Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2022/00679

 

 

2022 06 27 151/ШШ2022/00679

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо өөрийн байранд байрлах Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба,

 

Хариуцагч: Төв аймаг, ...... оршин суух О.Г,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нарантуул /онлайн/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Гантуяа

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь О.Гт холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал төв Суваргын 12 дугаар гудамж, 2 тоотод оршин суух Очирын Ганзориг нь 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ТӨ-019 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ-гээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн бага оврын трактор, анжисын хамт бүхий /хадлангийн иж бүрдэл/ нэгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төлөн үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

 

Гэвч 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдэлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр төлбөр 2,000,000 төгрөг байна.

 

Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход алданги 1,000,000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ТӨ-2019 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ-гээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн бага оврын трактор, анжисын хамт бүхий /хадлангийн иж бүрдэл/ нэгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төлөн үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн хугацаагаар дууссан учир төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Анх зээл авахдаа 2.500.000 төгрөгийг төлсөн ба 2013 онд 500.000 төгрөгийг төлсөн. 2012 онд гэрээ байгуулснаас хойш 10 жил өнгөрсөн учир алданги тооцож байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээг байгуулсан. Үүнээс хойш 10 жил өнгөрсөн байна. Яагаад алданги тооцож байгааг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл таг чиг байж байгаад гэнэт ийм нэхэмжлэх ирж байгаад гайхаж байна. Тийм учраас 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс авлагын дэлгэрэнгүй журналууд, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ТӨ-019 дугаартай гэрээний хуулбар (хх-7-8), 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хадгаламж банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хх-9), Иөншөөбү овогт Очирын Ганзоригийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-10), Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-11), Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №16 дугаар тогтоолын хуулбар (хх-12), Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалын хуулбар (хх-13) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжилсэн 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ТӨ-2019 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ-гээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн бага оврын трактор, анжисын хамт бүхий (хадлангийн иж бүрдэл) нэгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төлөн үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

...Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2012 онд 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн бага оврын трактор, анжисын хамт бүхий /хадлангийн иж бүрдэл/ нэгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төлөн худалдаж авсан нь үнэн. Улмаар 2013 онд 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо 2012 оны 07 дугаар сарын 23-эы өдрөөс хойш 10 жил өнгөрсөн байхад алданги болон нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Энэ хугацаанд нэг ч удаа мөнгөө төл гэж уулзаагүй. Иймд гэрээний дагуу 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн бөгөөд Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн авлагын дэлгэрэнгүй журналууд, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ТӨ-019 дугаартай гэрээний хуулбар (хх-7-8), 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хадгаламж банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хх-9), Иөншөөбү овогт Очирын Ганзоригийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-10), Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-11), Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №16 дугаар тогтоолын хуулбар (хх-12), Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалын хуулбар (хх-13) зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч О.Гтой FT-200 маркийн бага оврын трактор, анжисын хамт бүхий /хадлангийн иж бүрдэл/ Бага оворын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээг байгуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Ингээд тэдгээрийн урьд байгуулсан гэрээ болон хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг тооцвол:

 

- 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №ТӨ-019 Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээгээр FT-200 маркийн дугуйт трактор 1, хадуур 1, тармуур 1, хадлангийн иж бүрдэл 1 зэрэг эд хөрөнгийг худалдан авахын тулд түрээслүүлэгчээс түрээсээр авах, төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу буцаан төлөхөөр тохиролцож, 5,000,000 төгрөгөөр тооцож урьдчилгаа 50% болох 2,500,000 төлөн үлдэх 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг төлөхөөр хуваарь гарган 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж дууссан байх үүрэг хүлээжээ.

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь үндсэн төлбөрийн үлдэгдлийг 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх гэрээг үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар санхүүгийн түрээсийн (лизинг)-ийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь дээрх хуулийн зохицуулалтаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Дээрх гэрээнд түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,05 хувиас илүүгүйгээр алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн /лизинг/-ийн гэрээнд талуудын эрх бүхий этгээдүүд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг анхдагч түрээс гэж үзнэ гэж, мөн хуулийн 3.2.1-д Түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээслэгч өөрөө түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж түрээсийн зүйлийг гэрээний дагуу бусдад түрээслүүлэх санхүүгийн дамжуулах түрээс гэж тус тус заасан.

 

Хариуцагч О.Г нь Хүнс, Хөдөө Аж Ахуй, Жижиг дунд үйлдвэрийн газартай санхүүгийн түрээсийн (лизинг)-ийн гэрээг байгуулж, гэрээний зүйлийг өөрийн өмчлөл, эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авсан боловч үнийг хугацаандаа төлдөггүй байсан ба зохих төлбөрийн хэмжээг тухай бүр тогтоосон ч тодорхой шалтгааны улмаас төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний алдангийг тооцохдоо үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг 1,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймээс хариуцагч О.Гоос үндсэн төлбөрт 2,000,000 төгрөг, алдангид 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тодруулбал хариуцагч О.Г нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд нь заавал төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан бөгөөд тухайн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна.

 

Дээрх хугацаанаас тооцвол тухайн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болжээ.

 

Гэвч тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор зохицуулжээ.

 

Учир нь хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын №16 дугаар тогтоолын 3-т Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Мэндсайхан)-т даалгасугай. (хх-12)

 

Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас баланст шилжүүлэх тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрх бүхий субъект байгуулагдаагүй байсан тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Гоос 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгосугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

 

3..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

4..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТҮВШИНЖАРГАЛ