Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2023/00067

 

 

 

 

 

 

 2023        01            03                                       151/ШШ2023/00067

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 3 дугаар хороо, Хос-Өргөө хотхон, 29-73 тоотод байрлах “““““ бүрэн хан” ХХК,

Хариуцагч: Төв аймаг, Цээл сум, Майхан 3 дугаар баг, Муурын байшин 3 дугаар гудамж, 82 тоотод байрлах “/////// хааны хишиг” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Л.Бу,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Уянга,

Хариуцагчийн төлөөлөгч: О.Ганхуяг,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК нь “/////// хааны хишиг” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Манай "““““ бүрэн хан" ХХК нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын ““““ 1 дүгээр багт үхрийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотойгоор тэжээлийн ургамал тариалах хэрэгцээ шаардлага үүссэн. Ийнхүү 2018 оны 4 дүгээр сараас тэжээлийн ямар ургамал тариалах нь тохиромжтой талаар судалгаа хийсний үндсэн дээр бургалтай сортын царгас тариалах нь зүйтэй хэмээн шийдвэр гарган царгас тариалах ажил гүйцэтгэх компани хайж байгаад Н.Шинэбаяр /утас:99088584/-р дамжуулан /////// хааны хишиг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.ТТтай фейс бүүкээр холбогдон танилцаж, ярьж тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр "Хүүлэн хааны хишиг" ХХК-аар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт бургалтай сортын царгас тариулж нэг жилийн дараа буюу 2019 оны 5 дугаар сард 1 настай таримал хүлээн авах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1.2-т зааснаар "тус гэрээний зорилго нь гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаанд гэрээнд заасан шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлон зохицуулахад оршино" гэж заасан. Ийнхүү тариалалтын ажил эхлэнгүүт манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу урьдчилгаа төлбөр болох 10.800.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, тариалалтын ажил дууссаны дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр үлдсэн 60 хувь болох 16.200.000 төгрөгийг гүйцэтгэгч компанийн хаан банкин дахь 5429315996 тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн. Тариалалт хийснээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд манай компанийн хүмүүс царгас тариалсан талбай дээр очиж танилцахад соёолж гарч ирсэн зүйл байхгүй, энд тэнд армаг тармаг байдалтай байсан. Тиймээс бид нөхцөл байдлыг ТТт мэдэгдэхэд тэрээр "арай соёолох болоогүй байгаа гэсэн тайлбар өгсөн. Ийнхүү бид хүлээсээр 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрсдөө дахин талбай дээр очиж танилцахад мөн л ургасан зүйл байгаагүй. Бид ТТтай дахин холбогдож "үрээ тариад бараг 45 хоног өнгөрлөө, таримал маань одоо ямархуу байх ёстой вэ?" гээд талбай дээрээс зураг дарж явуулан ганц хоёр ургаж байсан ургамлыг "энэ царгас уу? зэрлэг ургамал уу?" хэмээн асуугаад, талбай руу хамт явмаар байна гэдгээ удаа дараа хэлсэн. “... ТТ 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр холбогдон "улаанбаатараар дайралгүй Төв аймгийн Угтаал сумаар явсан учраас учраас хамт талбай руу явж чадсангүй" гэсэн шалтаг хэлэн өөрөө талбай дээр очин талбайн зураг болон энд тэнд ургасан хэсгийн зураг /зураг 7-1-ээс 14-2/ авч явуулснаас нь харахад царгас эсвэл зэрлэг ургамал гэдэг нь тодорхой бус байсан. Ингээд дараа жилийн хавар буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ТТтай Facebook chat-p холбогдон "хоёулаа хэзээ талбайтай очиж танилцах вэ? энэ жил царгас маань ургана гэж найдаж байгаа шүү гэсэнд "бургалтай сорт шүү дээ..." гэхэд нь "тэр нь ч тийм л дээ, гэхдээ газар дээр нь очиж хараад гэрээгээ дүгнэх хэрэгтэй байна гэсэнд "одоо гарах арай болоогүй байна, 4 дүгээр сарын дундуур гарах байх" гэсэн. Үүнээс хойш утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан учир 2019 оны 7 дугаар сарын 19, 21-ны өдөр, мөн 8 дугаар сарын 1, 8-ны өдөр чат бичсэнд хариу байхгүй байж байгаад сүүлд 2019 оны 8 дугаар сарын сүүлээр утсаар яриад "асуудлаа шийдье, болохгүй бол шүүхээр шийдвэрлүүлье" гэхэд "айж ичих зүйл байхгүй, шүүхээр явбал яв" гэж хэлсэн. Ийнхүү гүйцэтгэгч тал гэрээний нөхцөл ёсоор 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1 настай тарималтай талбайг манай компанид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба акт үйлдэж ажил хүлээлцсэнээс хойш баталгаат хугацаа нэг жил буюу 2020 оны 5 дугаар сар хүртэл байсан. Хэдийгээр акт үйлдэж ажил хүлээлцсэн зүйл байхгүй ч бид 2020 оны 5 дугаар сар хүртэл гүйцэтгэгч талыг гэрээний үүргээ биелүүлнэ хэмээн найдаж хүлээсэн. Гэвч гүйцэтгэгч тал өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс манай компанид учирсан хохирлыг арилгуулж өгнө үү” гэжээ.

       2. Нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК-ний захирал Л.Бу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мессенжер нь 2 жил үргэлжилсэн. Акт үйлдэхийг хүссэн. 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Би актаа хүлээлцье, хоёулаа ургамлыг нүдээрээ харъя гэж зөндөө мэгдсэн. Тухайн гэрээг хүчээр хийгээгүй. Гэрээ байгуулахад ач холбогдол өгөөгүй. Өмнөх шүүх хуралдааны хурлын тэмдэглэлд гэрчийн мэдүүлэг байгаа. Тус тэмдэглэлд Бургалдай сортын үр биш хятад үр авсан. Анхны гэрээг манайх байгуулсан гэж мэдүүлсэн. Бургалдай сортын Царгас нь ердийн нөхцөлд ургадаг, Монгол улсын байгаль цаг уурын нөхцөлд зохицсон байсан бол Царгас ургах байсан байх. Гэрээний үүргийг хариуцагчаас шаардахад зугтаад уулзахгүй байсан нь хятад үр авчирсан учраас тэр нь Монгол улсад ургаж чадаагүйтэй холбоотой. Би ёс зүйтэй хүн. Энэ асуудлаар жишиг тогтоохыг хүссэн. Энэ асуудлаас болоод хохирсон хүмүүс их байгаа” гэв.

      2.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ, шүүхийн хэлэлцүүлгийн нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараас үзэхэд гэрээ байгуулсан эсэхэд маргаангүй гэж үзэж байна. Тухайн гэрээ нь Иргэний хуулийн 343 заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгаа. Тус гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн  343.2 зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.  Талууд гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар Иргэний хуулийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт Бургалдай сортын үрээр Царгас тариалж 1 настай таримлыг хүлээлгэн өгөх гэж  тодорхойлсон. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримт хэрэг шүүх хуралдааны явцад талуудын өгсөн тайлбараар нотлогдож байна. Тус гэрээнд гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаанд гэрээнд заасан шаардлагад нийцүүлэн хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсгийг гэрээнд заасны дагуу төлөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулна гэж заасан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан бөгөөд Иргэний хуулийн ерөнхий шаардлагад нийцсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Манай үйлчлүүлэгч 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 10,8000,000 төгрөг 5 дугаар сарын 3-ны өдөр 16,200,000 төгрөг нийт 27,000,000 төгрөгийг хариуцагчийн хаан банкин дахь дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан банкны хуулгаар тогтоогдож байгаа. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гүйцэтгэгч нь ажлын тоо хэмжээ, түүнд тавигдах чанарын шаардлага болон техник технологийн шаардлагыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт бичгийг хариуцагчтай хамтран боловсруулах үүрэгтэй. Тухайн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс үндсэн үйл ажиллагаа эхлээд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр дуусна. Үүнээс хойш баталгаат хугацааны дотор ямар нэгэн доголдол гарвал өөрийн зардлаар дахин тариалах үүргийг гүйцэтгэгч хүлээсэн. Мөн тодорхой мэдээ мэдээллээр захиалагчийг хангах үүрэгтэй байсан нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.6, 5.2.7-д зааснаар тус тус тусгагдсан. Тодруулбал гүйцэтгэгч нь захиалагчаас тарималтай талбайг харж хандах, хамгаалах, арчилж тордохыг шаардах, түүнд хяналт тавих эрхтэй гэж заасан боловч хариуцагч тал хяналт тавиагүй гэдгээ илэрхийлсэн. Гүйцэтгэгч нь таримлын талаар захиалагчид арчилгаа, хураалт зэрэг технологийн талаар бүхий л мэдээлэл өгөх үүрэгтэй.  Тухайн 30 га талбайд ямар үрийн таримал тарьсан нь тодорхойгүй. Талуудын хооронд гэрээ байгуулснаас хойш шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй. Гүйцэтгэгч тал тарьж ургуулж байгаа тарималтай холбоотой мэдээ мэдээллээр хангаагүй гэдэг нь харагдаж байна. Бургалдай сорт мөн бол гарал үүслийн гэрчилгээ, бусад чанарын шаардлага хангасан норм нормативыг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гүйцэтгэгч тал энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Захиалагч талын шаардлагаар гэрээг дүгнэхээр утас болон мессежээр удаа дараа шаардлага тавьж байсан боловч гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй. Гомдлын шаардлага гаргаж байгаа үндэслэл нь ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын хүлээсэн үүрэг биелэгдээгүй. Түүнийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байна. 1 настай таримал царгасыг хүлээлгэн өгөөгүйн улмаас 27,000,000 төгрөгөөр хохирсон. Энэ хохирлоо Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар 1 заасны дагуу нэхэмжилж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3. Хариуцагч “/////// хааны хишиг” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “““““ бүрэн хан" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “/////// хааны хишиг" ХХК нь "““““ бүрэн хан" ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 02 тоот "бургалтай сортын царгасыг 30 га газарт тариалах" ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд тус гэрээний дагуу манай компани нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 30 га талбайд царгас тариалж ажлаа хийж гүйцэтгэсэн. Царгас нь өөрөө ургамал бөгөөд ямар ч ургамал нь заавал усалгаа арчилгааны хүчинд ургадаг бөгөөд дан ганц гүйцэтгэгчээс шалтгаалахгүй, захиалагчийн арчилгаа тордлогоо, байгалийн хүчин зүйлүүдээс нөлөөлдөг ажил гүйцэтгэгч очиж тухайн талбайд тарьж өгсөн бөгөөд түүнийг цааш нь захиалагч нь өөрөө анхаарал тавьж, арчилж тордох ёстой байдаг. Гэтэл захиалагч нь гэрээний 5.1.5-д заасны дагуу арчилж, тордох үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д заасны дагуу "....ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах" үүргээ биелээгүй гэж үзэж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2018 оны цаг уурын мэдээгээр тухайн нутагт гантай байсан зэрэг нөхцөл байдал үүссэн байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд захиалагч болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан ургаагүй бөгөөд үүнд захиалагчийн буруутай үйлдэл гэж үзэхгүй байна. Гэрээний хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд энэ талаар захиалагчаас удаа дараа хандахад ажил гүйцэтгэгчийн хувьд ажлаа хийгээд тариалаад өгсөн байтал захиалагчийн өөрийн буруутай үйлдлийн улмаас ургаагүй, актаар ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, мөн хамгийн сүүлд энэ асуудлаар 2019 оны 08 дугаар сард захиалагч асуудлаа шүүхэд хандана гэхэд ажил гүйцэтгэгч шүүхээр асуудлаа шийдүүлье гэж хэлсэн нь захиалагч өөрөө тухайн ажлыг эрхийн доголдолтой гэж үзэж, ярьж байсан бол тухайн асуудлаар шүүхэд 2020 оны 08 дугаар сарын дотор гаргах ёстой гэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэж заасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 27,000,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч “/////// хааны хишиг” ХХК-ний захирал Ш.ТТ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүн хийж байгаа ажилдаа сэтгэл гаргавал үр дүн нь гардаг юм. Говьд хүртэл тарихад үр шимийг нь хүртээд явж байгаа. Та яагаад сэтгэл гаргаагүй юм бэ? Нэхэмжлэгч сэтгэл гаргахгүй бол мянга тарьсан ч гэсэн ийм зүйл давтагдана. Өвөрхангай аймгийн Баян-Улаан гэх газар хулуун усгүй газар байдаг. Гэтэл ийм газар ургачхаад хариуцагчийн талбай дээр ургахгүй байгаа нь сэтгэл дутсаных. Миний тарих ажил бол нийт ажиллагааны 30% нь. Үлдсэн 70% нь хашаажуулах, хамгаалалт, усалгаа зэргээс бүрддэг. Тариаланч болон өөрөө дээрх арчилгаануудыг хийх ёстой. Би өдөр болгон очиж чадахгүй учир нь би бас аж ахуй эрхэлдэг. Царгас маань өөрийнхөө төрхийг олоход хугацаа ордог. 8 сард очиж зураг авхуулах үед очъё гэхэд дараа болъё гэсэн. Фото зургийг нотлох баримт гэж үзэж байна. Учир нь ургамлын зураг, нэхэмжлэгчийн талбайн зураг,  хөрсний бүтэц харагдаж байгаа. Ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг харлуулж, няцаавал хэн хөдөлмөрлөх вэ? Бид нарын зүгээс сайн, муу нэрээр дуудуулан өдийг хүрсэн. Үүнээс хойш тариалах итгэлгүй байна. Учир нь захын хүмүүс хулгай гэж байна. Бургалдай сортын Царгасийг 2000 онд мөхөж үгүй болж байхад манай аав, бид 2 өргөжүүлсэн. Энэ бол гавья гэдгийг хэний ч өмнө нүүр бардам хэлнэ. Монгол улсын хэмжээнд Бургалдай сортын Царгас нь 214 га болон  160 га талбайд шинээр тариалагдсан байдаг. Тухайн ургамал нь 200 кг болтлоо мөхсөн. Надад хадсан өвс нь байгаа. Би хийх ёстой ажлаа хийсэнгэв.

4.1. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг талууд байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч үүргээ биелүүлээгүй учраас хохирлоо нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлалаа. Гэтэл Иргэний хуулийн 353 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байж одоо болохоор гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, хариуцагч тал Бургалдай сортын үрээр Царгас тариагүй  мэтээр ярилаа. Гэрч Б.Дариймаа гэх хүн нь Бургалдай сортын үр биш гэж мэдүүлэг өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж шүүх хэргийг шийдвэрлэх ёстой. Чанарын доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгсөн. Бургалай сортын таримлыг хүлээн аваагүй учраас гэрээг цуцалж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж хариуцагчийн өмгөөлөгч хууль зүйн тайлбарыг өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг хийсэн. Нэхэмжлэгч тус гэрээг цуцлахыг шаардаж байна уу? эсхүл цуцлахгүйгээр хохирлоо нэхэмжилж байна уу? эсхүл доголдолтой гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж заасан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлд захиалагч дараах шаардлага гаргах эрхтэй. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг шаардах гэж заасан. Нэхэжмлэгчийн өмгөөлөгч доголдлын хөөн хэлэлцэх хугацааг 2 жил гэж үзэж байгаа гэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичгээр баталгаат хугацаанд ажил хийх талаар яриагүй. Нэхэмжлэгч талаас 2019, 2020, 2021 онуудад тухайн газарт юу ургасан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Сүүлд 2019 оны 5 дугаар сарын 5 фото зургууд байсан өөр баримт өгөөгүй. Доголдолтой эд хөрөнгийн талаарх шаардлага гомдлыг 1 жилийн дотор гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч шаардлага гаргах талаарх асуудлыг ярьсан мэтээр ярьж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар зохигч нар шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч манай үйлчлүүлэгч алга болсон мэт ярьж байгаа нь хууль зөрчиж байна. Байгалийн чийгэнд найдсан гэж ярьсан. Ус ямар ач холбогдолтой талаар бүх хүн мэднэ. 30 га талбайг услаагүй байж доголдлын талаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Доголдлыг нэхэмжлэгч өөрөө бий болгосон. Тухайн таримлыг усалж байсан бол таримал ургаад, миний үйлчлүүлэгч шүүх дээр байхгүй байх байсан. Цэцгийг услахгүй бол үхнэ гэдгийг 5 настай хүүхэд ч мэдэж байхад нэхэмжлэгч байгалийн чийгэнд найдсан гэж байгаа нь буруу. Эрхийн доголдолтой байдлыг нэхэмжлэгч тал өөрөө бий болгосон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8-д заасны дагуу захиалагч үүргээ биелүүлээгүйн улмаас таримал эрсдэлд орсон тохиолдолд гүйцэтгэгч тал хохирлыг хариуцахгүй гэж заасан. Манайхыг ажил хийсэн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх ёстой гэж заасан. Энэ хөлсийг ажил хийсэн учраас хөлс төлсөн. Ажлаа хийсний дагуу хөлс төлсөн байхад эрхийн доголдолтой, тарьсан, тариагүй, хятад үртэй гэж ярьж байгаа нь нэхэмжлэгчийн ярьж байгаа асуудал нь өөр нэг зүйлээр үгүйсгэгдэж байна. Технологийн заавар өгөөгүй гэж байна. Худгийг хаана гаргах болон усалгааны талаар хэлж зааварласан. Өгөөгүй гэх үгээр шүүх хэргийг шийдвэрлэхгүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч доголдол, үүрэг биелүүлээгүй, гэрээгээ цуцалсан гэж байна. Нэхэмжлэгч гэрээг цуцлаагүй гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчээс “““““ бүрэн хан” ХХК-ийн улсын бүртгэлийн №000148892 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-4), нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК-ийн компанийн дүрэм (хх-5-6), “““““ бүрэн хан” ХХК, “/////// хааны хишиг” ХХК-ны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №02 дугаар ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (хх-7-8), МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн №УЭА2017-1233 дугаар ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгийн хуулбар (хх-9), Хүн, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №20177046 дугаар аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл (хх-10), 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5429315996 тоот данснаас “/////// хааны хишиг” ХХК руу 10,800,000 төгрөг бэлнээр урьдчилгаа 40 хувь ““““ бүрэн хан ХХК гэх орлогын баримт (хх-11), 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5429315996 тоот данснаас “/////// хааны хишиг” ХХК руу үлдэгдэл 60 хувь “““““ бүрэн хан” ХХК гэх орлогын баримт (хх-12), Төгсөө Ш болон Бу нарын фейс бүүкээр харилцсан чат (хх-13-29), талбайн гэрэл зураг (хх-30-43), Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №27/т-2/2-6063 дугаар албан бичиг (хх-45),  Ж.Самбуугийн нэрэмжит мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №192 дугаар албан бичиг (хх-128), эрдмийн зөвлөгөөний хурлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №4 дугаартай тэмдэглэл, хавсралт (хх-129-133), 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №22/А-06 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 1) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Хариуцагчаас  “/////// хааны хишиг” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №АБ-01/25 дугаар Б.Цэцэгмаад олгосон итгэмжлэл (хх-49-50), “/////// хааны хишиг” ХХК-ийн №000185585 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-51), “/////// хааны хишиг” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-56-57), Цаг уур, орчны шинжилгээний газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №06/752 дугаар албан бичиг (хх-58), Сэлэнгэ аймгийн Цс, цаг уур, орчны шинжилгээний “Баруунбүрэн” харуулын 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд орсон хур тундасны хэмжээ (хх-59), Цаг уур, орчны шинжилгээний газрын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №01/414 дугаар албан бичиг, хавсралт (хх-113-115), Бүгд найрамдах Монгол Ард Улсын шинэ бүтээл зохиогчийн эрхийн №450 дугаартай гэрчилгээний хуулбар (хх-135-137) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7. Шүүхээс гэрч Ц.Ширчинжавын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг (хх-123-126), хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан “Царгас гэрээ, нотлох баримт бичлэг, загвар гэх нэртэй CD доторх 1 ширхэг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-239), Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №01/205 дугаар албан бичиг (2-хх-2-3), Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №01/268 дугаар албан бичиг (2-хх-12), Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №127 дугаар албан бичиг (2хх-19-20), Ж.Самбуугийн нэрэмжит мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №113 дугаар албаг бичиг (2-хх-25-31), Ж.Самбуугийн нэрэмжит мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 247-ны өдрийн №198 дугаар албан бичиг (2-хх-32-33) зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “““““ бүрэн хан” ХХК-ийн нэхэмжлэлтэй “/////// хааны хишиг” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Манай "““““ бүрэн хан" ХХК нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын ““““ 1 дүгээр багт үхрийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  “...Н.Шинэбаяр /утас:99088584/-р дамжуулан /////// хааны хишиг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.ТТтай фээсбүүкээр холбогдон танилцаж, ярьж тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр "Хүүлэн хааны хишиг" ХХК-аар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт бургалтай сортын царгас тариулж нэг жилийн дараа буюу 2019 оны 5 дугаар сард 1 настай таримал хүлээн авах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан...” “...Ийнхүү тариалалтын ажил эхлэнгүүт манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу урьдчилгаа төлбөр болох 10.800.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, тариалалтын ажил дууссаны дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр үлдсэн 60 хувь болох 16.200.000 төгрөгийг гүйцэтгэгч компанийн хаан банкин дахь 5429315996 тоот дансанд шилжүүлсэн...” “...Тариалалт хийснээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд манай компанийн хүмүүс царгас тариалсан талбай дээр очиж танилцахад соёолж гарч ирсэн зүйл байхгүй байсан...” “...Тиймээс бид нөхцөл байдлыг ТТт мэдэгдэхэд тэрээр "арай соёолох болоогүй байгаа гэсэн тайлбар өгсөн...” “... 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрсдөө дахин талбай дээр очиж танилцахад мөн л ургасан зүйл байгаагүй. Бид ТТтай дахин холбогдож "үрээ тариад бараг 45 хоног өнгөрлөө, таримал маань одоо ямархуу байх ёстой вэ?" гээд талбай дээрээс зураг дарж явуулан ганц хоёр ургаж байсан ургамлыг "энэ царгас уу? зэрлэг ургамал уу?" хэмээн асуугаад, талбай руу хамт явмаар байна гэдгээ удаа дараа хэлсэн. Гэтэл тэрээр "хөдөө хол ажиллаж байна, Завханд ажиллаж байна, Улаанбаатар орохоороо талбай руу хамт явъя" гэж хэлээд таг чиг болсон...” “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ТТтай Фээсбүүк чатаар холбогдон "хоёулаа хэзээ талбайтай очиж танилцах вэ? энэ жил царгас маань ургана гэж найдаж байгаа шүү гэсэнд "бургалтай сорт шүү дээ..." гэхэд нь "тэр нь ч тийм л дээ, гэхдээ газар дээр нь очиж хараад гэрээгээ дүгнэх хэрэгтэй байна гэсэнд "одоо гарах арай болоогүй байна, 4 дүгээр сарын дундуур гарах байх" гэсэн. Үүнээс хойш утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан учир 2019 оны 7 дугаар сарын 19, 21-ний өдөр, мөн 8 дугаар сарын 1, 8-ны өдөр чат бичсэнд хариу байхгүй байж байгаад сүүлд 2019 оны 8 дугаар сарын сүүлээр утсаар яриад “асуудлаа шийдье, болохгүй бол шүүхээр шийдвэрлүүлье” гэхэд “айж ичих зүйл байхгүй, шүүхээр явбал яв” гэж хэлсэн...”

“...Ийнхүү гүйцэтгэгч тал гэрээний нөхцөл ёсоор 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1 настай тарималтай талбайг манай компанид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба акт үйлдэж ажил хүлээлцсэнээс хойш баталгаат хугацаа нэг жил буюу 2020 оны 5 дугаар сар хүртэл байсан. Хэдийгээр акт үйлдэж ажил хүлээлцсэн зүйл байхгүй ч бид 2020 оны 5 дугаар сар хүртэл гүйцэтгэгч талыг гэрээний үүргээ биелүүлнэ хэмээн найдаж хүлээсэн. Гэвч гүйцэтгэгч тал өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс манай компанид учирсан хохирол 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

3. Хариуцагч “/////// хааны хишиг” ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

“...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 02 тоот гэрээг байгуулсан үнэн. ...Тус гэрээгээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт Бургалтай сортын үрээр Царгас тариалж, 1 настай таримал хүлээлгэн өгөх үүрэгтэйгээр гэрээ байгуулагдсан...” “...Манай компани гэрээний дагуу тус Бургалтай сортын үрийг захиалагч талын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт тарьсан бөгөөд энэхүү тариалах үйл явцад “““““ Бүрэн Хан” ХХК-ний захирал Л.Бу өөрөө байсан миний бие бүх заавар зөвлөгөөг хангалттай сайн өгсөн гэж ойлгож байгаа...” “...захиалагч тал нь гэрээний 5.1.5-д заасны дагуу арчилж, тордох үүргээ биелүүлээгүй буюу тухайн тариалсан ургамалыг услах үүргээ биелүүлээгүйн улмаас өнөөдрийн энэ маргаан үүссэн хэрэв тухайн тариалсан талбайг сайн усалсан бол ургах байсан...” Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д заасны дагуу "....ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах" үүргээ биелээгүй гэж үзэж байна...”  

“...Мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах...” тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна...” гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “““““ бүрэн хан” ХХК-ийн улсын бүртгэлийн №000148892 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-4), нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК-ийн компанийн дүрэм (хх-5-6), “““““ бүрэн хан” ХХК , “/////// хааны хишиг” ХХК-ны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №02 дугаар ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (хх-7-8), МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн №УЭА2017-1233 дугаар ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгийн хуулбар (хх-9), Хүн, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №20177046 дугаар аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл (хх-10), 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5429315996 тоот данснаас “/////// хааны хишиг” ХХК руу 10,800,000 төгрөг бэлнээр урьдчилгаа 40 хувь ““““ бүрэн хан ХХК гэх орлогын баримт (хх-11), 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5429315996 тоот данснаас “/////// хааны хишиг” ХХК руу үлдэгдэл 60 хувь “““““ бүрэн хан” ХХК гэх орлогын баримт (хх-12), Төгсөө Ш болон Бу нарын фейс бүүкээр харилцсан чат (хх-13-29), талбайн гэрэл зураг (хх-30-43), Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №27/т-2/2-6063 дугаар албан бичиг (хх-45), Ж.Самбуугийн нэрэмжит мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №192 дугаар албан бичиг (хх-128), эрдмийн зөвлөгөөний хурлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №4 дугаартай тэмдэглэл, хавсралт (хх-1329-133), 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №22/А-06 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 1), “/////// хааны хишиг” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №АБ-01/25 дугаар Б.Цэцэгмаад олгосон итгэмжлэл (хх-49-50), “/////// хааны хишиг” ХХК-ийн №000185585 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-51), “/////// хааны хишиг” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-56-57), Цаг уур, орчны шинжилгээний газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №06/752 дугаар албан бичиг (хх-58), Сэлэнгэ аймгийн Цс, цаг уур, орчны шинжилгээний “Баруунбүрэн” харуулын 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд орсон хур тундасны хэмжээ (хх-59), Цаг уур, орчны шинжилгээний газрын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №01/414 дугаар албан бичиг, хавсралт (хх-113-115), Бүгд найрамдах Монгол Ард Улсын шинэ бүтээл зохиогчийн эрхийн №450 дугаартай гэрчилгээний хуулбар (хх-135-137), гэрч Ц.Ширчинжавын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг (хх-123-126), хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан “Царгас гэрээ, нотлох баримт бичлэг, загвар гэх нэртэй CD доторх 1 ширхэг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-239), Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №01/205 дугаар албан бичиг (2-хх-2-3), Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №01/268 дугаар албан бичиг (2-хх-12), Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №127 дугаар албан бичиг (2хх-19-20), Ж.Самбуугийн нэрэмжит мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №113 дугаар албаг бичиг (2-хх-25-31), Ж.Самбуугийн нэрэмжит мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 247-ны өдрийн №198 дугаар албан бичиг (2-хх-32-33) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

  6.1..Нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК-ийн захирлаар Л.Бу улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ байх ба хуулийн этгээдийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Л.Бу байна.

  6.2..Хариуцагч /////// хааны хишиг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Ш.ТТыг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ байх ба хуулийн этгээдийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ш.ТТ болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

7. Нэхэмжлэгч “““““ Бүрэн Хан” ХХК болон хариуцагч “/////// Хааны Хишиг” ХХК нар нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна.

7.1. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “ Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар гэрээг чөлөөтэй сайн дурын үндсэн дээр байгуулсан энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй байна.

7.2..Энэхүү гэрээнд “/////// Хааны Хишиг” ХХК нь “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт Бургалтай сортын үрээр Царгас тариалж, 1 настай тарималыг хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэх, тухайн ажлын хөлсөнд 27.000.000 төгрөгийг “““““ Бүрэн Хан” ХХК төлөх үүргийг тус тус хүлээж, талууд харилцан тохиролцжээ.

7.3. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №02 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хуулийн зохицуулалт, шаардлагад нийцсэн байна.

8. Дээрхи гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу захиалагч “““““ Бүрэн Хан” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10.800.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 16.200.000 төгрөгийг тус тус “/////// Хааны Хишиг” ХХК-ний дансанд шилжүүлсэн байна.

8.1. Энэхүү мөнгө шилжүүлсэн үйл баримт болон нийт 27.000.000 төгрөг хүлээн авсан үйл явдалд хариуцагч болон нэхэмжлэгч нар маргаагүй болно.

8.2. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар “захиалагч тариамалтай талбайг хашаалж мал болон мэрэгч хортонгоос хамгаалах арчилж тордох үүрэгтэй гэж заасны дагуу тухайн Царгас тариалсан талбайг хашаалсан болох нь хэрэгт авагдсан фото зураг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

8.3. Үүгээр захиалагч болох “““““ Бүрэн Хан” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. 

9. Ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4-д зааснаар гүйцэтгэгч болох “/////// хааны хишиг” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт Бургалтай сортын үрээр Царгас тариалах ажлыг батлагдсан ажлын тоо хэмжээ, тавигдах чанарын болон техник технологийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэн 1 настай таримал хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

9.1. Иймд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биежсэн буюу материалжсан хэлбэртэй үр дүн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ нь аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэн нийлүүлэх, эсхүл эд зүйлийг өөрчлөн, өөр шинж чанар бүхий эд зүйл бий болгоход чиглэгдсэн байдаг онцлогтой. Ажлын үр дүн гэдэг нь тодорхой ажил, үйлчилгээ явуулсны эцэст бий болох үр дүн гэж ойлгоно.

9.2. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар “/////// хааны хишиг” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр таримал тарьсан талбайг баримтаар, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 настай тарималтай талбайг баримтаар “““““ Бүрэн Хан” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн байна.

9.3. Нэхэмжлэгч нь хариуцагчид хандаж ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн эсэх талаар шаардаж актаар ажил хүлээн авах хүсэлтээ ирлэрхийлсэн нь шүүх хуралдаанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.  

10. Гэвч хариуцагч “/////// хааны хишиг” ХХК-ний захирал Ш.ТТ нь манай компани тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн Бургалтай сортын үрээр Царгасыг тарьсан харин арчлах, тордох, тухайн ургамалыг услах, худаг гаргах үүргээ захиалагч тал биелүүлээгүйн улмаас тухайн ургамал ургаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

11. Дээрхи үйл баримтаас дүгнэвэл ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 4.1-д зааснаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр таримал тарьсан талбайг баримтаар, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 настай тарималтай талбайг баримтаар захиалагч талд баримтаар /актаар/ хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

11.1. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.7-д зааснаар “Гүйцэтгэгч захиалагчид тарималын арчилгаа, хураалт гэх мэт бүхий л технологийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч байгууллага нь хэзээ, хэрхэн технологийн талаар зөвлөгөө өгсөн нь тодорхойгүй хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй тул ажил гүйцэтгэгчийг үүргээ биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

12..Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8-д заасны дагуу захиалагч үүргээ биелүүлээгүйн улмаас таримал эрсдэлд орсон тохиолдолд гүйцэтгэгч тал хохирлыг хариуцахгүй гэж заасан бөгөөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 2018 оны цаг уурын мэдээгээр тухайн нутагт гантай байсан талаархи цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдоно гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байгаа хэдий ч ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлд Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг тусгасан бөгөөд 6.1-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас захиалагч буюу гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй болсон бол шаардлагатай хугацаагаар гэрээний хугацааг өөрчилж болно” гэж заажээ.

12.1. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас бороо хур ороогүй гантай байсны улмаас тухайн царгас ургамал ургаагүй бол гэрээний хугацааг өөрчлөх, сунгаж болохоор зохицуулсан байх ба харин хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан зохицуулалт байхгүй байна.        

13. Иймд ажил гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй” байна.

13.1. Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиалагч байгууллага өөрөө тухайн тарьсан ургамалыг услах, худаг гаргах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч талуудын байгуулсан гэрээний 5.1.5-д захиалагч тарималтай талбайг хашаалж мал болон мэрэгч хортонгоос хамгаалах арчилж тордох үүрэгтэй гэж заасан байна. Энэхүү үүргээс үзвэл талбайг хашаалах, мэрэгч хортоноос хамгаалахаар заасан байна. Хариуцагчийн тайлбараар услах, худаг гаргах үүрэгтэй гэж гэрээнд заагдаагүй байна. 

14. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний оролцогч талууд тодорхой шинж чанар бүхий үр дүнгийн талаар харилцан тохиролцсон байх тул уг үр дүнг ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн боловч энэ үр дүн хэзээ, хэрхэн бий болсон нь тодорхой бус, түүнийг бий болгоход ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа буюу тухайн Бургалтай сортын Царгас 1 настай тариалангийн талбай хүлээлгэж өгөх нь ажил гүйцэтгэх гэрээний эцсийн үр дүн байна.

14.1. Өөрөөр хэлбэл тухайн таримлыг ургуулахын тулд услах нь зайлшгүй хийгдэх ажиллагаа бөгөөд энэхүү ажиллагааг хийгээгүй нь талуудын хооронд байгуулсан гэрээний үр дүнд хүрэх боломжгүй юм. 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээ цуцлах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна. 

15.1..Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь тухайн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотойгоор шаардлага гаргаж байгаа бол гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн болно.

15.2..Захиалагч нь ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэгтэйгээс гадна гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд хүлээн авах үүрэгтэй. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг ажил гүйцэтгэгч захиалагчид хүлээлгэн өгснөөр түүний хөлс авах эрх нээгддэг. Ажлын үр дүнг хүлээн авах нь хөлс төлөх үүргийг үүсгэхээс гадна тухайн эд хөрөнгийн чанарын доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа тоологдож эхэлдэг болно.

15.3..Захиалагч ажлын үр дүнг хүлээн авснаас хойш гомдлын шаардлага гаргахаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан боловч ажлын үр дүнг хүлээн аваагүй нь гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

16. Өөрөөр хэлбэл талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн ажлын үр дүн буюу Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт Бургалтай сортын үрээр Царгас тариалах ажлыг батлагдсан ажлын тоо хэмжээ, тавигдах чанарын болон техник технологийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэн 1 настай таримал хүлээлгэн өгөх үүргийг биелүүлээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм.

16.1. Мөн Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “Баталгаат хугацаа: гэрээ дуусаж баримт /акт/-аар хүлээлгэн өгсөнөөс хойш 1 /жил/ заажээ. Үүнээс үзвэл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг тул нэхэмжлэгч байгууллагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй юм.

17..Хариуцагч байгууллагаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу тодорхой хэмжээний ажлыг хийсэн бөгөөд түүнд зарцуулагдсан ажлын хөлс, ажилчдын цалин, техник, тоног, төхөөрөмжийн, шатахууны зэрэг зардалууд гарсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу татгалзалын үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурьдах нь зүйтэй байна.

18. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2-д зааснаар хариуцагч “/////// хааны хишиг” ХХК-иас 27,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “/////// хааны хишиг” ХХК-иас 292,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2-д зааснаар хариуцагч “/////// хааны хишиг” ХХК-иас 27,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “/////// хааны хишиг” ХХК-иас 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “““““ бүрэн хан” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ТҮВШИНЖАРГАЛ