Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 38

 

Ц.Б нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 399 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Жинст баг, Хөгжил 3-5-2 тоотод оршин суух, Ц. Б /РД:ДЭ87082511/ нэхэмжлэлтэй, Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.А нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц овогтой Б би 1987 онд төрсөн, 31 настай, 2009 онд радио телевизийн электроник инженер мэргэжлээр БХИС-ийг төгсөж ирээд 9 дэх жилдээ Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газарт цахилгааны инженерийн албан тушаалд ажиллаж байна. Гэвч би байгууллагадаа цахилгаан хөргөлт хариуцсан инженер, антенны инженер, техникч, ээлжийн инженер гэх зэрэг албан тушаалуудад хавсран ажиллаж нэг ч удаа саатал доголдолгүй, гэмтэл сааталгүй, ажиллаж ирсэн билээ. 2014 онд байгууллагын шилдэг инженерээр шалгаран ажиллаж байсан. 2016 оны сүүлчээр байгууллагын удирдлага солигдон өчүүхэн маргаанаас болж, түвшин тогтоох шалгалт нэрийдлээр 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халлаа. Шалгалтын материалтайгаа танилцья гэхэд нууцын зэрэглэлтэй гээд үзүүлээгүй. Амаар авсан шалгалтад зөв хариулсаар байтал буруу байна гэсэн. Манай радио сүлжээний газрын дарга Б.А нь төвөөс ирсэн хүмүүстэй үгсэн хуйвалдаж шалгалтыг өөрийн дур зоргоор дүн тавьж нягтлан бодогч Х.Д бид хоёрыг ажлаас халсан. Шалгалт аваад Ентүм зочид буудалд очиж маргааш нь дүнгээ танилцуулсан. Тестээр, мөн амаар авч шалгалтаа засаад дүнг танилцуулаагүй. Мөн онлайнаар авсан шалгалтаа нэгхэн хувиар дутаасан. Мөн машинтай замд явж байгаад саатал гарч ахлах инженерээс чөлөө авч дараа нь нөхөж, ажилдаа гарсан үед ажил тасалсан нэрийдлээр 3 сар цалингийн 20 хувиар шийтгүүлэн тушаал гарсан боловч шүүхээр шийдүүлж, даргын буруутай шийдвэр гаргасан нь тогтоогдсон. Түрүүний шүүх хуралдаанаас надад өширхөж ийм байдал хүрч байгаа юм. Б.А дарга нь байгууллагын ажилчдыг талцуулан хувааж ажлын байр заал объектод ажилчдыг оруулан холилдуулж хэн нь ямар ажил албан тушаалд юу хийдэг нь мэдэгддэггүй. Ямар ч дэг журам эмх замбараагүй болгосон. Мөн үргэлжийн хэрүүл маргаан бие биенээ хардсан, дарамт шахалт үзүүлсэн айдастай байдаг болгосон. Энэ байгууллагад сургууль төгсөж томилогдож ирээд бүх насаа зориулан ажиллаж амьдарч байгууллага авч яваа 2 ахлах инженер байдаг. Гэтэл нэгийг нь цагаачаар нь дуудан өөрөө биш хүнээр хэлүүлэн хэл амаар доромжлон хүний гараар могой бариулдаг. Манай байгууллага энэ жил 40 жилийн ойтой гэтэл шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болсон. Манай байгууллагын ахмад М.Б орлогч захирал Ц.Г нарыг ирсэн байхад ийм байдалтай яаж ой тэмдэглэх вэ? Манай байгууллага нийт 18 ажилчинтай. Б.А дарга болж орж ирээд нийт 4 хүнийг хууль бусаар халсан. Манай байгууллага цөөхөн ажилчидтай, гэтэл энэ хэдэн хүмүүсийг удирдан зохион байгуулах ур чадвар Б.А даргад үнэхээр дутагдаж байна. Энэ байгууллагыг удирдаад аваад явах 2 сайхан ахмад инженер байна. Цаашид энэ талаар удирдах дээд байгууллагад санал сэтгэгдлээ илэрхийлэх болно. Дарга болох Б.А нь удирдан ажиллах чадваргүй, бүх ажилчидтай таардаггүй, дунд нь хов ярьж, хоёр, гурав болгон хувааж ажилчдыг хооронд талцуулан үргэлж, хэрүүл маргаантай байдаг. Би энэ 9 жил ажиллаж хугацаандаа 4 жил албан тушаалд хавсран ажиллахдаа 10 хувь цалингийн нэмэгдэл авдаг байсан. Үүнээс үзэхэд би энэ албан тушаалуудад хавсран ажилласны хувьд улсад болон байгууллагад олон сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан. Би гэр бүлтэй, 2 бага насны хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ амьдардаг. Цаашид байгууллагадаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж ажилд минь эгүүлэн ажиллуулах талаар үнэн зөвөөр тунгаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дээд газраас ирж шалгалт аваад 2 удаагийн шалгалтад тэнцээгүй учраас дүрэм журмын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Манай Радио телевизийн үндсэн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар гэж дээд босоо удирдлага маань байдаг. Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдэрийн газрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай А/03 дугаар тушаалын дагуу тус газрын Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Л.У, Захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх Д.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдөр түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулж авсан. Энэ шалгалтаар Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын 8 албан хаагч 2018 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдөр шалгалтанд хамрагдаж 3 албан хаагч тэнцэж 5 албан хаагч тэнцээгүй. Түүний нэг нь Ц.Б бөгөөд 60 оноо авч тэнцэх байснаас 54 оноо авч тэнцээгүй. Ц.Б нь тестийн шалгалтанд 90 оноо авах байснаас 47 оноо авсан. Шалгалтын комиссын зүгээс 10 онооны аман асуултад 7 оноог өгч нийт 54 оноо авсан. Мөн шалгалтанд хамрагдсан албан хаагчдад дүнг комисс биечлэн танилцуулж шалгалтын материалтай танилцуулсан. Нэг дэх шалгалтаа аваад ажилчдыг цуглуулаад хурал хийгээд шалгалттай холбоотой асуудал байна уу? Ийм ийм байна гээд хүмүүсийн нэрийг кодолсон байсан учраас дүнгүүдээ хэлж танилцуулаад эхний шалгалт явсан. Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын дээрх шалгалтанд тэнцээгүй 5 албан хаагчдаас дээд газар /РТҮС УТҮГ/ 2018 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдөр дахин шалгалтанд хамруулахад 5 албан хаагчаас 3 нь тэнцэж, 2 нь тэнцээгүй. Түүний нэг нь Ц.Б тестэнд 49, комиссын 10 оноо нийт 59 оноо авч тэнцээгүй. Дараагийн шалгалтыг онлайнаар эх орон даяар Монгол улсад байгаа 5 станц бүгд нэг цагт эхлээд техникийн нөхцөлөө урд өдөр нь бүрдүүлээд авсан. Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлдээ ...шалгалтын материалтай танилцъя гэхэд нууцын зэрэглэлтэй гээд үзүүлээгүй, амаар авсан шалгалтад зөв хариулсаар байхад буруу байна... гэжээ. Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай А/03 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам-ын 8.1-д Шалгалттай холбоотой гарсан санал, гомдлыг комисс хүлээн авч зохих шийдвэр гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б энэ тухай гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан. Мөн Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай А/03 дугаар тушаалыг тус газрын дэд захирал Ц.Г болон шалгалт зохион байгуулах комисс салбарын бүх албан хаагчдад ил тод, нээлттэй танилцуулж байсан. Шалгалтын комисс шалгалт өгсөн албан хаагчдын материалыг тэр тусам тэнцээгүй албан хаагчдын материалыг тухай бүр өөрт нь үзүүлж байсан ба энэ тухай Ц.Б 2 удаа шалгалт өгөхдөө ямарваа нэгэн санал, гомдол гаргаж байгаагүй болно. Энэ шалгалтыг авсны дараа Бадарч чөлөө албан ёсоор аваад хот руу ээжийгээ авч явна гээд явсан. Тэр үедээ шалгалтын комисст санал гомдлоо хэлэх бүрэн боломж байсан. Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын захирлын тушаалаар батлагдсан шалгалтын комисс тус газрын захирал С.Ц илтгэх хуудсаар шалгалтын дүнг танилцуулж шалгалтанд тэнцээгүй нэр бүхий 7 албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг хүргүүлж, мөн тус газрын захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр хуралдаанаар шалгалтанд тэнцээгүй албан хаагчдыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсан. Үүний дагуу Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын захирлын 2018 оны Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай А/03 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам-ын 5.3.5-д зааснаар ...дахин тэнцээнгүй тохиолдолд ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болно, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т ...хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тус тус заасныг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгч, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын Б/09 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ц.Б ажлаас чөлөөлсөн болно. Ц.Б нэхэмжлэлийг сайн ойлгохгүй байна. Шалгалтыг шударга бус явагдсан гэж үзээд байгаа юм уу? гэж ойлгоод байна. Түүнээс энэ шүүх хуралдаантай холбогдолгүй зүйлийг их ярьж байна гэж үзэж байна. Хамт олныг талцуулдаг гээд яриад байгаа зүйл нь манай хамт олон хурлаа хийгээд хэрэгтээ гарын үсгээ зуруулаад хавсаргасан байгаа. Үүнд галч гарын үсгээ зураагүй. Мөн Т.Х гээд олон суваг телевизийн хүн амарчихсан байгаа учраас оролцоогүй. Бусад нь тайлбараа хэлээд гарын үсэг зурсан. Энэ талаар тайлбараа хүргүүлсэн байгаа. Энэ хүнийг хувийн сонирхлоор халаагүй. Эхний шалгалт болон давтан шалгалтад тэнцээгүй учраас дүрэм журмынхаа дагуу халсан. Эхний шалгалтад ер нь унах нь унаад тэнцэх нь тэнцсэн. Дараагийн шалгалтад 2 хүн тэнцээгүй. Шалгалтаар ирсэн комисстой үгсэн хуйвалдсан зүйл байхгүй. Би нэг зүйлийг дурдаад өнгөрье. Шүүх хуралдаанд хамаатай биш. Ц.Б тухайд надтай 2, 3 удаа ярьж байсан. Би тантай ингэж харьцахгүй. Муухай харьцаа үүсгэхгүй гээд ажлын байран дээр согтуу үедээ ч эрүүл үедээ ч хэлж байсан. Би энэ хүнийг ажлын байран дээр согтуу байна гэсэн нүдээр хэзээ ч харж байгаагүй. Энэ хүүхэд залуу хүүхэд, миний дүү ямар нэг маргаанд ялагч гэж байдаггүй. Чи миний хүүгээс ялгаа юу байхав гээд 2 хацар дээрээс нь үнсээд ээж хүний журмаар хандаж байсан. Тэр үед нь баримтжуулаад үүний мууг үзье гээд явах боломж байсан боловч би тэгээгүй. Үүнийг Ц.Б өөрөө мэдэж байгаа байх миний хүүгээс ялгаа юу байхав гэдэг үгийг Ц.Б нэлээд хэд хэлдэг. Энэ шалгалтыг би аваагүй дээд газраас ирсэн учраас үгсэн хуйвалдах шалгалтын дүнг би мэдэхгүй. Техник хэрэгслийг бүрдүүлээд шалгалтдаа хамрагд, хичээлээ хий. Байгууллагын зүгээс ямар л сургалт байдаг юм түүнд нь хамруулъя гээд аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсээс туслалцаа аваад сургалт оруулаад, архив албан бичиг хөтлөлт гэх мэт миний зүгээс хийж болох сургалтуудыг орууллаа та бүхэн хичээл номоо сайн хий гэдэг шаардлага тавьсан болохоос тэр унаасай тэрийг ингэе гэсэн бодол байхгүй. Мэдэгдэх хуудсаа гардуулж байхад хурлын протокол үйлдсэн, надад энд эх хувиараа байна. Түүн дээрээ төв рүү очиж лавлаарай одоо хугацаа байна шүү гэж хэлсэн зүйлүүд баримттайгаа байж байна. Шалгалтын комисс захирлын зөвлөлийн нэгдүгээр хурлаар орж илтгэх хуудсаар дүнгээ танилцуулсан байна билээ. Энэ энэ аймгаас ийм хүмүүс тэнцээгүй байна гээд хэлэлцүүлсэн байсан. Үүнээс хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг оруулж захирлын зөвлөлийн нэгдүгээр хурлаар тэнцээгүй албан хаагчдыг ажлаас чөлөөлөх гэсэн шийдвэр гараад үүний дагуу надад мэдэгдэх хуудсаа өгөөрэй гэсэн. Хуулийн дагуу сарын өмнө өгөөд протокол хөтлөөд протокол дээр миний дурдсанчлан эргүүлээд та нар төв рүүгээ яриарай гэсэн. Ингээд мэдэгдэх хуудсаа өгөөд 5 дугаар сарын 22-ны тушаалаар дээд газрын тушаалыг дагаад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Иймд Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/09 дүгээр тушаал хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул Ц.Бадарчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол овгийн Ц. Б Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газрын цахилгааны /ХАБЭА-г хавсарсан/ инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.223.927 /хоёр сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц. Б олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.223.927 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 50.533 төгрөг, нийт 120.733 төгрөгийг хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газраас гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2018/00399 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэн Ц.Б нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газарт холбогдох иргэний хэргийг тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ц.Б нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан зүйл заалтыг огт дурдаагүй бөгөөд “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ыг хууль ёсны явагдаагүй, шударга бус явагдсан гэж бичсэн байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын 2018 оны “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ыг процессын хувьд зөв явагдсан бөгөөд тус шалгалтанд тэнцээгүй Ц.Б холбогдох журмыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дурдсан. Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын дарга Б.А миний бие 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус газраас тэнцээгүй Ц.Б болон Х.Д нарт түвшин тогтоох шалгалтанд тэнцээгүй тул хууль, журамд заасны дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг гардуулж өгтөл энэ хоёр ажилтан хоёулаа авалгүй хаяад гараад явсан. Энэ тухай гэрчийг байлцуулан тэмдэглэл хөтөлсөн тухайгаа анхан шатны шүүх хурлын явцад дурдсан нь шүүхийн шийдвэрт байдаг. /Мөн тус газрын ажилтан “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-д тэнцээгүй Х.Д нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2018/00400 дугаар шийдвэрт ...Мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй... шүүхээр шийдвэрлүүлье гэж дурдсан./ Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 тоот тушаалын үндэслэл хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийг тус тус үндэслэн тушаал гаргаж Ц.Б ажлаас чөлөөлсөн билээ. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хэдийгээр Ц.Б ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан... бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулах... гэжээ. Б.А би холбогдох хууль тогтоомжийг хэрэглэн Ц.Б ажлаас чөлөөлөхдөө 1 сарын өмнө бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулах гэтэл энэ асуудлыг үл ойшоон шүүхээр шийдүүлнэ. Би юуг нь авах вэ гэж хэлээд гараад явсан. Монгол Улсын Үндсэн хуульд ...иргэн бүр халдашгүй дархан байх эрхийг заасан байдаг. Хариуцагч миний бие иргэний эрхэд халдаж хүчээр мэдэгдэх хуудас өгч, гарын үсэг зуруулах ямар ч эрхгүй юм. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас авсан, энэ тухай 1 сарын өмнө сонссон, ямар учраас аваагүй талаар огтхон ч асуугаагүй, мөн гэрчээр надаас болон албан хаагчдаас энэ тухай тайлбар, мэдээлэл авалгүй хэтэрхий нэг талыг барьж хэргийг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Миний бие Б.А нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Ц.Б ажлаас нь чөлөөлсөн бөгөөд, нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөгдөх болсныг 1 сарын өмнө мэдэгдэж, ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг гардуулж өгч байхад авалгүй хаяад гарч явсныг анхан шатны шүүх, мэдэгдэх хуудас гардуулаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.А би анхан шатны шүүхийн шийдвэр, байдлыг сэтгэл дотроо дүгнэж үзэхэд цаашид ажилдаа тэнцэхгүй, алдаа дутагдал гаргасан албан хаагчийг ажлаас чөлөөлөх нөхцөл байдал бий болбол, ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг хуульд заасны дагуу мэдэгдэхэд, тухайн ажилтан авахгүй хаяад гарч яваад шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх байгууллага ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас гардуулаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх юм байна гэж үзэж байна. Иймд давж заалдах шүүх миний гомдлыг нягтлан үзэж, Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын Ц.Б ажлаас чөлөөлөх тухай 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дугаар тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2018/00399 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт холбогдуулан урьд эрхэлж байсан тус газрын цахилгааны инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даатгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч уг үндэслэлээ Ц.Б нь Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь радио сүлжээний газрын цахилгааны инженерээр ажиллаж байхдаа Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2018 оны А/03 тоот тушаалаар баталсан “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам”-ын дагуу 2 удаагийн шалгалтанд тэнцээгүй тул уг журмын 5.3, хөдөлмөрийн дотоод журмын 2.12, 2.13, 2.14 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын тушаалаар “Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулах комисс байгуулан, шалгалт явуулах журам, удирдамж, шалгалтад хамрагдах албан хаагчдын нэрийн жагсаалтыг баталж тус Говь-Алтай аймагт ажилласан бүрэлдэхүүн нь үүний дагуу шалгалтыг авч илтгэх хуудсаар удирдлагадаа танилцуулсан байна. /х/х-ийн 133/

Нэхэмжлэгч Ц.Б нь уг шалгалтанд авбал зохих оноо /60 босго/-г аваагүй буюу 58 оноо авч тэнцээгүй, давтан шалгалтад 49 оноогоор дахин тэнцээгүй болох нь шалгалтын материал, шалгалтыг зохион байгуулсан комиссын илтгэх зэргээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг төвөөс ирсэн шалгалтын хүмүүстэй үгсэн хуйвалдаж шалгалтыг өөрийн дур зоргоор дүн тавьж ажлаас халсан гэж маргаж байгаа ч үүнийгээ баримтаар нотлоогүй байна.

Харин нэхэмжлэгчийг шалгалтын материалтайгаа танилцъя гэхэд нь нууцын зэрэглэлтэй гэх шалтгаанаар  үзүүлээгүй бол хариуцагчийн буруу юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх шаардлагатай байна.

Гэтэл дээрх шалгалтыг зохион байгуулж авсан комиссын илтгэх хуудасны дүгнэлт нь “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2- т зааснаар “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон...” гэж тус тус заасны дагуу дахин шалгалтад тэнцээгүй нэр бүхий 7 албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналтай байна гэснээс өөр баримтгүй байгаа нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзнэ.

Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулах үүргээ биелүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэгч Ц.Б урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2018/00399 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.А давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.733 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЭНХТӨР

 

                                                     ШҮҮГЧИД                             Б.НАМХАЙДОРЖ

 

                                                                             Т.ЖАРГАЛСАЙХАН