Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2022/00038

 

                                                          

 

 

 

 

  2022         09            20                                             223/МА2022/00038

 

 

............................ажлын

албаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2022/00679 дугаар шийдвэртэй,

............................ажлын албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч ............................т холбогдох,

Санхүүгийн түрээсийн үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий  шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Туяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

"Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн ............................ажлын албанаас ............................-д оршин суух ............................ нь 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ТӨ-019 тоот "Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ"-гээр 5,000,000 төгрөгийн FТ-200 маркийн бага оврын трактор, анжисын хамт /хадлангийн иж бүрдэл/ нэгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төлөн үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

Гэвч 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр төлбөр 2,000,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход алданги 1,000,000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн ............................ажлын албаны 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ТӨ-2019 тоот "Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ"-гээр 5,000,000 төгрөгийн FТ-200 маркийн бага оврын трактор, анжисын хамт /хадлангийн иж бүрдэл/ нэгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төлөн үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Уг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн хугацаагаа дууссан учир төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Анх зээл авахдаа 2,500,000 төгрөгийг төлсөн ба 2013 онд 500,000 төгрөгийг төлсөн. 2012 онд гэрээ байгуулснаас хойш 10 жил өнгөрсөн учир алданги тооцож байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээг байгуулсан. Үүнээс хойш 10 жил өнгөрсөн байна. Яагаад алданги тооцож байгааг, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл таг чиг байж байгаад гэнэт ийм нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Тийм учраас 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ............................оос 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............................ажлын албанд олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ............................ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ............................оос улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................  давж заалдах гомдолдоо:        

Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 679 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ............................ажлын албаны нэхэмжлэлтэй, ............................оос иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч ............................ нь 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ТӨ-019 тоот "Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ"-гээр 5,000,000 төгрөгийн FТ-200 маркийн бага оврын трактор, анжисын хамт 5 жилийн хугацаатай үнийг төлөхөөр тохиролцож гэрээ хийж, 2,500,000 төгрөгийг графикийн дагуу төлж, сүүлийн төлөх хугацаа 2017 онд дуусах гэрээтэй байсан байна.

 

2016 оны Улсын Их хурлын сонгуулийн үеэр хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон санхүүгийн түрээсийн төлбөрийг тэглэсэн талаар уг зээлийг авсан зээлдэгч нарт ийм ойлголтыг орон нутгийн төр захиргааны байгууллага өгсөн. Иймд 2017 оноос хойш үлдэгдэл төлбөр төлүүлэх талаар хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл хэн ч шаардаагүй байсан тул дээр дурдсанаар үлдэгдэл төлбөрийг авахыг тэглэсэн гэж ойлгосон.

 

Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч онлайнаар орж тайлбар гаргахдаа төлбөр төлүүлэх талаар нэхэмжилж, шаардаж байгаагүй гэдгээ хэлсэн. Иймд шүүх хөөн хэлэлцэх хугацааг иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар тайлбарласан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. ...гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоохоор зохицуулжээ гэж тайлбарласан боловч энэ нь ойлгомжгүй, ямар үйл баримтыг давагдашгүй хүчин зүйл гэж үзэж буй, энэ нь шүүхэд хэрхэн хамааралтай болохыг дүгнээгүй байна. Ковид цар тахлын үед бол шүүхүүд бүгд онлайнаар гомдол, нэхэмжлэл авч байсан болно.

 

Иймд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

Мөн алданги тооцохдоо хэд хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж тооцсон талаар нэхэмжлэгч тооцоолоогүй, нэхэмжлэлийн үнийг дүнгээс 50 хувиар шууд бодож хуульд нийцүүлэн гаргасныг шүүх үндэслэл бүхий гэж үзсэн нь буруу байна. Ийнхүү шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ............................ажлын алба /хуучнаар  Тариалан эрхлэлтийг дэмжих сан/ нь хариуцагч ............................т холбогдуулан санхүүгийн гэрээний төлбөрт 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................ нь “Нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээ байгуулснаас хойш 10 жил өнгөрч байхад яагаад алданги тооцож байгааг, 2022 оны 5 сарын 06 хүртэл яагаад гэнэт ийм нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна.

Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэж нэхэмжлэлд хариу тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч ............................ажлын алба нь хариуцагч ............................той 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “FT-200 маркийн бага оврын трактор 1, хадуур 1, тармуур 1 бүхий хадлангийн 1 иж бүрдэл”-ийг худалдан борлуулах тухай ТӨ-019 дугаартай Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан авлагын дэлгэрэнгүй журналууд, 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ТӨ-019 дугаартай гэрээний хуулбар (хх-7-8), 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хадгаламж банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хх-9), Мөншөөбү овогт ............................ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-10), ............................ажлын албаны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-11), Монгол улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №16 дугаар тогтоолын хуулбар (хх-12), Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалын хуулбар (хх-13) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч ............................ажлын алба болон хариуцагч ............................ нарын хооронд Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь хариуцагч талаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасан Санхүүгийн түрээсийн гэрээ нь мөн хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.2-т заасан Санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөлийг бүрэн хангасан байна.

 

Мөн уг гэрээнд төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцон алдангийг хоног тутам төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзын зохицуулалтад бүрэн нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т “хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд” хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор зохицуулсан тул тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хэрэгт авагдсан “............................ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын №16 дугаар тогтоол (хх-12), “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас баланст шилжүүлэх тухай” Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаал зэрэг нотлох баримтуудаар тухайн ТӨ-019 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрх бүхий субьект байгуулагдаагүй байсан тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Тариалан эрхлэлтийг дэмжих сан/хуучнаар/-гийн хөрөнгө, авлага Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжиж, хариуцагч ............................той байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрх бүхий субъект байгуулагдаагүй байсан буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна. Дээрх хугацаанаас алдангийг тооцвол хариуцагч тал нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам 1,250 төгрөгийн алданги төлөх ёстой ба үүргээ хугацаандаа биелүүлээгүй хугацааг нийт 1981 хоногоор тооцоход нийт алданги нь 2,476,250 төгрөг болохоор байх тул нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний алдангийг тооцохдоо үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг 1,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисонтой холбоотойгоор түүний давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2022/00679 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,000/жаран гурван мянга/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА

                       

            ШҮҮГЧИД                                                     Н.НАСАНЖАРГАЛ

 

                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ