Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00816

 

 

 

2023 04 19 210/МА2023/00816

 

 

БНХАУ-ын иргэн Chen Suiman (Чэн Суй Мэн)-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00973 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Chen Suiman (Чэн Суйман)-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Насантулгад холбогдох

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Zhao Chaoxin (Жао Чаошин), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч У.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Насантулга нь Chen Suiman (Чэн Суйман)-тэй байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 180924-01 тоот Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 46в байр, 41 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204095228 дугаартай, 59.24 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 91,822,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Гэвч урьдчилгаанд 10,000,000 төгрөг төлж гэрээ байгуулснаас хойш нийт 32,626,000 төгрөг төлж үлдэх хэсгийг төлөөгүй.

1.2. Иймээс нэхэмжлэгч нь гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж дуусгавар болгож байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа Б.Насантулгыг дээрх орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ковид-19 цар тахлын улмаас Б.Насантулгын үйл ажиллагаа хаагдаж, санхүүгийн хямралд орсонтой холбоотойгоор гэрээний төлбөрийг төлж чадаагүй. Гэрээний  урьдчилгаанд 10,000,000 төгрөг төлсөн. Үлдэх төлбөрийг 42 сарын хугацаанд төлөхөөр тохиролцож орон сууцыг эзэмшилдээ авсан. 2021 оны хавар хүртэл нийт 69,203,314.76 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 12,618,685.24 төгрөг байгаа. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байна.

2.2. Нэхэмжлэгч Chen Suiman (Чэн Суйман) нь гэрээ цуцалсан зүйл байхгүй, мэдэгдэл өгсөн гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчид гэрээг цуцлах эрх олгогдоогүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууц чөлөөлөхийг шаардаж байгаа боловч гэрээ хүчинтэй учир Б.Насантулга хууль бусаар эзэмшээгүй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 46в байр, 41 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095228 дугаарт бүртгэгдсэн, 59.24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Насантулгын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Chen Suiman (Чэн Суй Мэн)-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Насантулгаас 617,060 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Chen Suiman (Чэн Суй Мэн)-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Тодруулбал, Chen Suiman (Чэн Суй Мэн)-ээс Zhao Chaoxin (Жао Чаошин)-д олгосон итгэмжлэлд орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан худалдагчийн эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгоогүй. Энэ нь Zhao Chaoxin (Жао Чаошин)-ийн шүүх хуралдаанд гаргасан “Chen Suiman (Чэн Суй Мэн) вийчатаар гэрээг цуцлах талаар хэлсэн” гэх тайлбараар нотлогддог. Энэ тайлбарыг шүүх нотлох баримтын хүрээнд үнэлээгүй. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус итгэмжлэлд тооцогдоно.

Шүүхийн “гэрээг цуцлах мэдэгдлийг гаргасан, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид мэдэгдэл хүргүүлж, гарын үсэг зуруулсан, иймээс гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гэж үзэхээр байна” гэх дүгнэлт хууль зүйн хувьд ойлгомжгүй.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” баримт эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус баримт болох нь нотлогдох бөгөөд худалдагч Chen Suiman (Чэн Суй Мэн) нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд заасан журмын дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, худалдан авагч Б.Насантулгаас орон сууцыг гэрээнд заасан хугацааны дотор эргүүлэн өгөхийг мэдэгдэж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогддоггүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

      5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Б.Насантулгатай биечлэн уулзаж банкнаас зээл гаргуулаад асуудлаа шийдчихвэл шүүхэд хандах шаардлагагүй гэдгийг хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б.Насантулга, түүний өмгөөлөгч нартай уулзаж бичгийн мэдэгдлийг танилцуулан гардуулсан ба энэ баримт хэрэгт авагдсан. Хариуцагч энэ баримтад гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа ч гарын үсэгт шинжээч томилуулаагүй.

5.2. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Мэдэгдэл болон шүүхэд хандах эрхээ хамгаалуулах нь салшгүй холбоотой болохоос хоёр үр дагавартай зүйл биш. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олгосон итгэмжлэлийн хүрээнд гэрээний 4.4 дэх хэсэгт заасан мэдэгдэл гаргасан нь Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Chen Suiman (Чэн Суй Мэн) нь хариуцагч Б.Насантулгад холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 91,822,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч нийт 42,626,000 төгрөг төлсөн, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй учир мэдэгдэл өгч гэрээг цуцалсан. Хариуцагч орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан чөлөөлж өгнө үү” гэж тайлбарлажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Chen Suiman (Чэн Суй Мэн)-ийн нэхэмжлэл тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1. Нэхэмжлэгч нь гэрээг цуцалж дуусгавар болгосон тул  хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулна гэж тайлбарлаж байх боловч хариуцагчаас гэрээний дагуу тодорхой хэмжээний төлбөр шилжүүлснийг маргаагүй, уг төлбөрийг хэрхэх талаар нэхэмжлэлд тодорхойлж тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан авахаар шаардсан бол түүнд хариуцагчаас шилжүүлсэн зүйлийг хэрхэхийг нэхэмжлэлдээ тодорхойлох шаардлагатай. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байвал шүүх тодруулах ажиллагааг гүйцэтгэх учиртай.

3.2. Үүнээс гадна зохигчид гэрээний үүргийн зөрчлийн талаар маргаж байгаа тохиолдолд гэрээний гүйцэтгэлийн талаар шүүх дүгнэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн үүргийн гүйцэтгэл бүрэн тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариуцагчийг урьдчилгаа 10,000,000 төгрөг, гэрээ хэрэгжих явцад 32,626,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд 42,626,000 төгрөг төлсөн гэж тус тус зөрүүтэй тайлбарласан, төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

4. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00973 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Насантулгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА