Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/00865

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 10 101/ШШ2023/00865

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, шүүгч Н.С, шүүгч Т.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Э.А,

хариуцагч- Н.Т,

хариуцагч- А Э Э М ХХК нарт холбогдох,

гэм хорын хохиролд 148,124,532 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч Н.Намжилмаа,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Д.Тамир,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, Г.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х Б ХХК нь Н.Т, Э.А, А Э Э М ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 148,124,532 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1а. Хариуцагч Э.А, Н.Т нарт холбогдох шаардлагын үндэслэлээ 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ***** нутаг дэвсгэрт Ж.Т, Э.А нар банкны өмчлөлийн J маркийн, **** УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон замгүй өвс ихтэй газраар удаан хугацаанд явсны улмаас болж уг автомашин шатсан.

Тус машиныг Хаслизинг ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 163,000,000 төгрөгөөр худалдан авч, Х м ХХК-нд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******** дугаартай санхүүгийн түрээсийн гэрээгээр 96 сарын хугацаатай түрээсэлж байсан.

**** аймгийн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай тогтоолоор банкны өмчлөлийн автомашинд иргэн Э.А Ж.Т нар явж байсныг тогтоосон тул тэдгээрээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т зааснаар хохирлоо шаардаж байна гэж тодорхойлсон.

 

2б. Хариуцагч А Э Э М ХХК-нд холбогдох шаардлагын үндэслэлээ банкны өмчлөлийн автомашиныг жолоодож явсан Н.Т нь тус компанид ажиллаж байсан болох нь нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар тогтоогдсон.

А Э Э М ХХК-нд захирлын жолооч байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас манай банкны өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулсан тул Н.Ттэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч болох А Э Э М ХХК-иас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар шаардаж байна гэж тодорхойлсон.

 

3. Иргэдийн төлөөлөгч Төмөрсүх нарт холбогдох хэрэгт Х Бны машины төлбөрийг барагдуулсан юм болов уу гэж дүгнэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4, 8, 30/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-6-7/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02212 дугаартай шийдвэр /хх-9-13/, МХХК, Х лг ХХК нарын 2019-07-03-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах тухай V19/186 дугаартай гэрээ /хх-14-16/, Х лг ХХК, Х м ХХК нарын 2019-07-03-ны өдөр байгуулсан ******** дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-17-20/, 2019-07-04-ний өдрийн Х лг ХХК-иас МХХК-нд 163,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт /хх-21/, Х лг ХХК-ийн эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх-22/, **** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-23/, **** аймгийн прокурорын газрын прокурорын 2020-10-26-ны өдрийн **** дугаартай тогтоолын хуулбар /хх-94-95/, Вендо ХХК-ийн 2020-10-26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-96-100/, Х м ХХК-ийн Х Б ХХК-нд хаягласан 2022-05-03-ны өдрийн албан бичиг /хх-116/, Х Бны 2022-08-29-ний өдрийн 1,002,843 төгрөгийн төлбөрийн баримт /хх-117/, **** УНӨ тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-118/, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх-171-173/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

4а. Хариуцагч Э.А, Н.Т нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-49/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл /хх-72-73/, Х м ХХК-ийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-74/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол /хх-75-78/, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 00241 дугаартай тогтоол /хх-79/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00076 дугаартай магадлал /хх-80-84/, хариуцагч Н.Тээс төлөөлөгч Т.Лхагвасүрэнг томилсон итгэмжлэл /хх-102/, Х м ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-103/, Х м ХХК-ийн дүрэм /хх-104-106/, Х м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020-8-14-ний өдрийн зөвшөөрөл олгох тухай тушаал /хх-107/, А Э Э М ХХК-ийн дүрэм /хх-146-147/, А Э Э М ХХК-ийн захирлын хувийн жолоочийн ажлын байрны тодорхойлолт /хх-148-149/, А Э Э М ХХК-ийн Н.Ттэй 2015-08-01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-150/, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд гаргасан 2022-02-18-ны өдрийн гомдол /хх-151-153/, А Э Э М ХХК-ийн ерөнхий захирлын ажилтан шилжүүлэн ажиллуулах тухай 2020-01-09-ний өдрийн 11 дугаартай тушаал /хх-154/, А Э Э М ХХК-ийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-199/, А Э Э М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-200-202/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

4б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас Н.Тийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-142-143/ баримтыг шүүх бүрдүүлсэн.

 

4в. Хавтаст хэргийн 24-р талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Т, Э.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хаслизинг ХХК нь J R маркийн автомашиныг МХХК-иас 163,000,000 төгрөгөөр худалдан авч, Х м ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******** дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр 96 сарын хугацаатай түрээсэлж, автомашиныг шилжүүлэн өгсөн.

Гэвч хариуцагч Ж.Т, Э.А нар банкны өмчлөлийн J маркийн **** УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр **** аймгийн **** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа замгүй өвс ихтэй газраар удаан хугацаанд явснаас болж уг автомашин шатаж устсан.

**** аймгийн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай тогтоолоор иргэн Э.А Ж.Т нар манай өмчлөлийн автомашиныг жолоодож явсан болохыг тогтоосон гэж тайлбарласан.

 

2а. Нэхэмжлэгч нь хариуцагч А Э Э М ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар хариуцагч Н.Т нь А Э Э М ХХК-нд ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа баримтаар тогтоогдсон тул ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад хохирол учруулсан тул ажил олгогчоос хохирлыг гаргуулна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ Х м ХХК нь Х лг ХХК-иас уг автомашиныг 96 сарын хугацаатай санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр түрээсэлсэн байсан боловч Хаслизинг ХХК нь даатгалын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс даатгалын тохиолдол бий болоход Х м ХХК нь даатгалаас нөхөн төлбөр авч чадаагүй тул Х лг ХХК-иас 148,124,532 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тухайн үед Х Б ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 147,121,689 төгрөг гаргуулахаар шаардсанаар Х м ХХК нь даатгалын тохиолдол бий болохоос өмнө төлөгдсөн 80,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 147,121,689 төгрөгтэй нийлээд 230,000,000 төгрөгийг санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт Х лг ХХК буюу Х Б ХХК-нд төлсөн.

Нэхэмжлэгчийн өнөөдөр гаргаж байгаа шаардлага, үндэслэл нь гурван шатны шүүхээр хянагдсан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалтай.

Өнөөдөр Х Б ХХК-ийн ямар эрх ашиг хохирсон нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497, 498, 499 гэсэн 3 өөр хуулийн үндэслэлээр 3 хариуцагч татаж, хэнээс нь хэд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа гэдгээ тодруулж гараагүй.

Санхүүгийн түрээсийн гэрээний 7 дугаар зүйлд зааснаар 142,000,000 төгрөгийг Х Банд төлсөн байтал дахиад мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Х лг ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр МХХК-тай J R загварын автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан /хх-14/ байх бөгөөд Х лг ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Х м ХХК-тай ******** дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт заасан түрээсийн зүйл болох J R маркийн, **** УБЕ улсын дугаартай суудлын автомашиныг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна /хх-17, 22/.

 

4б. **** аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд ...иргэн Э.А, Н.Т нар нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр **** аймгийн **** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөөтийн уурхай гэх газар **** УНӨ улсын дугаартай Ж В маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад уг тээврийн хэрэгсэлд гал авалцан шатаж Х лг ХХК-д 148,124,532 төгрөгийн, байгаль экологид 75,000 төгрөгийн хохирол учирсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодод хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан... бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилснаас үзэхэд дээрх түймэр гарч 75,000 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй байна гээд иргэн Э.Агаас гаргасан бүртгэлийн 4640 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсугай гэжээ /хх-94-95/.

 

4в. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/0***** дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч Х лг ХХК-иас 148,124,532 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х м ХХК-д олгохоор, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х м ХХК-иас 147,121,689 төгрөгийг гаргуулан хариуцагч Х лг ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байна /хх-9-13/.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00076 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/0**** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /хх-80-84/.

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн 001/ШХТ2022/00*** дугаар тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч С.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна /хх-79/.

 

Санхүүгийн ******** дугаартай түрээсийн гэрээний хавсралт буюу эд хөрөнгө хүлээлцсэн актад **** УБЕ улсын дугаартай автомашин гэж дурдсан байх боловч /хх-22/ Автотээврийн үндэсний төвийн 2022-04-18-ны өдрийн лавлагаанд **** УНӨ дугаартай тээврийн хэрэгслийн өмнөх дугаарыг **** УБЕ гэж бичигдсэн байна /хх-118/.

 

4г. Х м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А20/25 дугаартай тушаалаар гүйцэтгэх захирлын **** аймгийн **** суманд томилолтоор ажиллах хугацаанд компанийн эзэмшлийн **** УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Н.Тэд хүлээлгэн өгөх талаар дурдсан /хх-107/.

 

4д. Н.Т нь А Э Э М ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан /хх-150/ байх бөгөөд тус компанийн ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаар тушаалаар захирлын жолооч Н.Т ...нарыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Х м ХХК-д шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна /хх-154/.

 

4е. Хариуцагч Н.Т нь А Э Э М ХХК-нд 2020 оны 01-р сараас 12-р сарыг дуусталх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн /хх-143/, хариуцагч Э.А нь Х м ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл 2019 оны 09-р сарын 11-ний өдөр хийгдсэн байна /хх-103/.

 

5. Дээрх баримтаар Х лг ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний дагуу Х м ХХК-нд шилжүүлсэн Ж В маркийн, **** УНӨ улсын дугаартай авто машин 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр **** аймгийн **** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөөтийн уурхай гэх газар шатсан болох нь тогтоогдож, талууд маргаагүй.

 

6. Харин нэхэмжлэгч нь дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувиар эд хөрөнгөд учирсан хохирол гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч нар дээрх автомашин шатаж устсантай холбоотой санхүүгийн түрээсийн гэрээний маргааныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж зохицуулсан.

 

Хуульд зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд хууль зөрчиж гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Тайлбарлавал, гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн үр дагавар буюу гэм хор учирсан байх эдгээрийн хооронд шалтгаант холбоо байхыг гэм хорын ерөнхий үндэслэл гэж үзэх бөгөөд гэм хорын хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай, хууль бус үйлдэл байхыг ойлгоно.

 

8. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж зохицуулсан.

 

Хуульд зааснаар гэм хор, хохирол хариуцах субъект нь гэм хор учруулсан этгээд, уруу татсан этгээд, дэмжин тусалсан этгээд, гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд байхыг заасан.

 

9. Тиймээс хариуцагч Э.А, Н.Т нар хууль зөрчсөн гэм буруутай эсэх, нэг санаа зорилгоор эсхүл санамсар болгоомжгүйн улмаас хамтарч үйлдсэн эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч Э.А, Н.Т нарын хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийг замгүй газраар автомашин жолоодон явсан болох нь **** аймгийн прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж тодорхойлсон.

 

Гэтэл **** аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор ...иргэн Э.А, Н.Т нар нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр **** аймгийн **** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөөтийн уурхай гэх газар **** УНӨ улсын дугаартай Ж В маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад уг тээврийн хэрэгсэлд гал авалцан шатсан, дээрх түймэр гарч 75,000 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна /хх-94-95/.

Өөрөөр хэлбэл, иргэн Э.Агийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байх тул хариуцагч Э.А, Н.Т нарын гэм бурууг эрх бүхий байгууллага тогтоосон гэж үзэх боломжгүй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж зохицуулсан.

 

Түүнчлэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр Х м ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байсан автомашиныг хариуцагч Э.А, Н.Т нар хууль зөрчин авч ашиглаж, хуулиар зөвшөөрөгдөөгүй үйлдэл гаргаснаар эд хөрөнгийг устгасан гэм буруутай болох нь нотлогдон, тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.А нь Х м ХХК-ийн гүйцэтгэх захирал байх бөгөөд хариуцагч Н.Тийг А э э М ХХК-н ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр тушаалаар Х м ХХК-нд шилжүүлэн ажиллуулахаар, Х м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны А20/25 дугаар тушаалаар компанийн эзэмшлийн **** УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Н.Тэд хүлээлгэн өгөхийг дурдсан байна.

 

10. Хариуцагч А Э Э М ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага хүлээх үндэслэлээр тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зохицуулсан.

 

Хуульд зааснаар ажил олгогчийн заавар журмын дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ ажилтан гүйцэтгэх явцад бусдад гэм хорын хохирол учирсан байхыг ойлгоно.

 

Тиймээс ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг болон ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад хууль зөрчсөн зөрчил гаргасан байхыг, санаатайгаар эсхүл болгоомжгүй байдлаар бусдад гэм хорын хохирол учруулсан тохиолдолд түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээдэд хариуцлагыг хүлээлгэх байдлаар гэм хорыг арилгуулахаар байна.

 

Гэтэл хэргийн үйл баримтаар санхүүгийн түрээсийн гэрээний дагуу Х м ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байсан **** УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шатаж устсан хугацаанд хариуцагч Н.Т нь Х м ХХК-нд шилжин ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул А Э Э М ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн ажил олгогчийг ажлын байрын тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэхээргүй байна.

 

11. Нэхэмжлэгч дээрх шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолгоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Зохигч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх үүргийг дэлгэрэнгүйгээр тайлбарлан танилцуулсан бөгөөд шүүх хуралдааны үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүсэлтгүй гэснээр хэрэг хэлэлцэх ажиллагааг эхлүүлсэн болно.

 

13. Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Э.А, Н.Т нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т зааснаар, хариуцагч А Э Э М ХХК-иас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэм хорын хохиролд 148,124,532 төгрөг гаргуулахыг хүссэн Х Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

14. Харин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох, мөн хуулийн 227 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага, Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний зохицуулалтаар Х м ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х лг ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

15. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Н.Намжилмаа нь Төмөрсүх нарт холбогдох хэрэгт Х Бны машины төлбөрийг барагдуулсан юм болов уу гэж дүгнэсэн боловч хариуцагч Э.А, Н.Т нар хууль зөрчин тухайн автомашиныг авч ашиглаж, хуулиар зөвшөөрөгдөөгүй үйлдэл гаргаснаар эд хөрөнгийг устгасан гэм буруутай болох нь тогтоогдохгүй, А Э Э М ХХК нь ажилтан Н.Тээр ажил үүрэг гүйцэтгүүлж байсан болох нь нотлогдоогүй тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 898,573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч Э.А, Н.Т, А Э Э М ХХК нараас гэм хорын хохиролд 148,124,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 898,573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Я

 

 

ШҮҮГЧИД Н.С

 

 

Т.Э