Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2023/00062

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн, С сум, 3 дугаар баг, Доод баянголд оршин байх, “Хас” ХХК /2796309/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00076/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******,

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г*******,

          Хариуцагч П.З*******,

         Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М*******,

         Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Э*******,

          Нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч “Хас” ХХК нь Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******д холбогдуулан Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Хас” ХХК нь иргэн Л.Бтэй 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Булган аймгийн С сум, * дугаар баг, Доод Б-д байрлах 28 га газрыг үр тарианы зориулалтаар харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн авсан байдаг. Ингэснээр 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Булган аймгийн С сумын Засаг даргын “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамж гарч, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ****** дугаартай гэрчилгээ олгогдсон. Гэтэл Булган аймгийн тойргийн нотариатч П.З******* нь тухайн газрын өмнөх эзэмшигч болох Л.Бийн 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ****** дугаартай газар эзэмших гэрчилгээг үндэслэн түүний охин Б.Мт өвлөх эрхийн гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон байна. Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Нотариатч баримт бичиг үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараах баримт бичгийг үндэслэнэ” гэж, 43.2.3-д “ Өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг”, мөн түүнчлэн “Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.9-т заасан өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээг нотлох баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгох, 8.2.11-д заасан өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсныг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгохоор заасан. Л.Бийн 2004 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0130597 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 15 жилийн хугацаатай байсан бөгөөд 2021 онд гэрээний хугацаа дууссан байсан. Нотариатч П.З******* нь хугацаа дууссан эсэхийг тодруулаагүй, эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байсан. Тухайн өвлүүлэгчийг хөрөнгө мөн эсэхийг нь шалгах шаардлагатай байсан. Нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Булган аймгийн С сумын Засаг дарга Ууг*******ын хуулбар үнэн гэсэн гэрчилгээг үндэслэж энэ өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байсан. Тухайн гэрчилгээ эх хувиараа байсан юм бол эх хувийг нотариат хуулбарлаж аваад түүн дээр тэмдэглэл үйлдэх шаардлагатай байсан.

Иймд дээрх байдлаар “Хас” ХХК-ийн эзэмшлийн газрыг иргэн Б.Мт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн байх тул Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00** дугаартай өвлөх  эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 3.Хариуцагч П.З*******  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00**дугаар өвлөх эрхийн гэрчилгээг Нотариатын тухай хууль болон холбогдох эрх зүйн актын дагуу өвлүүлэгч Лын Бийн өвлөгдөх хөрөнгийг хууль ёсны өвлөгч Бийн Мт олгосон. Өвлүүлэгч нь нас барах хүртэлээ хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан тухай Булган аймгийн С сумын ** дугаар багийн Засаг дарга А.Огийн ********* тоот өрхийн бүртгэлийн дэвтрийг үндэслэн олгосон ба 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолтоор Б.М хамт амьдарч байсан нь нотлогдож байна.

   Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар Б.М нь ****** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг Булган аймгийн С сумын Тамгын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч н.Ууг*******ын 2021 оны 11 сарын 01-ны өдрийн 110 тоот бүртгэлийн дугаарт бүртгэн гэрчилсэн хуулбарын хамт авч ирсэн. Нотариатын үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн улаан тамгатай хувийг авч хувийн хэрэгт хавсаргасан.

  Өвлүүлэгч Л.Бийн хууль ёсны өвлөгч болох эхнэр Д.А нь 2018 оны 02 сарын 01-ний өдөр нас барсан тухай 2021 оны 11 сарын 02-ны өдрийн УБЕГ-ын Нас барсны бүртгэлийн лавлагаа, хууль ёсны өвлөгч болох Б.Баттулга, Б.Б, Б.Б, Б.М******* нар нь өөрт ногдох хэсгийг өвлөхөөс татгалзаж, Б.Мт өвлүүлэх тухай хүсэлт, өвлөгч Бийн Мт өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №4933 дугаар МНТанхимын Өвийн нэгдсэн сангийн лавлагааны  хариуг тус тус үндэслэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох Б.Мт өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Эх гэрчилгээнээс хуулбар хувь авч үлдэх нь зөв. Гэхдээ энэ эх гэрчилгээтэй хамт нотариатаар баталсан хуулбарыг авч ирсэн. Энэ нь нотариатчаар гэрчлэгдсэн хувь учир эх хувийн нэг адил гэж үзнэ. Тийм болохоор би архивтаа улаан тамгатай хувийг авч үлдсэн. Газар эзэмших гэрчилгээ нь 2008 онд гарсан байна тэрнээс хойш газар эзэмших эрх тооллогддог.

  Иймд миний бие “Хас” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

   4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү болох Б.М нь аав Л.Бтэй нас барах хүртэл С сумын * дугаар багийн Баруун ****хэсэгт охиныхоо хамт амьдарч байсныг багийн дарга болон өрхийн бүртгэлийн дэвтэр, хүн амын тооллогын бүртгэлд он оноороо байгаа болно. Өвлөх эрхийн гэрчилгээг бүрдүүлэхэд С сумын Засаг даргын Тамгын газрын даргаас заавар зөвлөгөө авч хууль ёсны дагуу бүрдүүлэн, Булган аймгийн нотариатч П.З*******д хянуулж, Монголын нотариатын танхимын өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариутайгаар хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Өвлөх эрхийн гэрчилгээг авахад өөрийн төрсөн ах, эгч нар өвлөх эрхээсээ татгалзаж Б.Мт шилжүүлсэн. Манай аав Л.Б нь газар тариалангийн компанид ажиллаж байх хугацаанд газар тариалан эрхэлж байсан хүмүүст С сумын Тамгын газраас газар эзэмших эрхийг олгож байсан. Тухайн үед аавын нэр дээр 28 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Аав Л.Б маань 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Жилийн дараа эрх нээгдэх хугацаанд “Ковид-19” цар тахал гарч хөл хорионд орсон. Тиймээс 2021 онд өвлөх эрхийн гэрчилгээгээ нээлгэсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0086 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, “Хас” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн С сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар, “Хас” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

6.Хариуцагч нь хариу тайлбар болон 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай бүртгэлийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, 0086 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Б.Мийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Б.Мийн иргэний үнэмлэхний хуулбар, Л.Бийн нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, Б.Баттулга, Б.Б, Б.Б, Б.М******* нарын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Булган аймгийн С сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт,  Д.Бт 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдөр олгосон 0130597 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

          7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн тойрог болон Нотариатчдын танхимаас Бүртгэлийн дэвтрийн нүүр, бичилт хийсэн хэсгийн хамт, Цахим программын бүртгэлийн хуудас, Өвлөх эрхийн гэрчилгээ, Өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт, Өвлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар,  Эцэг Л.Б, эх Д.А нарын нас барсны гэрчилгээ болон лавлагаа, ах Б.Баттулгын өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар төрсний гэрчилгээний хуулбар, эгч Б.Бийн өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар төрсний гэрчилгээний хуулбар, ах Б.Бийн өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, эгч Б.М*******ийн өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт, иргэн үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Монголын Нотариатчдын танхимын дансанд өвийн лавлагааны 3000 төгрөг шилжүүлсэн баримт, Монголын Нотариатчдын танхимаас ирсэн лавлагааны хариу, өвлүүлэгчийн бүртгэлтэй оршин сууж байсан багийн Засаг даргын тодорхойлолт, өвлүүлэгчийн эзэмшлийн газрын гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг,

            8.Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр  Л.Бийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Булган аймгийн С сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар, Хас ХХК-ийн 3 дугаар багийн иргэдээс эрх шилжүүлж байгаа газрын хэмжээ, Хас ХХК-ийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, гэрч Г.Бын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

        2. Нэхэмжлэгч “Хас” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “тойргийн нотариатч нь Л.Бийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан байхад газрын эзэмшигч, өмчлөгч нь хэн болохыг тогтоогоогүй,  газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувийг үндэслэн Б.Мт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, нотариатын үйлдэл нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулна” гэжээ.

      3.Хариуцагч П.З******* нь “газар эзэмших эрхийн гэрчилгээ 2008 онд гарсан байсан, гэрчилгээ гарсан өдрөөс эзэмших эрх тоологддог, газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь болон Булган аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.Ууг*******ын гэрчилсэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот бүртгэлийн дугаарт бүртгэгдэж хуулбар үнэн тамга тэмдгээр баталгаажсан  гэрчилгээний хуулбарын хамт авч ирэхэд нь улаан тамгатай  хуулбар хувийг авч хувийн хэрэгт хийсэн. Гэрчилгээний эх хувийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгч болох Б.Мт олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.

            4.Гуравдагч этгээд Б.М нь “өвлөх эрхийн гэрчилгээг бүрдүүлэхэд С сумын Засаг даргын Тамгын газрын даргаас заавар зөвлөгөө авч хууль ёсны дагуу бүрдүүлэн, Булган аймгийн нотариатч П.З*******д хянуулж, Монголын нотариатын танхимын өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариутайгаар хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг авсан” гэжээ.

5.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0086 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, “Хас” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн С сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар, “Хас” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай бүртгэлийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, 0086 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Б.Мийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Б.Мийн иргэний үнэмлэхний хуулбар, Л.Бийн нас барсны гэрчилгээ, Д.Агийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Б, Б.Баттулга, Б.Б, Б.Б, Б.М******* нарын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан “өв хүлээн авахаас татгалзах тухай” хүсэлтүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Булган аймгийн С сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №4933 тоот МНТанхимын Өвийн нэгдсэн сангийн лавлагаа,  Д.Бийн ***** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,  Булган аймгийн С сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар, Хас ХХК-ийн * дугаар багийн иргэдээс эрх шилжүүлж байгаа газрын хэмжээ, Хас ХХК-ийн ****** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Л овогтой Б нь Булган аймгийн С сумын * дугаар баг, доод Баянгол гэх газар үр тарианы зориулалттай 28мкв газрыг эзэмшиж байсан нь тус сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугааргүй 28м2 хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай, үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрч Г.Бын “...Л.Б нь үр тарианы зориулалттай газар эзэмшиж байсныг мэднэ. 2004 онд С сумаас тариаланчдад газар хуваарилж өгч байсан. Ингэт толгой САА-д 20 жил ажилласан тариаланчид 30га, 10 жил ажилласан тариаланчид 20 га, 20-иос дээш ажилласан тариаланчид 50 га газрыг эзэмшүүлэхээр өгч байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 28, 128-132/

Газар эзэмшигч Л.Б нь охин Б.Мтэй Булган аймгийн С суманд оршин сууж байсан байх ба 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан болох нь 0000221606 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Булган аймгийн С сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 43, 50/

5.2.Л.Бийн Булган аймгийн С суманд байрлалтай газрыг түүнтэй хамт амьдарч байсан охин Б.М өвлөн авах хүсэлтийг Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******д 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргаж, 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 0086 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. /хх-ийн 20-28, 38-51/

5.3.Хас ХХК нь Л.Бийн эзэмшлийн 28.2мкв газрыг Булган аймгийн С сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 63020000715 дугаартай 56.4мкв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан байна. /хх-ийн 103-108/

6.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасан.

Сонирхогч этгээд гэдэг нь эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээдийг хэлэх ба “Хас” ХХК нь өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгдсөн   газрын эзэмших эрхийн гэрчилгээтэй тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардах эрхтэй байна.

            7.Нэхэмжлэгч нь Л.Бийг 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхтэй байсан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байхад нотариатч нь өвлүүлэгчийн эд хөрөнгө мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж маргасан. 

7.1.Газрын тухай хуулийн   27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан 0130597 дугаартай газар эзэмших гэрчилгээнээс үзвэл Булган аймгийн С сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай шийдвэрээр Л.Бт 28мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдөр олгосон байна.

Хуулийн зохицуулалтаас үзвэл газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр хуульчилсан байх бөгөөд Л.Бийн газар эзэмших эрх нь газар эзэмших гэрчилгээ олгосон өдрөөс эхэлж тооцогдохоор байна. Өөрөөр хэлбэл Л.Бийн газар эзэмших эрх 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүссэн, газар эзэмших эрхийг өв залгамжлагчид өвлүүлэх хугацаа дуусаагүй байсан гэж үзнэ.

7.2.Хариуцагч /нотариатч/ Б.З******* нь гуравдагч этгээд Б.Мийн өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг, Л.Бийн нас барсны гэрчилгээ, Д.Агийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Б.Баттулга Б.Б, Б.Б, Б.М******* нарын өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт, Булган аймгийн С сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №4933 тоот МНТанхимын Өвийн нэгдсэн сангийн лавлагаа, Газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудын хамт хүлээн авч өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

8.Түүнчлэн гуравдагч этгээд Б.М нь газар эзэмших эрхийн  талаар маргаан үүссэн, Хас ХХК-д газар шилжсэн болохыг мэдсэн атлаа энэ талаар нотариатчид мэдэгдээгүй, холбогдох нотлох баримтыг гаргаж ирүүлээгүйгээс нотариатч өвлөх эрхийг бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэлд нотариатчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

9.Иргэний хуулийн 518 дугаар зүйлд өв нээгдэх хугацаа, 528 дугаар зүйлд өв хүлээн авах хүлээн авахаас татгалзах журмыг хуульчилсан байна.

Л.Б 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан байх ба энэ өдрөөс өв нээгдсэн. Гуравдагч этгээд Б.М нь өвлүүлэгч Л.Бтэй хамт амьдарч байснаа нотолж Булган аймгийн С сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, зэргийг нотариатчид ирүүлсэн ба түүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ.

10.Гуравдагч этгээд нь Ковид-19 цар тахлын улмаас хөл хорионд орж өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг 2020 онд гаргаж чадаагүй гэж тайлбарласан. 

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсөний дараа олгохоор заасан. Гуравдагч этгээд Б.М нь 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг нотариатчид гаргасан байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Коронавируст халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, энэхүү шийдвэрийн дагуу бүх нийтийн хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий үйл явдал тул гуравдагч этгээд Б.М нь энэ үйл баримтын талаар нотлох үүрэггүйгээс гадна өв залгамжлалын гэрчилгээг олгох хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

11.Нэхэмжлэгч нь хариуцагчийг газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувийг үндэслэн Б.Мт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж тайлбарласан.   

Хариуцагч Б.З*******  “гуравдагч этгээд Б.М нь газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг Булган аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ууг*******ын гэрчилсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарын хамт авч ирсэн. Гэрчилгээний хуулбар хувийг хувийн хэрэгт авч үлдсэн” гэж маргасан.

Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ” гэж, 25 дугаар зүйлийн 25.3-т “Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4, 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна” гэж тус тус заасан.

Нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч нь нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

          Хариуцагч тал  хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн С сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Ш.Ууг*******аар гэрчлүүлж, нотариатын тэмдэг дарагдсан хуулбар хувийг өвлөгчийн хувийн хэрэгт хавсаргасан байсныг Булган аймгийн Орхон сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч н.Цагаанхүүгээр 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрчлүүлж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.

Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд нотариатын гэрчилсэн баримт бичгийг эх хувьтай адилтган үзнэ.

Иймд  тойргийн нотариатч П.З*******ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0086 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул “Хас” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,000 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг баримтлан хариуцагч /тойргийн нотариатч/ П.З*******д холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Хас” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН