Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 399

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.А, гэрч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 1987 онд төрсөн, 31 настай, 2009 онд радио телевизийн электроник инженер мэргэжлээр БХИС-ийг төгсөж ирээд 9 дэх жилдээ Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газарт цахилгаан инженерийн албан тушаалд ажиллаж байна. Гэвч би байгууллагадаа цахилгаан хөргөлт хариуцсан инженер, антенны инженер, техникч, ээлжийн инженер гэх зэрэг албан тушаалуудад хавсран ажиллаж нэг ч удаа саатал доголдолгүй, гэмтэл сааталгүй, ажиллаж ирсэн билээ. 2014 онд байгууллагын шилдэг инженерээр шалгаран ажиллаж байсан. 2016 оны сүүлчээр байгууллагын удирдлага солигдон өчүүхэн маргаанаас болж, түвшин тогтоох шалгалт нэрийдлээр 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халлаа. Шалгалтын материалтайгаа танилцья гэхэд нууцын зэрэглэлтэй гээд үзүүлээгүй. Амаар авсан шалгалтад зөв хариулсаар байтал буруу байна гэсэн. Манай радио сүлжээний газрын дарга А нь төвөөс ирсэн хүмүүстэй үгсэн хуйвалдаж шалгалтыг өөрийн дур зоргоор дүн тавьж нягтлан бодогч Д бид хоёрыг ажлаас халсан. Шалгалт аваад Ентүм зочид буудалд очиж маргааш нь дүнгээ танилцуулсан. Тестээр, мөн амаар авч шалгалтаа засаад дүнг танилцуулаагүй. Мөн онлайнаар авсан шалгалтаа нэгхэн хувиар дутаасан. Мөн машинтай замд явж байгаад саатал гарч ахлах инженерээс чөлөө авч дараа нь нөхөж, ажилдаа гарсан үед ажил тасалсан нэрийдлээр 3 сар цалингийн 20 хувиар шийтгүүлэн тушаал гарсан боловч шүүхээр шийдүүлж, даргын буруутай шийдвэр гаргасан нь тогтоогдсон. Түрүүний шүүх хуралдаанаас надад өширхөж ийм байдал хүрч байгаа юм. А дарга нь байгууллагын ажилчдыг талцуулан хувааж ажлын байр заал объектод ажилчдын оруулан холилдуулж хэн нь ямар ажил албан тушаалд юу хийдэг нь мэдэгддэггүй. Ямар ч дэг журам эмх замбараагүй болгосон. Мөн үргэлжийн хэрүүл маргаан бие биенээ хардсан, дарамт шахалт үзүүлсэн айдастай байдаг болгосон. Энэ байгууллагад сургууль төгсөж томилогдож ирээд бүх насаа зориулан ажиллаж амьдарч байгууллага авч яваа 2 ахлах инженер байдаг. Гэтэл нэгийг нь цагаачаар нь дуудан өөрөө биш хүнээр хэлүүлэн хэл амаар доромжлон хүний гараар могой бариулдаг. Манай байгууллага энэ жил 40 жилийн ойтой гэтэл шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болсон. Манай байгууллагын ахмад Б орлогч захирал Г нарыг ирсэн байхад ийм байдалтай яаж ой тэмдэглэх вэ? Манай байгууллага нийт 18 ажилчинтай. А дарга болж орж ирээд нийт 4 хүнийг хууль бусаар халсан. Манай байгууллага цөөхөн ажилчидтай, гэтэл энэ хэдэн хүмүүсийг удирдан зохион байгуулах ур чадвар А даргад үнэхээр дутагдаж байна. Энэ байгууллагыг удирдаад аваад явах 2 сайхан ахмад инженер байна. Цаашид энэ талаар удирдах дээд байгууллагад санал сэтгэгдлээ илэрхийлэх болно. Дарга болох Б.А нь удирдан ажиллах чадваргүй, бүх ажилчидтай таардаггүй, дунд нь хов ярьж, хоёр, гурав болгон хувааж ажилчдыг хооронд талцуулан үргэлж, хэрүүл маргаантай байдаг. Би энэ 9 жил ажиллаж хугацаандаа 4 жил албан тушаалд хавсран ажиллахдаа 10 хувь цалингийн нэмэгдэл авдаг байсан. Үүнээс үзэхэд би энэ албан тушаалуудад хавсран ажилласны хувьд улсад болон байгууллагад олон сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан. Би гэр бүлтэй, 2 бага насны хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ амьдардаг. Цаашид байгууллагадаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж ажилд минь эгүүлэн ажиллуулах талаар үнэн зөвөөр тунгаан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дээд газраас ирж шалгалт аваад 2 удаагийн шалгалтад тэнцээгүй учраас дүрэм журмын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Манай Радио телевизийн үндсэн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар гэж дээд босоо удирдлага маань байдаг. Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдэрийн газрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” А/03 дугаар тушаалын дагуу тус газрын Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Л.У, Захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх Д.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдөр түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулж авсан. Энэ шалгалтаар Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын 8 албан хаагч 2018 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдөр шалгалтанд хамрагдаж 3 албан хаагч тэнцэж 5 албан хаагч тэнцээгүй. Түүний нэг нь Ц.Б бөгөөд 60 оноо авч тэнцэх байснаас 54 оноо авч тэнцээгүй. Ц.Б нь тестийн шалгалтанд 90 оноо авах байснаас 47 оноо авсан. Шалгалтын комиссын зүгээс 10 онооны аман асуултад 7 оноог өгч нийт 54 оноо авсан. Мөн шалгалтанд хамрагдсан албан хаагчдад дүнг комисс биечлэн танилцуулж шалгалтын материалтай танилцуулсан. Нэг дэх шалгалтаа аваад ажилчдыг цуглуулаад хурал хийгээд шалгалттай холбоотой асуудал байна уу? Ийм ийм байна гээд хүмүүсийн нэрийг кодолсон байсан учраас дүнгүүдээ хэлж танилцуулаад эхний шалгалт явсан. Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын дээрх шалгалтанд тэнцээгүй 5 албан хаагчдаас дээд газар /РТҮС УТҮГ/ 2018 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдөр дахин шалгалтанд хамруулахад 5 албан хаагчаас 3 нь тэнцэж, 2 нь тэнцээгүй. Түүний нэг нь Ц.Б тестэнд 49, комиссын 10 оноо нийт 59 оноо авч тэнцээгүй. Дараагийн шалгалтыг онлайнаар эх орон даяар Монгол улсад байгаа 5 станц бүгд нэг цагт эхлээд техникийн нөхцөлөө урд өдөр нь бүрдүүлээд авсан. Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлдээ ...шалгалтын материалтай танилцъя гэхэд нууцын зэрэглэлтэй гээд үзүүлээгүй, амаар авсан шалгалтад зөв хариулсаар байхад буруу байна...” гэжээ. Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” А/03 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам”-ын 8.1-д “Шалгалттай холбоотой гарсан санал, гомдлыг комисс хүлээн авч зохих шийдвэр гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б-д энэ тухай гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан. Мөн Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” А/03 дугаар тушаалыг тус газрын дэд захирал Ц.Г болон шалгалт зохион байгуулах комисс салбарын бүх албан хаагчдад ил тод, нээлттэй танилцуулж байсан. Шалгалтын комисс шалгалт өгсөн албан хаагчдын материалыг тэр тусам тэнцээгүй албан хаагчдын материалыг тухай бүр өөрт нь үзүүлж байсан ба энэ тухай Ц.Б 2 удаа шалгалт өгөхдөө ямарваа нэгэн санал, гомдол гаргаж байгаагүй болно. Энэ шалгалтыг авсны дараа Б чөлөө албан ёсоор аваад хот руу ээжийгээ авч явна гээд явсан. Тэр үедээ шалгалтын комисст санал гомдлоо хэлэх бүрэн боломж байсан. Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын захирлын тушаалаар батлагдсан шалгалтын комисс тус газрын захирал С.Ц-д илтгэх хуудсаар шалгалтын дүнг танилцуулж шалгалтанд тэнцээгүй нэр бүхий 7 албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг хүргүүлж, мөн тус газрын захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр хуралдаанаар шалгалтанд тэнцээгүй албан хаагчдыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсан. Үүний дагуу Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын захирлын 2018 оны “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” А/03 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам”-ын 5.3.5-д зааснаар “...дахин тэнцээнгүй тохиолдолд ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болно”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т “...хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тус тус заасныг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгч, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын Б/09 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ц.Б-г ажлаас чөлөөлсөн болно. Ц.Б-н нэхэмжлэлийг сайн ойлгохгүй байна. Шалгалтыг шударга бус явагдсан гэж үзээд байгаа юм уу? гэж ойлгоод байна. Түүнээс энэ шүүх хуралдаантай холбогдолгүй зүйлийг их ярьж байна гэж үзэж байна. Хамт олныг талцуулдаг гээд яриад байгаа зүйл нь манай хамт олон хурлаа хийгээд хэрэгтээ гарын үсгээ зуруулаад хавсаргасан байгаа. Үүнд галч гарын үсгээ зураагүй. Мөн Х гээд олон суваг телевизийн хүн амарчихсан байгаа учраас оролцоогүй. Бусад нь тайлбараа хэлээд гарын үсэг зурсан. Энэ талаар тайлбараа хүргүүлсэн байгаа. Энэ хүнийг хувийн сонирхлоор халаагүй. Эхний шалгалт болон давтан шалгалтад тэнцээгүй учраас дүрэм журмынхаа дагуу халсан. Эхний шалгалтад ер нь унах нь унаад тэнцэх нь тэнцсэн. Дараагийн шалгалтад 2 хүн тэнцээгүй. Шалгалтаар ирсэн комисстой үгсэн хуйвалдсан зүйл байхгүй. Би нэг зүйлийг дурдаад өнгөрье. Шүүх хуралдаанд хамаатай биш. Б-н тухайд надтай 2, 3 удаа ярьж байсан. Би тантай ингэж харьцахгүй. Муухай харьцаа үүсгэхгүй гээд ажлын байран дээр согтуу үедээ ч эрүүл үедээ ч хэлж байсан. Би энэ хүнийг ажлын байран дээр согтуу байна гэсэн нүдээр хэзээ ч харж байгаагүй. Энэ хүүхэд залуу хүүхэд, миний дүү ямар нэг маргаанд ялагч гэж байдаггүй. Чи миний хүүгээс ялгаа юу байхав гээд 2 хацар дээрээс нь үнсээд ээж хүний журмаар хандаж байсан. Тэр үед нь баримтжуулаад үүний мууг үзье гээд явах боломж байсан боловч би тэгээгүй. Үүнийг Б өөрөө мэдэж байгаа байх миний хүүгээс ялгаа юу байхав гэдэг үгийг Б-д нэлээд хэд хэлдэг. Энэ шалгалтыг би аваагүй дээд газраас ирсэн учраас үгсэн хуйвалдах шалгалтын дүнг би мэдэхгүй. Техник хэрэгслийг бүрдүүлээд шалгалтдаа хамрагд, хичээлээ хий. Байгууллагын зүгээс ямар л сургалт байдаг юм түүнд нь хамруулъя гээд аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсээс туслалцаа аваад сургалт оруулаад, архив албан бичиг хөтлөлт гэх мэт миний зүгээс хийж боох сургалтуудыг оруулаа та бүхэн хичээ номоо сайн хий гэдэг шаардлага тавьсан болохоос тэр унаасай тэрийг ингэе гэсэн бодол байхгүй. Мэдэгдэх хуудсаа гардуулж байхад хурлын протокол үйлдсэн, надад энд эх хувиараа байна. Түүн дээрээ төв рүү очиж лавлаарай одоо хугацаа байна шүү гэж хэлсэн зүйлүүд баримттайгаа байж байна. Шалгалтын комисс захирлын зөвлөлийн нэгдүгээр хурлаар орж илтгэх хуудсаар дүнгээ танилцуулсан байна билээ. Энэ энэ аймгаас ийм хүмүүс тэнцээгүй байна гээд хэлэлцүүлсэн байсан. Үүнээс хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг оруулж захирлын зөвлөлийн нэгдүгээр хурлаар тэнцээгүй албан хаагчдыг ажлаас чөлөөлөх гэсэн шийдвэр гараад үүний дагуу надад мэдэгдэх хуудсаа өгөөрэй гэсэн. Хуулийн дагуу сарын өмнө өгөөд протокол хөтлөөд протокол дээр миний дурдсанчлан эргүүлээд та нар төв рүүгээ яриарай гэсэн. Ингээд мэдэгдэх хуудсаа өгөөд 05 сарын 22-ны тушаалаар дээд газрын тушаалыг дагаад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Иймд Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/09 дүгээр тушаал хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул Ц.Б-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Нэхэмжлэгч Ц.Б нь Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт цахилгааны /ХАБЭА-г хавсарсан/ инженерээр ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Радио телевизийн сүлжээний газрын Говь-Алтай аймаг дахь Радио өргөн нэвтрүүлгийн станцын даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ. Нэхэмжлэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газар нь Ц.Б-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, цахилгааны /ХАБЭА-г хавсарсан/ инженерээр ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. 
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 42.1 дэх заалт, “Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2018 оны А/03 дугаар тушаал, “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам”-ын 5.3, Хөдөлмөрийн дотоод журмын 2.12, 2.13, 2.14 дэх заалтуудыг тус тус үндэслэн Ц.Б-г ажлаас халсан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ. 
Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа дээд газраас ирж шалгалт аваад 2 удаагийн шалгалтад тэнцээгүй учраас дүрэм журмын дагуу ажлаас чөлөөлсөн гэжээ. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “...ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно. 
Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” А/03 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам”-ын 5.3.5-д “...60%-иас доош оноотой бол шалгалтад тэнцээгүй гэж үзэн сургалтад хамруулах, бие даан мэдлэгийн түвшингээ ахиулах арга хэмжээг авч дахин шалгалтад хамруулна.Дахин тэнцээгүй тохиолдолд ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болно” гэж, 6.2-т “Албан хаагчийн мэдлэг, ур чадварын түвшин тогтоох ажлыг газрын хэмжээнд хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулна...” гэж, 6.7-д “...орон нутаг дахь газрын албан хаагчид болон Хэмжилт, засварын төвийн орон нутагт ажилладаг инженер, техникийн албан хаагчид энэ шалгалтад хамрагдана” гэж тус тус заажээ.
Энэхүү журмын дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрүүдэд Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Л.У , Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.М нь Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газарт томилогдон ажиллаж мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан болох нь Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын захирлын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газарт томилолтоор ажиллах удирдамж, албан томилолтын үнэмлэх, Говь-Алтай аймгийн албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалтын илтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. 
Уг шалгалтаар Ц.Б нь 54 оноо авч шалгалтанд тэнцээгүй болох нь Говь-Алтай аймгийн албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалтын илтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн түвшин тогтоох шалгалтын дүнгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Б-н шалгалтын материалаар тогтоогдож байна. 
Улмаар Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай дотоод албан бичгээр орон нутаг дахь газрын шалгалтад тэнцээгүй албан хаагчдаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагаас онлайнаар шалгалтыг авах болсон талаар мэдэгдсэн байх бөгөөд давтан шалгалтад Ц.Б нь 49 оноогоор тэнцээгүй болох нь Говь-Алтай аймгийн албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох давтан шалгалтын дүнгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Б-н онлайн шалгалтын материал, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн давтан шалгалтыг зохион байгуулж явуулсан тухай илтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүх хуралдаанд дарга А нь төвөөс ирсэн хүмүүстэй үгсэн хуйвалдаж шалгалтыг өөрийн дур зоргоороо дүн тавьж нягтлан бодогч Д  бид хоёрыг ажлаас халсан гэж мэтгэлцэж байх боловч гэрч Х.Б нь шүүх хуралдаанд “...2018 оны 3 сард төвөөс 2 хүн ирж шалгалт авахаар болсон. Өмнө нь захирлын тушаал гараад бүх байгууллага даяар хүмүүсийг аттестатчлалд хамруулах тушаал гарсан. Албан бичгээр ирж танилцуулсан. Түүний дагуу төвөөс хоёр хүн ирж шалгалт авсан. Тухайн үед хүн тус бүрээр кодлогдсон шалгалтын материалаа задлаад хүмүүсээ тойруулж суулгаад шалгалтаа авсан. Шалгалт аваад тэр үедээ засаад тэр үедээ танилцуулж бүгдийг нь дуудаж уулзсан. Тухайн үедээ 8 хүнээс 6 хүн тэнцээгүй, 2 хүн тэнцсэн. Өөрийнхөө материалтай танилцъя гээгүй. Тухайн үед би тэнцээгүй учраас танилцаагүй. Шалгалтын хувьд ямар нэгэн асуудалгүй шударга явагдсан. Дараа тэнцээгүй хүмүүсээс онлайнаар шалгалт авахаар болсон. Камер суулгаад хүн тус бүрд компьютер нөүтбүүк тавиад шалгалт авсан. Тухайн үед хүмүүст тус тусад нь код өгч шалгалтын тест нээгдсэн. Ямар нэгэн маргаангүй шударга явагдсан гэж бодож байна. Тэр доороо шалгалтын хариу гараад тэнцсэн тэнцээгүйг хэлсэн. Тэнцсэн хүмүүсээс онлайнаар ам ярилцлага авсан..” гэж мэдүүлж байх бөгөөд хариуцагч шалгалтын дүнд нөлөөлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 
Мөн Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын захирлын зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлаар Албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, түвшин тогтоох шалгалтын дагуу цаашид авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн шалгалтад тэнцээгүй нэр бүхий 7 албан хаагчийг хууль журамд заасны дагуу ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болох нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. 
Иймд нэхэмжлэгч Ц.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, “Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2018 оны А/03 дугаар тушаал, “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам”-ын 5.3-д заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байжээ. 
Хэдийгээр Ц.Б-г ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч хуульд заасан агуулгаар буюу заасан хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд хариуцагч нь мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид танилцуулсан гэж маргаж байх боловч хавтаст хэрэгт мэдэгдэх хуудсыг гардуулсан гэх баримтыг ирүүлээгүй нь дээрх хуулийн заалтын агуулгыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна. 
Иймд хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газар нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа хуульд заасны дагуу мэдэгдэх журмыг хэрэгжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Б-г Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газрын цахилгааны /ХАБЭА-г хавсарсан/ инженерийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Ц.Б-н 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 2 сар 15 хоногийн олговор 2.223.927 /хоёр сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун хорин долоон/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б-н 000004661 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 02, 03, 04 дүгээр сарын цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход:
824.320+828.159+835.320=2.487.799 төгрөг байна. 2.487.799:3=829.266 төгрөг /1 сарын цалингийн дундаж/. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 829.266:22=37.693 төгрөг байх тул 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 2 сар 15 хоногоор тооцож 2.223.927 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.223.927 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 50.533 төгрөг, нийт 120.733 төгрөгийг хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Б-г Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газрын цахилгааны /ХАБЭА-г хавсарсан/ инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.223.927 /хоёр сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай. 
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт даалгасугай. 
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.223.927 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 50.533 төгрөг, нийт 120.733 төгрөгийг хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ