Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00764

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00764

 

 

**********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах.даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/00865 дугаар шийдвэртэй,

**********-ийн нэхэмжлэлтэй, *********** *********, ******* нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 148,124,532 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, *********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ж.Төмөрсүх, ********* нар банкны өмчлөлийн Jeep wrangler маркийн, 77-88 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон замгүй өвс ихтэй газраар удаан хугацаанд явсны улмаас болж уг автомашин шатсан.

Тус машиныг Хаслизинг ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 163,000,000 төгрөгөөр худалдан авч, Хаппи март ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 41000450 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээгээр 96 сарын хугацаатай түрээсэлж байсан.

Дорнод аймгийн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/829 дугаартай тогтоолоор банкны өмчлөлийн автомашинд иргэн ********* Ж.Төмөрсүх нар хохирол учруулсныг тогтоосон тул тэдгээрээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т зааснаар хохирлоо шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хаппи март ХХК нь Хас лизинг ХХК-аас уг автомашиныг 96 сарын хугацаатай санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр түрээсэлсэн байсан боловч Хаслизинг ХХК нь даатгалын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс даатгалын тохиолдол бий болоход Хаппи март ХХК нь даатгалаас нөхөн төлбөр авч чадаагүй тул Хас лизинг ХХК-аас 148,124,532 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тухайн үед **********-ийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 147,121,689 төгрөг гаргуулахаар шаардсанаар Хаппи март ХХК нь даатгалын тохиолдол бий болохоос өмнө төлөгдсөн 80,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 147,121,689 төгрөг, нийт 230,000,000 төгрөгийг санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт Хас лизинг ХХК буюу **********-д төлсөн.

Нэхэмжлэгчийн өнөөдөр гаргаж байгаа шаардлага, үндэслэл нь гурван шатны шүүхээр хянагдсан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалтай.

**********-ийн ямар эрх ашиг хохирсон нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497, 498, 499 гэсэн 3 өөр хуулийн үндэслэлээр 3 хариуцагч татаж, хэнээс нь хэд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа гэдгээ тодруулж гаргаагүй.

Санхүүгийн түрээсийн гэрээний 7 дугаар зүйлд зааснаар 142,000,000 төгрөгийг Хас банканд төлсөн байтал дахиад мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч *********, *******, *********** нараас гэм хорын хохиролд 148,124,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 56.1-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 898,573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч нарын хууль бус хөнгөмсгөөр найдсан болгоомжгүй үйлдэл болон манайд учирсан хохирлын шалтгаант холбоо дараах байдлаар тодорхой харагддаг.

Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/829 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх 94-95/-ын "Олсон нь" хэсгийн Гэрч *******ийн "...Би тээврийн хэрэгслийг жолоодож явсан... Би машин шатсан шалтгааныг өвснөөс гарсан байж болзошгүй гэж үзэж байна. Манай өвс хадаж байгаа газар өндөр өвстэй, мөн тухайн тээврийн хэрэгсэлтэй явахдаа замгүй голдуу өвс дээгүүр яасан байдаг" гэх мэдүүлэг, Гэрч *********гийн "... Матад сум шатахуун авах гээд найз *******ийн хамт хадлангийн бригад дээрээсээ гарсан... тээврийн хэрэгсэл шатсан шалтгааныг өвснөөс болсон байх гэж үзэж байна. Манай байгаа газрын өвсний өндөр 30-40 см өндөртэй бөгөөд миний машин яндангийн оч баригч байхгүй" гэх мэдүүлгээр хариуцагч нар автомашиныг жолоодон өвс ихтэй, машин нь оч баригчгүй гал гарах эрсдэлтэйг мэдсээр байж хөнгөмсгөөр найдан замгүй газраар удаан хугацаагаар явсан үйлдэл байгаа нь тогтоогддог.

Дээрх үйлдэл нь Монгол улсын Авто замын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар замын хөдөлгөөнд оролцож буй иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргийг хүлээдэг бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,4 дүгээр зүйлийн а/-д зааснаар жолооч нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан задрал, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" үүрэгтэй бөгөөд мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн З/-д зааснаар Жолооч .... батлагдсан замаас гарч шинэ зам гаргахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл юм. Мөн тогтоолын "Олсон нь" хэсгийн 7 дахь догол мөрөнд "...Материалд цугларсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд иргэн *********, ******* нар нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1-р багийн нутаг дэвсгэр Хөөтийн уурхай гэх газар 77-88 УНӨ улсын дугаартай Жийп Вранглер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад уг тээврийн хэрэгсэлд гал авалцан шатаж "ХасЛизинг" ХХК-д 148,124,532 төгрөгийн, байгаль орчинд 75,000 төгрөгийн хохирол учирсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт хийсэн үзлэг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна" гэсэн.

Шүүхээс гэм хор учруулсан үйлдэл /эс үйлдэхүй/-г зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл байх ёстой гэж үзэж, ийм баримт байхгүй гэж дүгнэж байгаа нь дутагдалтай юм. Учир нь хууль, дүрэм, журам зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй ч гэм буруутай үйлдэл юм. Нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн.

4.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь осол гарах хугацаанд Ай энд Эйр Монголиа ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан нь бүрэн тогтоогдож байхад шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10, 11 дэх хэсэгт Ай энд Эйр Монголиа ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн ажил олгогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ өөрөө нотлох Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэргийн 151 дүгээр талд Ай энд Эйр Монголиа ХХК-ийн *******тэй 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 149-150 дугаар талд Ай энд Эйр Монголиа ХХК-ийн Ерөнхий захирал М.Энх-Амгалангийн гарын үсэг зурж баталсан "Захирлын хувийн жолоочийн ажлын байрны тодорхойлолт"-д ******* гарын үсэг зурсан баримтууд хариуцагч талаас гаргаж өгсөн байдлаар авагдсан байгаа. Мөн 143-144 дүгээр талд нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс Нийгмийн Даатгалын ерөнхий газраас гаргуулсан *******ийн "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт"-д 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд *******ийн ажил олгогчоор "Ай энд Эр Монголиа" ХХК бүртгэгдсэн байгаа нь нэхэмжлэлд дурдсан үйл явдал болсон хугацаанд буюу осол гарах үед ******* нь тус компанийн захирлын жолоочоор ажиллаж байсныг бүрэн нотлох бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******, "Ай энд Эр Монголиа" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** "... осол гарах өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1-р багийн нутаг дэвсгэрт ******* нь албан ажлаа гүйцэтгэж явсан гэж мэдүүлэг өгсөн нь тус өдрийн шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: *******, ********* нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Мөн хамтран хариуцагчийг татан оролцуулаад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчоос гэм хорын хохирлыг шаардсан.

Хаппи март ХХК- руу ***********-аас ажилтан шилжүүлэн ажиллах гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхээс Хаппи март ХХК-ийн ажил хийгдэж байсан байна, харин ***********-ийн ажил хийгдээгүй байсан тухай дүгнэлт хийсэн. ***********-аас ажилтнаа Хаппи март ХХК руу шилжүүлсэн, нийгмийн даатгал нь ***********-аар төлөгдөж байсан. Хэрвээ санхүүгийн болон ажилтан ажиллуулсан төлбөр тооцооны асуудлаар маргах байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн татгалзах хүсэлтүүдээ гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч *********, *******, ***********-д холбогдуулан гэм хорын хохиролд 148,124,532 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар.

2.а. Хас лизинг ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр МСМ групп ХХК-тай Jeep Wrangler Rubicon загварын автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан /хх-14/ байх бөгөөд Хас лизинг ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хаппи март ХХК-тай 41000450 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний хавсралтад заасан түрээсийн зүйл болох Jeep Wrangler Rubicon маркийн, 66-59 УБЕ улсын дугаартай суудлын автомашиныг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна /хх-17, 22/.

2.б. Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/829 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд ...иргэн *********, ******* нар нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөөтийн уурхай гэх газар 77-88 УНӨ улсын дугаартай Жийп вранглер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад уг тээврийн хэрэгсэлд гал авалцан шатаж Хас лизинг ХХК-д 148,124,532 төгрөгийн, байгаль экологид 75,000 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэсэн /хх-94-95/.

2.в. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02212 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч Хас лизинг ХХК-иас 148,124,532 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаппи март ХХК-д олгохоор, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хаппи март ХХК-иас 147,121,689 төгрөгийг гаргуулан хариуцагч Хас лизинг ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байна /хх-9-13/.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00076 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /хх-80-84/.

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн 001/ШХТ2022/00241 дугаар тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч *********гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна /хх-79/.

2.г. *******ийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хаппи март ХХК-д шилжүүлэн ажиллуулах тухай баримт хэрэгт авагдсан боловч нийгмийн даатгалын шимтгэлийг тус хугацаанд ***********-аас төлж байсан талаарх баримт хэрэгт авагджээ. /хх143,154/

 

3. Зохигч нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хохирсон, гэм буруу, шалтгаант холбооны талаар маргажээ.

Хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөөтийн уурхай гэх газарт нэхэмжлэгчийн өмчлөлийн 77-88 УНӨ улсын дугаартай Жийп вранглер маркийн тээврийн хэрэгсэл шатаж устсан, нэхэмжлэгчид 148,124,532 төгрөгийн хохирол учирсан үйл баримт авагджээ.

Мөн энэ тээврийн хэрэгсэл шатсантай холбоотойгоор Хас лизинг ХХК нь 148,124,532 төгрөгийг Хаппи март ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гарчээ.

Тээврийн хэрэгслийг хэн шатаасан, шатахад хэн хэн ямар гэм буруутай байсан, уг гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан гэм хор зэрэгт дүгнэлт өгөх шаардлагатай юм.

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэгт өмнө нь шийдвэрлэгдсэн болоод сүүлд шийдвэрлэгдэх гэж буй хэргийн талууд нэг, маргааны зүйл ижил, өмнөх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх гэсэн 3 нөхцөлийг шаарддаг. Зохигчийн хооронд энэ нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүхийн шийдвэр байгаа гэж дүгнэх боломжгүй.

Энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөөтийн уурхай гэх газарт нэхэмжлэгчийн өмчлөлийн 77-88 УНӨ улсын дугаартай Жийп вранглер маркийн тээврийн хэрэгсэл шатаж устсантай холбоотой гэм хорын шаардлага байна.

Үүнтэй холбогдуулан *******ийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хаппи март ХХК-д шилжүүлэн ажиллуулах тухай баримт хэрэгт авагдсан боловч нийгмийн даатгалын шимтгэлийг тус хугацаанд ***********-аас төлж байсан. Өөрөөр хэлбэл, ажилтан ямар ажил олгогчийн мэдэлд, хяналтад тухайн гэм хор учруулах үедээ ажиллаж байсныг тодруулах нь зүйтэй.

Гэм хор учирсан тухайн цаг хугацаанд хариуцагч ******* нь хувийн зорилгоор явж байсан эсхүл ямар байгууллагын ажил үүргийг гүйцэтгэж байсан эсэх, мөн тухайн тээврийн хэрэгсэл ямар байгууллагын эзэмшил ашиглалтад байсан зэргийг тодруулах шаардлагатай.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/00865 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 898,573 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД