Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 214/МА2023/00012

 

                                         Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 132/ШШ2023/00062 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******д холбогдох,

Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0086 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр, хариуцагч П.З*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* /цахимаар/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Энхтуяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “Х*******” ХХК-ийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: “Х*******” ХХК нь иргэн Л.Б*******тэй 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Булган аймгийн С******* сум, ... дугаар баг, доод Баянголд байрлах 28 га газрыг үр тарианы зориулалтаар харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн авсан байдаг. Ингэснээр 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Булган аймгийн С******* сумын Засаг даргын “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамж гарч, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0295101 дугаартай гэрчилгээ олгогдсон. Гэтэл Булган аймгийн тойргийн нотариатч П.З******* нь тухайн газрын өмнөх эзэмшигч болох Л.Б*******ийн 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ........ дугаартай газар эзэмших гэрчилгээг үндэслэн түүний охин Б.М*******т өвлөх эрхийн гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон байна. Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Нотариатч баримт бичиг үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараах баримт бичгийг үндэслэнэ” гэж, 43.2.3-д “Өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг”, мөн түүнчлэн “Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.9-т заасан өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээг нотлох баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгох, 8.2.11-д заасан өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсныг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгохоор заасан. Л.Б*******ийн 2004 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ........ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 15 жилийн хугацаатай байсан бөгөөд 2021 онд гэрээний хугацаа дууссан байсан. Нотариатч П.З******* нь хугацаа дууссан эсэхийг тодруулаагүй, эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байсан. Тухайн өвлүүлэгчийн хөрөнгө мөн эсэхийг нь шалгах шаардлагатай байсан. Нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Булган аймгийн С******* сумын Засаг дарга У*******ын хуулбар үнэн гэсэн гэрчилгээг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байсан. Тухайн гэрчилгээ эх хувиараа байсан юм бол эх хувийг нотариатч хуулбарлаж аваад түүн дээр тэмдэглэл үйлдэх шаардлагатай байсан.

Иймд дээрх байдлаар “Х*******” ХХК-ийн эзэмшлийн газрыг иргэн Б.М*******т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн байх тул Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ..... дугаартай өвлөх  эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П.З*******  анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0086 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг Нотариатын тухай хууль болон холбогдох эрх зүйн актын дагуу өвлүүлэгч Л*******ын Б*******ийн өвлөгдөх хөрөнгийн хууль ёсны өвлөгч Б*******ийн М*******т олгосон. Өвлүүлэгч нь нас барах хүртлээ хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан тухай Булган аймгийн С******* сумын ...... дугаар багийн Засаг дарга А.О*******гийн ....... тоот өрхийн бүртгэлийн дэвтрийг үндэслэн олгосон ба 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолтоор Б.М******* хамт амьдарч байсан нь нотлогдож байна.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар Б.М******* нь ....... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг Булган аймгийн С******* сумын Тамгын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч н.У*******ын 2021 оны 11 сарын 01-ны өдрийн .... тоот бүртгэлийн дугаарт бүртгэн гэрчилсэн хуулбарын хамт авч ирсэн. Нотариатын үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн улаан тамгатай хувийг авч хувийн хэрэгт хавсаргасан. Өвлүүлэгч Л.Б*******ийн хууль ёсны өвлөгч болох эхнэр Д.А нь 2018 оны 02 сарын 01-ний өдөр нас барсан тухай 2021 оны 11 сарын 02-ны өдрийн УБЕГ-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, хууль ёсны өвлөгч болох Б.Б, Б.Б, Б.Б, Б.М******* нар нь өөрт ногдох хэсгийг өвлөхөөс татгалзаж, Б.М*******т өвлүүлэх тухай хүсэлт, өвлөгч Б*******ийн М*******т өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...... дугаар МНТанхимын Өвийн нэгдсэн сангийн лавлагааны  хариуг тус тус үндэслэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох Б.М*******т өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Эх гэрчилгээнээс хуулбар хувь авч үлдэх нь зөв. Гэхдээ энэ эх гэрчилгээтэй хамт нотариатаар баталсан хуулбарыг авч ирсэн. Энэ нь нотариатчаар гэрчлэгдсэн хувь учир эх хувийн нэг адил гэж үзнэ. Тийм болохоор би архивтаа улаан тамгатай хувийг авч үлдсэн. Газар эзэмших гэрчилгээ нь 2008 онд гарсан байна тэрнээс хойш газар эзэмших эрх тооллогддог. Иймд миний бие “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

   3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү болох Б.М******* нь аав Л.Б*******тэй нас барах хүртэл С******* сумын ... дугаар багийн Баруун дэнж хэсэгт охиныхоо хамт амьдарч байсныг багийн дарга болон өрхийн бүртгэлийн дэвтэр, хүн амын тооллогын бүртгэлд он оноороо байгаа болно. Өвлөх эрхийн гэрчилгээг бүрдүүлэхэд С******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаас заавар зөвлөгөө авч хууль ёсны дагуу бүрдүүлэн, Булган аймгийн нотариатч П.З*******д хянуулж, Монголын нотариатын танхимын өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариутайгаар хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Өвлөх эрхийн гэрчилгээг авахад өөрийн төрсөн ах, эгч нар өвлөх эрхээсээ татгалзаж Б.М*******т шилжүүлсэн. Манай аав Л.Б******* нь газар тариалангийн компанид ажиллаж байх хугацаанд газар тариалан эрхэлж байсан хүмүүст С******* сумын Тамгын газраас газар эзэмших эрхийг олгож байсан. Тухайн үед аавын нэр дээр 28 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Аав Л.Б******* маань 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Жилийн дараа эрх нээгдэх хугацаанд “Ковид-19” цар тахал гарч хөл хорионд орсон. Тиймээс 2021 онд өвлөх эрхийн гэрчилгээгээ нээлгэсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг баримтлан хариуцагч /тойргийн нотариатч/ П.З*******д холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0086 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Хариуцагч П.З******* нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон Л.Б*******ийн 0130597 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г Булган аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газрын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Ш.У*******ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот бүртгэлийн дугаарт бүртгэн гэрчилсэн хуулбар хувийн хамт авч ирсэн, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн улаан тамгатай хувийг авч хувийн хэрэгт хавсаргасан. Эх гэрчилгээнээс хуулбар хувь авч үлдэх нь зөв. Гэхдээ энэ эх гэрчилгээтэй хамт нотариатаар баталсан хуулбарыг авч ирсэн...” гэх тайлбар нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Гуравдагч этгээд Б.М******* нь Булган аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газрын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Ш.У*******аар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулбарлуулж, ........ дугаартай хуулбар хувийг эх хувийн хамт авч хариуцагч нотариатч П.З*******д очсон гэж тайлбарладаг боловч уг тайлбар нь бодит байдалд нийцэхгүй, худал тайлбар бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн нөхцөл байдал, асуулт хариултаар тогтоогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх” гэж зааснаар хариуцагчид хуулиар олгогдсон үүрэг юм.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргасан, мөн хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн холбогдох нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргаж үүнтэй холбоотой ажиллагааг шүүхээс хийсэн. Ингэхдээ тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1464 дугаартай шүүгчийн захирамжаар “Б.М*******ийн нэхэмжлэлтэй Х******* ХХК-д холбогдох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг түдгэлзүүлсэн байгаа. Уг хэрэгт шүүгчийн захирамжаар Булган аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газраас нотлох баримтаар гаргуулан авсан баримт буюу иргэн Л.Б*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан. Уг нотлох баримт буюу Л.Б*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Булган аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газарт эх хувиараа хадгалагдаж байсан бөгөөд шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулахад эхээс нь хуулбарлаж хүргүүлсэн болох нь харагддаг ба уг баримтад Булган аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газрын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Ш.У*******ын хуулбар хувь гэрчилсэнтэй адил өөр бусад дардас тэмдэглэгээ байхгүй эх хувиас шууд хуулбарлан ирүүлсэн болох нь тодорхой харагддаг. Мөн түүнчлэн тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1556 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч П.З*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж, Булган аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, С******* сумын Засаг даргын тамгын газраас холбогдох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Уг захирамжийн дагуу Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01/640 тоот албан бичгээр нийт 9 хуудас 2022 оны 7 сарын 27-ны өдрийн С******* сумын Засаг даргын тамгын газар, хуулбар үнэн гэх дардас бүхий баримтууд ирсэн бөгөөд эдгээр баримтад мөн иргэн Л.Б*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь эх хувиас хуулбарлагдан ирсэн ба эх хувь нь Булган аймгийн С******* сумын архивт хадгалагдаж байгаа нь тогтоогдсон.

Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 28 дугаар зүйлд төрийн архивын сан хөмрөг бүрдүүлэх талаар зохицуулсан бөгөөд 28.10-т “Төрийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтыг шашны байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хуулийн этгээд, хувь хүнд шилжүүлэхийг хориглоно” гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлд Архивын баримтын албан хадгалалт, хамгаалалтын талаар зохицуулсан бөгөөд 29.8-д “Архивт хадгалагдаж байгаа эх баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, шүүхийн шинжилгээнд зориулан илгээх болон энэ хуулийн 5.2.5-д зааснаас бусад тохиолдолд архивын байрнаас гаргахыг хориглоно” гэж заасан ба архивын баримтын эх хувийг архивын байгууллагаас гаргахыг хориглосон байдаг.

Тэгэхээр иргэн Л.Б*******ийн ......... дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Булган аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газарт эх хувиар хадгалагдаж байгаа бөгөөд уг гэрчилгээ нь иргэн Б.М*******т олгогдоогүй, иргэн Б.М******* нь уг гэрчилгээг эх хувиар нь нотариатч П.З*******д авч очоогүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нотариатч П.З*******ын өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон гэрчилгээ нь хуулбар хувь байснаар дээрх үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч нотариатч П.З*******, гуравдагч этгээд нарын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувийг хуулбар хувийн хамт С******* сумын Засаг даргын тамгын газраас авч нотариатад очсон” гэх дан ганц тайлбарыг үндэслэж, “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон үйлдэл нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг үнэлэх талаар зохицуулсан бөгөөд 40.1 -д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай дээрх дүгнэлт нийцэхгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримт нь хариуцагч нь иргэн Л.Б*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувийг хуулбар хувьтай тулгалгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийсэн, уг гэрчилгээний эх хувь нь Булган аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт болон хариуцагч, гуравдагч этгээдийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэхэд дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг Булган аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газраас эхээс нь хуулбар үнэн дардас дарж шүүхэд ирүүлсэн зэрэг баримтаар нэхэмжлэгчийн тайлбар нотлогддог. Эсрэгээрээ хариуцагч нь дээрх гэрчилгээний эх хувийг хуулбар хувийн хамт ирүүлсэн гэж тайлбарлаж, Булган аймгийн С******* сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Ш.У*******ын хуулбар гэрчилсэн дардастай хувийг хувийн хэрэгт авч үлдсэн гэж тайлбарладаг хэдий ч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь харагдаж байгаа бөгөөд хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлох үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэг биш юм.

Мөн түүнчлэн гуравдагч этгээд Б.М******* нь дээрх гэрчилгээг Булган аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газраас эх хувиар нь авч хариуцагч нотариатч П.З*******д очиж өвлөх эрхийн гэрчилгээг авсан гэх тайлбар нь мөн адил өөр бусад баримтаар тогтоогдоогүй болно. Үнэхээр Булган аймгийн С******* сумын архиваас дээрх ....... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргасан бол “Хэн хэзээ хүсэлт гаргаж, холбогдох ямар албан тушаалтны шийдвэрээр архивын баримтын эх хувийг архиваас гаргаж, нотариатчид очиж хуулбарлуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа ба нотариатч нь гэрчилгээний эх хувь нь ирсэн бол яагаад хуулбар хувийг гэрчилж авч үлдсэн зэрэг нөхцөл байдал нь өөрөө хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзлын үндэслэл нь өөр бусад баримтаар тогтоогдохгүй буюу худал тайлбар болох нь тодорхойлогдож байна.

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т “Нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль журам, гэрээнд зааснаар ашиглах, 21.2.2-т “Нотариатчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж мэргэжлийн нууцыг хадгалах, 21.2.5-д “Нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах, 21.2.8-д “Гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх, 21.3.2-т “Баримт бичгийг эх хувьтай нь тулгахгүйгээр гэрчлэх зэрэг хуульчилсан.

Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т “Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд үйлдэл хийнэ, 2.14-т “Нотариатын үйлдэл хийх үед үйлчлүүлэгч хууль зөрчсөн нь илэрвэл нотариатч нь үйлдлийг зогсоож энэ тухай холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Түүнчлэн нотариатаар гэрчлүүлэх баримт бичгийн жинхэнэ эх баримт мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа, хуулбар авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлан итгэмжлүүлэхээр эрх бүхий байгууллагад хүргүүлнэ” 8 дугаар зүйлийн 8.2.9-д “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, 8.2.11-д “Өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/, 8.2.14-т “Холбогдох бусад баримт бичиг лавлагаа зэргээр нотариатын үйлдэл хийх зааварт тогтоосон. Өөрөөр хэлбэл нотариатч П.З******* нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар, Нотариатчийн ёс зүйн дүрэмд заасан баримт бичгийг эх хувьтай нь тулгахгүйгээр үйлдэл хийхийг хориглох, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байхад уг хугацаа сунгагдсан эсэх, өвлөгдөх эд хөрөнгө нь өвлүүлэгчийн хөрөнгө мөн эсэхийг нарийвчлан шалгах хууль болон журмаар хүлээсэн дээрх үүргүүдээ биелүүлээгүй болох нь харагдаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт “нэхэмжлэгч нь хариуцагчийг газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувийг үндэслэн Б.М*******т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж тайлбарласан. Хариуцагч П.З******* “гуравдагч этгээд Б.М******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг Булган аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.У*******ын гэрчилсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарын хамт авч ирсэн. Гэрчилгээний хуулбар хувийг хэрэгт авч үлдсэн гэж маргасан. Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “Сумын засаг даргын тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ” гэж, 25 дугаар зүйлийн 25.3-т “энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4,25.1.11,25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна” гэж тус тус заасан. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хариуцагч тал хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн С******* сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Ш.У*******аар гэрчлүүлж, нотариатын тэмдэг дарагдсан хуулбар хувийг өвлөгчийн хувийн хэрэгт хавсаргасан байсныг Булган аймгийн Орхон сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч н.Цгээр 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрчлүүлж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна. Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд нотариатын гэрчилсэн баримт бичгийг эх хувьтай адилтган үзнэ. Иймд тойргийн нотариатч П.З*******ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ......... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ” гэх дүгнэлт нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй болсон.

Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөнд тооцохоор Улсын дээд шүүхийн “Шүүхийн шийдвэрийн тухай” тогтоолд дурдсан. Гэтэл дээрх үндэслэх хэсгийн 11 дэх хэсгийн “....Хариуцагч тал хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн С******* сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Ш.У*******аар гэрчлүүлж, нотариатын тэмдэг дарагдсан хуулбар хувийг өвлөгчийн хувийн хэрэгт хавсаргасан байсныг Булган аймгийн ...... сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч н.Цгээр 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрчлүүлж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна. Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд нотариатын гэрчилсэн баримт бичгийг эх хувьтай адилтган үзнэ. Иймд тойргийн нотариатч П.З*******ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх дүгнэлт нь ойлгомжгүй буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Чухам ямар үндэслэлээр “...Булган аймгийн Орхон сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч н.Цгээр 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрчлүүлж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн...” гэх дүгнэлт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон нь ойлгомжгүй байна.

Дээрх Булган аймгийн ........ сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч н.Цгээр 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрчлүүлж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн гэх баримт нь хариуцагч П.З******* нь өөрийн шүүхэд гаргасан хариу тайлбартай холбогдуулан дээрх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэлтэй холбоотой баримтыг өөр нотариатчаар батлуулан ирүүлсэн хувь юм. Учир нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд нотариатын үйлдэл хийхээс татгалзах талаар зохицуулсан бөгөөд хариуцагч Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******д хариуцагдах иргэний хэрэгт өөрийн бүрдүүлэх баримтыг өөрөө гэрчилж болохгүй болох нь мөн зүйлийн 31.1.2-т заасан “өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал” гэх заалтад нийцүүлэн өөр тойргийн нотариатчаар гэрчлүүлэн хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн баримт. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан үндэслэл мөн хамаарна гэж ойлгож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх үйл баримттай холбоотой нотлох баримтыг хэрхэн үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 132/ШШ2023/00062 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан өөрчлөлтийг орлуулж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолтой санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгч танилцуулахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг хангаагүй. Газрын гэрчилгээг эх хувь, хуулбар хувиар ирүүлсэн үү гэдгээ нотолж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийн захирамжлах хэсгийн 2.2-т Булган аймгийн С******* сумын Засаг даргын Тамгын газраас Б*******ийн нэр дээр олгогдсон 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ....... дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, “Х*******” ХХК-ийн нэр дээр олгогдсон гэрчилгээ болон захирамжийг эх хувиар нь авна гэсэн байдаг. Гэтэл энэ захирамжийн биелэлт хангагдаагүй байгаа нь шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн. Учир нь эх хувиар нь ирсэн гээд яриад байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудад эх хувь нь хаана хадгалагдаж байгаа нь тодорхой биш байдаг. Эх хувиар нь Булган аймгийн Засаг даргаас юм уу, Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууллагын газраас авъя гэтэл дандаа хуулбар хувиар ирээд байна.  Эх хувь нь Булган аймгийн Засаг даргад байгаа юу гэдэг нь тодорхой биш байна. Уг захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил үүссэн гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна“ гэв.

7. Хариуцагч П.З******* тайлбартаа: “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон ч гэлээ Б******* талийгч хугацаагаа дуусахаас өмнө нас барсан. Нас барсан тул өөрөө хугацаагаа сунгуулах хүсэлт гаргах боломжгүй. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өвлөгч М******* хүсэлт гаргах гэсэн боловч тухайн үед ковидын улмаас хөл хориотой байсан. Иргэний хуульд зааснаар нас барсан хүнийг нас барснаас хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгогдохоор хуульчилсан. Уг хугацааг харгалзан 2021 онд өв нээгдсэн. Өв нээлгэхдээ иргэн М******* газрын гэрчилгээний эх хувийг хуулбар үнэн гэж баталсан хуулбарын хамт авч ирсэн. Тиймээс улаан тамгатай хувийг өвлөх эрхийн гэчилгээнд хавсарган архивт авч үлдэж, эх хувийг нь М*******т очих өвлөх эрхийн гэрчилгээтэй хамт хавсаргаад өгөөд явуулсан“ гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь нотариатч үйлдэл хийхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хийх ёстой. Булган аймгийн С******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга, ...... сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар болох У*******, Ц нар нь нотариатын үүргийг гүйцэтгэх эрх, үүрэгтэй субъект юм. Эдгээр хүмүүс хуульд заасан үндэслэл журмын дагуу нотариатын үйлчилгээ хийж ирүүлсэн. Энэ үндэслэлээр нотариатч эх хувь холбогдох нотариатаар батлагдсан хувийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Ийм учраас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Нөгөө талаасаа газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болсон гэж байна. Газар эзэмших эрхийн хугацаа дууссан байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэдэг байдлаар ярьдаг. Гэтэл газар эзэмших эрх бусдад шилжүүлсэн үйлдэл нь өөрөө хууль бус. Үүнийг тогтоолгохоор гуравдагч этгээдээс Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийн байдлаар хэргийг түдгэлзүүлсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас авч үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ Б*******өөр гарын үсэг зуруулаагүй. Шилжүүлэх гэрээ гэдэг зүйлд бичигдсэн бичвэр нь нэг хүний бичвэр байдаг. Ийм нөхцөл байдал тогтоогдсон. Иймд гарын үсэг үнэн зөв эсэхийг шинжээчээр шинжилгээ хийлгэх гэсэн боловч зохих нөхцөл шаардлага хангаагүй гэдэг байдлаар хийгдээгүй байна. Энэ нөхцөл байдлуудаас харахад мөн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд газар эзэмших  эрхийн гэрчилгээг олгосноор тухайн гэрчилгээг эзэмших эрх үүснэ гэж хуульд тодорхой заасан. Энэ хугацаа 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байсан учраас тухайн өвлөх эрх нээлгэх үед газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоогүй байсан. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан болохыг тогтоож өгнө үү“ гэв.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******: “Тайлбар байхгүй” гэв.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Энхтуяа тайлбартаа: “”Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзсэн. Яагаад гэвэл  Булган аймгийн С******* сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаар шийдвэртэй, 28 метр квадрат үр тарианы зориулалттай эзэмшүүлэхээр Б*******т олгосон гэрчилгээ байдаг. Энэ газар нь хууль бусаар “Х*******” ХХК-ийн эзэмшилд шилжсэн. Б******* нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. 2020 оны 4 дүгээр сард ковид цар тахал эхэлсэн. Орон даяар зорчих боломжгүй нөхцөл байдалтай байсан. Тэгээд өвлөх хүсэлтээ гаргасан. Б******* гуай нас барах үед газар эзэмших эрхийн гэрчилгээний 15 жилийн хугацаа дуусаагүй байсан. 15 жилийн хугацаа нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дуусах байсан. Нэхэмжлэгч тал газар эзэмших эрхийн хугацаа дууссан байсан гэж удаа дараа тайлбар гаргаад байдаг. Ингээд өв залгамжлах хүсэлтээ нотариатчид гаргаад газар нь “Х*******” ХХК-д шилжсэн гэдгийг мэдээд Булган аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид нар Орхон аймгаас шүүх хуралд хоцорч ирэхэд шүүгч нэхэмжлэлийг буцаасан. Ингээд шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Энэ хооронд “Х*******” ХХК нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаад өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Тухайн үед нотариатч Нотариатын тухай хуульд зааснаар нас барсан Б******* гэдэг хүнийг хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан нь тодорхойгүй байхад өв залгамжлалыг тогтоосон. Улсын бүртгэлийн дэвтрийн он, оноор нь шүүхэд гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн дэвтэрт гуравдагч этгээд М******* охин, талийгч аавтайгаа хамт амьдарч байсан гэдгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хоёрдугаарт Б*******ийн нэр дээр байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийн талаар байнга яригддаг. Хавтаст хэргийн 109-147 дугаар талд авагдсан. Бид бүхэн газрын албанаас М гэдэг хүнээс аавынхаа гэрчилгээний эх хувийг аваад Тамгын газрын дарга У*******аар нотариатаар батлуулаад эх хувьтай нь хамт авч очсон. Тэгээд буцаагаад Мт өгсөн. Бид нар гэрчилгээний эх хувийг гаргуулъя гэж Булган аймгийн С******* сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт тавихад хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан нотлох баримт ирсэн. Булган аймгийн С******* сумын архивт байж байх ёстой Б*******ийн гэрчилгээ, гэрээний эх хувиуд Мт хадгалагдаад яваад байсан байна. Ийм тайлбарыг ирүүлсэн байдаг. Гэтэл эх хувь байхгүй байна гээд байгаа. Ийм тайлбар шүүхэд нотлох баримтаар ирсэн. “Х*******” ХХК, Булган аймгийн С******* сум хоёрын хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бид нар хүсэлтүүд гаргасан.  Гэрээн дээр бичигдсэн гарын үсэг бол манай аавын гарын үсэг биш. Манай аав маш болхи бичдэг, бичиг үсгийн соёл муутай. Б******* “Х*******” ХХК-ийн хооронд хийсэн гэрээн дээр зурагдсан гарын үсэг нь гаргацтай, гарын үсгийн соёл сайтай зурагдсан байна. Ингээд аавтайгаа холбоотой банкны зээлийн гэрээ, Эрдэнэс таван толгойн хувьцаа авч байсан баримт, ой хээрийн түймэртэй холбоотой нөхөрлөлийн дүрэм, гарын үсэгтэй банкны баримтуудыг нотлох баримтаар гарган өгч шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Зарим баримтын эх хувиуд шаардлага хангахгүй байна гэсэн. Бид нар эх хувиудаа дахин гаргаж өгч хүсэлт гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг хангахгүйгээр, захирамжийн биелэлтийг хангахгүйгээр шийдсэн. Гарын үсэгтэй холбоотой маргааныг иргэний журмаар нэхэмжлэл гаргаад явж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийсэн. Нотариатын үйлдэл хийсэн Ц, С******* сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч У*******, нотариат З******* нарын үйлдэл нь Нотариатын  тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нотариатын баримт бичиг мөн. Бид нар М гэдэг хүнд Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Одоо шалгагдаад явж байгаа. Яагаад гэвэл аймгийн архивт байх ёстой иргэд, хуулийн этгээдийн бичиг баримт байх ёстой газраа байхгүй байна. Эзэнд нь мэдэгдэхгүйгээр, түүний эзэмших эрх нь дуусгавар болоогүй байхад хууль бусаар шилжүүлсэн үйлдэлд гомдол гаргасан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна“ гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Х*******” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нар “... хариуцагч нотариатч нь Л.Б*******ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан байхад газрын эзэмшигч, өмчлөгч нь хэн болохыг тогтоогоогүй,  газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувийг үндэслэн Б.М*******т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх заавар, Архивын тухай хуулийг зөрчсөн тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулна”,  иргэн Л.Б*******тэй 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 28 га газрыг шилжүүлэн авсан ба Булган аймгийн С******* сумын 3 дугаар баг доод Баянголд байрлах, .......... нэгж талбарын дугаартай, 56.4 га, үр тарианы зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаартай шийдвэрээр эзэмшдэг. Гэтэл өмнөх эзэмшигч Л.Б*******ийн газар эзэмших гэрчилгээг үндэслэн түүний охин Б.М*******т өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгосон тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж,

2а. Хариуцагч П.З******* “...газар эзэмших эрхийн гэрчилгээ 2008 онд гарсан байсан, гэрчилгээ гарсан өдрөөс эзэмших эрх тоологддог, газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь болон Булган аймгийн С******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.У*******ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот бүртгэлийн дугаарт бүртгэгдэж хуулбар үнэн тамга тэмдгээр баталгаажсан  гэрчилгээний хуулбарын хамт авч ирэхэд нь улаан тамгатай  хуулбар хувийг авч хувийн хэрэгт хийсэн. Гэрчилгээний эх хувийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгч болох Б.М*******т олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

            2б. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нар “...өвлөх эрхийн гэрчилгээг бүрдүүлэхэд С******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаас заавар зөвлөгөө авч хууль ёсны дагуу бүрдүүлэн, Булган аймгийн нотариатч П.З*******д хянуулж, Монголын нотариатын танхимын өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариутайгаар хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг авсан” гэж тус тус маргасан.

3. Анхан шатны шүүх ...газар эзэмшигч Л.Б*******ийн төрсөн охин Б.М*******т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй, газар эзэмших эрхийн талаар маргаантай байгаа талаар нотариатчид мэдэгдээгүй, холбогдох баримтыг ирүүлээгүйгээс нотариатч өвлөх эрхийг бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэлд нотариатчийг буруутгах үндэслэл болохгүй, нотариатч төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд нотариатын гэрчилсэн баримт бичгийг эх хувьтай адилтгаж үзнэ гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

4. Иргэн Л.Б*******т Булган аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт үр тарианы зориулалтаар 28 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 52 тоот шийдвэрээр ......... дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдөр олгосон бөгөөд Л.Б******* 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан тул түүний төрсөн охин Б.М******* өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлтийг Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******д 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан. Нотариатч П.З******* Б.М*******ийг нас барагч Л.Б*******ийн хууль ёсны өвлөгч мөн тул бусад өвлөгч нарын өвлөх эрхээс татгалзсан хүсэлт, нас барсны лавлагаа, эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад баримтуудад үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ....... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.гэж заасны дагуу олгосон байна.

5. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-д “Энэ хуулийн 31.1.-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасан бөгөөд эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа “Х*******” ХХК нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардах эрхтэй байна.

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 518 дугаар зүйл Өв нээгдэх үе, 528 дугаар зүйл Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам”-д зааснаар гуравдагч этгээд Б.М*******ийг хууль ёсны өвлөгч, өвийг хүлээн авсан, Ковед-19 цар тахалын улмаас хөл хорионд байсан тул 2020 онд хүсэлтээ гаргаж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүсэлт гаргасныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж хуулийг зөв тайлбарлан дүгнэсэн байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан хэргийн оролцогчдийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6а. Хэргийн үйл баримт, талуудын тайлбараас 0130597 дугаартай Л.Б*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа болон эх хувийг нотариатад авчирсан эсэхэд зохигчид маргасан.

7. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.-т Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно. гэж заасан ба Л.Б*******т олгосон газар эзэмших эрхийн хугацаа өв залгамжлагч Б.М*******ийг өв хүлээн авах хүсэлт гаргах үед дууссан байсныг,

7а. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэж заасан бөгөөд Л.Б*******т олгосон газрын гэрчилгээнд нэгж талбарын дугааргүй байхад холбогдох байгууллагаас лавлагаа авах, цахим санг ашиглах, баримт бичгийг хянаж нягтлах үүргээ нотариатч хэрэгжүүлээгүй гэж үзнэ.   

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2.-т “нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах;” нь нотариатчийн эрх бөгөөд мөн хуулийн 21.2.5.-д “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах;” нь үүрэг байдаг.

8. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1.-д “нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх;” нь үйлчлүүлэгчийн үүрэг бөгөөд гуравдагч этгээд Б.М******* газар эзэмших эрхийн хувьд маргаантай байгаа талаар нотариатчид мэдэгдэх үүрэгтэй байсан.

Тодруулбал: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...2021 онд М******* эрхээ нээлгэхээр С******* суманд очиж газрын даамалтай уулзахад Х******* руу шилжсэн байна гэж байсан гэх мэдүүлгээр тухайн газар эзэмших эрх маргаантай болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх-237 тал/

9. Б.М*******ийн нэхэмжлэлтэй Х******* ХХК-д холбогдох газрын эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг тус анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн талаар зохигчид тайлбарлаж, энэ талаар маргаагүй. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1.-д “нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх;” нь нотариатын чиг үүрэг байх тул маргаантай байгаа эрхийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нотариатын үйлдэлийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М*******ийн хувьд газар эзэмших эрхийн маргаанаа эцэслэн шийдвэрлэсний дараа Л.Б*******ийн хууль ёсны өв залгамжлагчийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ нотариатад дахин гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.2.,  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 132/ШШ2023/00062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 4 дүгээр зүйлийн 4.4.1.-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн тойргийн нотариатч П.З*******ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн .......... тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, өвлөх эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.З*******аас 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 140 400 /нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

 

                                                                                     

                                                ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ