Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 036

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж

Улсын яллагч: М.Отгонжаргал

Хохирогч: К.Алтангүл

Хохирогчийн өмгөөлөгч: А.Серикжан, С.Нургайып 

Шүүгдэгч: Б.Ержол, Т.Байхал 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш, Я.Сьезд

Гэрч: Д.Айболат, И.Жамантай 

Орчуулагч: А.Еркегүл

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барах сүйндик овогт Баймуратын Ержол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бахат овогт Тулбаханы Байхал нарт холбогдох эрүүгийн 201604000055 хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 4, аав, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар оршин суудаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Цэнгэл тоосго” ХХК-д ажиллаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, Барах сүйндек овогт Баймуратын Ержол РД: БЮ78051573. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр оршин суудаг, дээд боловсролтой, холбооны технологи инженер мэргэжилтэй, “Цэнгэл тоосго” ХХК-ны захирал ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бахат овогт Тулбаханы Байхал РД: БЛ75012412. 

 

Шүүгдэгч Б.Ержол нь “Цэнгэл тоосго" ХХК-нд ажил гүйцэтгэх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.4, 18.2.6-д "ажил үүргээ осол эндэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хорлогоос сэргийлэх", 18.2.7-д "өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх" гэсэн заалтуудыг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.1-т заасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй, 13.2.4 -т заасан "Зам дээр болон түүний ойр орчимд ажил үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах", Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх тухай 7 дугаар зүйлийн 7.6-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, осол гарахгүй байх нөхцлийг хангах", Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 25.7-д " Машин механизмыг бүрэн зогсоож, түүнийг залгах салгах хэрэгслийг гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад завсар үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө", 284-д заасан "Ил уурхайд автомашин ажиллах үед хориглох зүйлс, Үйлдвэрийн захиргаанаас баталсан технологийн зориулалттай автомашинд сууж явах эрх бүхий хяналтын албаны болон зарим нэр зааснаас бусад хүмүүсийг тээвэрлэх", 288-д заасан "Автомашины засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо ачааг бүрэн буулгасан, шавар цасыг арилгасан байхаас гадна засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана" гэсэн заалтуудыг зөрчиж 2016 оны 03 сарын 03-ны өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 09 дүгээр багийн нутаг "Цагаан гол" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Цэнгэл тоосго" ХХК-ны шар шороо авдаг талбайд 0453 УНУ улсын дугаартай ВЕЙВЕН маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа иргэн Н.Ержаныг дайрч амь насыг нь хохироосон,

Шүүгдэгч Т.Байхал нь “Цэнгэл тоосго" ХХК-ны захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т " Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна", 27.3-т "ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна", мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д "Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах", мөн хуулийн 28.1.3-т " Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх", 28.1.4-т "Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх" 28.1.6-д "Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм заавар журам баталж мөрдүүлэх" 28.1.8-д " Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад   хамрагдаагүй, зааварчилга 00173 аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 280-д заасан "Ил уурхайн замын хөдөлгөөнийг зохицуулахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хуулийн дагуу нэг загварын баталгаат дохио тэмдгүүдийг хэрэглэнэ. Гадны байгууллагаас ирж буй автомашин, трактор болон өөрөө явагч, ачих, өргөх, тээх, зөөх зориулалттай машины жолооч, машинч нарт үйлдвэрийн захиргаанаас авто аж ахуйн захиргаатай хамтран уурхайд ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, уурхайн доторх авто замын сүлжээг танилцуулан, эрх олгосон нөхцөлд ил уурхайд түр ажиллахыг зөвшөөрнө" гэсэн заалтыг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2016 оны 03 сарын 03-ны өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 09 дүгээр багийн нутаг "Цагаан гол" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Цэнгэл тоосго" ХХК-ны шар шороо авдаг талбайд шороо ачих гэж байсан Б.Ержолын "0453 УНУ" улсын дугаартай "ВЕЙВЕН" маркийн тээврийн хэрэгсэлд иргэн Н.Ержан дайруулж нас барсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

- Шүүгдэгч Б.Ержолын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэл, 1-р хх-ийн 25-27, 77-78, 2-р хх-ийн 33, 69, 137-р хуудас/

- Шүүгдэгч Т.Байхалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэл, 1-р хх-ийн 28-29, 80-82, 2-р хх-ийн 30-31, 70,139-р хуудас/

- Хохирогч К.Алтангүлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэл, 1-р хх-ийн 23-24, 2-р хх-ийн 4, 135-р хуудас/

 

- Гэрч Х.Хажымуратын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р хуудас/

- Гэрч Д.Айболатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

- Гэрч И.Жамантайн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

- Хохирогч К.Алтангүлийн шүүхэд ирүүлсэн иргэний нэхэмжлэл

- Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/

- Шинжлэх ухааны технологийн их сургуулийн 195-р албан бичгийн хуулбар

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-12-р хуудас/

- Н.Ержаны цогцосонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-18-р хуудас/

- Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, акт /хх-ийн 19-20-р хуудас/

- Гэрч И.Жамантайн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 43-45-р хуудас/, зураг /2-р хх-ийн 1-3-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/

- 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 101-р хуудас/

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 112-116-р хуудас/

-“Цэнгэл тоосго” ХХК-ны гэрчилгээний хуулбар, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 152-155-р хуудас/

- Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №05/092/07 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 7-9-р хуудас/

- Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн дүгнэлт /2-р хх-ийн 126-130-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэрэг болно. 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэх хангалттай байна. 

Шүүгдэгч “Цэнгэл Тоосго” ХХК-ны захирал Т.Байхал нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагаас 10 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан гол” гэх газарт “Цэнгэл Тоосго” ХХК-ны шар шороо авдаг талбайд үйлдвэрлэлийн осол гарч, иргэн Н.Ержан нь Б.Ержолын 0453 УНУ улсын дугаартай “ВЕЙВЕН” маркийн ачааны автомашинд дайруулж нас барсан байна. Шүүгдэгч Т.Байхал нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийн 27.1, 27.3-т зааснаар уурхайн аюулгүй ажиллагааг хариуцах үүрэг бүхий албан тушаалтан бөгөөд тус хуулийн 28.1.1-д “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн  хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, 28.1.3-д “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-д “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6 /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрмийн 280-д “Ил уурхайн замын хөдөлгөөнийг зохицуулахад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” Монгол Улсын хуулийн дагуу нэг загварын баталгаат дохио тэмдгүүдийг хэрэглэнэ. Гадны байгууллагаас ирж буй автомашин, трактор болон өөрөө явагч, ачих, өргөх, тээх, зөөх зориулалттай машины жолооч, машинч нарт үйлдвэрийн захиргаанаас авто аж ахуйн захиргаатай хамтран уурхайд ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, уурхайн доторх авто замын сүлжээг танилцуулан, эрх олгосон нөхцөлд ил уурхайд түр ажиллахыг зөвшөөрнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон болох нь, 

 Шүүгдэгч Б.Ержол нь “Цэнгэл тоосго” ХХК-д ажил гүйцэтгэх явцдаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагаас 10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан гол гэх газарт  “Цэнгэл тоосго” ХХК-ны шороо авдаг талбайд үйлдвэрлэлийн осол гаргаж, 0453 УНУ улсын дугаартай “ВЕЙВЕН” маркийн авто машиныг жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа иргэн Н.Ержаныг дайрч амь насыг нь хохироосон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ержол нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, 18.2.6-д “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, Ил уурхай аюулгүй ажиллагааны дүрмийн 284-д ил уурхайд авто машин ажиллах үед хориглох зүйлсийн д-д “үйлдвэрийн захиргаанаас баталсан технологийн зориулалттай автомашинд сууж явах эрх бүхий хяналтын албаны болон зарим нэр зааснаас бусад хүмүүсийг тээвэрлэх”, 288-д “Автомашиныг засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо ачааг бүрэн буулгасан, шавар, цасыг арилгасан байхаас гадна засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана” гэдгийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон болох нь 

- Гэрч И.Жамантайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Ержолын хамт туслах нь гээд Н.Ержан байнга хамт явж байсан. Би эхний машиныг ачиж дууссаны дараа манёовор хийж байх үед Ержол ухарч шороо ачуулах газарт ойртож ирж байсан. Энэ үед талийгаач машины цаана гарт нь алх, түлхүүр барьсан ирж байсан харагдсан. Гэхдээ машинаас нэлээн зайтай цаана нь байсан. Тэгээд дахиж би түүнийг хараагүй. Ержол ухарч ирээд жаахан ташуу зогссон байхаар нь би өмнө нь ачиж байсан газраас үргэлжлүүлэн шороо авахад эвгүй болсон байсан тул   Ержолд  дохиж  урагшаа хөдлөхийг хэлсэн. Энэ үед Ержол 2-3 метр урагшаа хөдлөөд зогссон байсан. Энэ үед би урагшаа дахин хөдлөхийг гараараа дохиж хэлсэн. Тэгээд Ержол дахин хөдлөөд урагшаа явж байх үед машин арын дугуйны доороос нэг том зүйл гараад ирэхээр нь гайхаад энэ юу бол гээд харсан чинь нөгөө туслах нь Ержан гэдэг залуу байсан ба машинд дайрагдсан байсан. Үүнийг харангууд шууд сигнал дарж Ержолыг зогсоосон…Энэ удаа  бичгээр  зааварчилгаа  өгсөн асуудал байхгүй. Зүгээр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллаарай,  мөсөөр  гол  гатлах үед  болгоомжтой байгаарай гээд амаар зааварчилж байсан. ...Асуудал болох үед би байсан, Айболат машиныхаа кабинд сууж байсан, миний урд шар шавар ачуулах гээд Ержол, талийгаач хоёр байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 32-33-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг,

- Гэрч Д.Айболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хажымурат яваад өгсний дараа Ержол ухарч шороо ачих газарт ойртож зогссон. Энэ үед ковшын оператор сигнал өгч машиныг урагшаа хөдөлгөхийг хэлсэн. Ержол урагшаа жаахан хөдлөөд зогссон. Тэгэхэд дахин урагшаа хөдөлгөх талаар ковшын оператор хэлсэн. Хоёр дахь удаа урагшаа хөдөлж байх үед машины ард хүн дайруулсан хэвтэж байхыг холоос харсан. Ковшын оператор сигнал өгч түүнийг зогсоосон юм... Бичгээр зааварчилгаа өгсөн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/ болон  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

- Гэрч Х.Хажымуратын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тус газарт 3 ачааны машин байсан. Нэг нь Ержол гэдэг залуугийн машин, нэг нь Айболат гэдэг залуугийн машин, нэг нь миний жолоодож байгаа машин. Тэгэд шавар ачих ковш байсан. Би эхний рейсийг ачиж аваад явах үед компаний захирал Байкал миний машинд суугаад хамт явсан. Мөн Ганибал миний машинд суугаад бид гурав тоосгоны үйлдвэр рүү явсан. Би хөдлөөд 1 км орчим л явсан байх энэ үед Байхалын гар утас нь дугараад осол гарлаа гэж хэлсэн ба бид буцаад очих үед Ержолын хамт явж байсан туслах Ержаныг дайрсан байсан. ...талийгаач, Ержол хоёр машины доор орж нэг зүйлийг засаж байсан. Талийгаач өмнө  нь  надаас ирж тэр  махийсан  30-ын түлхүүрийг гуйж авч явсан байсан....өдөр болгон бичгээр зааварчилгаа, зөвлөгөө өгч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

- Хохирогч К.Алтангүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Ержолыг нөхрийг маань яаж алсныг мэдэхгүй ч алсан гэдгийг  нь мэдэж байна. Намайг хохиролгүй болгож өгөхийг шаардаж байна. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 2-р хх-ийн 4-р хуудас/ болон шүүх хуралдаан өгсөн мэдүүлэг

- Шүүгдэгч Т.Байхалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”..2016 оны 02 дугаар сарын 28-нд ажил хийлгэхээр 3 жолоочийг дуудсан байсан...Б.Ержолыг таньдаг тул 2015 онд өөр машинтай байхад нь шавар зөөлгөж байсан. Ажил эхлэх үеэс Н.Ержолын машин эвдэрч эхэлсэн. Б.Ержол 23 жолоочоос 9 рес дутуу явсан...Би Х.Хажымуратын машинаар 1 км хол газар яваад буцаж ирэхэд талийгаач шороо ачдаг газар Б.Ержолын машины дор засвар хийх гэж орсон байх түлхүүр, багажтай орсон байдалтай дайрагдсан байдалтай хэвтэж байсан. Б.Ержол сандарсан байдалтай, одоо яана аа би хүн дайрчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 80-82-р хуудас/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

- Шүүгдэгч Б.Ержолын мөрдөн байцаалтын өгсөн: “...Миний бие 2016 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Т.Байхалтай тохирсны үүднээс Цэнгэл явахаар болж өглөө эрт машинаа асаагаад бэлтгэлээ хийж байхад талийгаач манайд ирж намайг дагуулаад яваач...гэж хэлсэн...Н.Ержантай нэг үеийн хүн байсан учир тохиролцоод цуг Цэнгэл явсан...Талийгаач Н.Ержан бид хоёр машины дунд тэнхлэгийн жолооч талын гулгааны нэг боолтыг чангалсан. Энэ үед ковш ирж, Х.Хажымуратын машинд шавар ачиж эхэлсэн. Ковш нэг машиныг 15-20 минут ачдаг байсан. Энэ хугацаанд бид нар нэг боолтыг чангалж дуусаад түлхүүр багажаа хураасан. Дараа нь миний ээлж байсан. Намайг машинаа асаахад талийгаач миний машины зүүн урд талд нэлээн зайтай газар бие засаж байсан. Би машинаа асаагаад хоёр толиндоо харж ухарч, хөдөлгөөнөө хийсэн. Ойр орчимд талийгаач бие засаж байсан, машины арын баруун хэсэгт ковш болон машины арын хэсэгт Д.Айболатын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Ажлын талбайд өөр ямар нэгэн хүн байгаагүй. 1 дэх машин шар шавар ачсан газар ирж зогсоход ковшийн жолооч сигнал дарж урагшаа хөдлөхийг гараараа даллаж дохисон. Би машины 2 толинд харж урагшаа 2 метр хөдлөөд зогсоход ковшийн жолооч И.Жамантай дахин сигнал дарж урагшаа хөдлөхийг дохисон үед би 2 толиндоо харж дахин урагшлахад И.Жамантай дахин сигнал дарж зогс гэсэн дохио өгсөн. Би энэ үед нэн даруй зогсож машинаа унтраалгүй буухад талийгаач хэвтэж байхыг хараад цочирдож ухаан алдсан байсан. Нэлээн урд бие засаж байсан хүн хэзээ яаж машин дор орсныг ковшийн жолооч болон би ч гэсэн анзаараагүй байсан. Осол гарах үед ажлын талбайд би ковшийн жолооч И.Жамантай, Д.Айболат, талийгаач бид 4 байсан...Тухайн өдөр болон урьд нь Цэнгэл тоосго ХХК-ний зүгээс аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй. Үйлдвэрлэлийн талбай хамгаалалтад авагдаагүй байсан, ажлын талбайд үйлдвэрээс ямар ч хүн байгаагүй...Нэгэнт золгүй явдал болсон учраас би боломжийнхоо хэрээр 2 сая төгрөгөөр тусалсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27-р хуудас/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-12-р хуудас/

- Н.Ержаны цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-18-р хуудас/

- Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, акт /хх-ийн 19-20-р хуудас/

- Гэрч И.Жамантайгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 43-45-р хуудас/, зураг /2-р хх-ийн 1-3-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/

- Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №05/092/07 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 7-9-р хуудас/

- Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын тэмдэглэл, акт /1-р хх-ийн 16-17-р хуудас/

- Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 08 дугаар  сарын 25-ны өдрийн 441 дугаартай дүгнэлт /2-р хх-ин 16-17-р хуудас/

- Шинжээч Б.Батзориг /2-р хх-ийн 29-р хуудас/, С.Пүрэв /2-р хх-ийн 25-р хуудас/, Н.Ганбаатар /2-р хх-ийн 26-р хуудас/, Ш.Ариун-Эрдэнэ /2-р хх-ийн 27-р хуудас/ нарын мэдүүлэг,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1-р хх-ийн 112-116-р хуудас/

- “Цэнгэл тоосго” ХХК-ны гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 152-155-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон болно. 

Гэрч нарын мэдүүлэг ноцтой зөрөөгүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, И.Жамантайгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05/092/07 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв болох нь шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тусгай зөвшөөрлийн хуулбар, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын тэмдэглэл, акт, зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн үзлэгийн бүдэвч зураг, акт зэргээр батлагдаж байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 08 дугаар  сарын 25-ны өдрийн 441 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05/092/07 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн үзлэгийн бүдэвч зураг, акт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч Б.Батзориг, С.Пүрэв, Н.Ганбаатар, Ш.Ариун-Эрдэнэ нарын мэдүүлэг болон дээр дурдсан бусад баримтаар нотлогдож байна. 

Харин Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн геологи, уул уурхайн сургуулийн захирлын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнтэй шинжээч нарын Шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 125-130-р хуудас/ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-д “дүгнэлтэд шинжилгээг хэзээ...хийсэн...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хууль ёсны хүчин төгөлдөр шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүх хуралдаанд улсын яллагчийн шүүхэд ирүүлсэн Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн геологи уул уурхайн сургуулийн захирлын 195 дугаартай албан бичгийн хуулбараар дээрх алдааг залруулсан нь шинжээчийн дүгнэлтэнд хамааралгүй этгээд бичсэн гэж үзэн үнэлээгүй болохыг дурдаж байна. 

Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 61-63-р хуудас/, шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай жинхэнэ байдалтай нийцээгүй, дээр дурдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул үнэн зөв гэж үнэлэх боломжгүй юм. Үйлдвэрлэлийн осол гарч гэмт хэрэг гарахад осолдогч Н.Ержаны буруутай үйл ажиллагааны буюу хэт болгоомжгүй байдал нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч Н.Ержан нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 “ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу  хэрэглэх”, 18.2.7 “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.     

Жолооч Б.Ержол нь “Цэнгэл тоосго” ХХК-ны захирал Т.Байхалтай амаар тохиролцож тус компанид тодорхой ажил гүйцэтгэж байсан. Осолдогч Н.Ержан нь Б.Ержолтай амаар тохиролцож ажил үүрэг гүйцэтгэж байсан нь Хөдөлмөр аюулгүй байдлын, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх хэсэгт заасан “хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн,  харьяалалгүй иргэн”  гэсэн хуулийн зохицуулалтад хамаарна.

Энэ хэргүүдийн сэдэлтийн хувьд хариуцлагагүй, хайнга байдлаас үүдэлтэй бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илрэх ба дээр дурдсан хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн хөнгөмсгөөр найдсан үйлдэл, эс үйлдлээр мөн Б.Ержолын хувьд хайхрамжгүй хандаж автомашин жолоодож хор уршиг учруулж Б.Ержан нас барахад хүргэсэн үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна. 

Гэмт хэрэг нь “Цэнгэл тоосго” ХХК-ны түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, шар шавар авдаг талбайд үйлдэгдсэн бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал”, “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна” гэсэн байх ба Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай тогтоолд зааснаар “Хэрэв уг этгээд хэдийгээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан боловч уул уурхай, зам, барилга, ачиж буулгах, засвар үйлчилгээ хийх зэрэг тодорхой нэг ажил үйлдвэрлэл явуулах дүрэм, заавар болон хөдөлмөр хамгааллын журам зөрчиж хор уршиг учруулсан байвал энэ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болохгүй учир уг үйлдлийг Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр зүйлчилнэ” гэсний дагуу уг ослыг зам тээврийн зам тээврийн осол гэж үзэх боломжгүй юм. Үйлдвэрлэлийн осол нь ил уурхайд үйлдэгдсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.9-д ”ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ  холбоотойгоор  хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх  бүх  байрыг” гэж заасан ажлын байран дээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138, 183-аар зүйлчилэх нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж үзлээ. Шүүгдэгч Т.Байхал нь “..би өдөр бүр жолооч нарт анхааруулж зааварчилга өгч байсан” гэж байгаа боловч гэрч Д.Айболат, И.Жамантай, Х.Хажымурат нарын мэдүүлгээр “мөсөөр болгоомжтой гараарай” гэснээс өөр аюулгүй байдлын зааварчлагаа өгөөгүй,  зааварчилгаа бичгээр танилцуулаагүй, “Цэнгэл тоосго” ХХК-ны захирлын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар батлагдсан “ачиж буулгахад аюулгүй ажиллагааны заавар” /1-р хх-ийн 163-р хуудас/, “Цэнгэл Тоосго” ХХК-ны дотоод журам /1-р хх-ийн 169-р хуудас/ байгаа боловч 2016 онд ажил эхэлснээс хойш ажилчиддаа огт танилцуулаагүй, аюулгүй ажиллагааг хангах сургалт явуулаагүй байна. Хохирогч К.Алтангүл нь мөрдөн байцаалтын шатанд 4.4 сая нэхэмжилснээс 3 сая төгрөгийг Т.Байхал, 2 сая төгрөгийг Б.Ержол төлж, нийт 5 сая төгрөг төлснөөр хохиролгүй болсон, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна/2-р хх-ийн 4-р хуудас/, харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сэтгэл санааны хохирол 30 сая төгрөг, 2 хүүхдийг тэжээн тэтгүүлэх тухай иргэний нэхэмжлэл гаргасныг шүүх нотлох баримт байхгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нар урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын лавлагаагаар тогтоогдож байна. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Мөрдөн байцаалтын явцад “Цэнгэл тоосго” ХХК-аас З.Канибалыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар томилсон тушаал шийдвэр гараагүй гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5/36 тоот прокурорын тогтоолоор /2-р хх-ийн 54-р хуудас/ түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь, 

шүүгдэгч Б.Ержол нь бүтүүмжлэгдсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1-д заасан гэмт хэрэгт давхар яллагдах явцад хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын тогтоолоор /2-р хх-ийн 171-р хуудас/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Т.Байхалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Ержолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх ял оногдуулахдаа нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. 

Шүүгдэгч Т.Байхал, Б.Ержол нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус, мөн тэдэнд ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгааг харгалзан үзсэн болно.

Иймд шүүгдэгч Т.Байхалд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэхгүй, харин шүүгдэгч Б.Ержолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэглэх нь зүйтэй байна.

Хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв . 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 291, 292, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бахат овогтой Тулбаханы Байхалыг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Барах сүйндэк овогтой Баймуратын Ержолыг аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Байхалыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ержолыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасаж, 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт шүүгдэгч Т.Байхалд оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ержолд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч К.Алтангүлд шүүгдэгч Т.Байхал нь 3 сая төгрөг, шүүгдэгч Б.Ержол нь 2 сая төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч нь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон сэтгэл санааны хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Байхалд оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ержолд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүр 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ержолд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсуугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Т.Байхалын иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Б.Ержолын иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ болон  гадаад паспорт зэргийг тус тус өөрт нь буцаан олгосугай.

9. Шүүгдэгч Т.Байхал, Б.Ержол нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ