Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2023/00093

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2023/00093

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн ........... сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох

дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 1,757,570 төгрөг, алданги 878,785 төгрөг, нийт 2,636,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ж.Д, М.Э, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 1,757,570 төгрөг, алданги 878,785 төгрөг, нийт 2,636,355 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай байгууллага нь 2021 оны 03 дугаар сарын 24 үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд 2021 оны 04 дүгээр сарын 13-нд бүртгэгдэж, ....... сумын ард иргэдийг 2021 оны 10 дугаар сараас Дулааны Эрчим хүчээр хангаж ажиллахаар болж улмаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн .......... сумын Хүүхдийн цэцэрлэгтэй 'Дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж ажилласан. Гэрээ байгуулснаас хойш 1237 м3 талбайг дулаан халаалтаар тасралтгүй хангаж ирсэн. Сард дулааны төлбөрт 1 м3 1705 төгрөгийг манай компанийн Т банкин дахь ............. дугаар бүхий байгууллагын харилцах дансанд төлбөрөө хийдэг байсан. Гэрээ байгуулж дулаан эрчим хүчээр хангуулсан Хүүхдийн цэцэрлэг нь 2022 оны 04 дүгээр сарын 15 ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10 ны өдрийг хүртлэх хугацааны дулааны төлбөр болох 1,757,570 төгрөгийг дулаан эрчим хүчээр хангаж ажилласан манай байгууллагад төлөхгүй өдийг хүрлээ. Манай компани 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд халаалтаа өгөөд эхэлсэн. 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал халаасан. 04 дүгээр сарын төлбөрийг С компани руу хоёр хуваагаад хийсэн. 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны халаалтын төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд гэрээнд заасны дагуу дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 1,757,570 төгрөгийг, мөн хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 878,785 төгрөг нийт 2,636,355 төгрөгийг хуулийн дагуу Говь-Алтай аймгийн .......... сумын Хүүхдийн Цэцэрлэгээс гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн тайлбар: М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус компани нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны дулааны мөнгийг нэхэмжилсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот тогтоолоор С аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжаар С аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар Д.Д-г томилж төвлөрсөн уурын зуухыг хариуцуулж ажиллахаар болсон. Энэ захирамжийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С ААТҮГ-тай гэрээ байгуулан 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны дулааны мөнгийг шилжүүлсэн. 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөнгийг М ХХК руу шилжүүлсэн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д хурал Засаг даргаас эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага аж ахуй нэгж албан тушаалтан иргэд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. Тэр үүргийн дагуу С ААТҮГ руу мөнгийг хийсэн. Төрийн ажил залгамж холбоотой явагддаг. Тухайн сумын иргэдийн хурал, Засаг даргаас ийм шийдвэр гаргаад бид нар тэрний дагуу мөнгийг С ААТҮГ руу хийсэн. Төсвийн мөнгө нэг л төлөгдөх ёстой. Дахин гарах ёсгүй учир М ХХК-д мөнгийг дахин төлөх боломжгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-М ХХК-иас Говь-Алтай аймгийн .......... сумын Хүүхдийн цэцэрлэгтэй байгуулсан 2022 оны Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ,

-Д ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 4, 5-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт,

-Д ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 4, 5-р сарын тайлан,

-Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан /М ХХК, тайлант хугацаа 2022 /2-р улирал/,

-М ХХК-ийн 2022.02.01-2022.05.01-ний өдрийг хүртэл хугацааны харилцах дансны харилцагчийн хуулга /Т банк/,

-Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан М-А групп ХХК ГАА-Хөв булаг /2022.01.01-2022.12.31/,

-М ХХК, М г ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаар Хамтран ажиллах гэрээний хуулбар.

 

5. Хариуцагч Говь-Алтай аймгийн .... сумын Хүүхдийн цэцэрлэгээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн ..... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаар Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн .... сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар Д.Д-г ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №1, нэхэмжлэх /С ААТҮГ/-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №3, нэхэмжлэх /С ААТҮГ/ хуулбар,

-2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн төлбөрийн баримт /С ААТҮГ/-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-С ААТҮГ-аас Говь-Алтай аймгийн ....... сумын Хүүхдийн цэцэрлэгтэй байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаар Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний хуулбар.

 

6. Хариуцагч С ААТҮГ-аас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-С ААТҮГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-Говь-Алтай аймгийн ......... сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/23 дугаар Д.Д-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар.

 

7. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн ........ сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжийн хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2.1. Нэхэмжлэгч М ХХК нь Говь-Алтай аймгийн ......... сумын Хүүхдийин цэцэрлэгт холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 1,757,570 төгрөг, алданги 878,785 төгрөг, нийт 2,636,355 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь С ААТҮГ-ыг хамтран хариуцагчаар оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн, улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь С ААТҮГ-ыг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.

3. Нэхэмжлэгч М ХХК нь ...Манай компани 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд халаалтаа өгөөд эхэлсэн. 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал халаасан. 04 дүгээр сарын төлбөрийг С компани руу хоёр хуваагаад хийсэн. 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны халаалтын төлбөрийг нэхэмжилж байгаа. Гэрээнд заасны дагуу дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 1,757,570 төгрөгийг, мөн хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 878,785 төгрөг нийт 2,636,355 төгрөгийг Говь-Алтай аймгийн ........... сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргуулна... гэж шаарджээ.

4. Хариуцагч Говь-Алтай аймгийн ....... сумын Хүүхдийн цэцэрлэг нь ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот тогтоолоор С аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжаар С аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар Д.Д-г томилж төвлөрсөн уурын зуухыг хариуцуулж ажиллахаар болсон. Энэ захирамжийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С ААТҮГ-тай гэрээ байгуулан 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны дулааны мөнгийг шилжүүлсэн. 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөнгийг М ХХК руу шилжүүлсэн. ... Төсвийн мөнгө нэг л төлөгдөх ёстой. Дахин гарах ёсгүй учир М ХХК-д мөнгийг дахин төлөх боломжгүй... гэж маргажээ.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

Говь-Алтай аймгийн ..... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаар тогтоолоор ...1. Монгол Улсын Засгийн газрын Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд шинээр баригдсан төвлөрсөн уурын зуух, гадна шугам сүлжээг хариуцан ажиллах С аж ахуйн тооцоот /орон нутгийн өмчит/ үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг хавсралтаар баталсугай. 2. С аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх, эрх баригчийг томилуулах, бүтэц орон тоо, үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө, үнэ тарифийг батлуулах асуудлыг холбогдох газруудад уламжлан шийдвэрлүүлж ажиллуулахыг Засаг даргад үүрэг болгосугай... гэжээ. /хх-ийн 30 дахь тал/

Улмаар Говь-Алтай аймгийн............ сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар С аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар Д.Д-г томилжээ. /хх-ийн 29 дэх тал/

6. С ААТҮГ нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр халаалтын төлбөрийг 15 хоногоор тооцож 1,051,450 төгрөг, 2022 оны 05 сард халаалтын төлбөрийг 10 хоногоор тооцож 700,966 төгрөгийн нэхэмжлэх үүсгэснийг Говь-Алтай аймгийн ...... сумын Хүүхдийн цэцэрлэг нь 2022 оны 05 сарын 13-ны өдөр 1,051,450 төгрөг, 2022 оны 05 сарын 26-ны өдөр 700,960 төгрөгийн төлбөрийн хүсэлт үүсгэн төлжээ. /хх-ийн 26-27 дахь тал/

7. Говь-Алтай аймгийн ...... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаар тогтоолоор С аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, шинээр баригдсан төвлөрсөн уурын зуух, гадна шугам сүлжээг хариуцан ажиллуулахаар даалгасан байх бөгөөд ийнхүү үүсгэн байгуулагдсанаас хойших буюу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дулаанаар хангасан төлбөрийг М ХХК-д төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

8. Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хуулийн этгээд дараахь үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:

12.1.2.дулаан үйлдвэрлэх;

12.1.4.дулаан дамжуулах;

12.1.7.дулаан түгээх... гэж,

13 дугаар зүйлийн 13.1-д Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэж, эрчим хүчний эх үүсвэрийг цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбох эрх олгоно гэж,

16 дугаар зүйлийн 16.1-д Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа явуулах эрх олгоно гэж тус тус заажээ.

Тодруулбал, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч М ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь тогтоогдохгүй байна.

9. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байх бөгөөд эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байж болно гэж,

17 дугаар зүйлийн 17.1-д Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, дулааныг хэрэглэгчид худалдах эрхийг олгоно гэж,

18 дугаар зүйлийн 18.1-д Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авч, Зохицуулах хорооноос тогтоосон хэрэглэгчид худалдах болон цахилгаан экспортлох эрхийг олгоно гэж тус тус заажээ.

Аж ахуйн нэгж нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд харин тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаагаар зохицуулна.

10. Учир нь, худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

12. Нэхэмжлэгч М ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлсэн эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Д ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 4, 5-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт, Д ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 4, 5-р сарын тайлан, Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан /М ХХК, тайлант хугацаа 2022 /2-р улирал/ гэх баримтууд нь тухайн компанийн ажилчдад цалин хөлс олгож байсан гэдгийг нотлох боловч дээрх хугацаанд дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлсэн гэдгийг нотлохгүй юм.

13. М ХХК-ийн 2022.02.01-2022.05.01-ний өдрийг хүртэл хугацааны Т банкны харилцах дансны харилцагчийн хуулгад Говь-Алтай аймгийн ...... сумын Хүүхдийн цэцэрлэгээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр түлш халаалт гэх агуулгаар 2,499,125.59 төгрөгийн гүйлгээ хийсэн байх бөгөөд хариуцагч Говь-Алтай аймгийн ....... сумын Хүүхдийн цэцэрлэг нь 2022 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрийг М ХХК руу шилжүүлж байжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн ...... сумын Хүүхдийн цэцэрлэг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу ...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С ААТҮГ-тай гэрээ байгуулан 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны дулааны мөнгийг шилжүүлсэн. 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөнгийг М ХХК руу шилжүүлсэн... гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж,

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж,

83 дугаар зүйлийн 83.2-т Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ гэж,

83 дугаар зүйлийн 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж,

83 дугаар зүйлийн 83.8-т Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заажээ.

Хэрэгт М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсвэл лавлагааг ирүүлээгүй, тухайлбал Д.Ж нь М ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж,

38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж,

44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж тус тус заажээ.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн С ААТҮГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Говь-Алтай аймгийн .... сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/23 дугаар Д.Д-г ажлаас чөлөөлөх тухай захирамж, мөн сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамж, С ААТҮГ-аас Говь-Алтай аймгийн ........ сумын Хүүхдийн цэцэрлэгтэй байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаар Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ, М ХХК, М г ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаар Хамтран ажиллах гэрээ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

16. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ...... сумын Цэцэрлэгт холбогдуулан дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 1,757,570 төгрөг, алданги 878,785 төгрөг, нийт 2,636,355 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ......... сумын Цэцэрлэгт холбогдуулан дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 1,757,570 төгрөг, алданги 878,785 төгрөг, нийт 2,636,355 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ