Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 129

 

Б.Ер-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А- /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Нургайып /цахимаар/, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар магадлалтай 201604000055 дугаар эрүүгийн хэргийг хохирогч К.А-, шүүгдэгч Б.Ер-, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Б.Ер- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ер-ыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “сүйндэк” гэснийг “сүйндик” гэж өөрчилж, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан,” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

4. “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Ер-д оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ер-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй”,

5. “Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ер- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтын дугаарыг “6” гэж, 5 дахь заалтын дугаарыг “7” гэж, 6 дахь заалтын дугаарыг “8” гэж, 7 дахь заалтын дугаарыг “9” гэж, 8 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Б.Ер-ыг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ер- нь 32 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А- гаргасан гомдолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ял тэнсэх гол үндэслэл нь гэмт хэргийн ангилал, нийгмийн хор аюулын шинж хэр хэмжээ, тухайн этгээдийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан байдал, гэмшсэн байдал зэрэг урьдчилсан нөхцөлүүдийг хангасан байхыг шаарддаг буюу эдгээр нөхцөлүүдийг тухайн шүүгдэгчийн хувьд хангаагүй тохиолдолд хорих ялыг тэнсэх боломжийг хаасан агуулгатай заалт юм.

Энэ хэрэг 2016 оны 3 дугаар сард гарсан бөгөөд шүүгдэгч Б.Ер- нь өнөөдрийг хүртэл хохирогч надаас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй, уучлалт гуйхыг ч хүсдэггүй, хэд хэдэн удаа болсон шүүх хуралдаанд өөрийгөө ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, ямар нэгэн гэм буруугүй, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн.

Анхан шатны шүүх түүнд тохирох ялыг өгсөн. Гэвч давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж шүүгдэгч Б.Ер-д оногдуулсан ялыг тэнсэн харгалзсан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасантай нийцээгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал боллоо. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ер- нь талийгаачийг тээврийн хэрэгслээр дайрч алсан болох нь хангалттай нотлогдож байгаа.

Миний зөрчигдсөн эрх одоо болтол сэргээгдээгүй байхад шүүх ингэж шүүгдэгчийг сул тавьж явуулсныг огт ойлгохгүй байна. Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Б.Ер- нь зөвхөн 2.000.000 төгрөгийг надад өгсөн, 3.000.000 төгрөгийг Т.Ба- надад, хүүхдүүдэд зориулж өгсөн.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр намайг нөхрийг минь амиа хорлоход хүргэсэн гэдэг зүйлийг хэлсэн бөгөөд өмгөөлөгч Г.Батбаяр бодит байдалд нийцээгүй тайлбар хэлж шүүхийг төөрөгдөлд оруулахыг завдсан төдийгүй хохирогч намайг доромжилсон. Иймд магадлалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, оногдуулсан ялыг биеэр эдлүүлж, иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Ер- гаргасан гомдолдоо “Миний бие золгүй явдалд өртсөндөө гэмшиж явдгаа илэрхийлье. Талийгаач Н.Ер-ы ажил явдалд биечлэн оролцож, сэтгэлийн дэм өгч, чадах чадлаараа ажил явдлын, оршуулгын ажилд нь санхүүгийн болон биет байдлаар туслалцаагаа үзүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад хохирогч К.А- нь талийгаачийн оршуулгын ажилд гарсан бодит хохирол гэж тооцоо гаргаж байсан юм. Тэр хохирол нь бүрэн төлөгдсөн байгаа ба шүүх хуралд энэ талаар тодорхой яригдсан.

Шүүгдэгч Т.Ба-ыг прокурор 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 5/28 тоот тогтоолоор цагаатгасан. Гэтэл Мэргэжлийн хяналтын газрын, ШУТИС-ийн шинжээчид болон бусад нотлох баримтуудаар уг ослыг “Үйлдвэрлэлийн осол” гэж дүгнэсэн байдаг. Нөгөө талаар эрүүгийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн субъект нь “Ц.Т” ХХК буюу Т.Ба- гэж ойлгож байна. Учир нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй этгээд нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгч ажил олгогч “Ц.Т” ХХК /Т.Ба-/ мөн бөгөөд үүнтэй хэн ч маргадаггүй ба хавтаст хэрэгт байгаа гэрч, сэжигтэн, яллагдагч нарын болон мэргэжлийн байгууллагуудын эрх зүйн дүгнэлтээр тогтоогдсон байгаа боловч прокурор, шүүх нь шүүгдэгч Б.Ер- намайг субъект тал биш мөртлөө яагаад зөвхөн надад хуулийн хариуцлага хүлээлгээд байгаа бол гэж бодож байна.

Харин прокурор, шүүх намайг хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргийг үйлдсэн байх нөхцөл байдал, шалтгаант холбоог нарийвчлан тогтоож чадаагүй нь уг гэмт хэрэгт буруутгагдах үндэслэлийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, шүүх намайг засвар үйлчилгээний ажил дуусаагүй байхад ухрах хөдөлгөөн үйлдэж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэсэн нь уг хэргийн үнэн зөв бодит байдлыг тогтоох нөхцөлийг алдагдуулсан гэж ойлгож байна. Хавтаст хэрэгт байгаа 2016 оны 03 сарын 03-ны өдрийн хэргийн газрын фото зураг, газар дээр нь хийсэн шинжээчдийн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрч нарын байцаалт зэргийг, мөн Мэргэжлийн хяналтын газар, ШУТИС-ийн геологийн ангийн шинжээчдийн дүгнэлтүүдийг огт судлаагүй явдалд миний бие гомдолтой байна.

Ажил олгогч буюу тусгай зөвшөөрөлтэй талбайн эзэн “Ц.Т” ХХК нь эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дагуу үүсч болох эрсдэл, аюулаас хэрхэн сэргийлэх, хэрхэн хамгаалах талаар авах арга хэмжээ, уг арга хэмжээг хэзээ, хэн хийх талаар төлөвлөсөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах үүрэгтэй юм. Гэтэл “Ц.Т” ХХК-ны захирал Т.Ба- нь энэхүү үүргээ огт биелүүлээгүй. Хэрэв эрсдэлийн үнэлгээний дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүйн байдлын талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан бол зөөх механизмд ачигч механизмаар шороо ачих ажил хийгдэх үед эдгээр механизмуудын ухрах, урагшлах, зогсох хөдөлгөөнийг аюулгүй зохицуулах дохиочин ажлыг хариуцах хүнийг томилох байсан.

Үйлдвэрийн ослыг гарахад хүргэсэн шууд шалтгаан болох дээрх хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдийг Б.Ер- надад хамааруулж гэм буруутайд тооцсон нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд миний гомдлыг шударгаар хянаж, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Ер-ын өмгөөлөгч Г.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Н.Ер- нь Казакстан улсын иргэн гэдгийг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг цаашид зөрчигдөх нөхцөлийг үүсгэсэн.

2. К.А- нь өөрийгөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөн болохыг тогтоосон гэх иргэний шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т заасан заалт зөрчигдөж түүний объектив шинжийг ойлгох, хуулийг нэг мөр ойлгох зарчмыг алдагдуулсан.

3. Хохирогчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх хүлээн авсан. Өөрөөр хэлбэл хохирогч “...шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүссэн хохирлыг төлөөгүй байгаа нь хууль зөрчсөнийг харуулж байна...” гэх утга бүхий гомдлыг гаргасан байна.

4. Шүүх нь хэргийн оролцогч Т.Ба-ын үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар хянан шийдвэрлэж түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан “...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн ... улмаас хүний амь нас хохирсон бол” гэснийг, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. Шүүх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж Т.Ба-ийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийг хэрэглэж болно гэж тайлбарлажээ.

5. Шүүх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4, 9.1 дүгээр зүйлийн 1-3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин “Ц.Т” ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Б.Ер-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч С.Нургайып хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж хуулийг зөрчсөн. Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2 шүүгчтэй бөгөөд хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар ойролцоо аймгийн шүүхийн шүүгчийг томилуулах ёстой байтал хуулийн дээрх заалтыг зөрчиж хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогч К.А- нь хохирогчийг төлөөлөх эрхтэй субьект мөн гэж хэлмээр байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ер-д тэнсэн харгалзах ял оногдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Учир нь шүүгдэгч Б.Ер- нь өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөргүй бөгөөд оршуулгын зардлыг өөрөө өгсөн мэт тайлбарладаг боловч оршуулгын зардлыг тухайн байгууллага гаргасан болох нь нотлогдон тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ер-ын гэм буруугийн болон болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн Н.Ер- нь нас барсан нь шалтгаант холбоотой байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эсэх, зам тээврийн осол мөн эсэх талаар удаа дараагийн гаргасан дүгнэлтүүдэд зөв үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгчийг болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан төрөл хэмжээний ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгчид оногдуулсан ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А-, шүүгдэгч Б.Ер-, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ер-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ер- нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0900-1000 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг “Цагаан гол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Ц.Т” ХХК-ийн шар шороо авдаг үйлдвэрлэлийн талбайд “ВЕЙВЕН” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслээр хөдөлгөөн хийх явцдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаарх хууль, дүрэм зөрчиж, өөрийн туслахаар ажиллуулж байсан Н.Ер-ыг дайрч, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Б.Ер-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулан, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хуулиар тогтоосноос  хөнгөрүүлэх, чөлөөлөх журмыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх шаардлагыг буруу тайлбарлан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй шүүгдэгч Б.Ер-д оногдуулсан хорих ялыг тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А-ийн гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч Барах сүйндик овогт Баймуратын Ержолын ургийн овгийг “Барах сүйндэк” гэж үсэг, техникийн шинжтэй алдаа гаргаж буруу бичсэнийг залруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН