Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 223/МА2021/00016

 

 

 

“И Б Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00513 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “И Б Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х Х Х” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 27.000.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга, хариуцагч Ш.Төгсбаатар, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Булган шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай "И Б Х" ХХК нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багт үхрийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотойгоор тэжээлийн ургамал тариалах хэрэгцээ шаардлага үүссэн. Ийнхүү 2018 оны 4 дүгээр сараас тэжээлийн ямар ургамал тариалах нь тохиромжтой талаар судалгаа хийсний үндсэн дээр бургалтай сортын царгас тариалах нь зүйтэй хэмээн шийдвэр гарган царгас тариалах ажил гүйцэтгэх компани хайж байгаад Н.Шинэбаяр /утас: 99088584/-аар дамжуулан Х Х Х" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаатартай Facebook-р холбогдон танилцаж, ярьж тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр "Х Х Х" ХХК-аар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт бургалтай сортын царгас тариулж нэг жилийн дараа буюу 2019 оны 5 дугаар сард 1 настай таримал хүлээн авах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1.2-т: "тус гэрээний зорилго нь гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаанд гэрээнд заасан шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлон зохицуулахад оршино" гэж заасан.

Ийнхүү тариалалтын ажил эхлэнгүүт манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу урьдчилгаа төлбөр болох 10.800.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, тариалалтын ажил дууссаны дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр үлдсэн 60 хувь болох 16.200.000 төгрөгийг гүйцэтгэгч компанийн Хаан банкин дахь 5429315996 тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн. Тариалалт хийснээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд манай компанийн хүмүүс царгас тариалсан талбай дээр очиж танилцахад соёолж гарч ирсэн зүйл байхгүй, энд тэнд армаг тармаг байдалтай байсан. Тиймээс бид нөхцөл байдлыг Ш.Төгсбаатарт мэдэгдэхэд тэрээр "арай соёолох болоогүй байгаа гэсэн тайлбар өгсөн. Ийнхүү бид хүлээсээр 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрсдөө дахин талбай дээр очиж танилцахад мөн л ургасан зүйл байгаагүй. Бид Ш.Төгсбаатартай дахин холбогдож "үрээ тариад бараг 45 хоног өнгөрлөө, таримал маань одоо ямархуу байх ёстой вэ?" гээд талбай дээрээс зураг дарж явуулан ганц хоёр ургаж байсан ургамлыг "энэ царгас уу? зэрлэг ургамал уу?" хэмээн асуугаад, талбай руу хамт явмаар байна гэдгээ удаа дараа хэлсэн. Гэтэл тэрээр "хөдөө хол ажиллаж байна, Завханд ажиллаж байна, Улаанбаатар орохоороо талбай руу хамт явъя" гэж хэлээд таг чиг болсон.

Ш.Төгсбаатар 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр холбогдон "Улаанбаатараар дайралгүй Төв аймгийн Угтаал сумаар явсан учраас хамт талбай руу явж чадсангүй" гэсэн шалтаг хэлэн өөрөө талбай дээр очин талбайн зураг болон энд тэнд ургасан хэсгийн зураг /зураг 7-1-ээс 14-2/ авч явуулснаас нь харахад царгас эсвэл зэрлэг ургамал гэдэг нь тодорхой бус байсан. Ингээд дараа жилийн хавар буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Төгсбаатартай Facebook chat-p холбогдон "хоёулаа хэзээ талбайтай очиж танилцах вэ? энэ жил царгас маань ургана гэж найдаж байгаа шүү гэсэнд "бургалтай сорт шүү дээ..." гэхэд нь "тэр нь ч тийм л дээ, гэхдээ газар дээр нь очиж хараад гэрээгээ дүгнэх хэрэгтэй байна гэсэнд "одоо гарах арай болоогүй байна, 4 дүгээр сарын дундуур гарах байх" гэсэн. Үүнээс хойш утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан учир 2019 оны 7 дугаар сарын 19, 21-ны өдөр, мөн 8 дугаар сарын 1, 8-ны өдөр чат бичсэнд хариу байхгүй байж байгаад сүүлд 2019 оны 8 дугаар сарын сүүлээр утсаар яриад "асуудлаа шийдье, болохгүй бол шүүхээр шийдвэрлүүлье" гэхэд "айж ичих зүйл байхгүй, шүүхээр явбал яв" гэж хэлсэн.

Ийнхүү гүйцэтгэгч тал гэрээний нөхцөл ёсоор 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1 настай тарималтай талбайг манай компанид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба акт үйлдэж ажил хүлээлцсэнээс хойш баталгаат хугацаа нэг жил буюу 2020 оны 5 дугаар сар хүртэл байсан. Хэдийгээр акт үйлдэж ажил хүлээлцсэн зүйл байхгүй ч бид 2020 оны 5 дугаар сар хүртэл гүйцэтгэгч талыг гэрээний үүргээ биелүүлнэ хэмээн найдаж хүлээсэн. Гэвч гүйцэтгэгч тал өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс манай компанид учирсан хохирлыг арилгуулж өгнө үү. Ажил гүйцэтгэх гэрээний 5.1.5-д: Захиалагч нь тарималтай талбайг хашаалж, мал болон мэрэгч хортон шавжаас хамгаалж, арчилж тордох үүрэгтэй, гэсний дагуу манайх талбайгаа хашаалсан. Манай талбайн хажууд өөр хүний эзэмшлийн 200 га талбай байдаг. Бид нар хамтраад хашаа, хороо барьж, өөрсдөөс шалтгаалах бүх юмаа хийсэн. Нотлох баримтаар газрыг хашаалж, хамгаалсан зураг авагдсан байгаа. Хортон, мэрэгчээс байнга хамгаалж байсан. Хортон, мэрэгчний хорыг будаанд шингээгээд цацаж байсан. Бид гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Мал оруулаагүй, хортон шавьжаас талбайгаа хамгаалсан. Хариуцагч байгууллага гэрээнд заасны дагуу технологийн талаар бүхий л зөвлөгөө, мэдээллийг өгөх үүрэгтэй байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй нь бидний нотлох баримтаар ирүүлсэн зургаар маш тодорхой харагдана. Хариуцагч тал тухайн жил гантай байсан гэж тайлбарладаг. Гэтэл манай урд талын талбай улаан буудай тариалдаг талбай. Улаан буудай царгаснаас илүү эмзэг ургамал. Гэтэл тэр улаан буудайн талбай тэр жилд ургацаа хэвийн авч байсан. Манай талбай Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Жаргалантын гол гэдэг голын хажууд байдаг, хамгийн үржил шим сайтай, 25 жил атар байсан газрыг боловсруулж, тариалалт хийсэн. Хамгийн үржил шим сайтай газар. Ноднин жил бид өөрсдийн тариалалт хийгээгүй байсан 30 га газартаа тэжээлийн ургамал болох овьёос болон арвай тариалж ургац авахад Монгол улсын рекордыг эвдсэн. 1 га талбайгаас 350 боодол тэжээлийн ургамал хурааж авсан. Үүнээс үзэхэд манай талбай дээр ургамал ургахгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Үүнийг бид маш итгэлтэйгээр хэлж чадна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч З.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 27.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээний 1.1 дэх заалт буюу гэрээний зорилго гэдэгт Монгол улсын Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр дээр 30 га газарт бургалтай сортын үрээр царгас тариалж, 1 настай таримал тарьж, хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан. Бургалтай сорт гэдэг нь гэрээний заалт буюу гэрээний зорилго юм. Ажил гүйцэтгэх гэрээний 5.1.5-д: Захиалагч нь тарималтай талбайг хашаалж, мал болон мэрэгч хортон шавьжаас хамгаалж, арчилж тордох үүрэгтэй, гэсний дагуу манайх талбайгаа хашаалсан. Манай талбайн хажууд өөр хүний эзэмшлийн 200 га талбай байдаг. Бид нар хамтраад хашаа, хороо барьж, өөрсдөөс шалтгаалах бүх юмаа хийсэн. Хортон, мэрэгчээс байнга хамгаалж, хортон, мэрэгчний хорыг будаанд шингээгээд цацаж байсан. Бид гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн.

2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцно, гэсэн хуулийн шаардлагыг хангасан тул ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Талуудын хооронд үүссэн гол харилцаа бол ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т заасны дагуу 30 га талбай дээр бургалтай сортын үрээр царгас тариалж, 1 настай таримлыг хүлээлгэн өгөхөөр хоорондоо тохиролцсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, гэж заасан. Уг гэрээний зүйл нь 1 настай таримал ургамал буюу 1 настай таримлыг хүлээлгэж өгөх нь гэрээт ажлын үр дүн юм. Гэтэл гэрээт ажлын үр дүнгээ Иргэний хуулийн 343.2-т зааснаар хариуцагч тал хүлээлгэж өгөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.3 дахь хэсгүүдэд гэрээний эхлэх болон дуусах хугацаа, мөн баталгаат хугацааг маш тодорхой зааж өгснөөс гадна, ажлыг хүлээлгэж өгөх талаар талууд хоорондоо тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох үр дүнг 2 үе шаттайгаар хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Нэгдүгээр үе шат нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр таримал тарьсан талбайг актаар хүлээлгэж өгөх, хоёрдугаар үе шат нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 настай тарималтай талбайг актаар хүлээлгэж өгнө гэж тохиролцсон. Гэрээт ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн хугацаа хүлээлгэж өгсөн актаар тодорхойлогдоно. Гэтэл өнөөдөр хавтаст хэрэгт талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан ажлыг үе шаттай хүлээлгэж өгсөн акт байхгүй байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгэгч тал бүрэн биелүүлээгүй гэдгийг харуулж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар бүлэг дээр талуудын эрх үүргийг маш тодорхой зааж өгсөн. Гэрээний 5.1.4-т: захиалагч, гүйцэтгэгчээс таримлын арчилгаа, хураалт гэх мэт бүхий л технологийн талаар зөвлөгөө мэдээлэл авах эрхтэй, мөн гэрээний 5.2.7-д: Гүйцэтгэгч захиалагчид таримлын арчилгаа, хураалт гэх мэт бүхий л технологийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргээ гүйцэтгэгч тал биелүүлээгүй байна. Хэрвээ технологийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байсан бол энэ талаарх нотлох баримтууд байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтад энэ талаар нотлох баримтууд байдаггүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд гүйцэтгэгчийн эрх, үүрэг бүлгийн 5.2.4, 5.2.5, 5.2.6, 5.2.7, 5.2.8 дахь заалтуудад зааснаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр дээрх 30 га талбай дээр Бургалтай сортын үр тариалж, тариалсан үрийнхээ үр дүнг гүйцэтгэгч тал хариуцах ёстой. Ямар нэгэн арчилгаа, тордлогоо, хураалтын талаар захиалагч талд зөвлөгөө өгөх, хяналт тавих үүргүүдээ хариуцагч тал биелүүлээгүй байна. Мал аж ахуйн үндэсний хүрээлэн рүү явуулсан албан бичиг, түүнд өгч байгаа хариу хүргүүлсэн албан бичиг, мөн Мал, аж ахуйн үндэсний хүрээлэнгийн зохиогчийн эрхийн гэрчилгээ зэрэг баримт бичгүүдээр хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д заасан бургалтай сортын үрээр царгас тариалаагүй гэдэг нь тогтоогддог. Энэ нь мөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж ярьдаг. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээнд маш тодорхой тусгагдсан. Баталгаат хугацааны дотор таримал ямар нэгэн байдлаар бүрэн ургаагүй тохиолдолд гүйцэтгэгч тал өөрийн зардлаар бүрэн хариуцна гэж гэрээнд заасан. Гэрээний үүргээ хариуцагч тал зохих ёсоор хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Х Х” ХХК нь “И Б Х” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 30 га газарт бургалтай сортын үр тариалах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 30 га газарт бургалтай сортын царгасны үрийг тариалж өгсөн. Бид тухайн хөрсийг боловсруулаад, бургалтай сортын үрээр тариалалт хийгээд захиалагч талд хүлээлгэж өгсөн. Ургамал гэдэг 2 талын хүчин зүйлээс шууд хамаарна. Услалт, хамгаалалт, арчилгаа тордолтоор ургадаг болохоос бид нар очоод тарьсан талбайг манаад сууна гэж байхгүй. Гэрээний заалтад ч байхгүй. Бургалтай сортын үр тариалах ажлын механик нь хөрсөө боловсруулна, үрээ суулгана, хашаа хамгаалалтаа сайн хийхийг анхааруулаад, хүлээлгэж өгдөг. Байгалийн хүчин зүйл, усалгаа, арчилгаа, тордолтоос шалтгаалж ургана. Зөвхөн бид тариалаад л илбэдсэн юм шиг шууд ургуулна гэж байхгүй. Бид олон газар тарьдаг. Усалгаа, арчилгаа сайтай газар бол маш сайн ургадаг. Манай компани Төв аймгийн Цээл суманд 21 дэх жилдээ бургалтай сортын үрийг аваад царгас тариалж байгаа. Бургалтай сортын үр нь Монголын эрдэмтэн Хайсан гэдэг хүний бүтээл. Бургалтай сортын үрийг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгоор бид 12 шуудай бургалтай сортын үрийг худалдаж аваад Төв аймгийн Цээл сумын нутагт тариалаад явж байна. Бид ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Гэрээний 5.1.5-д зааснаар захиалагч талбайг хашаалж, мал мэрэгч, хортноос хамгаалж, арчилж, тордох үүрэгтэй. Захиалагч тал энэ үүргээ биелүүлээгүйгээс болж бургалтай сортын үр ургаагүй. Бургалтай сорт нь анх тариалсны дараа маш их усалгаа шаарддаг. Услаад, тордоод байвал 12 хоногийн дотор ургах нөхцөл бүрддэг гэж надад тайлбарласан. Бургалтай сорт нь хөлдөж үхэхгүй, ангаж үхдэг гэдэг. Захиалагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс бургалтай сортын үр ургаагүй гэж манайх үзэж байна. Түүнээс бид ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Цэцэг тарьсан ч услахгүйгээр ургана гэж байхгүй. Аливаа ямар нэгэн ургамал услалт их шаарддаг. Үүнтэй адил царгаст ч мөн услалт шаардлагатай. Арчилгаа, тордлогоо гэдэгт усалгаа орно. Мэдээж хашаа, хороо нь малаас хамгаалж байгаа, хор цацаж хортноос хамгаалж байгаа. Манай байгууллага олон байгууллагын талбайд тариалалт хийдэг, утсаар зөвлөгөө өгдөг. Түүнээс бид манаж, сахиад, талбайг усалж, тордоод байхгүй. 2018 оны цаг уурын мэдээллийг харахад гантай байсан. Бид нар гэрээний дагуу хөрсийг нь боловсруулаад, царгасны үрийг технологийн дагуу тариалаад, захиалагчид хүлээлгэж өгсөн. Услаарай, тордоорой гэдэг үгийг хэлээгүй биш, олон хэлсэн. Гэрээний заалтад ороогүй ч арчилж, тордох, услах үүрэг нь захиалагчид байдаг. 2018 оны цаг уурын нөхцөл байдал Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн баримтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд гантай байсан гэдэг нь харагдаж байна. Эхний жил гантай байсан учраас хатаж, дахин соёолох, ургах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй байгалийн хүчин зүйл нөлөөлснөөс ургаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Х Х Х ХХК-иас 27.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И Б Х ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И Б Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х Х Х ХХК-иас 292.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И Б Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Төгсбаатар давж заалдах гомдолдоо: “...Шүүгч шүүх хурал эхлэхэд шүүгч шүүх хурлын дэгийг танилцуулсан боловч дэгийн дагуу явагдаагүй. Хариуцагчийн эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн талд илтэд боломж олгож тайлбарыг хийлгэж хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдаан дуусахаас өмнө нэхэмжлэгч талын тайлбарыг хийлгүүлээд хариуцагч талыг тайлбар хэлэх боломж олголгүй шууд шүүх хурлыг шууд завсарласан. Энэ нь шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ "Хариуцагч Х Х Х" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт байрлах "И Б Х" ХХК-ийн эзэмшлийн 30 га газарт бургалтай сортын үрээр царгас тариалж, 1 настай таримал хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч тухайн газарт тариалалт хийсэн эсэх, бургалтай сортын царгас тариалсан эсэх нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна.

Мөн ажил гүйцэтгэх гэрээний 4.1-д зааснаар "Х Х Х" ХХК нь 2018 оны 05 сарын 07-ны өдөр таримал тарьсан талбайг баримтаар, 2019 оны 05 сарын 06-ны өдөр 1 настай тарималтай талбайг баримтаар "И Б Х" ХХК-д хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн" гэжээ.

Гэтэл шүүх ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 27.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн мөртлөө тухайн газар тариалалт хийсэн, эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэчихээд ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын "И Б Х" ХХК-ийн 30 га газар царгас тариалж ургасан байсныг зохигч нар мэдэж байсан. Нэхэмжлэгч талаас тухайн газар хариуцагчийн тарьсан гэх царгас болон мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гадна талбайгаас ургасан царгасын тарималыг шүүх хуралд авчирч үзүүлсэн. Энэ нь хариуцагч тал нь дээрх газар хөрсөө боловсруулж, үрээ суулгаад ажлаа гүйцэтгээд ургасныг нь шүүхэд гаргаж өгч байгаа нь царгас ургасан гэдэг нь нотлогдож байна. Мөн тухайн хоёр царгасын таримлыг шүүхэд гаргаж өгөхөд шүүгч нотлох баримтаар авч үзсэн эсэх, нотлох баримтаас хассан эсэхийг тогтоолгүй, тухайн шүүх хуралдаан дээр тайлбарыг сонсож үнэлээд байгаа нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч бургалтай сортын царгас тариалсан, нэхэмжлэгч тал тариалаагүй гэж талууд маргадаг, гэтэл шүүх дүгнэх хэсэгтээ "бургалтай сортын царгас тариалсан эсэх нь тодорхойгүй" гэж дүгнээд байгаа мөртлөө хариуцагч талын шинжээч томилох хүсэлтийг хүлээж аваагүй нь шинжээч томилоогүй байдал нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэдгийг алдаж байна. Мөн талуудын бургалтай сортоор тариалсан эсэх дээр маргадаг маргааны гол зүйлийг бургалтай сорт мөн эсэхийг тогтоогоогүй байна. Мөн хариуцагч талаас бургалтай сортын царгасны үрийн бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал тухайн баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгч талын худал гэрчийн мэдүүлгийн сонсож, шүүгч дотоод итгэл үнэмшлээр шүүхийн шийдвэр гаргахдаа хэт нэгталыг барьж бургалтай сортын үр тарисан эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнээд байгаа хирнээ хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах, шүүхээс үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй нь хэргийг тал бүрээс үнэн бодитой шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй байна. Цаашлаад хариуцагч талаас бургалтай сортын царгас мөн эсэх талаар, ямар арчилгаа шаардлагатай байдаг талаар гэрч Ш.Гунгаадоржыг оролцуулж, тодруулах шаардлагатай байхад шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь шүүх зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Аливаа бүх амьд ургамал нь ургах гурван нөхцөл байдаг.

-Усалгаа

-Нар

-Хөрс гэсэн үндсэн гурван хүчин зүйлээс шалтгаалан ургадаг.

Тухайн газар газар үрээ тарьж, ажлаа хийж гүйцэтгэж өгсөний дараа одоо энэ ургамал хөлдөж үхэхгүй, ангаж үхдэг буюу усалгаа шаардлагатай учир худаг гаргах нь чухал шүү, 30 га газрыг гаднаас ус зөөвөрлөн авчирч усална гэдэг худлаа. Заавал яаралтай усалгааны асуудлаа шийдвэрлэхийг зөвлөөд явсан.

Манай компани нь Төв аймгийн Цээл сумаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум руу нэг талдаа 190 км, ирж очих нь нийлээд 380 км болно. Тухайн ажилд өөрийн Прадо120 машины түлш 380 км*20 литр түлшний үнэ нийт 138.750 төгрөг, тоног төхөөрөмжөө ачиж очсон ачааны машины тээврийн түрээс 1 өдрийн 500,000 төгрөг*5 өдөр=2.500.000 төгрөг, 30 га газрыг 3 өдөр хагалж, боловсруулахад бага оврын трактор 1 га-д 20 литр түлшээр тооцож 30 га-д 600 литр*1850=1.110.000 төгрөг, дунд оврын трактор тарихад 1 га-д 15 литр түлш, 30 га-д*15=450 литр түлш*1850 төгрөг=832.500 төгрөг, 1 жолоочийн цалин өдрийн 1 га нь 100.000 төгрөг*3=3.000.000 төгрөг, 2 жолооч*3.000.000=6.000.000 төгрөг, 1 тогооч 5 хоногийн цалин өдрийн 40.000*5=200.0000 төгрөг, нийт ажилтны цалин 6.200.000 төгрөг, царгасны үр 1 га-д 15 кг тооцож 30 га-д 450 кг үр*35.000=15.750.000 төгрөг нийт 26.531.250 төгрөгийн зардал гарсан байна.

Гэтэл шүүх миний хийсэн ажил хүч, хөдөлмөр, цаг зав, мөнгө төгрөг юу ч биш, харин ажил хийгээгүй, гэрээнд заасны дагуу усалгаа, арчилгаа тордолгоо хийлгүй захиалагч талын буруутай үйлдлийг манай компанид халдааж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн газар дээр нь очиж үзэхэд услалтын асуудлаа шийдээгүй, худаг гаргаагүй байна. Услалтын асуудлаа хурдан шийдэхгүй бол хатаж байна гэдгийг утсаар хэлээд явсан. Цэцэг ч тарьсан услахгүйгээр ургана гэж байхгүй.

Энэ гэрээний гол үндсэн ажил нь бургалтай сортын үрээр тариалах ёстой ажлыг манай компани нь бүрэн гүйцэд хийсэн. Харин арчлах тордох, услах, хамгаалах ажлаа нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй байхад манай компанийн хүч хөдөлмөр, хийсэн ажлыг үгүйсгэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч тал ноднин жил өөрсдийн тариалалт хийгээгүй байсан 30 га газартаа тэжээлийн ургамал болох овъёос болон арвай тариалж ургац авахад Монгол улсын рекордыг эвдсэн. 1 га талбайгаас 350 боодол тэжээлийн ургамал хурааж авсан. Үүнээс үзэхэд манай талбай дээр ургамал ургахгүй байх ямар ч үндэслэл байхгүй.

Иймд анхан шатны 151/ШШ2021/00513 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

                                       

ТОДОРХОЙЛОХ НЬ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй,  нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт зөв хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодруулах ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” заалтад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч И Б Х ХХКомпани нь хариуцагч  Х Х Х ХХКомпанид  холбогдуулан ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үнэнд шилжүүлсэн 27.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Хариуцагч Х Х Х ХХКомпани нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч захиалагч нь услах арчилж тордох үүргээ биелүүлээгүй, Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 2018 оны цаг уурын мэдээгээр гантай байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн  тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

Талууд ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  бичгээр байгуулсан, гэрээний үнэ урьдчилгаа төлбөр болох 10 800 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, тариалалтын ажил дууссаны дараа үлдэгдэл 16 200 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан гэдэгт, гэрээний хүчин төгөлдөр байдалд  маргахгүй байна.

Талуудын маргааны гол зүйл нь нэхэмжлэгчээс Ажил гүйцэтгэх гэрээний Нэг. Нийтлэг үндэслэл 1.1-д “...   Бургалтайн сортын үрээр царгас тариалж, 1 настай таримал хүлээлгэн өгөх “ гэж  зааснаар хариуцагч “Х Х Х” ХХКомпани Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт тариалсан үр нь “бургалтайн сортын үр” мөн эсэхэд эргэлзсэн, ажлын үр дүн болох 1 настай таримал хүлээлгэж өгөөгүй, Гэрээний 5.2.7-д заасан “Гүйцэтгэгч захиалагчид таримлын арчилгаа, хураалт гэх мэт бүхий л технологийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэгтэй” гэснийг биелүүлээгүй гэж хариуцагчийг  буруутгаж байна.

Хариуцагчаас “бургалтайн сортын үр тариалсан” боловч нэхэмжлэгч нь Гэрээний 5.2.6-д заасан “ Гүйцэтгэгч нь Захиалагчаас тарималтай талбайг  харж хандах, хамгаалах, арчилж тордохыг шаардах, хяналт тавих эрхтэй “  гэснийг  зөрчиж усалгаа арчилгаа гүйцэд хийгээгүйгээс таримал ургаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын маргасан үйл баримтад эрх зүйн дүгнэлт гүйцэд хийгээгүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад  хэрхэн үнэлгээ хийсэн нь тодорхойгүйн дээр  анхан шатны  шүүх дараах алдааг гаргасан байна.Үүнд

1.Нэхэмжлэгчээс “...талбай дээрээс зураг дарж явуулсан ...  тэрээр хөдөө хол ажиллаж байна, Завханд ажиллаж байна, Улаанбаатар орохоороо талбай руу хамт явъя  гэж хэлээд таг чиг болсон.... Төгсбаатартай Facebook chat-p холбогдон "хоёулаа хэзээ талбайтай очиж танилцах вэ? энэ жил царгас маань ургана гэж найдаж байгаа шүү  гэхэд тэрээр  "бургалтай сорт шүү дээ..." гэсэн  "тэр нь ч тийм л дээ, гэхдээ газар дээр нь очиж хараад гэрээгээ дүгнэх хэрэгтэй байна “гэхэд  "одоо гарах арай болоогүй байна, 4 дүгээр сарын дундуур гарах байх " ... 2019 оны 7 дугаар сарын 19, 21-ний өдөр, мөн 8 дугаар сарын 1, 8-ны өдөр чат бичсэнд хариу байхгүй...“ гэсэн тайлбар гаргаж “Tuvsuu SH” –тэй  фэйсбүүкээр  чатаар харилцсан   фото зураг болон  17 хуудас баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг /хх- 13-32  талд/  шүүх нэхэмжлэгчийн “Tuvsuu SH”–тэй  харилцсан  фэйсбүүк мессенжерт үзлэг тэмдэглэл үйлдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-д заасныг зөрчжээ.

2. Мөн хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн өгсөн царгас тариалсан талбай дээр очиж баримтжуулсан гэх 2 ширхэг  CD бичлэгийг  шүүх хуралдааны явцад шинжлэн судалж, талуудыг мэтгэлцүүлээгүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” 43.2-д “ Гэрчийг шүүх  хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна” гэж  тус тус заасны дагуу шүүх  нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Б.Даариймааг шүүх хуралдаанд оролцуулжээ.

Гэтэл шүүх гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүйн дээр гэрч Б.Даариймаагаас “...Гэхдээ энэ  талбай дээр бургалтай сортын үрээр тариалалт хийгээгүй гэдгийг бол мэднэ...2016, 2017 онд ган болоод үрээ хурааж авах талбай дээр нь үр нь ургаагүй....ургац алдаад .. “Х Х Х “ ХХК-д бургалтай сортын нөөц байгаагүй. Тэгээд хятадын нэг хувь хүнээс үр худалдаж авдаг байсан. ...Баянгол дүүргийн Бөмбөгөр худалдааны төвийн тэнд хятад хүнээс контейнерээс авч байсан. ...Хамгийн анхны гэрээ байгуулсан компани нь Ивэнбүрэн ХХК байсан....2017онд авсан шинжилгээний бичгээр 2020 он хүртэл 2017 оны шинжилгээний бичиг үзүүлээд хятад үрээр тариалалт хийсэн..  ” гэж   талуудын маргаж буй  үйл баримтаас өөр мэдүүлэг  өгсөн байх ба үүнтэй  холбогдуулан эрх зүйн маргааны талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

            Учир нь   “Х Х Х” ХХКомпаний “шар царгас-Бургалтай сорт “ дээж 1000 гр хийсэн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /хх-9 тал/ нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээтэй  хамааралтай байсан эсэх, уг гэрээг байгуулах үед “Х Х Х” ХХКомпани “шар царгас-Бургалтай сорт “ -ын үрийн нөөцтэй байсан эсэх,  гэрээний гол нөхцөл болох “ бургалтай  сорт”-ын үрээр  биш харин өөр  үр худалдан авч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт байрлах 30 га газарт тариалалт хийсэн эсэх  зэрэг тодорхой бус нөхцөл байдлууд үүссэн байна. Үүнд шүүх  нягтлан дүгнэлт хийж, тодруулаагүй,  талууд бургалтайн сортын үрээр тариалалт хийсэн  эсэх дээр маргалдаж байгаа тохиолдолд хэргийг тал бүрээс нь үнэн бодитой шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

4. Хариуцагчаас “..  Царгаст  услалт шаардлагатай. ..услаарай тордоорой .. гэж  олон хэлсэн....2018 онд Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн баримтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд гантай байсан ... учраас хатаж, дахин соёолох, ургах боломжгүй нөхцөл байдал үүссэн. ...Гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй байгалийн хүчин зүйл нөлөөлснөөс ургаагүй гэж үзэж байна. . Услалтын асуудлаа хурдан шийдэхгүй бол хатаж байна гэдгийг утсаар хэлээд явсан “ гэсэн тайлбар гаргаж маргадаг.

 Гэтэл хавтас хэрэгт бүс нутагт орсон хур тунадастай холбоотойгоор хариуцагчийн  хүсэлтээр Цаг уур, орчны шинжилгээний газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №6/752  тоот албан бичгийг  /хх-59 тал/ Сэлэнгэ аймгийн Ус,цаг уур, орчны шинжилгээний “Баруунбүрэн” харуулын 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд орсон хур тунадасны хэмжээг тодорхойлсон мэдээлэл, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №01/414 албан бичиг, цаг агаарын тодорхойлолт /хх-114, 116 тал/ зэрэг нотлох баримтаар хавсаргагдсан байна.

Үүнд шүүх дүгнэлт өгч үнэлээгүйн дээр “Ажил гүйцэтгэх  гэрээ”-ний 5.2.7-д “Гүйцэтгэгч захиалагчид таримлын арчилгаа, ураалт гэх мэт бүхий л технологийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үүрэгтэй “ гэсэн заалтын дагуу хэнд, хэдийд, хэрхэн зөвлөгөө, мэдээлэл өгсөн болох нь тодорхойгүй энэ талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.  

Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98-114 дүгээр зүйл Анхан шатны шүүх хуралдааны дэгийн  зохицуулалтыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх-141-158 тал/ үзвэл шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж Л.Булган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа нар  оролцсон байх ба шүүх нотлох баримт шинжлэн судалсны дараа нэхэмжлэгч  байгууллагын төлөөлөгч, болон хариуцагч байгууллагын төлөөлөгч нараас нэмж тодруулах зүйл бий эсэхийг асууж тодруулж байхгүй гэсний дараагаар  нэхэмжлэгчийн өмгөөлөгч  З.Уянга тайлбар гаргасан нь  буруу биш байна.

Харин  шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс нотлох баримт гаргаж өгсөнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаагаас  “..шүүхээс Х Х Х ХХКомпаний талбай дээр үзлэг хийлгэж, шинжээч томилуулах бургалтай сортын үр мөн эсэх дээр эргэлзэж байгаа тул энэ эргэлзээг гаргахын тулд ...хүсэлтийг гаргаж байна ...” гэснийг  шүүх захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ ямар учраас үзлэг хийлгэх нь “...тус хэрэгт хамааралгүй, нотолгооны  ач холбогдолгүй  байна “ гэж дүгнэсэн нь  ойлгомжгүйн дээр  хууль зүйн үндэслэлээ тодорхойлон бичээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөхөд болон хууль хэрэглэхэд хангалттай байдлаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн  давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, давж заалдах  гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ;

1.Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  хариуцагчийн  292950   төгрөгийг   шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай. 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧИД                                                    М.МӨНХДАВАА 

                                                                               Т.ЭНХМАА