Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2023/00107

 

 

 

 

   2023              02            01     

                        130/ШШ2023/00107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Б овогт Т-ы Х

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, У овогт Х-ны Х

Хамтран хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах, А ХХК /захирал Ж.Б/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Х

Хариуцагч Х.Х

Хамтран  хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч Х.Х, хамтран хариуцагч А ХХК /захирал Ж.Б/ нарт холбогдуулан ажлын хөлс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны үед Х.Х надад ирээд “...би блокийн үйлдвэр барих гэж байна. Тэрэнд зуух хэрэгтэй” гээд бид хоёр блокийн үйлдвэрт ямар зуух хэрэгтэй, яаж хийх талаар ярилцсан. Тэгэхэд, би “...би амаар хэлэлцээр хийхгүй, гэрээ байгуулна” гэж хэлээд, бид хоёр гэрээ хийж байсан. Би 100 сая төгрөгийн зээл аваад 50 сая төгрөгт нь тоног төхөөрөмж авсан гэж хэлж байсан. Тэгээд бүх юм бэлэн болохоор нь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд бараг 3 сар мөнгө өгөөгүй, зээл өгөхгүй байна гэсэн тайлбар хэлсэн. Миний хийсэн ажлуудыг байхгүй болгосон. Би гэрээний дагуу ажлын хөлсөө авна гэдгээ хэлж байсан. Би зураг төслийн дагуу тухайн блокийн үйлдвэр барина гэсэн газрыг хэмжээд зориулалтын тоног төхөөрөмж суурилсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөвлөгөө өгсөн. Иймд миний хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х.Х хариу тайлбартаа: Би Т.Х-ыг өмнө нь таньдаг байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын үед Т.Х-ын өрөөнд очсон ярилцсан. Би блокийн үйлдвэр барих болсон учраас уур гаргах зуух хийлгэх ёстой байсан тэрний талаар асуухаар очсон. Тухайн үед Т.Х би хийж өгнө гэж хэлээд, гэрээ гаргаж ирсэн. Тэр үед гэрээнд юм бичигдээгүй хоосон маягт байсан. Тэгэхээр нь би Т.Х-д итгээд гарын үсэг зурж, тамга дарж өгсөн. Бид хоёр шинэ зуух хийлгэе гээд Д гэдэг хүн дээр очоод тухайн зуухны зургийг өгсөн. Т.Х-д би зээл хөөцөлдөж байгаа зээл бүтвэл хийнэ гэдгээ хэлсэн. Дараа нь зээл бүтэхгүй болохоор нь зуух хийхээ больсон. Хэд хоногийн дараа Х.Х над руу өөрөө утасдаад “...А гэдэг хүнд бэлэн зуух байна” гэсэн. Тэгээд би А-тэй уулзаад ярилцахад, 15 сая төгрөгөөр аваарай гэсэн. Би түүнд зээл хөөцөлдөж байгаа гэдгээ хэлсэн. А хэрэглэхгүй байгаа, аваад хэрэглэж байхгүй юу гэж хэлсэн. Тэгээд тухайн зуухыг аваад хашаандаа суурилуулсан. Н, Ж гэдэг хүмүүс ирээд хэсэг газарт гагнуур хийгээд тухайн өдөр хөлсөө авсан. Өөр хийгдсэн зүйл байхгүй. Надад гэрээний нэг хувийг ч өгөөгүй. Ямар ч ажил хийгээгүй байж одоо надаас 2 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бэлэн байгаа зуухыг авчирч суутгасны төлөө 2 сая төгрөг авна гэдэг нь ямар ч үндэслэлгүй байна. Тухайн газарт 10 хувийн ажил хийгдсэн. Өөр хийгдсэн ажил байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Б хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч Т.Х-ыг танихгүй, өмнө нь уулзаж ч байгаагүй. Манай нөхөр Х.Х-тай ярилцаад зуух хийхээр хоёулаа тохиролцсон байна. Гэхдээ Т.Х өөрөө шинэ зуухны зураг төслийг гаргаж, шинээр зуух хийлгээд “А” ХХК-ийн хашаанд байрлуулж, 100 хувь үйл ажиллагаанд оруулж өгнө гэж гэрээнд тусгасан байна. Харин цалин мөнгөний талаар юу гэж тохиролцсоныг мэдэхгүй. Х.Х-ын хэлснээр цалин хөлсний талаар тохиролцож байгаагүй гэж байгаа. Т.Х, Х.Х хоёр ярилцаж байхад хөлсөөр ажиллах гэрээний хоосон маягтыг Т.Х гаргаж ирээд гарын үсэг зуруулж, тамга даруулж авсан байна. Х.Х, Т.Х-д итгээд гарын үсэг зурж, тамга дарж өгсөн байна. Тухайн үед цалин хөлсний талаар юу ч бичигдээгүй, цагаан цаас байсан гэсэн. Ер нь хөлсөөр ажиллах гэрээ 3 хувь үйлдэгдэх ёстой. Нотариатаар батлуулсан, нэг хувь нь Х.Хт байх ёстой. Бид энэ гэрээг хавтаст хэргээс үзсэн. Өмнө нь бидэнд үзүүлж байгаагүй.  Би үйл ажиллагааны талаар зааварчилгаа өгч байсан гэсэн. Ажилчдыг цуглуулж тэгж заавар, зөвлөгөө өгч байсныг би мэдэхгүй. Зээл бүтээгүй болохоор блокийн үйлдвэр барихаа больсон. Мөн Т.Х өөрөө манай нөхөр Х.Х-т “...Айбек гэдэг залууд миний хийж өгсөн зуух байгаа. Ажиллаж байсан. Одоо тэр хүн ашиглахгүй байна. Тэрийг авчих” гэж  хэлсэн байна. Тэгэхээр нь Х.Х А-т очиж уулзаад зуухны үнийг тохиролцоод тухайн зуухыг “А” ХХК-ийн хашаанд буулгасан. Т.Х-тай 2022 оны 4 сарын үед ярилцаж байсан. Харин Айбекийн зуухыг 6 сарын үед авчирсан. Зуухыг байрлуулах суурь хэрэгтэй гэхээр нь тухайн зуухыг байрлуулах газар суурийг бэлдсэн байсан. Зуухыг хашаанд буулгасны дараа нэг өдөр Т.Х өөрийн таньдаг гагнуурчин болон туслах ажилтан гээд хоёр залууг дагуулж ирээд 2-3 цаг бэлэн зуухны жижиг сажиг юмнуудыг гагнаад холбооснуудыг хийсэн. Тэд нар ажилласан хөлсөө тухайн үед Х.Х-аас авсан байна. Тэр үед Т.Х хажууд нь байсан. Ямар ч ажил хийгээгүй. Тухайн зуухыг ямар ч ашиглалтад оруулаагүй. Гэрээнд 100 хувь ашиглалтад оруулсны дараа хөлсөө тохиролцоно гэсэн байна. Нэг хүний сарын цалин 2 сая байтугай одоо 600,000 төгрөг байгаа. Гэтэл гагнуур хийсэн хүмүүсийн хажууд 2 цаг байсны төлөө 2 сая төгрөг нэхэмжилж байгаад нь гайхаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээ, 5 хуудас зураг төслийн ажил, Тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрмүүд ХАБЭБ-н зөвлөл гэх нэртэй хавтас, А ХХК-ийн захирал Х-т хүлээлгэж өгсөн бичиг баримтын жагсаалттай хавтас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн байна.

 

6. Хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2 ширхэг А4 хэмжээний фото зураг гаргаж өгсөн байна.

 

7. Шүүхийн журмаар хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр Х.Н, Х.А, Х.Ж, Ж.Ө, Б.Н нарыг гэрчээр асуусан гэрчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

8. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

9. Нэхэмжлэгч Т.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

9.1. Миний бие Х.Х-тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж уур гарах зуухыг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. Иймд миний хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

10. Хариуцагч Х.Х нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

10.1. Миний бие Т.Х-тай уурын зуух барих гэж байгаа хэлж байсан. Тухайн үед би хоосон цаас дээр гарын үсэг зурж тамга дарж өгсөн ба бид хоёр ямар нэгэн гэрээ байгуулаагүй болсон. Дараа нь би бэлэн уурын зуух худалдаж авсан. Т.Х ямар нэгэн ажил хийгээгүй ажлын зөвхөн 10 хувийг л хийсэн байхад би түүнд ажлын хөлс гээд 2,000,000 төгрөг өгөх боломжгүй гэв.

 

11. Хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

11.1. Миний бие Т.Х-ыг танихгүй түүнтэй ямар ч гэрээ байгуулж байгаагүй. Миний нөхөр Х.Х-ын хэлж байгаагаар тэд хоорондоо тохирч байсан гэхдээ гэрээ байгуулж байгаагүй гэж хэлсэн. Бид зээл авах гэсэн боловч зээл авч чадаагүй тул бэлэн уурын зуух худалдаж авсан. Т.Х нь манай А ХХК-ийн хашаанд ирж ажил хийж, зааварчилгаа үзүүлж байсан талаар мэдэхгүй. Нэг л удаа гагнуурын ажил хийхэд 2,000,000 төгрөгийн хөлс авна гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байна гэв.

 

12. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

12.1. Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 03 дугаартай хөлсөөр ажиллуулах гэрээг нэг талаас Ө сумын 10 дугаар баг А ХХК-ыг түүнийг төлөөлөн захирал Х.Х нөгөө талаас Эрчим ХК-ийн зөвлөх инженер, 11 багт, АААА регистрийн дугаартай Т.Х /хөлсөөр ажиллагч/ нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 14 хоног хугацаанд зуухыг байрлуулж өгөх ажил үүргийг хийж гүйцэтгэх ажлын хөлс 2,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцож хоёр тал гарын үсэг зурж, А ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулсан гэрээ байгуулсан байна.

Дээрх А ХХК-д үйлдвэрийн уурын зуухыг зураг төслийн дагуу байрлуулах, хийж угсрах, суурилуулах, холбох гагнах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Б.Н, Х.Ж нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд маргажээ.

12.2. Хариуцагч болон хамтран хариуцагч нар нь нэхэмжлэгч Т.Х-тай ажлын хөлсийг 2,000,000 төгрөгөөр тохиролцоогүй, гүйцэтгэсэн ажлаа бүрэн хийж дуусаагүй, гэрээ байгуулаагүй, хоосон гэрээнд манай хүний цайлган занг ашиглан гарын үсэг зуруулан тамга даруулж, өөрөө худлаа бичиж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тайлбарлаж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан хариуцагч нарын эрх үүргийг биелүүлж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа гаргаж өгч, нотолж чадаагүй болно.

12.3. Гэтэл дээрх гэрээнд А ХХК-ийг төлөөлж хариуцагч Х.Х нь гарын үсэг зурсан байх ба энэ талаар нэхэмжлэгчээс тодруулахад хариуцагч Х.Х нь өөрөө над дээр ирж уурын зуухны зураг төслийн дагуу хийж, угсрах  ажлыг хийж өгөх талаар ярилцаж тохиролцсоны дагуу энэхүү ажлыг хийж гүйцэтгэхээр болж гэрээг байгуулсан гэж тайлбарласныг хариуцагч Х.Х нь үгүйсгэж чадаагүй болно.

  12.4. Нэхэмжлэгч Т.Х нь уг ажлыг Б.Н, Х.Ж нарын хамт тэд нарт зааварчилгаа өгч уурын зуухыг угсрах, суурилуулах ажлыг 70-80 хувийн хийж гүйцэтгэсэн нь гэрч нарын болон талуудын тайлбараар нотлогдож байх ба нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, шүүх хуралдааны шатанд өгсөн хариуцагч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн зохиогч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

12.5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Х нь тохиролцсоны дагуу ажил үйлчилгээг хийж, ажиллуулагч /хариуцагч/ Х.Х болон А ХХК нь хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүрийг хүлээсэн байхад энэхүү үүргээ хариуцагч Х.Х болон хамтран хариуцагч А ХХК нар зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул хариуцагч Х.Х болон хамтран хариуцагч А ХХК нараас ажлын хөлс 2,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

12.6. Нэхэмжлэгч болон хариуцагч, хамтран хариуцагч нарын хавтаст хэрэгт гаргаж өгсөн уурын зуухны төслийн зургийн дагуу ажлыг хийх талаар зураг төслийг гаргасан байна. Харин хариуцагч зураг төслийн дагуу хийх ажлыг дутуу хийсэн, одоогийн байгаа байдлын талаарх фото зураг гэж тайлбарлаж гаргаж өгсөн фото зургаар ажлыг дутуу хийсэн гэж дүгнэлт хийх боломжгүй бөгөөд бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

12.7. Хамтран хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч Х.Н, Ж.Ө нар нь уурын зуухны бетон суутгах ажлыг хийсэн, ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, төрсөн ах, эгч учраас нэг өдрийн ажлыг хийж өгч тусалсан гэж мэдүүлсэн ба гэрээнээс харахад уурын зуухны бетон суутгах ажлын талаар нэхэмжлэгч хариуцагч нар тохиролцоогүй байна. 

 

13. Иймд нэхэмжлэгч Т.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Х, хамтран хариуцагч А ХХК нараас уурын зуухыг байрлуулж өгөх ажлын хөлс 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Х-д олгох нь зүйтэй байна.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч Т.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х, хамтран хариуцагч А ХХК нараас 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Х-д олгох нь зүйтэй байна.

 

15. Нэхэмжлэгч Т.Х нь шүүх хуралдааны шатанд нотлох баримтаар 2 /хоёр/ ширхэг хавтасласан бичмэл нотлох баримт гаргаж өгсөн ба нэг хавтаст нь Тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрмүүд ХАБЭБ-н зөвлөл гэх, 2 дахь хавтаст ХХК-ийн захирал Х-т хүлээлгэж өгсөн бичиг баримтын жагсаалт гэх хаягтай хавтасласан бичмэл баримтуудын аль баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх нь тодорхойгүй, ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байх тул  энэхүү бичмэл баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь

 

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Х, хамтран хариуцагч А ХХК /захирал Ж.Б/ нараас ажлын хөлс 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Х-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60  дугаар зүйлд зааснаар хариуцагч Х.Х, хамтран хариуцагч А ХХК нараас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Х-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б