Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 223/МА2023/00007

 

 

2023            01            26                                                       223/МА2023/00007     

 

 

Э.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШШ2022/01371 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МБГ” ХХК-д холбогдох,

 

Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18477420 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Б нь "МБГ" ХХК-д Захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочоор 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилласан байна. Э.Б-ийг ажлын байран дээр ажилтан, албан тушаалтнуудтай зүй бус харьцаж, бусдыг ялгаварлан гадуурхаж, биед нь халдсан, ажлын байрны дарамт учруулах үйлдэл гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээний 4.2, 5.1.5, 5.1.14-т зааснаар ажилтны үүрэг, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний 4.2-т "ажилтны үүрэг", 5.1.5-д "хамтран ажиллагсадтайгаа зүй бус харьцаж хэл амаар доромжлох, ажлын байрны дарамт учруулах буюу зодолдсон". 5.1.14-т "ажлын байран дээр бэлгийн харьцаанд орсон, бусдад ажлын байрны бэлгийн дарамт учруулсан нь баримтаар нотлогдсон, бусдыг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоосон үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж үзэж халсан.

Гэтэл ажилтан Э.Б нь дээрх үйлдлийг огтоос гаргаагүй, халагдсан шалтгаанаа хүлээн зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Б нь ажиллах хугацаандаа гал тогооны хэсэг ямар стандарт шаардлагыг хангаж ажиллах ёстой, түүнийг бүрэн хангаж ажиллаж байсан байна. Иймд Э.Б-ийг "МБГ" ХХК-ийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Нэхэмжлэгч нь ажлын байранд ажилтан албан хаагчидтай зүй бус харьцсан, бусдыг ялгаварлан гадуурхаж, ажлын байранд дарамт үзүүлсэн, хүний биед халдсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Тэрээр “МБГ” ХХК-ийн ахлах тогоочоор ажиллах хугацаандаа гал тогооны ариун цэвэр, ажилчдын хоол, хүнсний чанар стандартыг сахин биелүүлж, ажилтан албан хаагчидадаа ажлын байранд дагаж мөрдөх дүрмийг хэвшүүлэх үүднээс өндөр шаардлага тавьдаг байсан. Мөн түүнийг анх ажилдаа ирэхэд нь гал тогооны ариун цэвэр нь бохир шаардлага хангахгүй байсан ба ажилчдын хүнсний аюулгүй байдал зөрчигдөж байсан гэж ярьдаг. Эдгээр нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр ч хангалттай нотлогддог. Э.Б нь өөрт оногдон ажил үүргээ бүрэн дүүрэн хариуцаж, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө байгууллагын удирдлагын хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ... “Иргэн Э.Б-ийн “МБГ” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байгаа хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Гал тогооны хэсэг нь Захиргаа удирдлагын хэлтэст харьяалагддаг. 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж болон Гал тогооны менежер В гэсэн хоёр удирдлага нь Гал тогоонд ажилладаг ахлах тогооч Э.Б нь ажилтан болон дарга нартайгаа зүй бус харилцдаг, ажилчдаас гомдол гаргаж байна. Зан харилцааны доголдолтой, дарга болон ажилчид цаашид хамтран ажиллах ямар ч боломжгүй байна, шалгаж тогтоо гэсэн мэдэгдэл хийсний дагуу миний бие ажилтан Э.Б-ийн гаргасан үйлдлийг шалгаж, гал тогооны ажилтнуудтай уулзаж тодруулахад Гал тогооны менежер В ахлах тогооч Э.Б-т ажлын шаардлага тавихад маргалдаж, дарга руугаа хашхирч дайрсан, хэл амаар доромжилж, түлхэж биед нь гар хүрсэн, мөн гал тогооны туслах тогооч Р.Отгонбаяр, бэлтгэгч Н.Отгонцэцэг, угаагч Б.Тунгалагтамир нарыг ажлын байран дээр байнга дарамталдаг, зүй бус харилцаа гаргадаг, үг хэлээр доромжилж, маш хэцүү харилцаатай, ууртай, байнга хэрүүл гардаг улмаас ажилтнууд ажлаа хэвийн явуулах боломжгүй байдаг нь шалгалтаар тогтоогдсон.

Э.Б-ийн энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.4 -т заасан хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, бусад ажилтнуудыг дарамтлахгүй байх үүргээ зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 5.1.5-т хамтран ажиллагсадтайгаа зүй бус харьцаж, хэл амаар доромжлох, ажлын байрны дарамт учруулсан, 5.1.14-д дурдсан бусдыг үндэс угсаа, эрхэлсэн ажил албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан, хязгаарласан, дарамталсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсгийг үндэслэн ажлаас нь халах үндэслэлтэй байсан. “МБГ” ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журмаар сахилгын зөрчил болон хөдөлмөрийн харилцааны явцад гарсан аливаа маргааныг Захиргаа удирдлагын хэлтсээс шалгаж шийдвэрлэхээр заасны дагуу Хүний нөөц Б.Анударь болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж болон хуулийн зөвлөх Т.Оюунтуяа нар зөрчлийг шалгаж тогтоосны дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар ахлах тогооч Э.Б-ийг дээр дурдсан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа шиг манай компанийн гал тогооны ариун цэвэр муу, бохир байгаагүй, байнга хяналт шалгалт хийж энэ тал дээр анхаарч ажилладаг. Харин нэхэмжлэгч Э.Б-ийн мэргэжил ур чадвартай ярих зүйлгүй, угаасаа олон тогооч нараас шалгарч манай компанид  ахлах тогоочоор ажилд орсон. Ажлаас чөлөөлсөн үндэслэл бол ерөөсөө л түүний сахилга бат, ёс зүй, бусдыг хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, дарга удирдлагуудтайгаа зүй бус харьцдаг, бусдад ажлын байрны дарамт учруулдаг, ажил үүргийн хуваарьт заагдаагүй ажлыг хийлгэдэг. ... Тэр ч утгаараа байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахгүй, уур амьсгал эвддэг, зүй бус авир гаргадаг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчдөг, дагаж мөрддөггүй хүнтэй цаашид ажиллах боломжгүй  тул дээрх байдлыг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн нэхэмжлэгч нь гал тогооны менежер В тавьсан шаардлагыг хүлээж авалгүй, оффис руу машинтай явуулсангүй гэсэн шалтгаанаар маргалдаж, биед нь халдсан, дарга удирдлагаа Хятад хүмүүс миний эх оронд ирчихээд гэх мэтээр хараадаг, аяга угаагч цэвэрлэгч нарыг төмс арилга гэх мэтээр хийх ёсгүй ажлыг нь хийлгэдэг. Мөн манай байгууллага амралтын байрандаа эрэгтэй, эмэгтэй ажилчид тусдаа амардаг. Гэтэл Э.Б нь эрэгтэйчүүдийн амрах байранд архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэн мөн л бусадтай маргаан үүсгэж байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр хангалттай харагдана” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э.Б-ийг “МБГ” ХХК-ний Захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МБГ” ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,477,420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаад төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “МБГ” ХХК-иар бүрэн төлүүлж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “МБГ” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “МБГ” ХХК-иас 250,337 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... 1. Шүүхийн шийдвэрийн 8 дахь талын 9.4 болон 9.5, 10 дугаарт Э. Б-ийг байнгын орон тоонд үндсэн ажилтнаар авч ажиллуулсан болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн дотоод журмын 2.16 буюу туршилтын хугацааны журам баримталж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд туршилтын хугацаа болон үндсэн орон тоонд байнгын ажлын байр байсан эсэх нь огт хамааралгүй бөгөөд тухайн ажилтныг туршилтын хугацаанд ажилдаа тэнцээгүй үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй, Хөдөлмөрийн гэрээний 5.1.5 болон 5.1.14 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллагсадтай зүй бус харьцаж, хэл амаар доромжилсон, ажлын байрны дарамт учруулсан, үндэс угсаа, гарал үүслээр ялгаварлан гадуурхсан буюу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил үйлдсэн болохыг маш тодорхой дурдсан байхад түүнийг үл хэрэгсэн туршилтын хугацаагаар халсан мэтээр буруу дүгнэсэн нь ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болж чадахгүй байна.

2. 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 100/1 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалын Үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 5.1.5 болон 5.1.14 дэх хэсгийг үндэслэл болгож /хх-28 тал үндэслэл хэсэгт 5.1.5, 5.1.14 дэх заалтыг дурдсан/, тушаалын 1 дугаарт ажилтан Э.Б ажлын байран дээр ажилтан албан тушаалтнуудтай зүй бус харьцаж, бусдыг ялгаварлан гадуурхаж, биед нь халдсан, өөрийн доод албан тушаалтнуудад байнга ажлын байрны дарамт учруулах үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил болохыг тодорхой дурдаж уг зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн байтал Үндэслэх нь хэсгийн 11-т яг ямар зөрчил үйлдсэн болохыг тодорхой дурдаагүй шалтгаанаар дүгнэлт өгөх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй. Энэ нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, нэг мөр ойлгохоор үнэн зөв байх зарчмыг алдагдуулсан.

3. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 11.4, 11.4.1 дэх хэсэгт ямар ч үндэслэлгүйгээр шалгаж тогтоосон үйл баримт байхгүй гэжээ. 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн захиргааны хэлтсийн хурлаар ажилтан Э.Б-ийн гэм буруутай эсэх талаар ажилчидтай хуралдаж, ярилцлага хийж баримтжуулан түүний зүй бус, ёс суртахуунгүй үйлдэл байнга гаргадаг болохыг тогтоосон /хх-35, 36 дахь талд ажилтнуудын гарын үсэг бүхий тайлбар, тэмдэглэл/, түүнийг нь дээд болон доод албан тушаалтнуудын тайлбарыг хавсаргаж баримтжуулсан/хх-30, 31, 32-34 тал/ тэдгээр нь гэрчийн мэдүүлгээр /хх-44-52 тал/ давхар нотлогдсоор байтал шүүгчийн үзэж байгаагаар өөр ямар байдлаар шалгаж тогтоох ёстой байсан эсэх нь тодорхойгүй, эрх зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна.

4.Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 11.6 болон 11.7 дахь хэсэгт гэрээ цуцлах тухай тушаалыг гарахаас өмнө ажилтан Э.Б-т мэдэгдээгүй, зөрчлийн талаар ажилтанд мэдэгдэж тайлбар авах ажиллагаа хийгээгүй гэжээ. Гэтэл ажилтанд түүний гаргасан зөрчлийн талаар танилцуулсны дагуу ажилтан өөрийн гараар уучлалт хүсэж буруугаа хүлээн зөвшөөрч гаргасан тайлбар буюу хэрэгт ач холбогдол бүхий маш чухал нотлох баримтыг үнэлж дүгнэлгүй орхигдуулсан.

5.Ажилгүй хугацааны нөхөн олговорын тухайд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтын 2.6 дахь хэсэгт зааснаар ажилласан хугацаа нь 3 сар хүрэхгүй тохиолдолд тодорхой хугацаанд олгосон цалинг тухайн хугацааны ажилласан нийт өдөрт хуваахаар заасан байтал 2022 оны 4-р сарын 27-ны өдрөөс 2022 оны 6-р сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны ажилтны ажилласан бодит өдрөөр бус ажилласан хугацаанд ногдох календарийн ажлын өдөрт буюу 31 өдөрт хувааж нэг өдрийн дундаж цалинг 192,568.9 төгрөг буюу хэт өндрөөр тогтоосон байна. Ажилтан Э.Б-тэй байгуулсан 2022 оны 077 тоот хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэг сарыг үндсэн цалин 2 сая төгрөг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимт э/ төлөлтийн баримтад тусгагдсанаар 5-р сарын цалин 4,130,689.66 төгрөг олгогдсон нь амралтын өдрөөр болон илүү цаг ажилласан нэмэгдэл хөлс олгосон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд 4-р сарын 27-ны өдрөөс 6-р сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан нийт өдөр нь тодорхойгүй байтал зөвхөн тухайн хугацаан дахь календарийн ажлын өдөрт хуваасан нь буруу байна.

6. “МБГ” ХХК нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.5 буюу ажилчидтай зүй бус харьцсан, доромжилсон, ажлын байрны дарамт үзүүлсэн, 5.1.14 дэх хэсэгт заасан хүнийг нийгмийн байдал, гарал үүсэл, үндэс угсаагаар ялгаварлах үйлдэл гаргасан ажилтан Э.Б-ийн зөрчлийг 2 талын баталгаажуулсан. Хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан нь гэрээг үндэслэн туршилтын болон үндсэн ажилтан эсэхээс үл хамаарч ажлаас чөлөөлөх үндэслэл бүрэн бүрдсэн, зөрчлийг хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журамд заасны дагуу шалгаж тогтоосон. Ажилтан зөрчлийн талаар мэдэж тайлбараа гаргасан, түүний дагуу ажилтны тушаалд гаргасан зөрчил болон хөдөлмөрийн гэрээний заалт, агуулга үндэслэлийг тодорхой дурдаж үндэслэл бүхий ажлаас чөлөөлөх тушаал гарсан байтал “МБГХХК-ний 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 100/1 тоот тушаалыг хүчингүй болгож ажилтанд ажилгүй хугацааны цалинг буруу тооцож, 18,477,420 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2022 оны 12-р сарын 16-ны өдрийн 01371 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Т.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийг зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч “МБГ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,477,420 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Э.Б нь ажлын байран дээр ажилтан албан тушаалтнуудтай зүй бус харьцаж, бусдыг ялгаварлан гадуурхаж, биед нь халдсан, ажлын байрны дарамт учруулах үйлдэл гаргасан нь Хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь хэсэг болон ажилтны ёс зүйг зөрчсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2.16, ажилтантай байгуулсан 2022-077 тоот хөдөлмөрийн гэрээний 5.1.5, 5.1.14-т заасныг үндэслэсэн “МБГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100/01 тоот тушаалаар 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. (хх-н 5-р хуудас)

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу ажилтан болон дарга нартайгаа зүй бус харьцдаг, зан харилцааны доголдолтой гэх үндэслэлээ 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гал тогооны ажилчидтай хийсэн ярилцлагын тэмдэглэл, гал тогооны ажилчдын болон Э.Бийн өөрийн бичиж өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон гэж татгалзал, түүний үндэслэлээ тодорхойлсон байна.

Зохигч нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 2022-077 тоот хөдөлмөрийн гэрээний 5.1.5-д “хамтран ажиллагсадтайгаа зүй бус харьцаж хэл амаар доромжлох, ажлын байрны дарамт учруулах буюу зодолдсон” тус гэрээний 5.1.14-т “ажлын байран дээр бэлгийн харьцаанд орсон, бусдад ажлын байрны бэлгийн дарамт учруулсан нь баримтаар нотлогдсон, бусдыг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах давуу байдал тогтоосон” гэж тус тус заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг үндэслэн үл маргах журмаар гэрээг цуцлахаар харилцан тохиролцжээ.

Хариуцагч “МБГ” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны 01/43 тоот /Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай/ байгууллагын дотоод журмын 6.2-т “Ажилтан хөдөлмөрийн гэрээ болон сахилгын журамд заасан ноцтой зөрчил гаргаж сахилгын журамд заасны дагуу шалгаж тогтоогдсон тохиолдолд Гүйцэтгэх захирлын шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ажлаас хална” гэж заасан байна.

Хариуцагч “МБГ” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтэст Гал тогооны нэр бүхий ажилчид өргөдөл гаргасан. Тухайн өргөдөл гаргасан гал тогооны ажилчидтай тус компанийн хуулийн зөвлөх Т.Оюунтуяа, хүний нөөцийн менежер Б.Анударь, захиргаа удирдлагын хэлтсийн дарга нар 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагт уулзаж ярилцлагын тэмдэглэлээр баталгаажуулжээ. /хх-н 35-36/

Уг тэмдэглэл нь өргөдөл гаргасан ажилчидтай уулзаж ярилцсан гэдгийг нотлох боловч Э.Б-ийг хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасныг шалгаж тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

Учир нь хариуцагч “МБГ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2-т “Ажилтан хөдөлмөрийн гэрээ болон сахилгын журамд заасан ноцтой зөрчил гаргаж сахилгын журамд заасны дагуу шалгаж тогтоогдсон тохиолдолд Гүйцэтгэх захирлын шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ажлаас хална. Ажлаас халах шийдвэрийг 7 хоногийн өмнө мэдэгдэнэ” гэж заасан. Гэтэл гал тогооны ажилчин Р.Отгонбаяр, Н.Отгонцэцэг, Б.Тунгалагтамир нараас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр авсан тайлбараас өөр Э.Б-ийг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг хариуцагчийн зүгээс нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн Э.Б-ийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Захиргаа удирдлагын хэлтэст гаргасан хүсэлт /хх-н 115/ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болох ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл Э.Б-ийн уг хүсэлт нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Гал тогооны хэсгийн менежер В гэгчтэй оффис руу хоол хүргэх асуудлаас болж муудалцсан талаар уучлал хүссэн байх бөгөөд ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам зөрчснөө хүлээсэн утга агуулаагүй байна. 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Б-ийг “МБГ” ХХК-ний захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.6-т нийцүүлэн нэхэмжлэгч Э.Бийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ажлын 131 өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,477,420 төгрөгийг хариуцагч “МБГ” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч “МБГ” ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан хоног нь ажлын 31 өдөр болж байна. Энэ хугацаанд Э.Б нь цалин нийт 5,969,637.03 төгрөг авсан байна.

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.6-т зааснаар түүний нэг өдрийн дундаж цалин 192,568.9 төгрөг болж байх тул нэхэмжлэгч Э.Бийн ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ажлын 131 өдрийн цалинг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч Э.Б-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “МБГ” ХХК төлөх нь үндэслэлтэй боловч Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч “МБГ” ХХК-д даалгасан нь хуульд нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШШ2022/01371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,000 /хоёр зуун тавин нэгэн мянга/төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           З.ТҮВШИНТӨГС

 

 

       ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ