Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2022/01371 

 

 

 

 

 

 

2022         12          16                                        151/ШШ2022/01371                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...оршин суух Э.Б нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Төв аймаг, ... байрлах “МБГ” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,477,420 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Мөнхдөл,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Оюунтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Б нь “МБГ” ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,477,420 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Э.Б нь "МБГ" ХХК-д Захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочоор 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилласан байна. Э.Бийг ажлын байран дээр ажилтан, албан тушаалтнуудтай зүй бус харьцаж, бусдыг ялгаварлан гадуурхаж, биед нь халдсан, ажлын байрны дарамт учруулах үйлдэл гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээний 4.2, 5.1.5, 5.1.14-т зааснаар ажилтны үүрэг, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний 4.2-т "ажилтны үүрэг", 5.1.5-д "хамтран ажиллагсадтайгаа зүй бус харьцаж хэл амаар доромжлох, ажлын байрны дарамт учруулах буюу зодолдсон". 5.1.14-т "ажлын байран дээр бэлгийн харьцаанд орсон, бусдад ажлын байрны бэлгийн дарамт учруулсан нь баримтаар нотлогдсон, бусдыг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоосон үйлдэл гаргасан. тогтоогдсон гэж үзэж халсан. Гэтэл ажилтан Э.Б нь дээрх үйлдлийг огтоос гаргаагүй, халагдсан шалтгаанаа хүлээн зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Б нь ажиллах хугацаандаа гал тогооны хэсэг ямар стандарт шаардлагыг хангаж ажиллах ёстой, түүнийг бүрэн хангаж ажиллаж байсан байна. Иймд Э.Бийг "МБГ" ХХК-ийн тогоочийн албан тушаалд агуулан тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь ажлын байранд ажилтан албан хаагчидтай зүй бус харьцсан, бусдыг ялгаварлан гадуурхаж, ажлын байранд дарамт үзүүлсэн, хүний биед халдсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Тэрээр “МБГ” ХХК-ийн ахлах тогоочоор ажиллах хугацаандаа гал тогооны ариун цэвэр, ажилчдын хоол, хүнсний чанар стандартыг сахин биелүүлж, ажилтан албан хаагчдадаа ажлын байранд дагаж мөрдөх дүрмийг хэвшүүлэх үүднээс өндөр шаардлага тавьдаг байсан. Мөн түүнийг анх ажилдаа ирэхэд нь гал тогооны ариун цэвэр бохир шаардлага хангахгүй байсан ба ажилчдын хүнсний аюулгүй байдал зөрчигдөж байсан гэж ярьдаг. Эдгээр нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр ч хангалттай нотлогддог. Э.Б нь өөрт оногдон ажил үүргээ бүрэн дүүрэн хариуцаж, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө байгууллагын удирдлагын хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Иргэн Э.Бийн “МБГ” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байгаа хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Гал тогооны хэсэг нь Захиргаа удирдлагын хэлтэст харьяалагддаг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Жан Гуан Ли болон Гал тогооны менежер Ван Лиан гэсэн хоёр удирдлага нь Гал тогоонд ажилладаг ахлах тогооч Э.Б нь ажилтан болон дарга нартайгаа зүй бус харилцдаг, ажилчдаас гомдол гаргаж байна, зан харилцааны доголдолтой, дарга болон ажилчид цаашид хамтран ажиллах ямар ч боломжгүй байна шалгаж тогтоо гэсэн мэдэгдэл хийсний дагуу миний бие ажилтан Э.Бийн гаргасан үйлдлийг шалгаж, гал тогооны ажилтнуудтай уулзаж тодруулахад Гал тогооны менежер Ван лиан Ахлах тогооч Болорцэцэгт ажлын шаардлага тавихад маргалдаж, дарга руугаа хашхирч дайрсан, хэл амаар доромжилж, түлхэж биед нь гар хүрсэн, мөн гал тогооны туслах тогооч Р.Отгонбаяр, бэлтгэгч Н.Отгонцэцэг, угаагч Б.Тунгалагтамир нарыг ажлын байран дээр байнга дарамталдаг, зүй бус харилцаа гаргадаг, үг хэлээр доромжилж, маш хэцүү харилцаатай, ууртай, байнга хэрүүл гардаг улмаас ажилтнууд ажлаа хэвийн явуулах боломжгүй байдаг нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд Болорцэцэгийн энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.4 -т заасан хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, бусад ажилтнуудыг дарамтлахгүй байх үүргээ зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 5.1.5-т хамтран ажиллагсадтайгаа зүй бус харьцаж, хэл амаар доромжлох, ажлын байрны дарамт учруулсан, 5.1.14-д дурдсан бусдыг үндэс угсаа, эрхэлсэн ажил албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан, хязгаарласан, дарамталсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсгийг үндэслэн ажлаас нь халах үндэслэлтэй байсан. “МБГ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмаар сахилгын зөрчил болон хөдөлмөрийн харилцааны явцад гарсан аливаа маргааныг Захиргаа удирдлагын хэлтсээс шалгаж шийдвэрлэхээр заасны дагуу Хүний нөөц Б.Анударь болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Жан Гуан Ли болон хуулийн зөвлөх Т.Оюунтуяа нар зөрчлийг шалгаж тогтоосны дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар ахлах тогооч Э.Бийг дээр дурдсан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэгч Э.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа шиг манай компанийн гал тогооны ариун цэвэр муу, бохир байгаагүй, байнга хяналт шалгалт хийж энэ тал дээр анхаарч ажилладаг. Харин нэхэмжлэгч Э.Бийн мэргэжил ур чадвартай ярих зүйлгүй, угаасаа олон тогооч нараас шалгарч манай компанид  ахлах тогоочоор ажилд орсон. Ажлаас чөлөөлсөн үндэслэл бол ерөөсөө л түүний сахилга бат, ёс зүй, бусдыг хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, дарга удирдлагуудтайгаа зүй бус харьцдаг, бусдад ажлын байрны дарамт учруулдаг, ажил үүргийн хуваарьт заагдаагүй ажлыг хийлгэдэг, ... Тэр ч утгаараа байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахгүй, уур амьсгал эвддэг, зүй бус авир гаргадаг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчдөг, дагаж мөрддөггүй хүнтэй цаашид ажиллах боломжгүй  тул дээрх байдлыг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн нэхэмжлэгч нь гал тогооны менежер Ван лианы тавьсан шаардлагыг хүлээж авалгүй, оффис руу машинтай явуулсангүй гэсэн шалтгаанаар маргалдаж, биед нь халдсан, дарга удирдлагаа Хятад хүмүүс миний эх оронд ирчхээд .., гэх мэтээр хараадаг, аяга угаагч цэвэрлэгч нарыг төмс арилга гэх мэтээр хийх ёсгүй ажлыг нь хийлгэдэг... Мөн манай байгууллага амралтын байрандаа эрэгтэй, эмэгтэй ажилчид тусдаа амардаг. Гэтэл Э.Б нь эрэгтэйчүүдийн амрах байранд архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэн мөн л бусадтай маргаан үүсгэж, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр хангалттай харагдана” гэв.

5. Нэхэмжлэгчээс Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №230 дугаар албан бичиг (хх-3), 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №0180 дугаар итгэмжлэл (хх-4), “МБГ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №100/1 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар (хх-5), “МБГ” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, хавсралт (хх-6-15), 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Э.Бийн “МБГ” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтэст гаргасан хүсэлт (хх-115), Энхтуяагийн Болорцэцэгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-116) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Хариуцагчаас “МБГ” ХХК-ийн №000063241 дүгээр Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-22), “МБГ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл (хх-24), 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбар (хх-25-26), “МБГ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №01/61 дүгээр ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар (хх-27), “МБГ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100/1 дүгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар (хх-28), ажил хүлээлцэх хуудас (хх-29-31), “МБГ” ХХК-ийн удирдлагын хэлтэст гаргасан Н.Отгонцэцэг, Б.Тунгалагтамир, Р.Отгонбаяр нарын өргөдөл (хх-32-34), “МБГ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад хийсэн хурлын ирц бүртгэлт (хх-35), 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Гал тогооны ажилчидтай хийсэн ярилцлагын тэмдэглэл (хх-36), “МБГ” ХХК-ийн дүрэм (хх-63-65), “МБГ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №01/43 дугаар Хөдөлмөрийн дотоод журам (хх-90-106), “МБГ” ХХК-ийн бичиг баримт ба журам зарлах үеийн ирцийн хуулбар (хх-107), “МБГ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/39 дүгээр амралтын буюу, сул зогсолтын хугацаанд ажилчдын цалин хөлс олгох тухай мэдэгдэл (хх-108), Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл (хх-109) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7..Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн хүсэлтээр Б.Тунгалагтамир, Р.Отгонбаяр, Н.Отгонцэцэг нарыг асуусан гэрчийн мэдүүлэг (хх-44-52), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн хүсэлтээр гэрч Б.Гансүхийг асуусан гэрчийн мэдүүлэг (хх-68-72), гэрч С.Болордуламыг асуусан гэрчийн мэдүүлэг (хх-80-86) зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Э.Бийн нэхэмжилсэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,477,420 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2..Нэхэмжлэгч Э.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Э.Б нь "МБГ" ХХК-д Захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочоор 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилласан байна. Э.Бийг ажлын байран дээр ажилтан, албан тушаалтнуудтай зүй бус харьцаж, бусдыг ялгаварлан гадуурхаж, биед нь халдсан, ажлын байрны дарамт учруулах үйлдэл гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээний 4.2, 5.1.5, 5.1.14-т зааснаар ажилтны үүрэг, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний 4.2-т "ажилтны үүрэг", 5.1.5-д "хамтран ажиллагсадтайгаа зүй бус харьцаж хэл амаар доромжлох, ажлын байрны дарамт учруулах буюу зодолдсон". 5.1.14-т "ажлын байран дээр бэлгийн харьцаанд орсон, бусдад ажлын байрны бэлгийн дарамт учруулсан нь баримтаар нотлогдсон, бусдыг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоосон үйлдэл гаргасан. Гэтэл ажилтан Э.Б нь дээрх үйлдлийг огтоос гаргаагүй, халагдсан шалтгаанаа хүлээн зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Б нь ажиллах хугацаандаа гал тогооны хэсэг ямар стандарт шаардлагыг хангаж ажиллах ёстой, түүнийг бүрэн хангаж ажиллаж байсан байна. Иймд Э.Бийг "МБГ" ХХК-ийн тогоочийн албан тушаалд агуулан тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,477,420 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

3..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. “Иргэн Э.Б нь “МБГ” ХХК-ний гал тогооны хэсэгт томилогдон ажилласан бөгөөд энэхүү хэсэг нь захиргаа удирдлагын хэлтэст харьяалагддаг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Жан Гуан Ли болон Гал тогооны менежер Ван Лиан гэсэн хоёр удирдлага нь гал тогоонд ажилладаг ахлах тогооч Э.Б нь ажилтан болон дарга нартайгаа зүй бус харилцдаг, ажилчдаас гомдол гаргаж байна.

3.2. Зан харилцааны доголдолтой, дарга болон ажилчид цаашид хамтран ажиллах ямар ч боломжгүй байна шалгаж тогтоо гэсэн мэдэгдэл хийсний дагуу миний бие ажилтан Э.Бийн гаргасан үйлдлийг шалгаж, гал тогооны ажилтнуудтай уулзаж тодруулахад Гал тогооны менежер Ван лиан Ахлах тогооч Болорцэцэгт ажлын шаардлага тавихад маргалдаж, дарга руугаа хашхирч дайрсан, хэл амаар доромжилж, түлхэж биед нь гар хүрсэн, мөн гал тогооны туслах тогооч Р.Отгонбаяр, бэлтгэгч Н.Отгонцэцэг, угаагч Б.Тунгалагтамир нарыг ажлын байран дээр байнга дарамталдаг, зүй бус харилцаа гаргадаг, үг хэлээр доромжилж, маш хэцүү харилцаатай, ууртай, байнга хэрүүл гардаг улмаас ажилтнууд ажлаа хэвийн явуулах боломжгүй байдаг нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд Болорцэцэгийн энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.4 -т заасан хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, бусад ажилтнуудыг дарамтлахгүй байх үүргээ зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 5.1.5-т хамтран ажиллагсадтайгаа зүй бус харьцаж, хэл амаар доромжлох, ажлын байрны дарамт учруулсан, 5.1.14-д дурдсан бусдыг үндэс угсаа, эрхэлсэн ажил албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан, хязгаарласан, дарамталсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсгийг үндэслэн ажлаас нь халах үндэслэлтэй байсан. “МБГ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмаар сахилгын зөрчил болон хөдөлмөрийн харилцааны явцад гарсан аливаа маргааныг Захиргаа удирдлагын хэлтсээс шалгаж шийдвэрлэхээр заасны дагуу Хүний нөөц Б.Анударь болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Жан Гуан Ли болон хуулийн зөвлөх Т.Оюунтуяа нар зөрчлийг шалгаж тогтоосны дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар ахлах тогооч Э.Бийг дээр дурдсан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэгч Э.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4..Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №230 дугаар албан бичиг (хх-3), 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №0180 дугаар итгэмжлэл (хх-4), “МБГ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №100/1 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар (хх-5), “МБГ” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, хавсралт (хх-6-15), 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Э.Бийн “МБГ” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтэст гаргасан хүсэлт (хх-115), Энхтуяагийн Болорцэцэгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-116), “МБГ” ХХК-ийн №000063241 дүгээр Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-22), “МБГ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл (хх-24), 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбар (хх-25-26), “МБГ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №01/61 дүгээр ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар (хх-27), “МБГ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100/1 дүгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар (хх-28), ажил хүлээлцэх хуудас (хх-29-31), “МБГ” ХХК-ийн удирдлагын хэлтэст гаргасан Н.Отгонцэцэг, Б.Тунгалагтамир, Р.Отгонбаяр нарын өргөдөл (хх-32-34), “МБГ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад хийсэн хурлын ирц бүртгэлт (хх-35), 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Гал тогооны ажилчидтай хийсэн ярилцлагын тэмдэглэл (хх-36), “МБГ” ХХК-ийн дүрэм (хх-63-65), “МБГ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №01/43 дугаар Хөдөлмөрийн дотоод журам (хх-90-106), “МБГ” ХХК-ийн бичиг баримт ба журам зарлах үеийн ирцийн хуулбар (хх-107), “МБГ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/39 дүгээр амралтын буюу, сул зогсолтын хугацаанд ажилчдын цалин хөлс олгох тухай мэдэгдэл (хх-108), Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл (хх-109), Б.Тунгалагтамир, Р.Отгонбаяр, Н.Отгонцэцэг нарыг асуусан гэрчийн мэдүүлэг (хх-44-52), Б.Гансүхийг асуусан гэрчийн мэдүүлэг (хх-68-72), С.Болордуламыг асуусан гэрчийн мэдүүлэг (хх-80-86) зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

6..Ажил олгогчоос ажилтанг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, “МБГ” ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 2.16 дах хэсэг, ажилчинтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2, 5.1.5, 5.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

6.1. Улмаар нэхэмжлэгч Э.Б нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тушаалаа хуулийн боломжит хугацаанд гардан авч албан тушаалтны шийдвэртэй холбоотой гомдлоо Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргасан боловч 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаартай “...сумдаас хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулах, хорооны гишүүн, орлох гишүүнийг томилох нэрсийг ирүүлээгүй байна. Иймд суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болно...” гэсэн албан бичгээр тухайн гомдолтой холбоотойгоор хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй болсон байна.

6.2. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б нь хуулийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж шүүх үзсэн болно. 

7..Нэхэмжлэгч Э.Б нь “МБГ” ХХК-ийн захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочийн албан тушаал эрхлэн ажиллаж байсан болох нь:

7.1. Э.Б, “МБГ” ХХК нар харилцан тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар. Энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт талууд гэрээг хугацаагүй байгуулахаар тохиролцсон байна. (хх-н 6-12-р хуудас)

7.2. “МБГ” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/61 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Э.Бийг захиргаа удирдлагын хэлтсийн гал тогоонд ахлах тогоочоор томилон ажиллуулах тухай тушаал (хх-н 27-р хуудас),

7.3. “МБГ” ХХК, Э.Б нарын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралт 1 тухайн ажлын байрны тодорхойлолт болон ажил хүлээлцсэн ажлын байрны тодорхойлолт (хх-н 13-15-р хуудас),

7.4. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаар Э.Бийн “МБГ” ХХК-д ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт (хх-н 116-р хуудас) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.Б нь “МБГ” ХХК-ийн захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочоор ажиллаж байсан нь тогтоогдож байна.

8. “МБГ” ХХК-ний Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100/01 тоот тушаалаар Э.Бийг ажлын байран дээр ажилтан албан тушаалтнуудтай зүй бус харьцаж, бусдыг ялгаварлан гадуурхаж, биед нь халдсан, ажлын байрны дарамт учруулах үйлдэл гаргасан нь Хөдөлмөрийн гэрээний 4.2 дах хэсэг болон ажилтны ёс зүйг зөрчсөн үйлдэл байх бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, зөрчлийг туршилтын хугацаанд гаргасан нь хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэлтэй гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ахлах тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. (хх-н 5-р хуудас)

9..2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100/01 дугаартай Э.Бийг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2.16 дах хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 5.1.5, 5.1.14 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд эдгээрийг тус тусад нь авч үзвэл.

9.1. Э.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2.16 дах заалтыг зөрчсөн гэх үйл баримтын тухайд:   

9.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагчаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.

9.3. Э.Б нь “МБГ” ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/61 дугаартай Гүйцэтгэх захирлын ажилд томилох тухай тушаалаар тус компанийн захиргаа удирдлагын хэлтсийн гал тогоонд ахлах тогоочоор томилон ажиллуулсан байна.

9.4..Дээрх Гүйцэтгэх захирлын тушаалд Э.Бийг түр эсхүл туршилтын хугацаагаар томилсон эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй, харин байнгын ажлын байранд томилогдсон гэж үзэхээр байна.

9.5. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.1-т ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэгт: Ахлах тогооч, тус гэрээний 2.1-т хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж тус тус тодорхойлон хөдөлмөрийн гэрээг бичгээр хийж гарын үсэг зурж, баталгаажуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар “Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна” гэж хуульд зааснаар Э.Бийг байнгын орон тоонд үндсэн ажилтнаар авч ажиллуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

10. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн дотоод журмын 2.16-д “туршилтын хугацаа 3 сар байх ба хугацааг сунгах болон багасгаж болно. Туршилтын хугацааг 6 сараас хэтрүүлж болохгүй бөгөөд харилцааны доголдолтой, ажлын ур чадвар муу, сургалтад бүрэн хамрагдаагүй нөхцөлд туршилтын хугацааг шууд зогсоож ажлаас чөлөөлнө. Туршилтын хугацаанд тэнцсэн ажилтантай байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулан “Цалин хөлсний журам”-ын дагуу цалин хөлсийг тогтоож, үндсэн ажилтан болгож ажлын байраар хангана” гэж заасныг баримталж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.  

10.1..Э.Бийг Хөдөлмөрийн гэрээний 4.2, 5.1.5, 5.1.14 дэх заалтуудыг зөрчсөн гэх үйл баримтын тухайд:    

11. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022-077 тоот ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т ажилтан дараах үүрэгтэй гэж 4.2.1-4.2.13 хүртэл нийт 13 заалт бүхий үүргийг заасан байхад ажлаас чөлөөлсөн тушаалд 4.2-ын яг аль зүйл заалтад заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн болохоо тодорхой дурдаагүй нь тухайн заалтад хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна. 

11.1. Түүнчлэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022-077 тоот ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.5-д “хамтран ажиллагсадтайгаа зүй бус харьцаж хэл амаар доромжлох, ажлын байрны дарамт учруулах буюу зодолдсон” тус гэрээний 5.1.14-т “ажлын байран дээр бэлгийн харьцаанд орсон, бусдад ажлын байрны бэлгийн дарамт учруулсан нь баримтаар нотлогдсон, бусдыг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах давуу байдал тогтоосон” гэх ноцтой зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг үндэслэн үл маргах журмаар гэрээг цуцлахаар харилцан тохиролцжээ.

11.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Бт холбогдуулан ажилтан болон дарга нартайгаа зүй бус харилцдаг, зан харилцааны доголтой гэх үндэслэлээ 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ван лианы “...Ахлах тогооч туршилтын хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажилтнуудын тоонд тохирсон хоол бэлтгэж чадахгүй, хаягдал хоол их гаргадаг...” “...Гал тогооны нөхцөл байдал болон тоног төхөөрөмжийн ариун цэврийн шаардлагыг хангуулдаггүй, хяналт тавьдаггүй...” “...ахлах тогоочийн үүргээ хангалттай биелүүлдэггүй, ажлаа зохион байгуулах, ажлаа зөв хуваарилах чадваргүй...” “... Шөнийн ээлжид хоол хүргэлт хийж байхдаа ажилчдад хоолыг хүргэж өгөөгүй, тэр талаар шаардлага тавихад хүлээж авахгүй намайг харааж түлхсэн...” гэх тайлбар болон он, сар, өдөргүй гал тогооны ажилчид болох Отгонцэцэг, Б.Тунгалагтамир, Отгонбаяр нарын Захиргаа удирдлагын хэлтэст гаргасан “...Мандахтай муудалцаж байхдаа элдвээр хэлж, өмссөн зүүсэн хувцас болон халтар заваанаар дуудаж байсан...” “...Болордуламтай амралтынхаа байранд архи ууж маргалдсаны улмаас Болордулам нь амиа хорлох үйлдэл хийхийг завдсан...” “...Гал тогооны Ван лиан даргатай машинтай оффис явуулсангүй гэх шалтгаанаар хоол зөөхгүй, хоол хийхгүй гэх маргаан эхлүүлсэн...” “...2022 оны 06 дугаар сарын 04-ний 8:10 минутын үед цайгаа ууж байх хооронд цагаан хувцас өмссөнгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж хүн тус бүр лүү уурлаж хувиасаа хувцас авч өмс гэж шахалт үзүүлсэн..” “...2022 оны 05 дугаар сарын 26-нд шөнө эрчүүдийн байранд архи ууж хоносон. Тэр үедээ ажилтан Отгонбаярын нэр хүндэд халдаж өмнөх ахлахын үхэлд буруутай гэж хүмүүстэй хов болгон ярьж гүтгэсэн...” тул Болорцэцэгт зохих албан ёсны арга хэмжээг авч өгнө үү гэх өргөдөл зэргийг үндэслэн ажлаас чөлөөлөх болсон гэж тайлбарлаж байна.

11.3. Гэвч “МБГ” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 05-ны 01/43 тоот /Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай/ байгууллагын дотоод журмын 6.1-д “Компаниас хөдөлмөрийн гэрээ, сахилгын журам, дотоод журамд заасныг үндэслэн зөрчил гаргасан ажилтанг ажлаас халах шийдвэрийг Гүйцэтгэх захирал гаргана. Ажил олгогч нь гэрээний дагуу халагдсан ажилтан тухайн сарын сүүлээр гэрээг цуцалж ажилласан хоногийн хөдөлмөрийн хөлсийг олгоно” гэж заасны дагуу зөрчил гаргасан ажилтанг тухайн сарын сүүлээр гэрээг цуцална гэсэн хөдөлмөрийн дотоод журмаа зөрчиж сарын дундуур буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тушаал гаргасан байна.

11.4. Мөн дээрх журмын 6.2-т “Ажилтан хөдөлмөрийн гэрээ болон сахилгын журамд заасан ноцтой зөрчил гаргаж сахилгын журамд заасны дагуу шалгаж тогтоогдсон тохиолдолд Гүйцэтгэх захирлын шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ажлаас хална” гэж заасан байна.

11.4.1..Гэвч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Болорцэцэг нь ажилтан болон дарга нартайгаа зүй бус харилцдаг, ажилчдаас гомдол гаргаж байна, цаашид хамтран ажиллах ямар ч боломжгүй байна, шалгаж тогтоо гэсэн мэдэгдлийн дагуу хуулийн зөвлөх Т.Оюунтуяа, хүний нөөцийн менежер Б.Анударь, захиргаа удирдлагын хэлтсийн дарга нар тухайн өргөдөл гаргасан гал тогооны ажилчидтай 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагт хийсэн ярилцлагын тэмдэглэлээр баталгаажуулжээ. (хх-н 35-36-р хуудас)

11.5. Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх ярилцсан үйлдлээрээ тухайн ажилтны гаргасан ноцтой зөрчлийг шалгаж тогтоосон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

11.6. Түүнчлэн хөдөлмөрийн дотоод журмын 6.2-т “Ажлаас халах шийдвэрийг 7 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэхээр зохицуулсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100/01 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гарахаас өмнө ажилтан Э.Бт танилцуулсан, мэдэгдсэн баримт байхгүй байна.

11.7. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасан бөгөөд тухайн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг ажил олгогч ажилтанд мэдэгдээгүй тухайн тушаал гаргахаас өмнө ажилтантай уулзаж тайлбар авах ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгээгүй байна.    

11.8. Дээрх нөхцөлөөс дүгнэвэл ажил олгогчоос гаргасан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн үндсэн үзэл санаа болно.

11.9. Иймд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100/01 дугаартай ажил олгогчийн тушаал нь хууль бус тул хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэгч Э.Бийг “МБГ” ХХК-ний захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

11.10. Ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагын тухайд:

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульд тодорхойлсон байна.

13. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.6-т Ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-т заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заасан тул нэхэмжлэгч Э.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан хоног нь ажлын 31 өдөр болж байна.

14. Дээрх журмын 2.6-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг бодоход ажилтны ажилласан хугацааны цалин нийт 5,969,637.03 төгрөгийг нийт ажилласан өдөр 31 хоногт хуваахад нэг өдрийн цалин 192,568.9 төгрөг болно.

14.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ажлын 131 өдөр ажилгүй байсан тул 192,568,9 х 131 =25,226,525.9 төгрөг олгогдохоор байна.

14.2. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үеэр ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,477,420 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийн хянан шийдвэрлэж 18,477,420 төгрөгийг хариуцагч “МБГ” ХХК-иас гаргуулж шийдвэрлэв. 

14.3..Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

14.4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч Э.Бийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “МБГ” ХХК-д даалгах нь зүйтэй байна.

14.5. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч “МБГ” ХХК-д даалгаж шийдвэрлэлээ.

14.6..Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл нь гэрчээр Б.Гансүх, Б.Эрдэнэдалай, С.Болордулам нарыг асуулгах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 151/ШЗ2022/03187 дугаартай захиражаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

15..Эдгээр гэрчүүдээс Б.Эрдэнэдалайг асуулгах хүсэлтээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл шүүх хуралдааны үеэр татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна. 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “МБГ” ХХК-иас ажилгүй байсан хугацаааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 18,477,420 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 250,337 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1..Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Энхтуяагийн Болорцэцэгийг “МБГ” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

            2..Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “МБГ” ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,477,420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бт олгосугай.

3..Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаад төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “МБГ” ХХК-иар бүрэн төлүүлж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “МБГ” ХХК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “МБГ” ХХК-иас 250,337 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТҮВШИНЖАРГАЛ