Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 214/МА2023/00007

 

Б.Г*******гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Л.Ариунцэцэг  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2023/00026 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Г*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хаан банк” ХХК-ийн Булган салбарт холбогдох

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны гэрээгээр барьцаалсан Б.Г*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г*******гийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: “Б.Г******* би Булган аймгийн .. сумын ... дугаар баг, ........... ХХК-ийн зүүн талд хаягт байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй байшин, 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар .........., эрхийн улсын бүртгэлийн ..........., Булган аймгийн ........... сумын ......... дугаар баг .......... ХХК-ийн зүүн талд байршилтай, нэгж талбарын .......... дугаартай 709 м.кв талбайтай зуслангийн зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээний .......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч, эзэмшигч нь юм. Гэтэл 2015 оны 10 сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай Барьцааны гэрээнд дээрх хаягт байрлах миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьсан байна. Тухайн барьцааны гэрээ нь 2015 оны 10 сарын 29-ний ЗГ/15/1904 дугаартай Зээлийн гэрээтэй хамт хийгдсэн гэрээ ба тухайн зээлийн гэрээг миний ээж Ж.Ч*******, төрсөн ах Б.Г******* нар "Б*******" ХХК-ийн нэр дээр зээл авсныг сүүлд мэдсэн юм. Тухайн зээлийг авч миний үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавихдаа надаас ямар нэгэн итгэмжлэл аваагүй бөгөөд 2015 оны 10 сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай Барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. 2015 оны 10 сарын 29-ний өдрийн ЗГ/15/1904 дугаартай Зээлийн гэрээнд Хаан банкийг төлөөлж О.З*******, Зээлийн эдийн засагч Ч.Г*******, Б******* ХХК-ийг төлөөлж Ж.Ч*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Ч*******, Б.Г*******, 2015 оны 10 сарын 29-ны өдрийн БГ/15/1904 дугаартай Барьцааны гэрээнд Хаан банкийг төлөөлж О.З*******, Зээлийн эдийн засагч Ч.Г*******, барьцаалуулагч Ж.Ч*******, Б.Г*******, Х.Б*******, Г.Т, Б.Г******* нар гарын үсэг зурсан байх боловч Б.Г******* гэх нэрний гарын үсэг нь миний гарын үсэг биш. Энэ үйл явдлыг Б.Г******* би 2022 оны 7 дугаар сард мэдсэн. Миний зөвшөөрөлгүй эд хөрөнгө барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.  Банк болон Б******* компани, Ж.Ч*******, Б.Г*******, Б.Г******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээн дээр  өмчлөгчийн зөвшөөрөлгүй гэрээ хийсэн байх тул 2015 оын 10 дугаар сарын 29-ний өдрийн Хаан банк болон Б******* компани, Ж.Ч*******, Б.Г*******, Б.Г*******... нарын хооронд байгуулсан БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг барьцаагаар барьцаалсан эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэжээ.

2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хаан банктай байгуулсан БГ/15/1904 барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж байна.  Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Булган аймгийн ...... сумын ....... дугаар баг, ........... ХХК-ийн зүүн талд байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй, 64 м.кв талбайтай дүнзэн торх, .......... нэгж талбарын дугаартай, 709 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газартай маргах эрх бүхий этгээд нь Б.Г******* биш. Хэрэгт зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хавсаргасан байгаа. Гэрээнд Б.Г*******гийн хөрөнгө мөн гэсэн баримт байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болохыг тогтоосон гэрчилгээг хавсаргах байсан. Гэтэл зөвхөн банкны барьцааны гэрээг дангаар нь барьчихаад маргаж байгаа нь эндүүрэл. Энэ хөрөнгө минийх байна гэсэн нотлох баримтаа нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах саналтай байна. Барьцааны гэрээнд дээрх 2 эд хөрөнгөөс гадна Булган аймгийн ....... сумын ...... дугаар багийн ............ тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 28 м.кв талбайтай байшин, 60 хувийн гүйцэтгэлтэй дүнзэн байшин, Булган аймгийн ...... сумын ......... дугаар багийн нэгж талбарын дугаартай 736 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар,  “Ниссан тиана” суудлыг авто машин, Wifi антен гэж байгаа. Энэ нь Г*******гийн хөрөнгө биш. Эдгээр хөрөнгийг Б.Г*******гийн хөрөнгө гэдгийг нотолж чадахгүй байна. Нийтдээ 10 хөрөнгийг барьцаалсан. Яагаад барьцааны гэрээг бүхэлд нь хүчингүй болгоё гэж яриад байгааг ойлгохгүй байна. Бусад 8 хөрөнгө “Б*******” компанийн захирал Б.Г*******, Ж.Ч******* нарт байгаа. Шинжээчийн дүгнэлтээр Г*******гийн гарын үсэг биш гэж үзсэн ч шинжээчийн дүгнэлт дангаараа нотлох баримт болохгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж заасан.  2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан байна.  Нэхэмжлэлээ 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа нэхэмжлэл гаргасан байна.

Иймд маргааны зүйл болж байгаа хөрөнгө нь Б.Г*******гийн хөрөнгө гэдэг нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байхаас гадна барьцааны гэрээг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“  гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар Хаан банк ХХК-ийн Булган салбарт холбогдох 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1907/ дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан Б.Г*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай Б.Г*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578 150 /таван зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр нар давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэг. Булган аймгийн .... сумын ........ дугаар баг, ......... ХХК-ийн зүүн талд байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй, 64 м.кв талбайтай дүнзэн торх, ......... нэгж талбарын дугаартай, 709 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын өмчлөгч мөн болох тухайд:

1.1          Хавтас хэргийн 4 дүгээр талд авагдсан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааны Эд хөрөнгийн мэдээлэл хэсэгт Улсын бүртгэлийн дугаар ......., газрын нэгж талбарын дугаар ......., хаяг байршил Булган .... сум ....-р баг, Х гэх мэдээлэл авагдсан бөгөөд хавтас хэргийн 8 дугаар талд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай Барьцааны гэрээ авагдсан. Барьцааны гэрээний Хоёрдугаар зүйл. Барьцааны зүйл, барьцааны эрх хэсгийн 5 дахь хэсэгт: Булган аймгийн ...... сумын .... дугаар баг, ...... ХХК-ийн зүүн талд байршилтай 50 хувийн гүйцэтгэлтэй, 64 м.кв талбайтай дүнзэн торх, ......, 6 дахь хэсэгт: Булган аймгийн ....... сумын ... дугаар баг, ........ ХХК-ийн зүүн талд .......... нэгж талбарын дугаартай, 709 м.кв талбайтай зуслангийн зориулалттай гэж бичигдсэн байх бөгөөд Б.Г*******гийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа болон Барьцааны гэрээний мэдээлэл таарч байгаа тул Б.Г******* нь дээрх эд хөрөнгийг өмчлөгч мөн болох нь үүгээр тогтоогдож байна.

1.2          2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай Барьцааны гэрээний гэрээг байгуулсан талууд хэсэгт барьцаалагч талаас О.З*******, Ч.Г*******, барьцаалуулагч талаас Ж.Ч*******, Б.Г*******, Б.Г*******, Х.Б*******, Г.Т нарын нэр бичигдэж холбогдох хүмүүс гарын үсэг зурсан байна. Гэтэл тухайн Б.Г******* гэх хүний гарын үсгийг тухайн гэрээнд зуруулж байгаа нь барьцааны гэрээнд тухайн хүний эд хөрөнгө барьцаалуулсан байгаа нь эндээс харагдаж байгаа юм.

1.3          Түүнчлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь тухайн барьцаа хөрөнгийн өмчлөгч мөн эсэхээ тодорхойлоогүй, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй гэж тайлбар гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс асуулт хариултын явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М “...өмчлөлийг барьцаалахдаа хэний өмчлөлд байсныг шалгадаг уу гэсэн асуултанд “шалгадаг” гэж, Шалгасан бол С.Г*******гийн хөрөнгө байсан юм уу гэхэд “сайн мэдэхгүй байна” гэж, “10 хөрөнгийн аль аль нь хэний хөрөнгө болохыг мэдэх үү гэхэд “би сайн мэдэхгүй байна” гэж хариулсан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* хариуцагчийн төлөөлөгч Г.Мгөөс “банк барьцааны гэрээг байгуулахад өмчлөгчийн зөвшөөрлийг авдаг уу” гэхэд “Зөвшөөрлийг авдаг гэж, “Барьцааны гэрээг байгуулахад барьцаалж байгаа үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг банк хэний өмч болохыг мэдэж хэнээр зуруулахаа хэрхэн шийддэг вэ гэхэд “гэрчилгээгээр тодорхойлно” гэж, “маргаад байгаа 2 хөрөнгө Г*******гийн хөрөнгө байсныг банк хүлээн зөвшөөрч байна уу гэхэд “тэрийг би шууд хэлж мэдэхгүй байна” гэж тус тус хариулсан. /хх-ийн 135 дугаар хуудас/ Дээрх шүүх хуралдааны асуулт хариултаас харахад хариуцагч банк нь барьцааны гэрээг байгуулахдаа эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байгаа бөгөөд “Барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.7-д Барьцааны зүйлийн Улсын бүртгэлийн гэрчилгээг гэрээний үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хугацаанд өөрийн эзэмшилд хамгаална.” үүнтэй нь холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад дээрх баримт шаардлагатай тул хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд яагаад шийдвэрлэхгүй орхисон талаар шийдвэрт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно.

Хоёр. Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Тус шийдвэрийн 5 дахь хуудсанд: “...Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ”, Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэвэл талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний шаардлага байхгүй тохиолдолд барьцааны эрх үүсэхгүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь өмчлөгч болохоо нотлоогүй гэх үндэслэлээр татгалзсан бөгөөд маргаагүй татгалзалд дурдаагүй үндэслэлээр дүгнэлт хийсэн нь буруу. Гэтэл нэхэмжлэгч Б.Г******* нь Зээлийн гэрээний оролцогч биш учир тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргах боломжгүй юм. Харин барьцааны гэрээнд нэр нь бичигдсэн, түүний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, түүний гарын үсгийг хуурамчаар зурсан тул тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргах эрхтэй юм. Энэ утгаар Б.Г******* нь нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нь зээлийн гэрээ хүчинтэй байгаа учир барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл ойлголт. Хүний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахын тулд өөрөө тухайн гэрээний харилцаанд гарын үсэг зурах, эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр түүний үл хөдлөх эд хөрөнгийг бусдын барьцаанд тавих учиртай. Гэтэл хариуцагч “Хаан банк” ХХК нь Б.Г*******г өөрөөр нь гарын үсэг зуруулсан эсэх, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гарын үсэг зурсан эсэхийг нь няцааж чадаагүй бөгөөд ямар ч итгэмжлэлгүйгээр Б.Г*******гийн гарын үсгийг бусдаар зуруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон.

Гурав. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай Барьцааны гэрээний дагуу Б.Г*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ нь хариуцагч “Хаан банк” ХХК-д байгаа тул нэхэмжлэгч талаас гэрчилгээний хуулбарыг гаргаж өгөх боломжгүй юм.

Иймээс эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг гарган өгч өөрийн эд хөрөнгө мөн болохыг нотолсон боловч хариуцагч нь тухайн маргаан бүхий үл хөдлөх зд хөрөнгөний өмчлөгч, эзэмшигч мөн болохоо нотолж чадахгүй байна, шаардах эрхгүй юм гэх тайлбарыг шүүх хуралдааны үед гаргасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахыг даалгах хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нь өмгөөлөгчийн уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан. Түүнчлэн мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч ...38.9...шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, түүнчлэн хүсэлт шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хүсэлт нотлох баримт гаргах, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой үйлдэл юм.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж зохицуулсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авснаас хойш шүүхэд хариу тайлбар гаргаагүй бөгөөд мөн хуулийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэнэ” гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, уг нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хариуцагчийн төлөөлөгчид гардуулж, улмаар хариу тайлбар өгөх хуульд заасан хугацаа өнгөрсөн боловч хариуцагч талаас тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохдоо дээрх байдлаар тайлбар татгалзал гаргасан учир нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй болно.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд Мэтгэлцэх зарчмыг хуульчилсан бөгөөд 6.2-т “мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж, 6.3-т “зохигч, түүний төлөөлөгч өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 107 дугаар зүйлд зохигч оролцогч мэтгэлцэх талаар мөн зохицуулсан бөгөөд эдгээр зохицуулалтыг шүүх зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тав. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй тухайд: Хариуцагч “Хаан банк” ХХК нь тухайн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Г*******гийн гарын үсэг нь Барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг нь хэв шинж болон зурлагаараа өөр болох нь тогтоогдсон юм. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийг хэрхэн яаж үгүйсгэж, яагаад үнэлэхгүй байгаа талаараа шийдвэртэй тодорхой тусгаж өгөөгүй юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, зээгүй талаас нь үнэлнэ.”гэж заасан байхад иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг анхаарч үзэлгүйгээр үнэлэх боломжгүй гэсэн нь хэтэрхий хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг үнэгүйдүүлж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2023/00026 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. “ гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, татгалзалыг өөрөө нотлох үүрэгтэй. Уг үүргийн дагуу тухайн өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох үүрэгтэй, гэрчилгээний эх хувь Хаан банкинд байсан учир бид авч чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Тухайн өмчлөх эрхийн лавлагааг улсын бүртгэлийн байгууллагаас хуулбарлуулж авах эрх нь байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар хэргийн оролцогч өөрсдөө гаргаж авч чадахгүй баримтыг шүүхэд хүсэлт гаргаж шүүхийн журмаар гаргуулах боломжтой. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй. Гарын үсэгтэй холбоотой гарсан шинжээчийн дүгнэлтэд Хаан банк маргах зүйл байхгүй. Мөн шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх үүнийг хүлээж аваагүй хуулийг буруу тайлбарласан гэсэн тайлбарыг давж заалдах гомдолд дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Хэргийн оролцогч нарын хүсэлт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шинээр гаргах санал хүсэлт байгаа эсэхийг тодоруулахад байхгүй гэж хариулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Мөн түүнчлэн тухайн нотлох баримтыг өмнө нь гаргах боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариу тайлбараа өгөх өгөхгүй байх нь хэргийн оролцогч нарын эрхийн асуудал байгаа. Хэрэв хариу тайлбараа 14 хоногийн хугацаанд өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсэн заалтыг ярьж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан үндэслэл хамаарахгүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эхлээд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ барьцаа хөрөнгийг чөлөөлүүлнэ гэж нэмэгдүүлсэн. Барьцааны гэрээ нь зээлийн гэрээг дагалдаж явдаг дагавар гэрээ юм. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болж байж барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр болно. Тухайн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр болохдоо нийт 5 иргэний 10 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байдаг. Гэтэл Б.Г******* нь бусад этгээдээс зөвшөөрөл аваагүй байж барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гарган шаардах эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 94 дугаартай шийдвэрээр “Б*******” ХХК-г дампуурсанд тооцсон. Уг компанитай байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болно. Уг шүүхийн шийдвэр гарсанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зүйлд заасан гэрээний холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Үүнтэй холбоотойгоор гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч талаас 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Г******* “...2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээнд Б.Г******* гэж зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш, банк болон “Б*******” компани, Ж.Ч*******, Б.Г*******, Х.Б*******, Г.Т, Б.Г******* нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцааны гэрээгээр барьцаалсан Б.Г*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлнэ” гэж,

2а. Хариуцагч Хаан банк ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ...барьцаанд байгаа дүнзэн торх, газар нь Б.Г*******гийн хөрөнгө болохыг нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нотолж чадаагүй. Барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгэж талууд мэтгэлцжээ.

3. Анхан шатны шүүх зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болоогүй байхад барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн тул гарын үсгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

  4.  Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар 2015 оны 10 дугаар сарын 29ий өдөр ЗГ/15/1904 тоот зээлийн гэрээг Хаан банк ХХК нь Б******* ХХК, Ж.Ч*******, Б.Г******* нартай байгуулж, 70 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлж, мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээг “Б******* ХХК, Ж.Ч*******, Б.Г*******, Х.Б*******, Г.Т, Б.Г******* нартай байгуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Булган аймгийн ..... сумын .... дугаар баг ......... тоотод байрлах 128 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 600 м.кв талбайтай газар, Булган аймгийн .... сумын ... дугаар баг .......тоотод байрлах 60 хувийн гүйцэтгэлтэй, 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай дүнзэн торх, мөн хаягт байрлах 736 м.кв талбайтай газар, Булган аймгийн .......... сумын .... дугаар баг ........... ХХК-ний зүүн талд байрлах 50 хувийн гүйцэтгэлтэй, 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай дүнзэн торх, мөн хаягт байрлах 709 м.кв талбайтай газар, Ниссан тина /Nissan teana/ маркийн, 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд орж ирсэн суудлын автомашин, WiFi антеннаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. х 5-13 дүгээр тал/

5. Зохигчид зээлийн гэрээний талаар маргаагүй бөгөөд Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШШ2019/00094 дүгээр шийдвэрээр Б******* ХХК-г дампуурсанд тооцож, татан буулгаж зээлийн гэрээний нийт үүрэг 65 963 805 төгрөгийг гаргуулж, Хаан банкны Булган салбарт олгохоор шийдвэрлэсэн байдаг. /хх 112-129 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан тул зээлийн гэрээний үүргийн талаар талууд маргаагүй гэж үзнэ.

5а. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. гэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.4-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь барьцаалагчийн өмнө өөрийн биеэр үүрэг хүлээгээгүй бол өөрийн биеэр үүрэг хүлээсэн этгээдтэй нэгэн адил эрх эдлэх бөгөөд шаардлагыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах буюу түүний хэмжээг бууруулах талаар хүсэлт гаргах эрхтэй. гэж заасан тул нэхэмжлэгч Б.Г******* шаардах эрхтэй. Тодруулбал: хэрэгт нотлох баримтаар авагдсан барьцааны гэрээний барьцааны зүйлийн 5 дугаарт бичигдсэн Б.Г*******гийн өмчлөлийн 64 м.кв талбайтай хувийн сууцны талаарх лавлагаа нь түүнийг өмчлөгч мөн болохыг нотлож байх бөгөөд анхан шатны шүүхээс Б.Г*******г өмчлөгч мөн болохоо нотлоогүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Харин бусад барьцааны зүйлийн хувьд нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэх боломжгүй ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. /хх 4 дүгээр тал/

5б. 2015 оны 10 дугаар сарын 29ий өдөр Хаан банк ХХК-тай байгуулсан БГ/15/1904 дугаартай барьцааны гэрээнд нэхэмжлэгч Б.Г******* гарын үсэг зураагүй болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх 51-58 дугаар тал/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хуульчилсан. Нэхэмжлэгч Б.Г******* барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй болох нь шүүхээс томилсон эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон ба зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй боловч  Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. гэж заасан тул Б.Г*******гийн шаардлагаар барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл анхдагч хэлцлийн хувь заяатай буюу зээлийн гэрээтэй шууд хамааралтай барьцааны гэрээний хувьд түүний агуулга, оролцогч талууд, хүлээх үүрэг нь голлох ач холбогдолтой бөгөөд хэлцлийн нэг хэсэг хүчин төгөлдөр бусд тооцогдсон боловч тухайн хэлцлийн мөн чанарыг хангахуйц байвал хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөнөөр барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй гэж шүүх дүгнэсэн тул Б.Г*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

5в. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ. гэсэн нь үүргийн эрх зүйн шаардлагаас шалтгаалах эрх бөгөөд зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Салгаж үл болох эрх нь уг эрхийн үүсэж, өөрчлөгдөх, дуусгавар болгоход ямар нэгэн үүргийн эрх зүйн шаардлагаас шалтгаална гэж ойлгоно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан хуулийн зохицуулалт нь нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар шүүхийн эрх хэмжээ, түүний явуулах ажиллагаатай холбоотой тул ...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хүсэлт нотлох баримт гаргах, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжих бөгөөд шүүх зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй ба хүсэлт шийдвэрлэх шатанд хэргийн оролцогчдын хэн аль нь хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2023/00026 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 56 дугаар зүйлийн 56.1.8” гэсний дараа 61 дүгээр зүйлийн 61.1. гэж нэмж өөрчилөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 578 150 /таван зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

 

                                         ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

 

                                                                                     

                                                                                           Л.АРИУНЦЭЦЭГ