Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/00973

 

                                                                                                                                                                                                                                          

 

 

 

 

 

                                  2023        02          17

                          101/ШШ2023/00973

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ch-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б. Н /рд:/-д холбогдох

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Z, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М, хариуцагчийн төлөөлөгч Т.У, хариуцагчийн өмгөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов. 

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ch нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Z, өмгөөлөгч Ш.М нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. Н нь анх нэхэмжлэгч Ch-ний хувьцаа эзэмшдэг "А” ХХК-тай 2018 оны 06-р сарын 29-ны өдөр 180629-01 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд тус гэрээний 9-р зүйлийн 9.1-д “Байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байгаа тул Гүйцэтгэгч тал нь үл хөдлөх эзэмшигч Ch-г итгэмжлэн захиалагч талтай орон сууц худалдах, худалдан авах гэрээг нөхөн байгуулж нотариатаар баталгаажуулна.” гэж заасан. Дээрх гэрээнд заасныг үндэслэн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ch нь хариуцагч Б. Нтай 2018 оны 09-р сарын 24-ны өдөр 180924-01 дугаартай “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г байгуулан гэрээгээр худалдагч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, р хороо,  хороолол  давхар  байрны  тоот хаягтай,  тоот улсын бүртгэлийн дугаартай 59,24м2 талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдан авагч нь сар бүр гэрээний хавсралт графикийн дагуу төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон байна. Талуудын тохиролцсоноор гэрээний зүйлийн нийт үнэ 91,822,000 /Ерэн нэгэн сая найман зуун хорин хоёр мянган/ төгрөг байна. Худалдан авагч нь урьдчилгаа 10,000,000 /Арван сая/ төгрөг, гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 32,626,000 /Гучин хоёр сая зургаан зуун хорин зургаан мянган/ төгрөгийг гэрээний төлбөрт тус тус төлсөн байх бөгөөд гэрээний 5.2-т “Худалдан авагч нь гэрээний 2.3-д заасан хуваарийн дагуу орон сууцны төлбөрийг төлнө.”, 5.3-т "Энэхүү гэрээний 2.3-д заасан төлбөрийг саадгүй төлөх бөгөөд худалдагч талд төлбөрийг шилжүүлэх эсвэл бэлнээр төлнө.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч худалдан авагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.7-д “Худалдан авагч нь гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрөөр алданги тооцох бөгөөд хавсралт 1-ийн хамт төлнө. Харин ажлын 14 хоногоос дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд Худалдагч тал үл маргах журмаар гэрээг дангаар дуусгавар болгож, дараагийн Захиалагчид шилжүүлэх эрхийг худалдагч эдэлнэ.”, 4.4-т “Худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол Худалдан тал гэрээг дангаар дуусгавар болгож, мэдэгдэл гаргаснаар 14 хоногийн дараа үл маргах журмаар байрыг эргүүлэн авна ”, 5.7-д “Худалдан авагчийн буруугаас гэрээ дуусгавар болсон, худалдагч . тал гэрээг дангаар дуусгавар болгосон бол энэхүү гэрээнд заасны дагуу алданги, торгууль, төлбөрийг худалдагчид төлсөн гэрээний төлбөрөөс үл маргах журмаар суутгах ба Худалдагч талын мэдэгдлийг хүлээн авснаас 14 хоногийн дотор үл маргах журмаар байрыг суллан нүүх үүрэгтэй.” гэж тус тус заасан байна. Худалдагч талын зүгээс өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлэх боломжит хугацааг олгосоор ирсэн ч худалдан авагчийн зүгээс гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул гэрээний 6.1-д “Худалдан авагч гэрээний 2.3-т заасан хугацаа болон дүнгийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхтэй.” зааснаар гэрээг цуцалж, дуусгавар болгож буй талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь өөрийн хүсэлтээр орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч нь өмч хөрөнгөө өмчлөлдөө авах талаар шаардахад тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн санаачилгаар буцаан өгөхгүй, үндэслэлгүй татгалзаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106 2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасан. Иймд “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-ний үүргийг сайн дураар биелүүлэхгүй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа Б. Н-ыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, р хороо, р хороолол  давхар  байрны  тоот хаягтай,  тоот улсын бүртгэлийн дугаартай 59,24м2 талбай бүхий 2 өрөө байрнаас албадан гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Н-ас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, р хороо, р хороолол  давхар  байрны  тоот хаягтай,  тоот улсын лийн дугаартай 59,24м2 талбай бүхий 2 өрөө байрыг албадан чөлөөлүүлэх тухай.

Хариуцагч нь анх нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшдэг компанитай гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар байрны гэрчилгээ гарсан тул орон сууцны гэрээ байгуулсан. Нийт 91 822 000 төгрөг төлөх байсан. Нийт 32 626 000 төгрөг төлсөн. Гэрээний 5.2-т төлбөр төлөх хуваарийг заасан. Нэхэмжлэгч нь төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд төлбөр төлөөгүйгээр байрыг хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан чөлөөлж өгнө үү. Цар тахал гарч хязгаарлалт тогтоосон гэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг мөрийтэй тоглоом ажиллуулдаг гэдэг боловч одоо машин зардаг гэж байна. Гэтэл энэ талаар баримтгүй. 8 сард уулзахад төлнө гэдэг боловч төлөөгүй.

Гэрээний 2.3-т төлбөрийг саадгүй бэлнээр төлнө гэсэн боловч төлөхгүй байсаар гэрээний хугацаа дууссан. Улмаар 2022.9.12-нд мэдэгдэл хүргүүлсэн. Хүлээж авсан талаар гарын үсэг зурсан. Мөн 2-3 удаа уулзалт хийсэн. Ингэхдээ үлдэх төлбөр төлөх талаар ярьсан. Гэтэл 9 сард одоо төлж эхэлнэ гэсэн боловч төлөөгүй. Мэдэгдэл авсан боловч хариу мэдэгдээгүй тул бид гэрээнээс татгалзаж байгаа юм. 9.15-нд нэг өмгөөлөгчийн хамт ирж уулзахдаа төлбөрөө төлнө хугацаа олгооч гэдэг. Мөн утсаар яриад зээл хөөцөлдөөд үзээч гэж хэлж байсан юм. Төлөх боломжтой гэсэн боловч төлөөгүй тул төлөх сонирхолгүй байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Б.Н нь шүүхэд, түүний төлөөлөгч Т.У, өмгөөлөгч У.Х нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шатны шүүхэд гаргасан БНХАУ-н иргэн Ch-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Z--ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н миний бие танилцаад нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Хариуцагч Б.Н миний бие 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 180629-01 тоот дугаартай, Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 46-В дугаар байрны 41 тоот хаягтай, 59.24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 91,822,000 төгрөгөөр тохиролцож, БНХАУ-н иргэн Ch-аас худалдан авсан. Дээрх төлбөрөөс 10,000,000 төгрөгийг Б.Н миний бие гэрээ хийгдмэгц Ch-д төлж үлдэх, 81,822,000 төгрөгийг Б.Н миний бие 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 42 сарын хугацаанд сар бүр 2,395,390.27 төгрөгийг Ch-д төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Хариуцагч миний бие нэхэмжлэгчид 81,822,000 төгрөг төлөхөөс 32,626,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны хавар хүртэлх хугацаанд төлсөн. Дэлхий дахинд корона вирусын халдвар тархаж, Монгол Улсад корона вирусын тохиолдол 2020 оны 11 дүгээр сард бүртгэгдэж, Монгол Улсын Засгийн газраас орон даяар гамшгийн онц байдал зарлаж, Нийслэл хот төдий орон нутагт хөл хорио тогтоосон. Үүний дараагаар төр, засгийн шийдвэрээр худалдаа, үйлчилгээг хязгаарлаж, хилийг хааж эхэлсэн. Хариуцагч Б.Н би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тодруулбал, том оврын тээврийн хэрэгслийн худалдааны зууч хийгдэг. Миний эрхэлдэг ажил нь худалдаа, үйлчилгээний салбар бөгөөд үйл ажиллагаа маань хаагдаж, санхүүгийн хямдрал орсон. Үүний зэрэгцээ, хил хаагдсантай холбоотойгоор худалдаа, үйлчилгээний салбар маань бараа, бүтээгдэхүүний хомсдол орж, санхүүгийн чадамж буурч ажилчдын цалин, хөлсөнд хүндрэл учирч эхэлсэн. Энэ хүндрэлээс шалтгаалан миний бие Ch-ний өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болж хувирсан болно. Гэхдээ, миний бие боломж, бололцоогоороо төлөхийг чармайн хичээсэн боловч эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалан үүргээ биелүүлж чадаагүй болно. Монгол, БНХАУ-ын хил, гааль нээгдэж миний эрхэлдэг ажил тогтвортой болж санхүүгийн асуудал маань хэвийн горимд шилжсэн болно. Миний бие эл орон сууцандаа 5 жил орчим оршин сууж, аж төрөн амьдарч байна. Эл орон сууц маань манай гэр бүлийн ижил дасал болсон халуун, дулаан орон байр юм аа. Хариуцагч Б.Н миний бие гэрээний үлдэгдэл төлбөр болох 49,196,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэл сонирхолтой байна. Иймд, энэхүү хэрэг, маргааныг эвийн журмаар шийдвэрлэж өгөхийг шүүхээсээ хүсэж байна.

Хариуцагч нь 2018.9.24-нд орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хийсэн. Нийт 91 822 000 төгрөгөөр авахаар тохиролцон урьдчилгаанд 10 саяыг төлсөн. Үлдэх төлбөрийг 42 сарын хугацаанд төлөхөөр тохиролцож эзэмшилдээ авсан. 2021 оны хавар хүртэл нийт 69 203 314.76 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 12 618 685.24 төгрөг байгаа юм. Хариуцагч нь үүнийг 2022.4.24-с өмнө төлөх ёстой байсан боловч цар тахал тархаж замын хөдөлгөөн хязгаарлагдаж бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж орлого тасалдсан. Үүнээс болж төлбөрийг төлөх боломжгүй болсон. Хариуцагч нь машин хятадаас оруулж ирж худалддаг юм. Нэхэмжлэгч нь гэрээг цуцалсан гэдэг. Улмаар хуулийн 106.1-р шаарддаг. Гэрээ нь хүчин төгөлдөр байгаа юм. Цуцалсан зүйл байхгүй юм. Иймд хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь гэрээг цуцалсан мэдэгдлийг 2022.9.12-нд мэдэгдсэн гэж байна. Хэргийн 12-т мэдэгдэл байгаа боловч хариуцагч нь энэ баримтыг танилцаагүй. Төлөөлөгч нь мэдэгдэл өгсөн бөгөөд нэхэмжлэгч өөрөө мэдэгдээгүй. Гэрээнд гэрээг цуцлах талаар 4-т заасан байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2022 оны 8 сард итгэмжлэл хийлгэж авсан. Итгэмжлэлээр гэрээг цуцлах эрхийг олгоогүй. Иймд Иргэний хуулийн 62.3-г зөрчиж байна. Төлөөлөгчийн эрх итгэмжлэлийн дагуу үүснэ гэсэн байдаг ба энд гэрээг цуцлах, мэдэгдэл өгөх эрх олгоогүй. Иймд мэдэгдэл өгснөөр гэрээг цуцалсан гэж үзэхгүй. Энэ нь гэрээний 4.4-т заасныг зөрчиж байна. Мөн хариуцагч гардаж авсан гэдэг боловч мэдэгдэл дээр зурсан гарын үсгийг хариуцагч зураагүй гэдэг. Иймд гэрээг цуцлах мэдэгдэл өгөөгүй гэж үзнэ. Иймд гэрээ хэвийн үргэлжилж байна. Бид үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн байна. 2022 онд төлбөр төл гэж утсаар хэлдэг байсан. Төлбөрийн хуваарийн дагуу төлнө гэсэн. Энэ хугацаанд цар тахлын үе таараад байгаа юм. Гэрээний 7.2-т хариуцлага хүлээхгүй гэж заасан. Иргэний хуулийн 204.2-д дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана. Мэдэгдэл өгсөн нь тогтоогдохгүй байна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх7-9/,  дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх17/, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдэл /хх18/, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гараар бичсэн баримт /хх19/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  хороолол /13321/, Дандарбаатарын гудамж,  байр,  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 59.24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагчийн  хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөв.

 

Нэхэмжлэгч БНХАУ-н иргэн Ch орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Б.Н нь гэрээ хэвийн үргэлжилж байгаа, цар тахлаас шалтгаалж төлбөр төлөх боломжгүй болсон, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь мэдэгдэл өгөх эрхгүй бөгөөд нэхэмжлэгч мэдэгдэл өгөөгүй тул гэрээнээс татгалзах эрхгүй гэж маргаж байна.

 

Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 91,822,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх7-9/

Гэрээгээр Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, байр, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэгдсэн, 59.24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон. Энэхүү орон сууц нь нэхэмжлэгч БНХАУ-н иргэн Ch-ний өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,, дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх17/

Гэрээний 2.2, 2.3-т зааснаар урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг төлж, үлдэх 81,822,000 төгрөгийг 42 сарын хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн дотор хувааж төлөхөөр тохиролцсон байна.

Улмаар хариуцагч нь урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөг төлсөн болон дээрх үйл баримт, орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 32,626,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа уг мөнгөн дүнг зөвшөөрсөн боловч хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөнгөн дүн алдаатай 69,000,000 төгрөг төлсөн гэж маргаж байна.

Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээнд төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь 59,196,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзнэ.

Түүнчлэн гэрээний 2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс хамааралгүйгээр төлбөрийг төлөх боломжтой байсныг дурдах нь зүйтэй.

 

Гэрээний 2.7, 6.1-д зааснаар хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагч буюу нэхэмжлэгч нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдэгдэл өгөх эрхгүй, улмаар гэрээ цуцлах талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар мэдэгдээгүй тул гэрээг цуцлах эрхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр төлөөлөгч Z-д олгосон итгэмжлэлээр маргаж буй 41 тоот орон сууцтай холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгогдсон байна. /хх6/

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь итгэмжлэлээр олгосон эрхээ хэрэгжүүлэх зорилгоор гэрээний 4.4-т зааснаар мэдэгдэл гаргасан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг зөрчөөгүй байна.

Цаашлаад, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид мэдэгдэл хүргүүлж, гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь уг мэдэгдэлд зурагдсан гарын үсгийг хариуцагч зураагүй гэж маргасан боловч өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй, энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

Мөн хариуцагч, түүний төлөөлөгч нь улсын хилээр тээврийн хэрэгсэл импортлох үйл ажиллагаа цар тахлын улмаас зогссон тул төлбөр төлөх боломжгүй болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн орлогын эх үүсвэр нь хөл хорио, хил хаасан зэрэгт хамааралтай гэдгийг өмнөх үйл ажиллагаатай холбоотой баримт гаргах замаар нотлох боломжтой байсан боловч шүүхэд энэ талаарх баримтыг ирүүлээгүй.

Иймд цар тахлын улмаас хөл хорио тогтоогдож, улсын хил хаагдсан гэх тайлбар нь худалдах худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх буюу үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

 

Үүнээс гадна гэрээний 7.2-т заасан нь алдангиас чөлөөлөх талаар байх бөгөөд харин үнэ төлөх үндсэн үүрэг болон нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрхийг хязгаарлах зохицуулалт биш байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь төлбөр төлөх талаар мэдэгдэж байсан нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “2022 онд хэд хэдэн удаа төлбөр төлөх талаар мэдэгдэж байсан” гэх тайлбараар тогтоогдсон. Улмаар хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэх төлбөрийг төлөөгүй үйл баримтын талаар маргаангүй тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

 

Нэгэнт нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу өөрийн эзэмшилд байгаа орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг хариуцагчид үүсжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, хороолол /13321/, Дандарбаатарын гудамж,  байр,  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэгдсэн, 59.24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Н-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч БНХАУ-н иргэн Ch-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нас 617,060 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-н иргэн Ch-д олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД