| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2022/0978/З |
| Дугаар | 128/ШШ2023/0106 |
| Огноо | 2023-01-30 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2023/0106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Көүк энержи корпорейшн” ХХК
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Цэрэнням
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дашдаржаа
Маргааны төрөл: “Көүк энержи корпорейшн” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-021339 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.
1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 324 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд.
2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр “Көүк энержи корпорейшн” ХХК-д Ховд аймгийн Дарви сумын нутаг Баатарын нуруу нэртэй газрын 990,94 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-021339 дугаар тусгай зөвшөөрөл олгосон.
2.2. Нэхэмжлэгч компаниас 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 04 тоот албан бичгээр “...тус компанийн захирал Jiang Mingyong нь аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, хавсралтууд, тамга зэргийг авч явсан...” талаар дурдаад, 6 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хандаж “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах” тухай хүсэлтийг гаргасан байна.
2.3. Дээрх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн бүртгэлийн EX-009368 дугаарт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүртгэж хүлээн авсан байна.
2.4. Улмаар нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот албан бичгээр дахин Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хандан “ ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн шийдвэрлэх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлэх...” талаар хүсэлт гаргасан байна.
2.5. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 02/386 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээг “Көүк энержи корпорейшн” ХХК-д олгосон.
2.6. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 8/3677 тоот албан бичгээр нэхэмжлэгчид “... ашигт малтмалын хайгуулын XV-021339 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянан үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан нөхцөлийг хангаагүй, түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай болон хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн баримтыг ирүүлээгүй байх тул ... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн” талаар мэдэгдсэн байна.
2.7. Нэхэмжлэгчээс 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 21 тоот албан бичгээр “... гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автан 2020-2021 онуудад хайгуулын ажилд зардал гаргаж чадаагүй. Өнгөрсөн хугацаанд жил бүрийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг барагдуулж байсан. ... 2019-2021 оны хооронд Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй болохыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын мэргэжлийн зөвлөлөөс тогтоож, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон. ... Иймд ... ашигт малтмалын хайгуулын XV-021339 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах...” талаарх өргөдлийг гаргасан.
2.8. Нэхэмжлэгчээс 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот албан бичгээр “...Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 8/3677 тоот албан бичигтэй танилцсан талаар дурдаад, ... ашигт малтмалын хайгуулын XV-021339 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах...” талаарх өргөдлийг дахин гаргасан байна.
2.9. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10/3967 тоот албан бичгээр “...“Көүк энержи корпорейшн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 21 тоот, 7 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот хүсэлтүүдтэй танилцаад, .... хүлээн авч шийдвэрлэх боломжгүй...” талаар хариу хүргүүлсэн байдаг.
2.10. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 23 тоот албан бичгээр нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар хандсанд Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/4277 тоот албан бичгээр нэхэмжлэгчид “...хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй...” талаар хариу мэдэгдсэн.
2.11. Ийнхүү нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд анх 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ "Көүк энержи корпорэйшн" ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст XV-021339 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасан байдаг.
3.2. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хүргүүлсэн өргөдөл, холбогдох баримт материалыг дутуу үнэлж үзсэний улмаас 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 324 дүгээр шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд хандан шийдвэрийг цуцлуулахаар гомдол гаргасан боловч 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 324 тоот шийдвэрийг холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/4277 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.
3.3. Иймд дээрх шийдвэрүүд нь манай компанийн эрх ашгийг хөндсөн гэж үзэж байна. Тухайлбал, Уг шийдвэрийг гаргахдаа үндэслэл болгосон Ашигт малтмалын тухай, хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан нөхцөлийг хангаагүй гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын журмаар олгоно" гэж ойлгохоор байна. “Көүк энержи корпорэйшн" ХХК нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасанчлан БНХАУ-ын иргэн Жиан Мин Ён-ы дангаараа буюу 100 хувийн шууд хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.
3.4. Тус компани нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан сонгон шалгаруулалтаар Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Баатарын нуруу нэртэй газар 990.94 гектар талбайд нүүрсний хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулах XV-021339 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Өөрөөр хэлбэл манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр 2019 оны 6 дугаар сарын 11-ны өдөр XV-021339 дугаартай тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар эзэмшсэн тул хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй болно.
3.5. Мөн шийдвэр гаргахдаа "...хуулийн этгээд нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай болон хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн баримт ирүүлээгүй" гэжээ.
3.6. Манай компани XV-021339 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших болсон цаг үетэй зэрэгцэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын У Хан хотоос эхлэлтэй Ковид-19 цар тахлын хатуу хөл хорио, хязгаарлалтыг дэлхийн дийлэнх улс, түүний дотор манай улс авч хэрэгжүүлсэн. Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын У Хан хотод 2019 оны 12 дугаар сараас эхлэн олон хүн гэнэтийн үл мэдэгдэх өвчний улмаас амь насаа алдаж эхэлсэн байдаг. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас халдварын анхны тохиолдлыг 2019 оны 12 дугаар сард тогтоогдсон байдаг. Улмаар 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн халдварт өвчин Тайланд, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөрш орнуудад аажмаар тархаж 1 дүгээр сарын 21 гэхэд Азиас гадуурх Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хотод тархсан.
3.7. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр У Хан хотод гарсан халдварын тархцаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдварт өвчний бүсийг хаах тусгаарлах арга хэмжээг зарласан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хятадаас гадна гурван улс орон нутагт халдвар дамжсаныг баталж, тухайн өдөр "олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онц байдал" гэж анх зарласан бөгөөд мөн оны 3 дугаар сарын 11-ний өдөр уг өвчнийг "дэлхийн тахал" гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай" тогтоол батлагдсан.
3.8. Үүнтэй холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Бүгд Найрамдах Хятад Ард Улстай иргэний агаар, төмөр зам болон авто тээврийн хөдөлгөөнийг зогсоосон байдаг. Энэ байдал өнөөг хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа билээ. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч улсын иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосугай" гэжээ.
3.9. Уг тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тогтоолоор хүчингүй болгосноор боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол улсын хилээр нэвтрэх эрх нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын иргэд шаардлагатай тохиолдолд гуравдагч улсаар дамжин Монгол Улс хилээр нэвтрэх эрхтэй болсон хэдий боловч буцах нөхцөл боломж байхгүйн улмаас бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй хэвээр байгаа болно. Энэ бүх хугацаанд ковидын үеийн хэсэгчилсэн хатуу хөл хорио дэглэм, холбогдох дүрэм журам мөрдөгдөж байсан төдийгүй БНХАУ-д олимпын наадмаас хойш цар тахлын дэгдэлт өргөн хүрээг хамарсны улмаас өнөөг хүртэл бүсчилсэн хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж байгаа билээ.
3.10. Иймээс “Көүк энержи корпорэйшн" ХХК нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн тул Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт болон холбогдох нотлох баримтуудыг хүргүүлсэн. Танхимын дэргэдэх асуудал хариуцсан зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02/386 дугаартай "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ" олгогдсон.
3.11. Уг гэрчилгээ нь манай компанийг 2019-2021 оны хооронд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн болохыг нотлох баримтаар тогтоож олгосон эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас "Көүк энержи корпорэйшн" ХХК үйл ажиллагаа явуулж чадаагүй болохыг гэрчилсэн. Гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 21 дугаартай албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн боловч Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын зүгээс 2022 оны 7 дугаар 08-ны өдрийн 324 дугаартай шийдвэрээ гаргахдаа уг нотлох баримтыг харгалзан үзээгүй болох нь илт харагдаж байна.” гэжээ.
3.12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газраас тавьсан зорилт нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагааг Монгол Улсын хэмжээнд нэмэгдүүлэх байсан. 800 сая төгрөг бага мөнгө биш.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харвал хэдийгээр бидний буруутай үйл ажиллагаа байсан боловч зөвхөн өөрөөс шалтгаалах нөхцөл байдал байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас зайлшгүй анхаарч үзэх нь зүйтэй. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг манай компанид олгосныг анхаарч үзсэн бол хуулийн этгээдийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас гадна гуравдагч төрийн байгууллага болон гадаад улсын нөлөөллөөс үүдэлтэйгээр тодорхой хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал байдаг...” гэв.
3.13. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Ховд аймгийн Дарви сумын нутаг Баатарын нуруу нэртэй 990.94 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-021339 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр "Көүк энержи корпорэйшн" ХХК-д анх олгосон байна.
3.14. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 221-т "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 221.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө. 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.
3.15. "Көүк энержи корпорэйшн" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХВ-021339 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс нэг сарын өмнө буюу 2022 оны оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.16. Мөн Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 24 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасан "Көүк энержи корпорэйшн" ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 тоот албан бичигт хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа дурдаад холбогдох дутуу баримтуудыг 10 хоногийн дотор нөхөж өгөх тухай хүсэлт гаргасныг судлан үзээд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан өнгөрсөн хугацаанд зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдээс ирүүлж байсан хүсэлттэй адилтган төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын хүрээнд болон ковидын нөхцөл байдал, түүнийг дагалдан гарсан хууль, тогтоомж, Засгийн газрын болон орон нутгийн удирдлагын зүгээс гаргаж байсан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс хуульд заасан чиг үүргийн дагуу Геологи уул уурхайн кадастрын сунгах өргөдлийн бүртгэлийн EX-009368 дугаарт танай өргөдлийг бүртгэсэн.
3.17. Өргөдлийг хянан үзэхэд хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирүүлээгүй өргөдлийн бүрдүүлбэр дутуу байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1. 22.4 дэх хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг үндэслэн дээр дурдсан өргөдлийн бүрдүүлбэрийг ханган ирүүлээгүй тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.18. "Көүк энержи корпорэйшн" ХХК-ийн ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 09- ний өдрийн 23 тоот албан бичгийн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/4277 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна.
3.19. Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үүргээ биелүүлж чадаагүй бол хүчин төгөлдөр хугацааг хойшлуулах тухай зохицуулаагүй болно. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас аливаа нэг шийдвэр гардаггүй болно. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг тус тус зөрчсөн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.3. 14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргаж өгсөн тайлбараа дэмжиж байна. Хэргийг хэлэлцэж, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч компани хугацаа сунгуулах өргөдлөө өгөхдөө Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан шаардлагыг буюу хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан болох нь тогтоогдож байна. Энэ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах нэг үндэслэл болдог. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар 2019, 2020, 2021 онуудад хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, тайлан төлөвлөгөөг батлуулж байгаагүй гэдгээ нотлон хэлж байна. Мөн төрийн захиргааны байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтаар тайлан төлөвлөгөөг батлуулж байгаагүй гэдэг нь нотлогдож байна. Энэ нь мөн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх үндэслэл юм.
3.21. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангахаар оролдож байгаагүй гэдэг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. 2019 онд ганцхан нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Олон компани тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд эдгээр компаниуд 2020-2022 онуудад үйл ажиллагаагаа хэвийн явуулж, тусгай зөвшөөрлөө сунгуулаад явж байгаа. 803 сая төгрөг бол тусгай зөвшөөрлийг худалдаж авсан үнэлгээ юм. Үүнийг хөрөнгө оруулалт мэтээр ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3.22. Мөн төлбөрөө төлж байсан хэр нь хайгуулын ажлын зардлыг гаргах боломжгүй, их хэмжээний мөнгө байсан гэж тайлбарлаж байна. Эхний гурван жил маш бага хэмжээний төлбөр байдаг. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна” гэж зохицуулсан. Компанийн эцсийн өмгөөлөгч гадаадад байснаар Монгол Улсад байгаа компанийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй. Мөнгө шилжүүлэх асуудал ковид-19 вирустэй хамааралгүй. Мөн 2020, 2021 он сонгуулийн жил байсан бөгөөд хорио цээр тодорхой хэмжээгээр тавигдсан байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагддаг хүндэтгэн үзэх шалтгаан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нэхэмжлэгчид давуу эрх олгон 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирал, менежерийг хүлээн авч уулзаж, боломжит хугацааг олгосон бөгөөд ахин сонсох ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн орон нутагт зорчих боломжгүй байсан учраас төлөвлөгөөг батлуулаагүй гэж тайлбарласан. Гэвч төлөвлөгөөг заавал биечлэн очиж батлуулдаггүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 324 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Көүк энержи корпорэйшн” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ