Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 215/МА2023/00011

 

“МТЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “МТЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн .......... сумын ............. холбогдох

Дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 1,757,570 төгрөг, алданги 878,785 төгрөг, нийт 2,636,355 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ж.Д, М.Э, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 1,757,570 төгрөг, алданги 878,785 төгрөг, нийт 2,636,355 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай байгууллага нь 2021 оны 03 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд 2021 оны 04 дүгээр сарын 13-нд бүртгэгдэж, .......... сумын ард иргэдийг 2021 оны 10 дугаар сараас дулааны эрчим хүчээр хангаж ажиллахаар болж улмаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн .......... сумын .............эй “Дулаан эрчим хүчээр хангах” гэрээ байгуулж ажилласан. Гэрээ байгуулснаас хойш 1237 м3 талбайг дулаан халаалтаар тасралтгүй хангаж ирсэн. Сард дулааны төлбөрт 1м3 1705 төгрөгийг манай компанийн Төрийн банкин дахь ................. дугаар бүхий байгууллагын харилцах дансанд төлбөрөө хийдэг байсан. Гэрээ байгуулж дулаан эрчим хүчээр хангуулсан .................нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны дулааны төлбөр болох 1,757,570 төгрөгийг дулаан эрчим хүчээр хангаж ажилласан манай байгууллагад төлөхгүй өдийг хүрлээ. Манай компани 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд халаалтаа өгөөд эхэлсэн. 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал халаасан. 04 дүгээр сарын төлбөрийг СД компани руу хоёр хуваагаад хийсэн. 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны халаалтын төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд гэрээнд заасны дагуу дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 1,757,570 төгрөгийг, мөн хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 878,785 төгрөг нийт 2,636,355 төгрөгийг хуулийн дагуу Говь-Алтай аймгийн .......... сумын .............. гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: “МТЗ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус компани нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны дулааны мөнгийг нэхэмжилсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот тогтоолоор “СД” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжаар СД аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар Д.Д-г томилж төвлөрсөн уурын зуухыг хариуцуулж ажиллахаар болсон. Энэ захирамжийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “СД ААТҮГ”-тай гэрээ байгуулан 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны дулааны мөнгийг шилжүүлсэн. 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөнгийг “МТЗ” ХХК руу шилжүүлсэн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д хурал Засаг даргаас эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага аж ахуй нэгж албан тушаалтан иргэд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. Тэр үүргийн дагуу “СД ААТҮГ” руу мөнгийг хийсэн. Төрийн ажил залгамж холбоотой явагддаг. Тухайн сумын иргэдийн хурал, Засаг даргаас ийм шийдвэр гаргаад бид нар тэрний дагуу мөнгийг “СД ААТҮГ” руу хийсэн. Төсвийн мөнгө нэг л төлөгдөх ёстой. Дахин гарах ёсгүй учир “МТЗ” ХХК-д мөнгийг дахин төлөх боломжгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн .......... сумын .......... холбогдуулан дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 1,757,570 төгрөг, алданги 878,785 төгрөг, нийт 2,636,355 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч “МТЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж ..... шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00093 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “МТЗ” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааа эрхэлсэн эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр Говь-Алтай аймгийн .......... сумын ............. холбогдох дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 1,757,570 төгрөг, алданги 878,785 төгрөг, нийт 2,636,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн бодит байдалд нийцүүлж хэрэгтэй ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэхгүйгээр хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00093 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч  “МТЗ” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж аваад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шалгаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага түүнийг нотлох баримтыг шаардаж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлээд, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байж хэргийг шийдвэрлэх байжээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч “МТЗ” ХХК-ийн гэрчилгээ авагдаагүй, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болохоо Д.Ж нь нотлоогүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэн маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна. Д.Ж нь “МТЗ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болохоо нотлох баримтыг буюу уг компанийг төлөөлөх эрх бүхий этгээдээс итгэмжлэл авч нэхэмжлэлээ дахин гаргах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  “МТЗ” ХХК-ий нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн .......... сумын ............. холбогдох 2,636,355 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “МТЗ” ХХК-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.132 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                               ШҮҮГЧИД                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                       Ш.БАТТОГТОХ