Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00994

 

 

 

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00994

 

 

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/00844 дугаар шийдвэртэй Ц.Э-ын нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 25,171,906 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр анх "С" нүдний эмнэлэгт үзлэг хийлгэж, улмаар нүдний их эмч Г.Н-ын зөвлөсний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 17-18 өдрүүдэд 6,000,000 төгрөг төлж хоёр нүдэндээ хагалгаа хийлгэсэн юм. Хагалгаа хийхээс өмнө "хагалгааны дараах хүндрэл гарна, 100 хувь арилна, амжилттай болно" гэж байсан. Хагалгаа хийлгэхэд баруун нүд өвдөлт багатай, зүүн нүд нилээн өвдөлттэй орсон. Хагалгаа 2 өдөр дарааллаж болсон. Эхлээд баруун талын нүдний хагалгаанд ороход тариа хийгээд 30 минутын дараа ороход зүгээр орсон. Зүүн нүдэнд тариа хийгээд 10 минут орчим болоод хагалгаанд ороход зовиурьтай орсон. Хагалгааны дараа баруун нүд харж байсан. Харин зүүн нүд харахгүй байнга үрэвсэл хавантай явах болсон. Тухайн үед "С" нүдний эмнэлэгт удаа дараа үзүүлэхэд хагалгааны дараах хүндрэл 100% арилна гэсэн, эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авсан боловч сайжраагүй. Нэг жил гаруй тус эмнэлгээр эмчлүүлсэн. "С" нүдний эмнэлэгт "МУ-д эмчлүүлэх боломжгүй болсон байна, гадаад улсад эмчлүүлж өгнө үү" гэсэн хүсэлт гаргахад эмнэлгийн захиргаанаас эмнэлэг хариуцахгүй эмчлэгч эмч хариуцана гэсэн хариуг амаар өгсөн. Өнгөрсөн хугацаанд "Г" нүдний эмнэлэг, "Х" нүдний эмнэлэг, "С" нүдний эмнэлэг, "Г" нүдний эмнэлэг, "С" нүдний эмнэлэг, "Б" нүдний эмнэлэг, Тайланд Улсын "Б" нүдний эмнэлэгт үзүүлж эмчилгээ, зөвлөгөө авсан боловч тус болоогүй.

Зүүн нүд сайжрахгүй байсан тул тус эмнэлэгт дахин 2018 оны 3 дугаар сард өөрийнх нь болорыг соруулж аваад хиймэл болорын хагалгаа 2-3 сарын дараа хийсэн. Наранд гарахаар нүд гялбадаг үрэвсэлтэй сайн харахгүй яваад байсан. Лазерт орвол зүгээр болно гээд лазерт орсон. Энэ хагалгаануудыг С нүдний эмнэлэгт хийлгэсэн. 2018 оны 09 дүгээр сард үзүүлэхэд зүүн талын цөцгийг нь солиулж авна гэж байсан. Хүүхэн харааны байрлал өөрчлөгдсөн байсан. Сүүлдээ энэ талаар баталгаа байна уу гэхэд Г.Н эмч байхгүй гэж хэлж байсан. Мөнгөө буцаан гаргуулах хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сард өгсний дараа Г.Н эмч утсаар яриад хохирлыг эмч нь барагдуулж өгнө. Эмч нь барагдуулах гэрээтэй ажилладаг гээд 2019 оны 01 дүгээр сард 1,950,000 төгрөгийг Г.Н эмч шилжүүлсэн. 2019 оны 02 сард гадагшаа виз хөөцөлдөөд татгалзсан хариу өгсөн. 2019 оны 06 дугаар сард Тайландын эмнэлэгт үзүүлэхэд эвэрлэгийн хавантай, хавантай байгаа цаадах нь харагдахгүй байсан. Донор эвэрлэг солиулах шаардлагатай гэсэн ба энэ нь 60 сая төгрөгийн үнэтэй байсан. Ингээд судалж үзэхэд Монголд Ц.М эмч хийдэг гээд 2021 оны 12 дугаар сард донорын хагалгаанд С эмнэлэгт орсон. Цэврүү гараад нэг жилийн хугацаанд унтаж болохгүй нойр дутуу байсан. С эмнэлэгт хийгдсэн донорын хагалгааны төлбөр 12 сая төгрөг болсон. Хагалгаанд ороод зовуурьгүй болсон ч хараа хэвээрээ байгаа.

С нүдний эмнэлэгт хийгдсэн хагалгааны төлбөрт 6,140,000 төгрөгөөс 1,950,000 төгрөгийг буцааж өгсөн. Үүний дараагийн хагалгааны төлбөр 12,000,000 төгрөг, эм дусаалгын зардалд 3,036,000 төгрөг, орон нутгаас Улаанбаатар хотод ирж, очих зардал буюу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх унааны зардал 3,184,000 төгрөг, Тайландын эмнэлэгт үзүүлсэн төлбөр 1,403,000 төгрөг, /Улаанбаатар-Тайландын замын зардал ороогүй/ нийт 23,822,486 төгрөг болно. 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эм дусаалга 549,420 төгрөг, өөрийн машины ирж буцах зардал 800,000 төгрөг буюу 1,349,420 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 25,171,906 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ц.Э нь анх 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр С эмнэлэгт карт нээлгэж үзүүлсэн. Зовуурь нь багын хараа муу, сүүлийн 8 жил хасах 12 хэмжээтэй контакт линз зүүдэг гэсэн. Анхны үзлэгт баруун нүд 10% (R/E 6/60) зүүн нүд 1 метрт (LIE 1/60) хараатай. Өөрийн шилээрээ буюу хасах 12.0 диоптри шилээр баруун нүд 15% (R/E 6/45) зүүн нүд 10% (LIE 6/60) засардаг гэж картанд бичигдсэн. Эмчийн үзлэгээр хасах 16.0 диоптри шилээр баруун нүд 20% (R/E 6/24) зүүн нүд 15% (UE 6/15) засарч байжээ. Тухайн үед Ц.Э т эмч Б.Оюунтуяа нь нүдний угийн үзлэг хийж, Миопийн төрөлхийн өөрчлөлттэй, маш өндөр хасах шил зүүдэг буюу High myopia гэж оношилсон бөгөөд Ц.Э нь нүдний шилгүй болгох мэс засал сонирхож байсан тул Энэтхэг улсын иргэн, С эмнэлгийн зөвлөх эмч Р.П.Сингд үзүүлэхийг зөвлөсөн хэдий ч зөвлөх эмчийн үзлэгээр шилгүй болгох мэс засал буюу хийлгэх боломжгүй гэж дүгнэжээ. Ийнхүү Ц.Э нь манай эмнэлэгт анх нүдээ үзүүлж эхэлснээс хойш хэд хэдэн удаагийн давтан үзлэг, оношилгоонд хамрагдаж улмаар хиймэл болор суулгах мэс заслын аргаар шилгүй болох талаар түүнд санал болгож, 2017 оны 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд төлөвлөгөөт мэс заслыг хийсэн. Мэс заслын өмнөх үзлэгээр баруун нүд 9% (R/E/5/60) харааны чадалтай, нүдний доод даралт 16 мм.муб, зүүн нүд 9% (UE 5/60) харааны чадалтай, дотоод даралт 16 мм.муб байсан бол мэс заслын дараах үзлэгээр баруун 50% (R/E 6/12) хараатай, зүүн нүд 20% (LE 6/60) хараатай болж мэс заслын үр дүн сайн байсан.

Үүнээс хойш 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн үзлэгээр зүүн нүд бүрэлзэнэ гэсэн зовуурьтай, баруун нүд 90% (R/E 67.5), зүүн нүд (UE 6/18) хараатай, нүдний доод даралт баруун нүд 15 мм.муб, зүн нүд 13 мм.руб буюу хэвийн даралттай, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн үзлэгээр зүүн нүд бүрэлзэнэ, гялбана гэсэн зовуурьтай, баруун нүд 100% (R/E 6/6), зүүн нүд 20% (LE 6/24) хараатай, нүдний дотоод даралт баруун нүд 15 мм.муб, зүүн нүд 31 мм.муб буюу даралт ихэссэн байдалтай байжээ.

Манай эмнэлэг Ц.Э-ын нүдэнд эмчилгээ хийхдээ бүхий л мэдээллийг түүнд өгдөг, мэс засал хийхийн өмнө түүнээс зөвшөөрлийг нь авсан, тухай бүр гарсан өөрчлөлт, эмчилгээг тайлбарлан, ярилцаж шийддэг байсан. Мөн бид Ц.Э-ын нүдэнд хиймэл болор суулгах мэс ажилбар хийсэн бөгөөд түүний нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан нүдний хүүхэн хараанд ямар нэгэн мэс засал хийгээгүй. Иймд нэхэмжлэгч Ц.Э-ын дотоодын бусад эмнэлэгт болон Тайланд улсад эмчлүүлсэн эмчилгээний болон тээврийн зардлыг С эмнэлэг хариуцах үндэслэлгүй. Эмнэлгээр үзүүлснээс С эмнэлгээс баримт ирсэн байдаг. Ямар үндэслэлээр энэ эмнэлэгт хийлгэсэн хагалгааны төлбөр шаардаж байгаа нь ойлгомжгүй. Тухай үед Г.Н эмчээс 1,950,000 төгрөг авсан нь эмнэлэгтэй тохиролцсон гэсэн үг биш бөгөөд тэр үед Г.Н эмч декриттэй байсан. Мөн хэрэгт Ц ХХК гэдэг санхүүгийн баримт байгаа. Сайн мэлмий ч бас ХХК юм. С ХХК-ийн С нүдний эмнэлэг гэдэг шиг адилтгаж болохгүй. Хоёулаа тусдаа хуулийн этгээдүүдэд мөнгө шилжүүлээд байгаа нь ойлгомжгүй. Гэрч Ц.М эмч шинжээчээр оролцохдоо хэргийн материалтай танилцсан байх, мэдэхгүй асуудлаа дүгнэлт хэлбэрээр ярьж байгаа, гэрчийн хувьд яриад байна уу гэхэд эргэлзээтэй байна. Хавтаст хэргийн 52, 53, 54-58 дугаар талд авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаас хасаж өгнө үү.

С эмнэлэг болон Г.Н эмчийн зүгээс ямар буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэж үзэж хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн зүүн нүд муудсантай ямар шалтгаант холбоотой талаар нэхэмжлэгч ярьсангүй. С эмнэлэг дээр 3 хагалгааг хийх зайлшгүй шаардлагатай байсан. С эмнэлгийн хувьд дараа дараагийн хагалгаа нь үнэ төлбөргүй байдаг юм билээ. 2017, 2018 оны хагалгаанууд өөр хагалгаа байгаа. Өмнөхөө засаж сайжруулсан зүйл байхгүй гэж Г.Н эмч хэлсэн. Нэхэмжлэгч тал хариуцагч талын гэм буруутай үйлдлийг бүрэн тогтоож чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч С ХХК-аас 19,083,420 төгрөг /арван есөн сая наян гурван мянга дөрвөн зуун хорь/-ийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,088,486 төгрөг /зургаан сая наян найман мянга дөрвөн зуун наян зургаа/-ийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 253,367 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Мэс заслын өмнөх өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ц.Э-т Мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас-ыг танилцуулж, өөрөөс нь зөвшөөрөл авсан бөгөөд тус зөвшөөрлийн хуудсанд эвэрлэг хавагнах, IRIS гэмтэж гифема үүсэх, эрт болон хожуу үед болор цайх, хоёрдагч халдвар үүсэх, эвэрлэг хавагнах зэрэг эрсдэлүүд үүсч болохыг анхааруулсан байдаг. Ийнхүү Ц.Э-т 2017 оны 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд түүний баруун, зүүн нүдэнд мэс ажилбар хийсэн бөгөөд хагалгаанд орохын өмнөх үзлэгээр түүний зүүн нүд 1-2 хувь харааны чадалтай, нүдний дотоод даралт 16 мм.муб байсан бол мэс заслын дараах үзлэгээр зүүн нүд 10 хувь харааны чадалтай болсон байдаг. Гэвч тодорхой хугацааны дараа Мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас-д дурдсан байсан хүндрэл үүсч эхэлсэн бөгөөд энэхүү хүндрэл юунаас болж үүссэн талаар шүүхээс шинжээч томилон дүгнэлт гаргуулсан. Шинжээч эмчийн дүгнэлтэд Нэгэнт үйлчлүүлэгч эмч хоёр мэс заслын эрсдэл, хүндрэлийн талаар ярилцаж /танилцуулсан, танилцсан/, үйлчлүүлэгч бүх хүндрэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж мэс засалд орсон бол гарсан ойрын ба алсын хүндрэлд хэн буруутайг шинжээчид тогтоохгүй гэж, мэс заслын дараах үзлэгээр зүүн нүдний харааны чадал шилгүйгээр 10 хувь болсон байгааг мөн дурдсан. Дээрх шинжээчийн дүгнэлтийн багт С ХХК-ийн эмч Ц.М оролцож байсан бөгөөд хэргийн материалтай танилцаж улмаар эцсийн дүгнэлт гаргахаас өмнө шинжээчийн багаас чөлөөлөгдөх хүсэлт өгч, эцсийн дүгнэлтэд оролцоогүйг шинжээч эмчийн дүгнэлтэд дурдсан. 

Иймд хэргийн материалтай танилцсан, шинжээчийн бүрэлдэхүүнд оролцож байсан Ц.М-ийг нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч бус хэргийн материалтай танилцсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн тайлбар, татгалзал зэрэг бүх мэдээллийг мэдсэн хүнийг гэрчээр оролцуулсан нь учир дутагдалтай. Шинжээчийн дүгнэлтэд манай эмнэлгийн буруутай үйлдэл байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй, холбогдох хууль, хяналтын байгууллага Ц.Э-ын биед гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл байгаа эсэхийг шийдвэрлээгүй, тогтоогоогүй байхад түүний хараа муудаж 3 хувийн харааны чадалтай болсон нь С нүдний эмнэлэгт хагалгаа хийгдсэнтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг дурдсан байгаа хэдий ч шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгтээ бусдын эрүүл мэндэд ямар байдлаар гэм хор учруулсан эсэхийг дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, С эмнэлэг нь Ц.Э-ын эрүүл мэндэд буюу зүүн нүдэнд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэлийн аль хэлбэрээр, ямар хуулийг зөрчиж буюу хууль бусаар гэм хор учруулсан эсэхэд, мөн эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд С" ХХК-ийг хууль бусаар санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр Ц.Э-ын эрүүл мэндэд гэм хор учруулсан болох тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 27, 28 өдрүүдэд хоёр нүдэндээ болорын хагалгаанд орохын өмнө зөвшөөрлийн хуудастай танилцаж, гарын үсэг зурсан. Мөн мэс ажилбарт орохын өмнө анхааруулах зүйлсийг Г.Н эмч тайлбарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, хүндрэлүүд гарна, эдгээр хүндрэлүүд нь 100 хувь арилдаг гэж тайлбарласан. Гэхдээ хүндрэл, эрсдлийг сайн тайлбарлаж өгсөн бол хагалгаанд орох, үгүйгээ эхнэртэйгээ ярилцаж, шийдэх байсан.

Хагалгааны өмнө надад ямар нэгэн өвчин эмгэг байгаагүй. Хагалгааны дараа нүд хуурайшиж, улайх, даралт ихэсдэг ба байнгын 6,7 эм ууж, тос хэрэглэдэг болсон. Зүүн нүдний эвэрлэг, хараа хүний зүс царайг таньж ялгахгүй. Замын брожур, шат харагдахгүй. Нүдний шил тааруулах гэсэн боловч ямар ч өөрчлөлтгүй гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралд Г.Н эмч эхний хагалгаанаас шалтгаалж, 2,3 дахь хагалгаа хийгддэг гэж тайлбарласан. Нэг нүдний хагалгаа амжилттай, нөгөө нүдний хараа муудсан. Энэ хугацаанд эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учирсан. Эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч С ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 25,171,906 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ С нүдний эмнэлэгт 2 нүдэндээ мэс засал хийлгэсэн, мэс заслын дараа зүүн нүд харахгүй, байнгын үрэвсэл хавантай явах болсон тул дахин болорын мэс засал болон лазерын мэс засал хийлгэсэн боловч хараа огт сайжраагүй, улмаар 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтаар группэд орсон тул мэс заслын төлбөр, эм тарианы үнэ, замын зардлаа гаргуулна гэж тодорхойлжээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ С эмнэлэг болон Г.Н эмчийн зүгээс ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэн хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн зүүн нүдний хараа муудсантай ямар шалтгаант холбоотой талаар нэхэмжлэгч тайлбарлаагүй, нэхэмжлэгч нь хариуцагч талын гэм бурууг бүрэн нотолж чадаагүй гэж тайлбарласан байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яамны Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг шинжээчээр томилж, Ц.Э-ын нүдний харааны байдал С нүдний эмнэлэгт мэс засал хийлгэхээс өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө ямар байдалтай байсан, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн мэс заслын улмаас зүүн нүдэнд гэмтэл учирсан эсэх, гэмтэл учирсан бол хэний буруугаас ямар гэмтэл учирсан, зүүн нүдний хараанд нөлөөлсөн эсэх, хагалгаа хийлгэсний дараа зүүн нүдний хараа өмнөх байдалтай нь харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн талаар дүгнэлт гаргахыг даалгасан байна.

Шинжээч Улсын төв эмнэлгийн Нүд судлалын тасгийн эмч Д.Э,Г нүдний эмнэлгийн эмч Ц.М нарын дүгнэлтээр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, мэс засал нь зохих журам, стандартын дагуу зөв хийгдсэн эсэх, оношилгоо ба эмчилгээнд дутагдал байсан эсэх, тэр нь хэргийн хор уршиг, үр дагавартай шалтгаант холбоотой эсэх нь тогтоогдоогүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт Шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно гэж заажээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй гарсан гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий байж болох нөхцөл байдлыг тогтоолгохоор гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй байна.

 5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, улмаар талуудын хооронд үүссэн маргаанд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/00844 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,368 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН