Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2023/00137

 

Т.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00846 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Т.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ****** оршин суух Х.Х-, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сум 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “А” ХХК /захирал Ж.Б/ нарт холбогдох, 

 

Ажлын хөлс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хамтран хариуцагч “А” ХХК-ийн захирал Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, хариуцагч Х.Х- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. “А” ХХК-ний захирал Х.Х- нь зургаан сарын өмнө надтай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. “А” ХХК-ний захирал Х.Х- надад ирээд “...би блокийн үйлдвэр барих гэж байна. Тэрэнд зуух хэрэгтэй” гээд бид хоёр блокийн үйлдвэрт ямар зуух хэрэгтэй, яаж хийх талаар ярилцсан.

1.2. Тэрээр 100 сая төгрөгийн зээл аваад 50 сая төгрөгт нь тоног төхөөрөмж авсан гэж хэлж байсан. Тэгээд бүх юм бэлэн болохоор нь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд бараг 3 сар мөнгө өгөөгүй, зээл бүтэхгүй байна гэсэн тайлбар хэлсэн. Миний хийсэн ажлуудыг байхгүй болгосон.

1.3. Би гэрээний дагуу үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн боловч тохиролцсон хөлсийг өгөхгүй байна. Би зураг төслийн дагуу тухайн блокийн үйлдвэр барина гэсэн газрын хэмжээнд зориулалтын тоног төхөөрөмж суурилсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөвлөгөө өгсөн. Иймд миний хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг “А” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч Т.А-тай “А” ХХК-ний захирлын зөвшөөрлөөр үйлдвэрийн зуухыг зураг төслийн дагуу хийж, угсрах ажлуудыг хийлгэхээр тус компанийн нягтлангийн хувьд захиалагч “А” ХХК-нийг төлөөлж Х.Х- би гэрээгээ байгуулсан нь үнэн.

2.2. Анх шинээр зуух хийлгэхээр Т.А-тай гэрээ байгуулсан. Тухайн гэрээний дагуу Дакей гэдэг хүнтэй уулзаж, тохиролцож зуух хийхэд шаардлагатай материалыг авч өгөхөөр болсон. Энэхүү хугацаанд би “А” ХХК-ний нэрээр банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан. Зуух хийхэд шаардлагатай материал нь 3,000,000 төгрөг гарсан ба зээл бүтэхгүй болохоор нь зуух хийхээ больсон.

2.3. Дараа нь К- гэдэг хүнээс бэлэн зуухыг зээлээр авсан. Уг зуухыг хийсэн хүн нь нэхэмжлэгч Т.А- мөн байсан. Маргаан бүхий зуухыг Т.А- хийж К- гэх хүнд худалдсаны дараа К-ээс зээлээр худалдаж авсан. Одоо К- нь маргаан бүхий зуухыг өөрөө буцааж авсан. Т.А- нь бэлэн байгаа зуухыг угсарч, бетон цутгаж 2 өдөр нь ажилчдад заавар, зөвлөгөө өгч байсан. Т.А-ын зааж өгсөн зааврын дагуу ажлыг туслах ажилчид хийсэн. Энэхүү хугацаанд гагнуурчин Н-, туслах ажилтан Ж-, М- нарыг авч ажиллуулсан. Тухайн үед бусад ажилчид ажил хийсэн хөлсөө авсан.

2.4. Гэхдээ нэхэмжлэгч Т.А- нь тухайн зуухыг би хийж өгсөн гэж гэрээний дагуу ажлын хөлс 2,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2023/00107 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2023/00107 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан.

2.5. Нэхэмжлэгч Т.А-ын гүйцэтгэсэн ажилд нь шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг анхан шатны шүүхээс ханган шийдвэрлэсэн. Шинжээчийн зүгээс зураг төсөл гаргаж өгсөн байна. Тухайн зураг төсөл дээр 1,596,052 төгрөгөөр энэхүү ажил хийгдэж дууссан мөн инженер техникийн ажилтны хөлсийг тооцоолж гаргасан байна.

2.6. Бэлэн байгаа зуухыг авчирч цутгасны төлөө 2 сая төгрөг авна гэдэг нь ямар ч үндэслэлгүй байна. Тухайн газарт 10 хувийн ажил хийгдсэн. Өөр хийгдсэн ажил байхгүй. Нэхэмжлэгч Т.А- 2 өдөр ажилласан. Шинжээчийн дүгнэлтэд энэхүү ажлыг 30 хоногт багтаан дуусгах боломжтой гэж тусгаж өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгөөс 2 өдөр ажилласан хөлс болох 132,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00846 дугаар шийдвэрээр:

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хамтран хариуцагч “А” ХХК-аас ажлын хөлс 376,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,623,833 төгрөг болон хариуцагч Х.Х-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11,935 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хамтран хариуцагч “А” ХХК-ийн захирал Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Т.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хамтран хариуцагч “А” ХХК-ийн захирал Ж.Б- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00846 дугаартай шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.2. Анхан шатны шүүхээс “А” ХХК-ийн хашаанд очиж үзлэг хийж, мэргэжлийн шинжээч томилон, хийх ажлын хөлсийг тогтоосон. Тухайн үед хийгдсэн ажлын хөлсөнд 378,167 төгрөгийг манай компаниас гаргуулахаар болсон. Уг ажлыг 2 хоногт гагнуурчин Б.Н-, туслах ажилтан Жыргау, М-ы нар хийж ажлын хөлсөнд 400,000 төгрөг авсан. Анхан шатны шүүхэд гэрчээр асууж тогтоосон. Шинжээч инженер техникийн ажлын хөлс гэж 250,000 төгрөг гаргасан. “А” ХХК нь Т.А-д 2 өдрийн ажлын хөлсөнд 130,000 төгрөг олгохоор болсон. Гэтэл анхан шатны шүүх нь 248,167 төгрөгийг илүү гаргуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байгаа явдалд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00846 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.А-ын хариуцагч Х.Х-, “А” ХХК-нд тус тус холбогдуулан гаргасан “Ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “А” ХХК-ийн гомдлыг үндэслэж хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин үндэслэл бүхий байна гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

7. Нэхэмжлэгч Т.А- нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний бие Х.Х-тай 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр А ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж уур гарах зуухыг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн тул гэрээнд заасан ажлын хөлс 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласныг хариуцагч тал “...нэхэмжлэгч Т.А-тай А ХХК-ний захирлын зөвшөөрлөөр үйлдвэрийн зуухыг зураг төслийн дагуу хийж, угсрах амиллуудыг хийлгэхээр тус компанийн нягтлангийн хувьд захиалагч А ХХК-нийг төлөөлж Х.Х- би гэрээгээ байгуулсан нь үнэн. Гэрээний дагуу зуухыг хийлгээгүй, бэлэн зуухыг К- гэдэг хүнээс зээлээр авч А ХХК-ний хашаанд сурлуулсан ба Т.А- нь зуухыг холбох, угсрах ажлуудыг дутуу хийсэн. Бэлэн байгаа зуухыг авчирч суутгасны төлөө 2 сая төгрөг авна гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгч Т.А- 2 өдөр ажилласан. Шинжээчийн дүгнэлтэд энэхүү ажлыг 30 хоногт багтаан дуусгах боломжтой гэж тусгаж өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгөөс 2 өдөр ажилласан хөлс болох 132,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

8. Талуудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээний гарчиг “Хөлсөөр ажиллуулах гэрээ” гэж бичигдсэн ч зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дүгнэлт хийхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх  гэрээ байгуулагдсан нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Учир нь гэрээгээр “А” ХХК нь нэхэмжлэгч Т.А-тай 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд зуух байрлуулах ажлыг хийлгэхээр харилцан тохиролцсон ба гэрээний зүйл зуух байрлуулах ажлын үр дүн байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг сэргээн тогтоохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хариуцагч Х.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дүгээр дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Т.А- нь зуухыг зураг төслийн дагуу хийх үүргийг хүлээсэн боловч ажил гүйцэтгэгчээс үл шалтгаалсан нөхцөл байдлын улмаас уг ажлын зарим хэсгийг өөр этгээд гүйцэтгэсэн нь хэргийн баримт болон зохигчийн тайлбараар нотлогджээ.

Хэдийгээр зуух суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхдээ гагнуурчин Б.Н-, туслах ажилтан Ж-, М- нарын хийсэн ажлын хөлсийг төлсөн уг мөнгө хасагдах ёстой гэх давж заалдах гомдолд гаргасан боловч уг ажилчдын хийсэн ажлын хөлсийг хариуцагч Х.Х- нь гэрээнд зааснаас тусдаа тохиролцож ажиллуулсан   болох нь дээрх гэрч нарын мэдүүлгээр нотлогджээ. 

 

10. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.А-ын гүйцэтгэсэн ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Маргаан бүхий уурын зууханд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлт”-ийг үндэслэн “А” ХХК-аас ажлын хөлс 376,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хариуцагч “А” ХХК-ийн “...анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.А-д 248,167 төгрөгийг илүү гаргуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэх агуулгатай давж заалдах гомдол нь үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

11. Хариуцагч “А” ХХК-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 58,265 төгрөгийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 58,265 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА                     

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ