Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/00729

 

 

 

 

 

 

 

 

2023 02 01 101/ШШ2023/00729

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Н.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  "Г" ХХК-д холбогдох,

 

60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гэрчүүд Б.М, М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би "Г" ХХК-ийн барьж буй Баганат өргөө хорооллын 21 дүгээр байрны 8 дугаар давхрын 43 тоотод 59,61 кв метр бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргасан бөгөөд тус хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх дээр жил гаран явагдаж байна. Мөн маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан нь хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байдаг.

Иймд бодит байдалд хариуцагчийн зүгээс нэг орон сууцыг олон этгээдэд зэрэг худалдан, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул хэрэг маргааныг шүүхээр түргэн шуурхай, үнэн зөв шударгаар шийдүүлэх шаардлагатай учраас нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар өөрчилж байгаа болно.

Нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Н.Б 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр "Г" ХХК дээр биечлэн очиж Орон сууц захиалан бариулах 20-52 дугаартай гэрээ байгуулсан. Би тус компани дээр очиж хариуцагчийн барьж буй барилгыг үзэн "Г" ХХК-ийн барилгын борлуулалт байрлаж байсан байранд орж хариуцагчтай гэрээ байгуулан хариуцагчийн зөвшөөрлөөр гэрээний төлбөр болох 60,000,000 төгрөгийг М-ын гэх дансанд, ХААН банкны *********** тоот дансанд 7 сая төгрөгийг тус тус шилжүүл гэсний дагуу би тэр дор нь буюу борлуулалтын оффис дотор нь интернет банкаар шилжүүлсэн.

Төлбөрөө шилжүүлсний дараа тэнд байсан "Г" ХХК-ийн захирал З.Цогбадрах нь тамгаа дарж гэрээнд гарын үсэг зурж надад өгсөн. Сүүлд гэрээний хэрэгжилтийн талаар "Г" ХХК-тай асуудал үүссэн боловч хариуцагч талаас, та санаа зовох хэрэггүй гээд ..100 хувь төлбөр тооцоо дууссан ямар ч асуудалгүй.. гэсэн "Г" ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20/1-124 дугаартай албан бичгийг надад өгсөн.

Ингээд би байраа ашиглалтад орохыг хүлээж нутагтаа байсан бөгөөд надтай уг компаниас дахин ямар нэг байдлаар холбогдоогүй. Улс даяар ковид цар тахлаас шалтгаалан хөл хорио тогтоож хот руу ирэх боломжгүй болсон. Барилга ашиглалтад орох дөхөж 5 сар хавьцаа Мөнхзултай холбогдоход ... таны нэр дээр орон сууц байхгүй.. гэж утсаар хэлэхэд нь гайхаад компани дээр нь очиж уулзахад, ...Манайх таньтай гэрээ байхгүй, танай мөнгийг аваагүй, байрыг чинь манайх өөр хүнд гэрээ хийж зарсан. Танайх шүүхээр яв гэж хэлсэн. Тодруулбал, миний гэрээний дагуу төлбөрийг зуун хувь шилжүүлсэн байрыг надад өгөхгүй гэж мэдэгдсэн.

Тухайн барилгыг барьж буй компанийн оффис дээр нь очиж танилцан газар дээр нь компанитай нь гэрээ байгуулж, гэрээний дагуу тэдний хэлсний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад тус компани нь барилга ашиглалтад орох хугацаа болохоор гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, мөн орон сууцны үнэ эрс нэмэгдэж байрны үнэ өссөн, гуравдагч этгээдтэй ярьж тохирсон хэлцэл нь биелэгдээгүй, гуравдагч этгээдэд орон сууцыг давхар худалдсан зэрэг үндэслэлүүдээр гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа явдалд гомдолтой байна.

Шүүхэд эрх ашгаа хамгаалан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч шүүхээр шийдвэрлүүлэхгүй удааж, мөн маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн зэрэг асуудал үүссэн.

Иймээс маргаан бүхий байрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх тул хариуцагч "Г" ХХК-тай Орон сууц захиалан бариулах 20-52 дугаартай гэрээний дагуу хариуцагчийн зөвшөөрлөөр шилжүүлсэн 60 сая төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. Гэрээний төлбөр болох 7 сая төгрөгийг би иргэн Саас тусдаа нэхэмжлэх болно гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэргийн материалын 31 дүгээр талд авагдсан, бичгээр гаргасан хариу тайлбраа бүхэлд нь дэмжиж байна. Н.Бгийн гэрчээр асуулгаж байгаа М.М гэж хүнтэй байр авна гэж ярьсан юм байна лээ. Тэр мөнгөндөө арматур буюу бараа материалын үнэ гэж тусгасан байгаа. Н.Б, Б.М хоёрын дунд юу болсон талаар мэдэхгүй байна. Эд нарын хооронд орон сууцны төлбөрийг төлөөгүй талаар Н.Б гэж хүнд мэдэгдээд гэрээний төлбөр бүрэн төлөгдөх боломжгүй байна шүү гэж хэлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 60,000,000 төгрөг шилжүүлсэн нь 2 хүний данс байдаг. 60,000,000 төгрөгийг М.Мын данс руу, 7,000,000 төгрөгийг н.С гэж хүн рүү шилжүүлсэн байдаг. Орон сууц захиалгын гэрээг компанитай байгуулаагүй асуудал байгаа. Төлөөлөгчийн зүгээс харахад Н.Б гэх нэхэмжлэгчийг М.М, н.С гэх хоёр хүн залилсан гэж үзэж байгаа тул эрүүгийн журмаар шийдэгдэх асуудал гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид аваагүй төлбөрийнхөө мөнгө төлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б болон "Г" ХХК-ийн хоорондох гэрээний харилцаа, хоёрдугаарт "Г" ХХК болон М.М нарын харилцаанд дүгнэлт хийх шаардлагатай байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаад байгаа гэрээг "Г" ХХК нь Н.Бтай байгуулсан. Гэрээний үүргийг талууд харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 2.3-т орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэх агуулга туссан байгаа. Гэрээн дээр төлсөн болно гэх агуулгаас үзээхэд Б ХХК-иас нийлүүлэх арматур төмрийн бартераар байрны төлбөрийг төлсөн гэх агуулгатай гэрээ байна. Н.Б болон "Г" ХХК гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг М.Мын данс руу төлөхийг "Г" ХХК-ийн удирдлага өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Гэрээний үнийг авсныг гэрч хүлээн зөвшөөрдөг. Гэрээний үнэ 67,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг нь н.Ц өөрөө авсан байгаа. Өөрөөр хэлбэл Н.Б нь гэрээний дагуу төлбөрөө шилжүүлэх үүргийг биелүүлсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу гэрээний дагуу зохих үүргээ биелүүлж, уг орон сууцыг гэрээ байгуулан худалдаж авсан байна. Тэгсэн хэдий ч гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзаж байгаа талаар нэхэмжлэгчид огт мэдэгдсэн зүйл байхгүй байна. Утсаар таны гэрээ хүчингүй шүү гэх зүйл ярихаар нь очиж уулзаад, сүүлдээ шүүхэд хандаж байгаа юм. Гэрээ байгуулснаас 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хавтаст хэрэгт авагдсан тодорхойлолтоос үзэхэд гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн гэх нөхцөл байдлыг улам тодруулж, гэрээний төлбөр төлөгдсөн гэх албан бичгийг хариуцагч талаас гаргаж өгсөн. Захиалагч тал орон сууцны төлбөрийг газар дээр нь шилжүүлээд, тухайн шилжүүлсэн "Г" ХХК ийм албан бичиг гаргаж өгсөн тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэтэл энэ гэрээний үүргийг Б ХХК зөрчөөд байна гэх үйлдэл огт хийгээгүй. Хэрэв хийсэн бөгөөд магадгүй гэрээг санаачилгаар цуцаллаа гээд гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу татгалзлаа бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч ийм зүйл огт хийгдээгүй. Харин гэрчээр М.М, Б.М нарын мэдүүлгээр хэд, хэдэн зүйл тодорхой болох бөгөөд юуны өмнө М.М гэх этгээд энэ байрны үнийг өөр дээрээ шилжүүлж авахыг "Г" ХХК-ийн захирлын зөвшөөрснөөр авсан байдаг. "Г" ХХК-иас энэ хэмжээний байрыг төлөөлөл маягаар эсхүл хамтран ажиллах маягаар худалдсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. М.М болон "Г" ХХК-ийн харилцаа бол тусдаа асуудал. "Г" ХХК нь бусдад шилжүүлээд байгаа үүргийн төлбөрийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн бол М.М эсхүл Б ХХК-иас нэхэмжлэх бүрэн боломжтой. Хариуцагчийн татгалзаад байгаа гол үндэслэл бол мөнгө нь орж ирээгүй тул татгалзаж байна гэж хэлээд байдаг. Мөнгө нь орж ирээгүй юм бол гэрээний 2.3 дахь заалт болон гаргаж өгөөд албан бичгээс үзэхэд гэрээ байгуулсан гэж итгэж байгаа иргэнд мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. М.М "Г" ХХК-тай ямар харилцаатай байсан гэдэг нь хариуцагчийн өөрийнх нь дотоод үйл ажиллагаа мөн. Иргэнтэй байгуулж байгаа гэрээний төлбөрийг М.М авахыг хүлээн зөвшөөрөөд, улмаар Б ХХК хөрөнгөөр төлчихсөн гэх агуулгыг "Г" ХХК гэрээндээ тусгаж өгснөөр үүргээ биелүүлсэн гэж үзнэ. "Г" ХХК энэ үүрэгтэй холбоотойгоор татгалзан гарах боломж нь байсан гэж үзэж байна. Энэ бол хууль зүйн хувьд залилан. 60,000,000 төгрөгийг М.М аваад, танайд мэдэгдээгүй, гэрээг хуурамчаар хийсэн бол мөнгө нэхэмжлэх боломжтой. Хавтаст хэрэгт авагдсан байгаа баримтаас үзэхэд Цогбадрахын Тэргэл гэх данс руу М.Мын Н.Бгаас авсан гэрээний үүргийн үнийн дүн болох 60,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт байгаа. Хариуцагчийн зүгээс энэ мөнгийг аваагүй гэх татгалзал байхгүй байна. Б ХХК хэлцлүүдийг давхар, давхар хийсэн асуудал хууль зүйн хувьд маш олон байна. Миний үйлчлүүлэгч шударгаар шилжүүлсэн хүнээсээ мөнгөө авъя гэх үүднээс 60,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. н.Стай холбогдоход 7,000,000 төгрөгийг нь өгнө гэсэн учраас н.Саас авна гэж байгаа. М.М наад байрыг чинь авна гэхээр өгнө гэж хэлдэг. н.Ц, М.М нар иргэний мөнгийг хувааж авсан асуудал яригдана. Гэрээнд талуудын гэрээний үүргийг тодорхой зөвшилцөж, гэрээнд талуудын үүргийг тодорхой заасан бөгөөд гэрээнд заасан заалтын дагуу гэрээ байгуулах үед нэхэмжлэгч миний төлж байгаа мөнгө талуудын хооронд яригдаж байгаагаар төлсөн болно буюу төлөгдсөн гэж үзэж мөнгийг нь газар дээр нь данс руу шилжүүлсэн байдаг. М.М, Б ХХК, "Г" ХХК нарын харилцаа тусдаа асуудал. Н.Б болон "Г" ХХК-ийн хооронд М.М төлөөлж гэрээ байгуулаад байна уу гэвэл энэ тэгж үзэх үндэслэлгүй байна. Энэ байрыг зараад мөнгийг нь авна гэж "Г" ХХК-ийн захиралтай тохиролцсоны үндсэн дээр гэрээг нь "Г" ХХК байгуулаад, төлбөрийг нь М.М авахыг "Г" ХХК-ийн удирдлага зөвшөөрсөн байна. Төлөөлж гэрээ байгуулаагүй, харин "Г" ХХК-ийн төлбөрийг М.М авахыг зөвшөөрөөд, Б ХХК-тай хийгээд байгаа хэлцлийн үндсэн дээр нийлүүлэх асуудал тусдаа асуудал. Гэрээний дагуу үүргээ биелүүлсэн байна. Гэрээний дагуу "Г" ХХК үүргээ биелүүлэх ёстой байтал гуравдагч этгээдэд байраа зарчихсан байгаа. Та бүхэн гэрээгээ цуцалж байгаа бол гэрээний төлбөрийг төлөх ёстой. Бид борлуулалтын албан дээр нь очиж байр үзээд, гэрээгээ байгуулаад, мөнгийг нь төлсөн. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн, хариуцагч талаас үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас:

нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 492,950 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч Н.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, талуудын байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №ОСЗБГ20-52 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, "Г" ХХК-ийн 2020.10.08-ны өдрийн 20/1-124 дугаартай тодорхойлолт, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Н.Бгийн эзэмшдэг Хаан банк дахь ************** дугаартай данснаас 60,000,000 төгрөгийг Моншинхогийн М-ын эзэмшдэг Хаан банк дахь ************* төгрөгийг EB-Batzaya59.61 ulaanhuaran bair утгаар, мөн өдөр 7,000,000 төгрөгийг Батаагийн Сын эзэмшдэг *********** дугаартай дансанд EB-Batzaya59.61 ulaanhuaran bair утгаар тус тус шилжүүсэн Мөнгөн шилжүүлгийн баримт, М.Мын эзэмшдэг Хаан банк дахь ************* дугаартай дансны 09/20/2020-10/04/2020 өдрийн хуулга, нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч талаас:

хариуцагч "Г" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчаас М.Гантулгад олгосон 2021.12.24№21/1-212 дугаартай итгэмжлэл, "Г" ХХК-ийн дүрэм, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар, "Г" ХХК болон Н.Б нарын байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №ОСЗБГ20-52 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ (гэрээний эхний нүүрний дээд хэсэгт Мөнх-Очир гэх нэр гараар бичигдсэн), "Г" ХХК болон Э.Ө нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №ОСЗБГ20-141 дугаартай Орон сууц захиаан бариулах гэрээ, "Г" ХХК-иас Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан 2022.01.13№22/1-13 дугаартай хүсэлт, "Г" ХХК-ийн Хаан банк дахь *********** дугаартай дансанд ЛЮ********* ********* 21-р байр 43 тоот ХААНААС утгаар 2021.01.12-ны өдөр 10,395,500 төгрөг, 2021.01.11 өдөр 20,000,000 төгрөг, 2021.01.07-ны өдөр 62,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай Депозит дансны хуулга, "Г" ХХК-иас Ч.А, Д.Пүрэврагчаа, С.Дашбалбар нарт олгосон 2022.03.28№22/1-121, 2022.03.28№22/1-120, 2022.06.15№Б/007, 2022.09.14№22/2-150 итгэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн хариу тайлбар,

 

Гуравдагч этгээд Э.Ө-ийн тайлбар, Э.Ө-аас Х.Э-д олгосон итгэмжлэл, Э.Ө-ийн бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 619,928 төгрөг төлсөн баримт, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, зарлагын баримтууд, орон сууц ашиглалтын зардал төлсөн баримтууд,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: нэхэмжлэгчийн хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2022.07.01№101/ШЗ2022/16903 дугаартай захирамжаар гаргуулсан, ********* тоот дансыг УК****** регистрийн дугаартай, Цогбадрахын Тэргэл эзэмшдэг тухай Хаан банкны 2022.07.18№29/4927 албан бичиг,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч "Г" ХХК-д холбогдуулан, тус компанитай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

2. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

4. Талууд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №ОСЗБГ20-52 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, захиалагч Н.Б нь төсөл хэрэгжүүлэгч "Г" ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гео 21 дүгээр байр орон сууцны барилгын 8 давхрын 59,61 м.кв талбайтай, 2 өрөө, 43 тоот орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцжээ.

5. Дээрх 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

6. Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.2-т ...байрны үнэ нийт 67,000,000 төгрөг байна. гэж заасан байх ба захиалагч Н.Б гэрээгээр хүлээсн үүргээ биелүүлж уг төлбөрийг төлсөн үйл баримт дор дурьдсанаар тогтоогдож байна.

6.1. Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.3-т ... төлбөрийг захиалагч нь бараа материал нийлүүлэн төлсөн болно. /Б ХХК-иас нийлүүлсэн арматур төмрийн бартераар/ гэж тусгасан буюу төлбөр төлөгдсөн болохыг гэрээнд тусгажээ.

6.2. Нэхэмжлэгч Н.Б нь гэрээний үнэ 67,000,000 төгрөгийг хариуцагч "Г" ХХК-ийн зөвшөөрсөн буюу заасан дансанд тус тус шилжүүлэхдээ 60,000,000 төгрөгийг гэрч М.Мт, 7,000,000 төгрөгийг н.С гэх хүний ХААН банкны *********** тоот дансанд 7 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч М.Мын ...барилгын компани ажиллуулдаг компанийн захирал, миний хуурай дүү н.Баярцэнгэл гэж хүн надад хэдэн төгрөгийн өглөгтэй байсан юм. н.Баярцэнгэл дүү намайг Б.Цтай холбож өгөөд, манай ахад ганц удаа тусалчих гээд байрны төлбөрийг шилжүүлье гэж тохиролцоод ийм гэрээ хийсэн гээд гарын үсэг зуруулсан. ... Б.Ц гэж хүн надад ахаа та байр зарчихдаг юм байна, та 2 байр зараад өгөөч гэж хэлсэн. Шөнө 01 цагт Зайсан дээр хүрч ирээд м.кв-г нь 1,000,000 төгрөгөөр ч хамаагүй зараад өг, мөнгөний хэрэг байна гэж хэлж байсан. ...Манай хуурай дүү "Г" ХХК-ийн Б.Ц захиралтай уулзуулаад байр авч өгье гээд уулзуулсан юм. 59,61 м.кв байрыг зараад, надаас авах өрөө авчих гэж тохирсон юм. Тохирсон мөнгөнд нь байр зараад, байрных нь мөнгийг өөрийнхөө дансаар авсан. Ингэж байж байгаад 8, 9 сарын үед би тал цус харваад, 12 сард Б.М гэх эмэгтэй тань руу 10 гаруй удаа залгасан боловч та утсаа аваагүй гэж хэлсэн. Удалгүй Н.Б над руу залгаад байраа авах гэж чамайг хайгаад, чи н.Ц гэж хүнтэй уулз, миний байрыг зарчихсан байна гэхээр нь очоод уулзтал энэ байр зарагдсан, гэрээ хүчингүй болсон гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Би н.Ц гэж хүн дээр Н.Бгийн байрыг авч өгөхийн тулд зөндөө олон удаа очиж уулзсан. ... 10,000,000 төгрөгийг нь Б.Цын хүүхдийнх нь данс руу хийсэн. Тэр өдөр Н.Б над руу мөнгөө шилжүүлэхээр нь нөгөө байрыг чинь зарчихлаа, чамд мөнгөний хэрэг байна уу гээд Б.Цаас асуухад 10,000,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь тэр дор нь Б.Цын хэлсэн 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ... Би Б.Цад хэлээд худалдаж авсан, мөнгөө бүрэн төлсөн гээд гарын үсэг зурчих гэж хэлээд гарын үсгээ зурж өгсөн. Ямар ч байсан 12 сард төлбөрөө барагдуулсан гэж бичиг хийж өгсөн. ... Би Н.Б гэж хүнээс мөнгө аваад н.Цад 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь байрыг нь зарчихсан байсан. Н.Б байраа нэхээд байна, ямар нэгэн арга хэмжээ авъя гээд өөрийнхөө унаж байгаа машиныг ав гээд очсон. Байраа чөлөөлж өг гээд үлдсэн мөнгийг нь би гаргаж өгье гэхэд гэрээ цуцлагдсан гээд дахиж очиж уулзаагүй. ... хуурай дүү маань "Г" ХХК-д хөөс нийлүүлэх ёстой байсан, тэр дүүгээсээ авлагатай байсан. Тэр авлагаасаа Н.Бгийн мөнгийг авсан. 60,000,000 төгрөг миний данс руу орсон дээр маргаан байхгүй. ... Би Н.Б гэж хүнийг олоогүй. н.С Н.Бг олж өгсөн юм. Манай найз ийм байр зараад өгөөч гээд Н.Бд байрыг нь зарж өгсөн. ... н.С над дээр ирсэн. н.С надад Н.Бг холбож өгсөн. ..."Г" ХХК-ийн байрыг зарсан мөнгийг би авах ёстой. Үүнийг Б.Ц өөрөө зөвшөөрөөд, төлбөр тооцоо дууссан гэж гарын үсгээ зурж өгсөн. Би 12 дугаар сард байрных нь мөнгийг өгье, одоо ахынх нь бие муу байна гэж өөрт нь хэлж байсан. За, та ямар ч байсан 12 дугаар сард мөнгийг нь төлнө гээд гэрээгээ хийчих гэхээр нь Н.Б гэж хүний өгсөн мөнгөн дээр ямар ч хэл амгүй гэрээ хийсэн. гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанд гэрч Б.Мын мэдүүлсэн Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Орон сууц захиалан бариулах гэрээн дээр Н.Б гэх захиалагчийг дагуулж ирсэн хүн нь М.М гэж хүн. Тухайн хэлцлийн төлбөрийн нөхцөлийг манай компанид барилгын материал буюу арматур нийлүүлнэ гэж гэрээ хийсэн. ... н.С гэж хүнийг нь сайн санахгүй байна. М.М гэж хүн компани төлөөлж явж байгаа гэж хэлсэн. Орон сууц захиалж байгаа хүмүүс урьдчилж төлөх юм уу эсхүл хувааж төлөх, бартерын нөхцөлтэйгөөр гэрээ байгуулдаг. Төлбөр хэрхэн, яаж орж ирснийг мэдэхгүй байна. Төлбөрийн нөхцөл нь бартер байсан учраас баталгаажуулахын тулд М.М гэж хүнд хүсэлт тавиад бартерт өгч байгаа бараа материал нь хэдний өдөр гүйцэтгэх гүйцэт төлөгдөх вэ гэдэг утгатайгаар бичиг бичиж өгсөн. М.М гэж хүн баталгаа гаргаж өгөхдөө 11 сардаа төлбөр тооцоо бүрэн дуусаж баталгаажна гэх утгатай бичиг бичиж өгсөн гэв. ...Б ХХК барилгын арматур нийлүүлэх буюу бараа материалаар төлөгдөх байсан. ...М.М гэж хүнтэй тохиролцсон хэлцлийн хугацаа өнгөрсний дараа энэ хэлцлийн төлбөр тооцоо хэзээ дуусах юм бэ гэж асуухад ковид гарсан тул түр хүлээж байгаач гэх тайлбар өгсөн. Ковид 1 сард дуусангуут нь ажил жигдрээд эхэллээ, манайх төлбөр тооцоогоо авмаар байна гэх тайлбар хэлэхэд М.М гэж хүн би маргааш эргээд хариу хэлье гээд таг алга болчихсон. Би арга ядаад Н.Б гэж хүн рүү утасдаад гэрээний төлбөр орж ирээгүй тул хэрэгжих боломжгүй боллоо гэдгийг хэлсэн. ... Манай компани дээр өөрийн биеэр ирж уулзаад гэрээ хийчихээд байхад танайх яагаад байраа өгөхгүй байгаа юм бэ гэж асуусан. Энэ бол 100 хувь төлөгдсөн гэдэг зүйл биш, бараа материалаа өгсний дараа төлөгдөнө гэж хэлсэн. Төлбөр орж ирээгүй гэж санхүүгийн албанаас мэдээлэл өгсний дагуу гэрээ цуцалж байгаа талаар мэдэгдсэн. ... "Г" ХХК нь М.М гэж хүнээр 3-4 удаа байр заруулж байсан. ... М.М Б ХХК-ийн төлөөлөгчөөр явж байсан, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлгүй бараа материал хүлээлгэж өгөөгүй. ...Барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компани бараа материал нийлүүлж байгаа компанитай бартерын нөхцлөөр гэрээ хийдэг. Зарим нь мөнгөн дүнгээр хөрөнгө оруулахыг санал болгодог. Тэрний нэг нь Б ХХК байсан. Б ХХК манайд санал болгосон хэлцэл, тохиролцоондоо хүрээгүй. ...Бартерын нөхцөлөөр авч байгаа компани байрны төлбөрөө авна. Манайх бараа материалаа авна. ...М.Моор 3-4 удаа байр заруулсны урьдчилгаа гэж цөөхөн мөнгө манай компани руу орсон байдаг. М.М манайд бараа материал нийлүүлнэ, түүнийхээ үр дүнд манай барьж байгаа төслөөс өөрийнхөө захиран зарцуулах эрхтэй байрыг шилжүүлж авна гэж байгаа, түүнийх нь төлбөр ороогүй, "Г" ХХК Бэст эликт ХХК-тай ямар нэгэн байдлаар хийсэн тохиролцоо байгаа. Б ХХК ОХУ-с арматур төмөр оруулж ирдэг. Тэрийгээ манайд нийлүүлнэ гэсэн тохиролцоо байдаг. ... Гэрээ цуцалж байгаа тохиолдолд бид утсаар мэдэгддэг. Тухайн захиалагч ирээд хүлээн зөвшөөрөөд, эсхүл зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд манайх албан бичиг гаргаж өгдөг. ...2021 оны 01 дүгээр сард гэрээ цуцлах талаар М.Мт мэдэгдсэн. М.Мыг 2020 оны 8 дугаар сараас хойш мэддэг болсон, Б ХХК-ийн удирдлагууд ирэхэд тэр хүмүүстэй хамт ирсэн хүн юм. ... Намайг "Г" ХХК-д ажиллаж байхад бүх гэрээ хэлцэл, албан бичиг надаар дамжиж хийгддэг байсан. М.М гэж хүн "Г" ХХК болон түүний удирдлагатай орон сууцаа худалдан борлуулахаар даалгах, зуучлуулах хэлцэл хийгээгүй. захирал Б.Ц гэж хүн амаар хэлцэл хийснийг нь би мэддэг. ...Би байрны борлуулалттай холбоотой бүх зүйлийг захиралтай ярилцах ёстой байдаг. Цаана нь хүний эд хөрөнгө явж байгаа тул хүний юмыг давхардуулж аваад, захиалга хийж болохгүй. гэх мэдүүлэг, "Г" ХХК болон иргэн Н.Б /РД:ЧД***********/ нар нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц захиалгын ОСЗБГ-20/52 тоот гэрээ хийсэн бөгөөд уг гэрээнд заасан нийт төлбөр тооцоог Н.Б 100 /зуу/ хувь хийж дуусгасан болно гэх "Г" ХХК-ийн 2020.10.08-ны өдрийн 20/1-124 дугаартай тодорхойлолт, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Н.Бгийн эзэмшдэг Хаан банк дахь ************** дугаартай данснаас 60,000,000 төгрөгийг Моншинхогийн М-ын эзэмшдэг Хаан банк дахь ************* төгрөгийг EB-Batzaya59.61 ulaanhuaran bair утгаар шилжүүсэн Мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогттоогдож байна.

7. Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г Н.Бтай байгуулсан боловч төлбөр огт төлөгүөөгүй гэх ба гэрээг цуцалсныг Н.Бд мэдэгдсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх боловч "Г" ХХК-ийн 2020.10.08-ны өдрийн 20/1-124 дугаартай тодорхойлолт болон гэрээний нийт үнийг захиалагч Н.Б хэрхэн төлсөн нь тогтоогдож буй дээр дурьдсан үйл баримтыг үгүйсгэж нотлоогүй.

8. Дээр дурьдсан үндэслэлүүдээр, хариуцагч "Г" ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгч Н.Б гэрээний үүргээ гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон тул гэрээнээс таталзаж, төлсөн төлбөрөөс буцаан гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасантай нийцэж байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасантай нийцэж байна.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацаанд Э.Ө-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцуулсан ба Э.Ө нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 416 дугаар байрны 43 тоот, 59.61 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргаж, 619,928 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн.

9.1. Нэхэмжлэгч нь дээр дурьдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоос татгалзсан бөгөөд Э.Ө-г гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтээсээ нэхэмжлэгч тал татгалзсан тул гуравдагч этгээд Э.Ө-ийн бие даасан шаардлагыг хэлэлцэхээс татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид Э.Ө-ийн төлсөн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүнд буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч "Г" ХХК-иас 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 492,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Г" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд, Э.Ө-ийн бие даасан шаардлага гаргахдаа төлсөн 619,928 төгрөгийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж Э.Өт тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА