Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 132/ШШ2023/00026

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн, О сум, * дугаар баг, * дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, С******* овогт Б*******гийн Г******* ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Булган сум 5 дугаар багт байрлах, “Хаан банк” ХХК -ийн Булган салбарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1907/ дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан Б.Г*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00600/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******,

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г*******

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Д.Н

          Нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Б.Г******* нь “Хаан банк” ХХК-ийн Булган салбарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны гэрээгээр барьцаалсан Б.Г*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Г******* би Булган аймгийн Орхон сумын * дугаар баг, О, З-ийн булаг, ХХК-ийн зүүн талд хаягт байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй байшин, 64м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар 000333238, эрхийн улсын бүртгэлийн Ү-********, Булган аймгийн Орхон сумын * дугаар баг О-ын булаг, З-н булаг ХХК-ийн зүүн талд байршилтай, нэгж талбарын ******** дугаартай 709м.кв талбайтай зуслангийн зориулалтай, эзэмших эрхийн гэрчилгээний ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч, эзэмшигч нь юм. Гэтэл 2015 оны 10 сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай Барьцааны гэрээнд дээрх хаягт байрлах миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьсан байна. Тухайн барьцааны гэрээ нь 2015 оны 10 сарын 29-ний ЗГ/15/1904 дугаартай Зээлийн гэрээтэй хамт хийгдсэн гэрээ ба тухайн зээлийн гэрээг миний ээж Ж.Ч, төрсөн ах Б.Г нарын нэр дээр "Б" ХХК-ийн нэр дээр зээл авсныг сүүлд мэдсэн юм. Тухайн зээлийг авч миний үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавихдаа надаас ямар нэгэн итгэмжлэл аваагүй бөгөөд 2015 оны 10 сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай Барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. 2015 оны 10 сарын 29-ний өдрийн ЗГ/15/1904 дугаартай Зээлийн гэрээнд Хаан банкыг төлөөлж О.Золжаргал, Зээлийн эдийн засагч Ч.Г, Б ХХК-ийг төлөөлж Ж.Ч, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Ч, Б.Г, 2015 оны 10 сарын 29-ны өдрийн БГ/15/1904 дугаартай Барьцааны гэрээнд Хаан банкыг төлөөлж О.Золжаргал, Зээлийн эдийн засагч Ч.Г, барьцаалуулагч Ж.Ч, Б.Г, Х.Б, Г.Т, Б.Г******* нар гарын үсэг зурсан байх боловч Б.Г******* гэх нэрний гарын үсэг нь миний гарын үсэг биш.

Энэ үйл явдлыг Б.Г******* нь 2022 оны 7 дугаар сард мэдсэн. Миний зөвшөөрөлгүй эд хөрөнгө барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.  Банк болон Б компани, Ж.Ч, Б.Г, Б.Г******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээн дээр  өмчлөгчийн зөвшөөрөлгүй гэрээ хийсэн байх тул 2015 оын 10 дугаар сарын 29-ний өдрийн Хаан банк болон Б компани, Ж.Ч, Б.Г, Б.Г*******... нарын хооронд байгуулсан БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг барьцаагаар барьцаалсан эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсэж байна гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хаан банктай байгуулсан БГ/15/1904 барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж байна.  Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал дэмжиж байгаа юм байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. 

1.Нэхэмжлэл гаргаад байгаа барьцааны болох Булган аймгийн Орхон сумын * дугаар баг, О-ын булаг, З-гийн булаг ХХК-ийн зүүн талд байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй, 64м2 талбайтай дүнзэн торх, ******* нэгж талбарын дугаартай, 709м2 талбайтай зуслангийн зориулалттай газартай маргах эрх бүхий этгээд нь Б.Г******* биш байна гэж үзэж байна. Хэрэгт зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хавсаргасан байгаа. Гэрээнд Б.Г*******гийн хөрөнгө мөн гэсэн баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болохыг тогтоосон гэрчилгээг хавсаргах байсан. Гэтэл зөвхөн банкны барьцааны гэрээг дангаар нь барьчихаад маргаж байгаа нь эндүүрэл байна. Энэ хөрөнгө минийх байна гэсэн нотлох баримтаа нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах санал байгаа. Барьцааны гэрээнд дээрх 2 эд хөрөнгөөс Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн б хэсгийн 6 дугаар гудамж 04 тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 28м квадрат талбайтай байшин, 60 хувийн гүйцэтгэлтэй дүнзэн байшин, Булган аймгийн Булган сумын * дугаар багийн нэгж талбарын дугаартай 736м2 квадрат талбайтай орон сууцны зориулалттай газар,  “Ниссан тиана” суудлыг авто машин, Wifi антен гэж байгаа. Энэ нь Г*******гийн хөрөнгө биш. Эдгээр хөрөнгийг Б.Г*******гийн хөрөнгө гэдгийг нотолж чадахгүй байгаа. Нийтдээ 10 хөрөнгийг барьцаалсан. Яагаад барьцааны гэрээг бүхэлд хүчингүй болгоё гэж яриад байгааг ойлгохгүй байна. Зөвхөн өөрийн гэсэн хөрөнгийг хүчингүй болгоё гэж хэсэгчлэн хүчингүй шаардах эрхтэй. Бусад 8 хөрөнгө Б компанийн захирал Б.Г, Ж.Ч нар байгаа. Барьцааны гэрээг бүхэлд хүчингүй болгох үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр Г*******гийн гарын үсэг биш гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлт дангаараа нотлох баримт болохгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүлйийн 75.2.2-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж заасан.  2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан байна.  Нэхэмжлэлээ 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа нэхэмжлэл гаргасан байна.

Иймд маргааны зүйл болж байгаа хөрөнгө нь Б.Г*******гийн хөрөнгө гэдэг нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байхаас гадна барьцааны гэрээг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтууд шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/15/1904 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээ, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 132/ШЗ2021/02113 дугаартай захирамж зэрэг баримтууд байна.

 5.Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг  шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШШ2019/00094 дугаартай шийдвэрийн хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримууд байна.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээнд Б.Г******* гэж зурагдсан гарын үсэг нь Б.Г*******гийн гарын үсэг биш Банк болон Б компани, Ж.Ч, Б.Г нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ байх тул тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1907/ дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан Б.Г*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлнэ”  гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Булган аймгийн Орхон сумын * дугаар баг, О-ын булаг З-н булаг ХХК-ийн зүүн талд байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй, 64м2 талбайтай дүнзэн торх, ******** нэгж талбарын дугаартай, 709м2 талбайтай зуслангийн зориулалттай газар нь Б.Г*******гийн хөрөнгө болохыг нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нотолж чадаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа нэхэмжлэл шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.  

4.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/15/1904 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 132/ШЗ2021/02113 дугаартай захирамж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШШ2019/00094 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хаан банк ХХК нь “Б” ХХК, түүний хууль ёсны төлөөлөөгч Б.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Ч нартай харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 70,000,000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр зээлийн ЗГ/15/1904 дугаартай гэрээ байгуулж, гэрээнд талууд  гарын үсэг зурсан ба мөн өдөр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө барьцаалсан ЗГ/15/1904 дугаартай барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр 10 нэр төрлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг барьцаалан, гэрээнд Ж.Ч, Б.Г, Б.Г*******, Х.Б, Г.Т нар гарын үсэг зуржээ.

4.2.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШШ2019/00094 дугаартай шийдвэрээр Б ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/15/1904 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 65,963,805 төгрөгийг гаргуулж, ХААН банкны Булган салбарт олгохоор шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Г******* нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж маргасан.

Барьцааны гэрээ нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу  гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй барьцаалагч буюу  үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрх бүхий гэрээ юм.

Б ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хамтран зээлдэгч Ж.Ч нар нь зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийг хангах  зорилгоор барьцааны гэрээг байгуулсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэвэл талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний шаардлага байхгүй тохиолдолд барьцааны эрх үүсэхгүй юм.

Тодруулбал шаардлагын үндэс болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болоогүй байхад барьцааны гэрээ мөн адил хүчин төгөлдөр байна.

Иймд  нэхэмжлэгч Б.Г*******гийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж шүүх үзсэн тул гарын үсгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй болно. /хх-ийн 51-70/

6.Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д барьцааны зүйлийг тохиролцжээ.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж, Үл хөдлөх эд  хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “барьцаалуулагч нь өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж, 9.2-т “барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна” гэж тус тус хуульчилсан. 

Барьцааны зүйл болох Булган аймгийн Орхон сумын* дугаар баг, О-ын булаг З-ийн булаг ХХК-ийн зүүн талд байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй, 64м2 талбайтай дүнзэн торх, ******** нэгж талбарын дугаартай, 709м2 талбайтай зуслангийн зориулалттай газрыг нэхэмжлэгч Б.Г*******гийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө бөгөөд түүний зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг барьцаалсан гэж маргаж байгаа хэдий ч дээрх барьцааны зүйлийн өмчлөгч нь Б.Г******* болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

7.Нэхэмжлэгч нь барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нараас шаарджээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.Г******* нь барьцаалуулсан эд хөрөнгө болох Булган аймгийн Орхон сумын * дугаар баг, О-ын булаг З-ийн булаг ХХК-ийн зүүн талд байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй, 64м2 талбайтай дүнзэн торх, ******* нэгж талбарын дугаартай, 709м2 талбайтай зуслангийн зориулалттай газрын өмчлөгч нь болохоо нотлох баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар шаардах эрхгүй байна.

   Иймд барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8.Хариуцагч тал  нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүлйийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлээ шүүхэд гаргасан гэжээ.

ХААН банк ХХК-ийн Булган салбар нь Б.Г, Ж.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 65,963,804 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ.

Зээлийн гэрээг талууд 84 сарын хугацаатай буюу 7 жилийн хугацаатай байгуулсан байна.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл зээлийн болон барьцааны гэрээг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 7 жилийн хугацаатай байгуулсан байгаа нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй байна.

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578,150 /таван зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар Хаан банк ХХК-ийн Булган салбарт холбогдох 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1907/ дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан Б.Г*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай Б.Г*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578,150 /таван зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН