.94 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохгүй гэж шийдвэрлэсэн байсныг Маргаан таслах зөвлөл магадлаад 40,189,785.92 төгрөгийн ажилчдын хоолны газарт зориулан худалдан авсан тул гэж үзэж зөрчлийг хүчингүй болгож шийдвэрлэж, харин 2016 онд 16,688,793.02 төгрөгийн ажилчдад зориулан импортоор худалдан авсан фитнесийн тоног төхөөрөмжийг ажилчдын ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоогүй худалдан авалт гэж үзэн зөрчлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шалгалтад хамрагдах хугацаанд “Р*******” ХХК нь Монгол Улсын иргэний захиалгаар “Р” 99 айлын орон сууц, 205 автомашины зогсоол, буудал, спорт цогцолборын барилгыг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2014/89 дүгээр улсын комиссын актаар ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгсөн байсан.

Гэхдээ дээрх орон сууц, спорт цогцолборын барилгыг барихтай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татвартай бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт хэсэгт тайлагнаж, борлуулалтын орлогыг татварын тайланд тайлагнаж, албан татвараа ногдуулаагүй бөгөөд санхүүгийн тайланд урьдчилж төлсөн зардал, дансны өглөг, бараа материал дансанд бүртгэж, 4,807,768,226.44 төгрөгийн албан татварын илүү төлөлтийг үүсгэсэн.

“Р*******” ХХК нь татварын тайлангаар тайлагнаагүй байсан орон сууц, спорт цогцолборыг барьсан орлогыг 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж албан татвараа чөлөөлүүлсэн.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайланд тусгаж, шинээр тайлагнасан тохиолдолд хууль заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх харилцааг зохицуулах юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримтлах зарчмыг хуульчилсан бөгөөд үүний нэг нь хуулийн 5.1.4 дэх хэсэгт заасан үнэн зөв байх зарчим юм. Үнэн зөв тайлагнах зарчим нь нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд багтдаг бөгөөд нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим олох уялдуулах зарчим гэдэг нь зардлыг хүлээн зөвшөөрлийг орлогын хүлээн зөвшөөрөлтэй нийцүүлснийг хэлдэг.

Тус компани нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар зөвхөн орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар шинэчлэн тайлагнасан нь нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн уялдуулсан зарчим, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн үнэн зөв байх зарчим түүнчлэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үнэн зөв, шудрагаар санхүү, татварын тайланд тусгай зэргийг зөрчсөн байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3.4-д албан татвар ногдох орлого нуун дарагдуулсан боловч сайн дурын үндсэн дээр санхүү, татварын тайланг шинээр гаргаж харьяалах татварын албанд мэдүүлсэн бол хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно гэж заасан. Иймээс тайлант хугацаанд татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогод хамааралгүй, хуулийн дагуу чөлөөлүүлсэн орлогод хамаарах 2011 оны 2,198,443,832.51 төгрөг, 2012 оны 17,455,791,398.72 төгрөг, 2013 оны 19,775,449,761.08 төгрөг, 2014 оны 6,848,771,110.46 төгрөг, 2015 оны 219,308,566.51 төгрөгийн худалдан авалтад төлсөн 4,649,776,466.93 төгрөгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14.7-д "Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно." гэж заасныг зөрчсөн байсан тул дээрх дүнгээр илүү төлсөн албан татварын дүнг бууруулж, үлдэгдлийг баталгаажуулсан.

"Р*******” ХХК нь 2016 онд татвар ногдох орлого олоогүй атал 186,221,982.76 төгрөгийн худалдан авалт хийсэн нь, мөн 2017 онд 151,341,976.29 төгрөгийн, 2018 онд 325,704,154.66 төгрөгийн "Р" хотхоны ус, цахилгаан, орон сууцны ашиглалт зэрэг үйл ажиллагаатай холбоотой худалдан авалт хийсэн байсныг тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээтэй хамааралгүй гэж зөрчилд тооцон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14.6-д "Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.4. тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ" гэж заасны дагуу шийдвэрлэсэн.

"Р*******” ХХК нь 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 09, 10 дугаар сарын тайлангийн импортын худалдан авалт хэсэгт 02-2091008-13-133516R дугаартай гаалийн мэдүүлгээр 24,056,095.85 төгрөгийн худалдан давхардуулан тайлагнасан нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн болон тайлангийн мэдээллээр нотлогдож байсан. Харин 2012 оны жилийн дүнгээр тайлагнасан импортын худалдан авалтын дүн буюу 4,748,408,706.59 төгрөг нь Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн гаалийн мэдээний 4,741,518,092.69 төгрөгийн дүнгээс 6,890,613.90 төгрөгөөр илүү тайлагнасан дүнг бууруулж, 17,165,481.95 төгрөгийг зөрчилд тооцсон. Тус компанийн 2015 оны 12 дугаар сарын татварын тайланд 950,000,000.00 төгрөгийн худалдан авалтын буцаалтыг нийт илрүүлсэн зөрчлийн дүнгээс хасаж тооцсон болно. 

2/ "Р*******" ХХК нь 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 17 дугаар албан бичгээр татварын илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасны дагуу тус хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Н, С.Д нар 2017-2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг шалгаж, албан татварын илүү төлөлтийг 4,803,427,388.30 төгрөгөөр баталгаажуулан Том татвар төлөгчийн газарт албан татварыг буцаан олгуулах саналыг ирүүлсэн. Хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу Том татвар төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нар нь 2007 оны 12 сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд *******0 тоот томилолтоор хэсэгчилсэн шалгалтыг 2019 оны 10 сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд ...Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах, шийдвэрлэх, 47.1-д Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө, ...Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7.10-д “Маргаан таслах зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэрийг татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагч, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй…” гэж заасныг зөрчөөгүй. Учир нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан Таслах зөвлөлийн тогтоол нь Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч С.Д, татварын улсын байцаагч 3.Т нарын 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 0295632 тоот татварын улсын байцаагчийн акттай холбоотой гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тул Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан акт нь хуульд нийцсэн байх тул актыг хэвээр баталж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

12. Хариуцагч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2019 оны 10 дугаар сард томилолт анх үүссэн. Манай татварын программ 2019 оны сүүлээс шинэчлэгдсэн. Хуучин программ дээр үүссэн байсан томилолтыг шинэ программ руу оруулахад томилолт нь дахин хэвлэгдэх байдлаар гарч ирсэн учраас эх хувь нь байх ёстой гэдэг үүднээс 2 томилолт байгаа. Томилолтын өөрчлөлт, сунгалт программаас автоматаар нэг дугаарлалттай гардаг. Татварын алба татварын хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, татвар төлөгчийн хүсэлтээр гэсэн байдлаар хяналт шалгалт хийдэг. 

Шалгалтын хувьд төрлийн хувьд өөр байгаа. Үүний дагуу хяналт шалгалт хийгээд энэ хугацаанд тус компани нь 2018 оны 08 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн борлуулалт нь хийгдсэн орон сууцыг 2014 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу огт тайлагнаагүй байсан. Орлогоо огт тайлагнаагүй санхүүгийн тайлан дээрээ бараа материал, урьдчилж төлсөн, дансны үлдэгдэл гэх зэрэг орлогоо тухайн хууль батлагдсанаар тайлагнаж албан татварыг чөлөөлүүлж бусад холбогдох торгууль, алдангийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Томилолтын хүрээнд тухайн нуусан орлогыг ил болгосонд нь ямар нэгэн хариуцлага тооцоогүй. 

Албан татвар суутган төлөгч нь үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар оруулсан болон худалдан авсан ажил үйлчилгээний зарим хэсэгт албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого эсхүл албан татвар ногдох орлогод хамаарагдахгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд хасаж тооцно гэсэн байгаа юм. Энэ заалтыг татвар төлөгч чөлөөлөгдөх эсхүл хамаарагдахгүй ажил үйлчилгээнд зориулсан бол энэ заалтыг хэрэглэх ёстой гэж дутуу ойлгоод байна. Чөлөөлөгдөх орлого хэсэгт тавиагүй гэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсантай холбогдуулаад тухайн ил болгож байгаа орлогыг тайлагнах тусдаа хууль батлагдсан. Хяналт, шалгалтын маягтын 24 дүгээр мөрөнд бусад хасагдахгүй нэмэгдсэн өртгийн албан татвар гэсний 1 дүгээр баганад  9,5 тэрбум төгрөгийн худалдан авалтыг борлуулалтаасаа хасаж тооцоогүй гэдэг байдлаар тавиад 5,5 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил илрүүлээд үүний зөрүүгээр 4,6 тэрбум төгрөгөө тавьсан. 950 сая төгрөгийн хасагдахгүй үнээр тайлагнасан бол тухайн шалгалтаар эхний төлөлттэй падааны худалдан авалтууд байсан. Энэ хэсгийн 3,5 тэрбум төгрөг нь системээр харагдаж байна үлдсэн 6 тэрбумыг ямар худалдан авалтад төлөвлөсөн бэ гэхээр  нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Үүнээс гадна тус компани татвараа нууж, тайлагнасан байсан тохиолдолд 4,8 тэрбум төгрөгийн илүү төлөлт байхгүй болж улсад буцаагаад татвар төлөх байсан. Өөрсдөө тухайн орлогоо нууж татвар төлөөгүй байж 4,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, улсад шударгаар төлсөн татвар төлөгчийн мөнгөнөөс авах гэж байгаа нь ёс зүйд нийцэхгүй байна.” гэв. 

 13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нарт хэзээ томилолт үүсгэгдсэн тэр хугацаанаасаа журмыг барьсан эсэхийг ярих нь зохимжтой юм. Өмнөх байцаагч нарын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр н.О, н.С, н.Төгсбаяр гэх мэтчилэн байцаагч нар томилогдоод өөрчлөгдсөн тухайн үедээ мөрдөгдөж байсан дүрэм журмыг удирдлага болгосон. Тухайн зөрчил гарах үед хэрэгжиж байсан хуулийг хэрэглэсэн эсэхийг барих ёстой. Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн тогтоол өнөөдрийн маргаантай асуудалд хамааралгүй. 

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагч н.Н, н.Д нар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийгээд 4,5 тэрбум төгрөгийн илүү төлөлт үүсгэсэн саналыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Том татвар төлөгчийн газарт дагуу ирүүлсэн. Энэ процессоос эхэлж л хуулийн дагуу процесс явагдсан эсэхийг л ярих ёстой. Сүхбаатар дүүргийн байцаагч нарын хийсэн актыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Том татвар төлөгчийн газар хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд хянаж үзээд энэ бол буцаан олгогдох дүн биш байна. Харин буцаан олгогдох дүнг хуульд заасны дагуу бууруулаад нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 83 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан нь хуульд нийцсэн гэж үзсэн. Энэ процессоос өмнөх хийгдсэн Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг бариад байгаа нь хуулиар олгогдсон журамтай нийцэхгүй байна. Илүү төлөлтийг буцаан авах харилцаа бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу журамласан харилцаа байдаг. 

2012-2014 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хуучин 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хууль хэрэгжиж байсан. Гэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд тодорхой заасан. Хэрэв бид нар хуучин хуулийг хэрэглээд 74 дүгээр зүйлийн дагуу хариуцлага тооцох байсан бол торгууль алданги тооцох зохицуулалт байгаа. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-д “ төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж заасан. Иймд хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үзэх үндэслэл байхгүй. Татвар төлөгчид ашигтай байдлаар хэрэгжүүлсэн нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан асуудал яригдахгүй.” гэв.

 14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй. Улсын байцаагч нар Татварын ерөнхий хуульд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол төлөлтийн баталгаажилтыг хийсэн. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нарын хийсэн хяналт шалгалт татвар төлөгчийн төлөлт ногдуулалтыг хийж байгаа шалгалт юм. Сая хийгдсэн шалгалт бол төлөлтийг баталгаажуулах өөрсдийн хүсэлтээр хийгдсэн 2 өөр шалгалт юм. 

Нэхэмжлэгчийн тухайд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа ажил үйлчилгээтэй холбоотой албан татваруудыг нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хэсэгт тайлагнасан. Үндсэндээ барилгаа барьж худалдан борлуулсан борлуулалтын орлогыг тайлагнах ёстой байсан. Гэтэл Эдийн засгийн илт тод байдлын тухай хуулиар манайх чөлөөлөгдөнө гэж тайлагначихаад одоо дахиад үүнийгээ хасаж оруулж ирээд байгаа. Хэрвээ чөлөөлөгдөх орлого байвал хасахгүй гэсэн хуулийн заалт байдаг. Шинээр мэдүүлээд байгаа нуусан орлогуудыг хаана ч тэмдэглээгүй байгаа. Улсаас буцааж авах авлага гэж үүсгээд байгаа нь хууль бус юм.” гэв. 

15. Иргэдийн төлөөлөгч П.О дүгнэлтдээ: “Нөхөн татвар ногдуулахгүй байх хэрэгтэй гэж үзэж байна. Дахин акт гаргах нь буруу. Илүү төлөлтөөс татвараа суутгуулж хасуулах зэргээр “0” болгох нь зүйтэй гэж үзэж байна. Борлуулалтын орлогоо татварт тайлагнаагүй гэсэн дүгнэлт үнэн зөв бол тухайн үед нь торгууль тавих ёстой байсан” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

  1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.“Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.” гэж заажээ. 

Хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн татварын хяналт шалгалт хийх томилолтоос үзвэл татварын хяналт шалгалт эхлэх, зарцуулах хугацааг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эхэлж 18 ажлын өдөрт дуусгахаар заасан байна. 

Хяналт шалгалтын явцад хяналт шалгалт дуусах эцсийн хугацааг сунгасан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд багтаж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан акт үйлдсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцсэн байна. 

  1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.15.“”нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг;”, 45 дугаар зүйлийн 45.1.“Татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлнэ.”, 45.2.“Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ.”, 45.3.“Татвар төлөгч энэ хуулийн 45.2-т заасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол энэ хуулийн 46.1-д заасан Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.” гэж заажээ. 

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нар “Р*******” ХХК-ийн 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг хийж,  2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар 4,724,000,423.48 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж, тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож, Р******* ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 83,767,802.96 төгрөгөөр баталгаажуулсан байна.

Гэвч ийнхүү акт үйлдэхдээ энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-д дурдсанчлан Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолоор “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нэмж мэдүүлсэн тайлан гаргаснаар тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр, авлагын үлдэгдэл өөрчлөгдөөгүй байна. Тус компани чөлөөлөгдөх борлуулалтад хамаарах худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг авлагаар бүртгэж илүү төлөлтийг өсгөсөн гэсэн үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.9 заалтыг зөрчсөнд тооцон хариуцлага хүлээлгэсэн нь буруу байна.” гэж дүгнэн “Р*******” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0295632 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 4,602,439,923.1 төгрөгийн төлбөрөөс хүчингүй болгосон 4,599,808,832.1 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон байхад дахин нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй болжээ. 

Учир ньТатварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10.”Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.”, 47.18.”Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө.” гэж заасан ба Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоол хүчинтэй байхад “Р*******” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн шалгалтаар илэрсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан, бараа, ажил үйлчилгээ” гэсэн хэсэгт тусган төсвөөс буцаан авах үлдэгдлийг өсгөсөн зөрчилд дахин нөхөн татвар ногдуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

Дээрх байдлаар хариуцагч нар хууль зөрчсөн байх боловч Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т зааснаар татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ ирүүлсэн харьяалах татварын албаны хянаж шалган, баталгаажуулсан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэх нь хариуцагчид хуулиар олгосон бүрэн эрх байна.

Гэтэл  Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолоор “... Тус компанид чөлөөлөгдөх борлуулалтад хамаарах худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг авлагаар бүртгэж илүү төлөлтийг өсгөсөн гэсэн үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.9 дэх заалтыг зөрчсөнд тооцон хариуцлага хүлээлгэсэн нь буруу байна. …” гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, З.Т нарын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0295632 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 4,602,439,923.1 төгрөгийн төлбөрөөс  4,599,808,832.1 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон байхад маргаан бүхий *******0 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар урьд хүчингүй болгосон нөхөн татварыг дахин ногдуулж нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 83,767,802.96 төгрөг гэж баталгаажуулсан нь үндэслэлгүй байна.

Энэхүү үндэслэл нь маргаан бүхий *******0 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна гэж үзлээ. Учир нь урьд шалгасан нэхэмжлэгч компанийн 2012-2016 оноос бусад онуудад хамаарах нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулах эрх нь татварын албанд хадгалагдаж байх тул дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.”шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар нэхэмжлэгч компаний нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийн дагуу хүчин төгөлдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолын талаар дүгнэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахаар байх тул Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нарын “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар актын биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

3.  Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн илүү төлөлтөөс татвараа суутгуулж хасуулах байдлаар татварын өргүй болгох нь зүйтэй гэж үзэж, хариуцагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар актаар нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Шүүх дээрх үндэслэлүүдээр Татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нарын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар актын биелэлтийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд заасан үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 47 дугаар зүйлийн 47.10, 47.18-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар актыг шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*******, Н.М******* нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******0 дугаар актыг хүчингүйд тооцсугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс илүү төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч нараас 70200 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН

                             ШҮҮГЧ                                        Ө.БОЛОРЧИМЭГ

                             ШҮҮГЧ                                        Т.ГАНГЭРЭЛ