Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/00844

 

 

 

 

 

 

 

2023 02 09

101/ШШ2023/00844

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Т.Болормаа, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3 дугаар баг, 44 дүгээр 7 тоот хаягт оршин суух Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Нийслэл хүрээ гудамж, 26 дугаар хороо, Sunrise хотхон өөрийн байранд байрлах, Солонго хараа ХХК /5527074/-нд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 25,171,906 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Эрхэмбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, гэрч Ц.Мөнхцэцэг, Г.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Эрхэмбаатар би 2016 оны 12-р сарын 14-ний өдөр анх "Солонго" нүдний эмнэлэгт үзлэг хийлгэж улмаар нүдний их эмч н.Нарангаравын зөвлөсний дагуу 2017 оны 4-р сарын 17-18 өдрүүдэд 6,000,000 төгрөг төлж хоёр нүдэндээ хагалгаа хийлгэсэн юм. Хагалгаа хийхээс өмнө "хүндрэл гарна 100% хүндрэл арилна, амжилттай болно" гэж байсан. Хагалгаа хийлгэж байх үед баруун нүд өвдөлт байгатай, зүүн нүд нилээн өвдөлттэй орсон.

Хагалгаа 2 өдөр дарааллаж болсон. Эхлээд баруун талын нүдний хагалгаанд ороход тариа хийгээд 30 минутын дараа ороход зүгээр орсон. Зүүн нүднийх дээр тариа хийгээд 10 минут орчим болоод хагалгаанд ороход зовуурьтай орсон. Хагалгааны дараа баруун нүд харж байсан. Харин зүүн нүд харахгүй байнга үрэвсэл хавантай явах болсон. Тухайн үед "Солонго" нүдний эмнэлэгт удаа дараа үзүүлэхэд хагалгааны дараах хүндрэл 100% арилна гэсэн, эмчилгээ хийлгэж, зөвөлгөө авсан боловч сайжраагүй. Нэг жил гаруй тус эмнэлгээр эмчлүүлсэн. "Солонго" нүдний эмнэлэгт өргөдөл гаргаж "МУ-д эмчлүүлэх боломжгүй болсон байна иймд гадаад улсад эмчлүүлж өгнө үү" гэсэн хүсэлт гаргахад эмнэлэгийн захиргаанаас эмнэлэг хариуцахгүй эмчлэгч эмч хариуцана гэсэн хариуг амаар өгсөн юм.

Өнгөрсөн хугацаанд "Гранд мэд" нүдний эмнэлэг, "Хосбилгүүн" нүдний эмнэлэг, "Сондра" нүдний эмнэлэг, "Гэрэл" нүдний эмнэлэг, "Сайн мэлмий" нүдний эмнэлэг, "Болор мэлмий" нүдний эмнэлэг, Тайланд Улсын "Бумрун град" нүдний эмнэлэгт үзүүлж эмчилгээ, зөвөлгөө авсан боловч тус болоогүй.

Зүүн нүд сайжрахгүй байсан тул тус эмнэлэгт дахин 2018 оны 3 сард өөрийнх нь болорыг соруулж аваад хиймэл болорын хагалгаа 2-3 сарын дараа хийсэн. Наранд гарахаар нүд гялбадаг үрэвсэлтэй сайн харахгүй яваад байсан. Лазерт орвол зүгээр болно гээд лазерт орсон байгаа. Энэ хагалгаануудыг бүгдийг нь Солонго нүдний эмнэлэгт хийлгэсэн. 2018 оны 9 сард үзүүлэхэд зүүн талын цөцгийг нь солиулж авна гэж байсан. Хүүхэн харааны байрлал өөрчлөгдсөн байсан. Сүүлдээ энэ талаар баталгаа байна уу гэхэд Г.Нарангарав эмч байхгүй гэж хэлж байсан. Мөнгөө буцаан гаргуулах хүсэлтээ 2018 оны 11 сард өгсөн. Дараа нь Г.Нарангарав эмч утсаар яриад хохирлыг эмч нь барагдуулж өгнө. Эмч нь барагдуулах гэрээтэй ажилладаг гэж надад утсаар тайлбарлаж байсан. Боломжоороо мөнгө өгье гээд 2019 оны 1 сард 1,950,000 төгрөгийг Г.Нарангарав эмч шилжүүлж өгсөн. 2019 оны 02 сард гадагшаа виз хөөцөлдөөд татгалзсан хариу өгсөн. 2018 оны 4 сараас нэг жил гаруй явсан байгаа. 2019 оны 9 сараас Монголд олон эмнэлгээр явсан. 2019 оны 6 сар Тайландын эмнэлэгт үзүүлэхэд эвэрлэгийн хавантай, хавантай байгаа учраас цаадах нь харагдахгүй байсан. Донор эвэрлэг солиулах шаардлагатай гэж байсан. Энэ нь 60 сая төгрөгийн үнэтэй байсан. Ингээд судлаж үзэхэд монголд Ц.Мөнхцэцэг эмч хийдэг гэж байсан. Ингээд 2021 оны 12 сард донорын хагалгаанд Сайн мэлмий эмнэлэг дээр хагалгаанд орсон. Цэврүү гараад нэг жилийн хугацаанд унтаж болохгүй нойр дутуу байсан. Сайн мэлмий эмнэлэг дээр хийгдсэн донорын хагалгааны төлбөр 12 сая төгрөг болсон. Хагалгаанд ороод зовуурьгүй болсон. Гэхдээ хараа хэвээрээ байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Солонго нүдний эмнэлэгт хийгдсэн хагалгааны төлбөрт 6,140,000 төгрөгөөс 1,950,000 төгрөгийг буцааж өгсөн. Энэ үнийн дүн хасагдана. Дараагийн хагалгааны төлбөр 12,000,000 төгрөг, эм дусаалгын зардал баримтаар 3,036,000 төгрөг, орон нутгаас Улаанбаатар хотод ирж очих зардал буюу 2017 оны 4 сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэлх унааны зардал 3,184,000 төгрөг, Тайландын эмнэлэгт үзүүлсэн төлбөр 1,403,000 төгрөг, /Улаанбаатар Тайландын замын зардал ороогүй/ нийт 23,822,486 төгрөг болж байгаа. 2013 оны 01 сарын 09-ний өдөр эм дусаалга 549,420 төгрөг, өөрийн машины ирж буцах зардал 800,000 төгрөг буюу 1,349,420 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 25,171,906 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч Ц.Эрхэмбаатар нь анх 2010 оны 4 сарын 29-нд Солонго эмнэлэгт карт нээлгэж үзүүлсэн байна. Зовуурь нь багын хараа муу, сүүлийн 8 жил хасах 12 хэмжээтэй контакт линз зүүдэг гэсэн зовуурьтай. Анхны үзлэгт баруун нүд 10% (R/E 6/60) зүүн нүд 1 метрт (LIE 1/60) хараатай. Өөрийн шилээрээ буюу хасах 12.0 диоптри шилээр баруун нүд 15% (R/E 6/45) зүүн нүд 10% (LIE 6/60) засардаг гэж картанд бичигдсэн. Эмчийн үзлэгээр хасах 16.0 диоптри шилээр баруун нүд 20 % (R/E 6/24) зүүн нүд 15% (UE 6/15) засарч байжээ. Тухайн үед Ц.Эрхэмбаатарт эмч Б.Оюунтуяа нь нүдний угийн үзлэг хийж Миопийн төрөлхийн өөрчлөлттэй, маш өндөр хасах шил зүүдэг буюу High myopia гэж оношилсон байх бөгөөд Ц.Эрхэмбаатар нь нүдний шилгүй болгох мэс засал Сонирхож байсан тул Энэтхэг улсын иргэн, Солонго эмнэлгийн зөвлөх эмч Р.П.Сингд үзүүлэхийг зөвлөсөн хэдий ч зөвлөх эмчийн үзлэгээр шилгүй болгох мэс засал буюу хийлгэх боломжгүй гэж дүгнэжээ. Ийнхүү Ц.Эрхэмбаатар нь манай эмнэлэгт анх нүдээ үзүүлж эхэлснээс хойш хэд хэдэн удаагийн давтан үзлэг, оношилгоонд хамрагдаж улмаар хиймэл болор суулгах мэс заслын аргаар шилгүй болох талаар түүнд санал болгож, 2017 оны 4-р сарын 17, 18-ны өдрүүдэд төлөвлөгөөт мэс заслыг хийсэн. Мэс заслын өмнөх үзлэгээр баруун нүд 9% (R/E/5/60) харааны чадалтай, нүдний доод даралт 16 мм.муб, зүүн нүд 9% (UE 5/60) харааны чадалтай, дотоод даралт 16 мм.муб байсан бол мэс заслын дараах үзлэгээр баруун 50% (R/E 6/12) хараатай, зүүн нүд 20% (LE 6/60) хараатай болж мэс заслын үр дүн сайн байсан. Үүнээс хойш 2017 оны 4-р сарын 24-ний өдрийн үзлэгээр зүүн нүд бүрэлзэнэ гэсэн зовуурьтай, баруун нүд 90% (R/E 67.5), зүүн нүд (UE 6/18) хараатай, нүдний доод даралт баруун нүд 15 мм.муб, зүн нүд 13 мм.руб буюу хэвийн даралттай, 2017 оны 7-р сарын 26-ны өдрийн үзлэгээр зүүн нүд бүрэлзэнэ, гялбана гэсэн зовуурьтай, баруун нүд 100% (R/E 6/6), зүүн нүд 20% (LE 6/24) хараатай, нүдний дотоод даралт баруун нүд 15 мм.муб, зүүн нүд 31 мм.муб буюу даралт ихэссэн байдалтай байжээ.

Манай эмнэлгийн хувьд Ц.Эрхэмбаатарын нүдэнд эмчилгээ хийхдээ бүхий л мэдээллийг түүнд өгдөг байсан, мөн мэс засал хийхийн өмнө түүнээс зөвшөөрлийг нь авсан, тухай бүр гарсан өөрчлөлт, эмчилгээг тайлбарлан, ярилцаж шийддэг байсан. Мөн бид Ц.Эрхэмбаатарын нүдэнд хиймэл болор суулгах мэс ажилбар хийсэн бөгөөд түүний нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан нүдний хүүхэн хараанд ямар нэгэн мэс засал хийгээгүй билээ. Иймд нэхэмжлэгч Ц.Эрхэмбаатарын дотоодын бусад эмнэлэгт болон Тайланд улсад эмчлүүлсэн эмчилгээний болон тээврийн зардлыг Солонго эмнэлэг нь хариуцах үндэслэлгүй. Эмнэлгээр үзүүлснээс Сайн мэлмий эмнэлгээс баримт ирсэн байдаг. Ямар үндэслэлээр энэ эмнэлэгт хийлгэсэн хагалгааны төлбөр шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

Тухай үед Г.Нарангарав эмчээс 1,950,000 төгрөг авсан нь эмнэлэгтэй тохиролцсон гэсэн үг биш бөгөөд тэр үед Г.Нарангарав эмч декриттэй байсан.

Мөн хэрэгт Царам тэнгэр ХХК гэдэг санхүүгийн баримт байгаа. Сайн мэлмий ч бас ХХК юм. Солонго хараа ХХК-ийн Солонго нүдний эмнэлэг гэдэг шиг адилтгаж болохгүй. Хоёулаа тусдаа хуулийн этгээдүүдэд мөнгө шилжүүлээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэрч Ц.Мөнхцэцэг эмчийн асуудлыг ярьж байна. Шинжээчээр оролцохдоо хэргийн материалтай танилцсан байх. Энэ агуулгаараа гэрчээр хариулаад байх шиг байна. Мэдэхгүй асуудлаа дүгнэлт хэлбэрээр ярьж байгаа нь гэрчийн хувьд яриад байна уу гэхэд эргэлзээтэй байна. Хавтаст хэргийн 52, 53, 54-58 дугаар хуудсуудад нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд явж байгаа учраас нотлох баримтаас хасаж тооцож өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэм хороор шаардаж байгаа дээр дүгнэлт хийх байх. Солонго эмнэлэг болон Г.Нарангарав эмчийн зүгээс ямар буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэж үзэж хохирол нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүүн нүд муудсантай ямар шалтгаант холбоотой талаар нэхэмжлэгч тал ярьсангүй. Солонго эмнэлэг дээр 3 хагалгааг хийх зайлшгүй шаардлагатай байсан. Солонго эмнэлгийн хувьд дараа дараагийн хагалгаа нь үнэ төлбөргүй байдаг юм байна лээ. 2017, 2018 оны хагалгаанууд өөр хагалгаа байгаа. Өмнөхөө засаж сайжруулсан зүйл байхгүй гэж Г.Нарангарав эмч хэлсэн. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гэм буруутай үйлдлийг бүрэн дүүрэн тогтоож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтэр, орон сууцны ипотекийн зээлийн гэрээнүүдийн хуулбар, Говийн өгөөж ХХК-ийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 12 дугаар тушаал, Өмнөговь аймгийн автотээврийн төвийн албан тоотууд, Өмнөговь аймгийн Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Бумрунград эмнэлэгийн эмчийн магадлагаа, төлбөрийн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Ц.Эрхэмбаатарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Сайн мэлмний эмнэлэгийн тодорхойлолт, төлбөрийн баримт, Царамтэнгэр ХХК-ийн баримтууд, Солонго нүдний эмнэлэгийн карт, Ц.Эрхэмбаатарын эрүүл мэндийн карт,

Хариуцагчаас: Солонго эмнэлэгийн үзлэгийн карт, мэс засалын хуудсууд, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, 2018 оны 3 сарын 16-ны өвчний түүх, Болрын мэс засал хийлгэх зөвшөөрлийн хуудас, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс заслын тэмдэглэл,үзлэгийн тэмдэглэл, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эмнэлэгээс гарах шилжих үеийн эпиктриз, 2017 оны 4 сарын 20-ны өдрийн өвчний түүх, нүдний эмчийн үзлэг, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын тэмдэглэл, Солонго нүдний эмнэлэгийн кассын орлогын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрхэмбаатар нь хариуцагч Солонго хараа ХХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 25,171,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, мөн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Ц.Эрхэмбаатар нь 2010 оноос эхлэн Солонго нүдний эмнэлэгт үзүүлж 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр баруун нүдэнд, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зүүн нүдэнд хараа сайжруулах төлөвлөгөөт хагалгаанд орсон ба мэс засалын өмнөх үзлэгээр баруун нүд 9 хувь /R/E 5/60/ харааны чадалтай, нүдний доод даралт 16 мм.муб, зүүн нүд 9 хувь /L/E 5/60/ харааны чадалтай, нүдний дотоод даралт 16 мм.муб байсан ба мэс заслын дараа үзлэгээр баруун нүд 50 хувь /R/E 6/12/ хараатай, зүүн нүд 20 хувь /L/E 6/60/ хараатай болсон үйл баримтууд тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй /х.х-ийн 153-156 дугаар тал/.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хагалгааны дараа үүссэн хүндрэл буюу зүүн нүд байнгын үрэвсэл хавантай явсны улмаас удаа дараагийн хагалгаануудад дахин орсон, үүний улмаас донорын эвэрлэг солиулах хагалгаа хийлгэсэн, хараа огт сайжраагүй, муудсаны улмаас 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болж группэд орсон тул хариуцагчаас хагалгааны төлбөр болон эм тарианы үнэ, замын зардал зэрэг нийт 25,171,906 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т, учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд нь гэм хор учруулсан этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан Ц.Эрхэмбаатарын Солонго клиникийн үзлэгийн тэмдэглэл, 2017 оны 12 сарын 15, 2018 оны 3 сарын 15-ны өдрүүдийн мэс заслын хуудас, тэмдэглэл зэрэг баримтууд, гэрч Г.Нарангаравын ... нүдний хаван дотоод даралт нь удаа дараагийн хагалгаанууд үрэвслээс үүсдэг. Ойрхон хэд хэдэн хагалгаа хийгдсэн учраас нүдний дотоод даралт үүсэж эхэлсэн. Ц.Эрхэмбаатарын хувьд анх ямар нэгэн даралт байгаагүй. Хагалгаанд орохоос өмнө бүх шинжилгээ хийгддэг. Шилний хувьд ялгаатай байсан. Харааны чадлын хувьд зүүн нүд муу байсан. Дахин хагалгаа хийх болсон шалтгаан нь 2017 оны 4 сард хагалгаанд ороод хараа 60 хувь хүртлээ сэргэсэн боловч 8-9 сараас хараа буурч эхэлсэн. Хагалгааны дараах хүндрэлийн улмаас болорын өмнөх хальс нь цайж эхэлсэн бөгөөд энэ нь гарч болох эрсдэл. Үүний улмаас дараа дараагийн хагалгаанууд хийгдсэн... гэх мэдүүлэг, гэрч Ц.Мөнхцэцэгийн ...Ц.Эрхэмбаатар нь манай эмнэлэгт 2018 онд ирж үзүүлсэн. Донор эвэрлэгийн үйл ажиллагаа алдагдсан, нүдний даралт ихэссэнээс зовиур өвдөлттэй ирсэн. Энэ нь нүдний хагалгааг олон хийхээр эвэрлэгийн эс цөөрдөгтэй холбоотой. Ц.Эрхэмбаатар 3 удаагийн хагалгаанд орсноос эс нь цөөрсөн байсан. Түүний баруун нүдэнд хийгдсэн хагалгаа хэвийн сайн болсон тул хагалгааны дараах хүндрэл үүсээгүй. Харин зүүн нүдэнд үүссэн хагалгааны дараах хүндрэлүүд нь хагалгааны үйл явцаас болсон. Эвэрлэг солих хагалгаа нь өвдөлт зовиурыг багасгана, хараанд нөлөөлнө. Тодруулбал, нэг хувь хүрэхгүй байсан хагалгаа 10 хувь болсон. Мөн Солонго эмнэлэг нь хагалгаа хийхдээ зүүн нүдний хүүхэн харааг дээш нь татаж оёсныг зассан. Хагалгаа хийхдээ хүүхэн харааг хэвийн байлгах ёстой. Тэгж чадаагүй байсан... гэх мэдүүлэг, Бумрунград эмнэлэгийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн нүдний эвэрлэг бүрхэвчийн хаван, зүүн нүд хүүхэн харааны байршил өөрчлөгдсөн, харааны мэдрэл гэмтсэн. Зөвлөгөө: Нүдний даралт бууруулах мэс засал, донор эвэрлэг солих мэс засал хийлгэх. Явц ба эрсдлийн зөвлөгөө: нүдний үрэвслийн эмчилгээг зогсоох, нүдний даралтыг бууруулах эмийг зогсоох тухай гэх эмчийн магадлагаа, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Эрүүл мэндийн яамны нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч эмч Ц.Мөнхтуяа, Д.Энхзул нарын дүгнэлтэд:

...Өвчний түүх дэх зүүн нүдний мэс заслын явцын тэмдэглэлд ямар нэг хүндрэлийн талаар дурьдагдаагүй боловч мэс заслын дараах үзлэгүүдэд харааны байдал 10 хувь, эвэрлэгийн хаван, хүүхэн хараа дээш татагдсан гэж тэмдэглэгдсэн байна. Энэ нь мэс заслын явцад солонгон бүрхүүл урагдах, шарханд хавчуулагдах хүндрэл тохиолдсоноос үүсч болдог ба цаашид эвлэрлэг бүрхүүлтэй наалдац үүсгэх шалгаан болсон байна. Дээрх хүндрэл нь мэс заслын үе дэх үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, мэс засалчийн туршлага ур чадвар багаж тоног төхөөрөмжийн хангамж зэргээс хамаарна. ...Мэс заслын дараах эхний өдөр шилгүй хараа нь 10 хувь, 6 дах хоногоос хагалгааны дараах солонгон бүрхүүл үрэвсэж эхэлж 1 сар орчмын дараагаас нүдний дотоод даралт хоёрдогчоор ихсэж, эмийн эмчилгээний үр дүнд сайжирч байсан боловч хараа тогтвортой бус, хэлбэлзэлтэй хэвээр байсан байна. Үрэвсэл, нүдний даралт ихдэх өвчин болорын мэс заслууд, эвэрлэг бүрхүүлийн ээнэгшил алдагдлаас эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал зэргээс хараа 3 хувь болжээ. Одоогийн сул харааны шалтгаан нь харааны мэдрэлийн хатингаршил /нүдний даралт ихдэх өвчний шалтгаант/ шар толбоны хатингаршил / шал толбоны архаг хавангаас үүдэлтэй байна гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Эрхэмбаатарын хараа хагалгааны дараах үр дүнгээсээ муудсан, хүүхэн хараа дээш татагдан оёогдсон, эвэрлэгийн үйл ажиллагаа алдагдсан, улмаар эвэрлэгийн донорын хагалгаанд орох болсон шалтгаан нь Солонго нүдний эмнэлэгт хийгдсэн хагалгааны дараах хүндрэл буюу нүдний даралт ихсэх, нүдний эвэрлэг бүрхэвчийн хаван үүссэнтэй шалтгаант холбоотой байна гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 45, 47-48, 162, 180-187, 231-232 дугаар тал/

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ гэж, мөн 3.1.9.-д эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ гэж, түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгоно хэмээн тус тус заажээ.

Тодруулбал, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.-д эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ гэсний дагуу хариуцагч Солонго хараа /Солонго нүдний эмнэлэг/ ХХК нь нэхэмжлэгч Ц.Эрхэмбаатарын нүдэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мэргэшсэн эмнэлэгийн байгууллагын хувьд үзлэг, шинжилгээ, оношилгоог мэргэжлийн түвшинд хийх, эмчлэх, гарч болох хүндрэлүүдээс сэргийлэх үүрэгтэй юм.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн эрүүл мэндэд Солонго хараа ХХК нь гэм хор учруулсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ц.Эрхэмбаатар нь 25,171,906 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Солонго хараа ХХК-нд холбогдуулан гаргасан байна.

Талуудын тайлбараар Ц.Эрхэмбаатарт хийсэн нүдний хагалгааг тус эмнэлэгийн ерөнхий эмч Г.Нарангарав хийсэн байх бөгөөд Г.Нарангарав нь Солонго хараа ХХК-тай хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 234 дүгээр тал/

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан.

Иймд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа, тодруулбал ажил олгосон этгээдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ буюу эмчийн үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажил олгосон этгээд хариуцан арилгах нь зүйтэй байх тул Ц.Эрхэмбаатарт учирсан хохирлыг Солонго хараа ХХК хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хэдийгээр Солонго нүдний эмнэлэгийн мэс засал/мэс ажилбар хийлгэх тусгай зөвшөөрлийн хуудаст гарч болох эрсдлүүдийг нэг бүрчлэн дурдсан болон эмчлэгч эмчийн зүгээс хагалгааны дараа үүсэх хүндрэлийг хангалттай тайлбарлаж, түүний зөвшөөрлийг авсаны үндсэн дээр хагалгаа хийсэн, хагалгааны дараа хараа сайжирсан байсан гэх хариуцагчийн тайлбар нь хариуцагчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоос чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Эрхэмбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, 2017 оны 4 сарын 17, 18-ны өдрүүдийн хагалгааны төлбөрт төлсөн 4,190,000 төгрөг эвэрлэгийн донорын хагалгааны төлбөр 12,000,000 төгрөг, 2017 оны 4 сарын 18-аас 2022 оны 2 сарын 25-ны өдөр хүртэл хугацааны тээврийн зардал 3,184,000 төгрөг, 2017 оны 4 сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэглэсэн эм, нүдний дусаалга, даралтны эмийн үнэ 3,036,000 төгрөг, 2019 оны 6 сарын 10-ны өдөр Тайланд улсын Бумруград эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 16,704 бат буюу 1,403,000 төгрөг нийт 23,813,000 төгрөг, үүн дээр эм, нүдний дусааганы үнэ 549,420 төгрөг, өөрийн унаагаар ирж очих зардал 800,000 төгрөгийг нэмж нийт 25,171,906 төгрөг гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр эмчлэгч эмч Г.Нарангараваас 1,950,000 төгрөгийг авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 1,950,000 төгрөгөөр багасгана гэх тайлбарыг гаргасан.

Иймд үлдэх 23,212,420 төгрөгт холбогдох хэсэгт дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иргэний хуульд зааснаар, гэм хор арилгах ерөнхий үүргийн хувьд, хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар, гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгчээс Солонго хараа ХХК-нд хагалгааны төлбөрт 6,140,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд 1,950,000 төгрөгийг буцаан авсан гэх үндэслэлээр татгалзаж, үлдэх 4,190,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарлаж байна.

Дээрх хагалгааны төлбөр нь нэхэмжлэгчийн хоёр нүдэнд хийсэн хагалгааны төлбөр бөгөөд Ц.Эрхэмбаатарын баруун нүдэнд хийсэн хагалгаа амжилттай болсон энэ талаар шаардлага гаргаагүй тул түүний эмчилгээний төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь буюу 4,190,000 төгрөгийн 50 хувь болох 2,095,000 төгрөг хариуцагчаас буцаан гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Сайн мэлмий ХХК-нд эвэрлэгийн донорын хагалгаа хийлгэхдээ 12,000,000 төгрөг, Бумрунград эмнэлэгийн үзлэгийн төлбөрт 1,403,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна./хх-ийн 61, 63, 65 дугаар тал/

Хариуцагчаас дээрх төлбөрийн 8,000,000 төгрөгийг Царамтэнгэр ХХК-ийн нэрээр шилжүүлсэн байгаа нь Сайн мэлмий ХХК-ийн төлбөрт төлсөн гэдэгт эргэлзээ төрүүлж байна гэх тайлбарыг гаргаж байх боловч тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж холбогдох төлбөрийн баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд харин хариуцагч Царамтэнгэр ХХК-нд төлсөн төлбөр нь хагалгааны төлбөр биш юм гэх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчээс эм тариа, нүдний дусаалгын зардалд 3,585,420 төгрөг /3,036,000+549,420/-ийг нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар эм тариа, нүдний дусаалга зэрэгт дээрх төлбөр гарсан нь тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. /хх-ийн 67-78, 2хх-ийн 16 дугаар тал/

Харин Өмөнговь аймгаас Улаанбаатар хотод ирж очих унааны зардал 3,984,000 төгрөг /3,184,000+800,000/-ийн зардал гарсан болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг тооцоолохдоо 9,486 төгрөгийн тооцооллын алдаа гаргасан гэж үзэхээр байх тул уг мөнгөн дүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д зааснаар үүрэг нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д заасан үндэслэл болох гэм хор учруулсан үйлдэл эс үйлдэхүйгээс үүсэх бөгөөд үүнд гэм хор учруулсан этгээд гэм буруутай байх тохиолдолд тэрээр хохирогчийн өмнө учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 19,083,420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 6,088,486 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч Солонго хараа ХХК-иас 19,083,420 төгрөг /арван есөн сая наян гурван мянга дөрвөн зуун хорь/-ийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрхэмбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,088,486 төгрөг /зургаан сая наян найман мянга дөрвөн зуун наян зургаа/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 253,367 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.БАЯРМАА

 

ШҮҮГЧИД Т.БОЛОРМАА

 

Б.УНДРАА