Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2023/01093

 

 

 

 

 

 

 

 

                             2023        03          03

            101/ШШ2023/01093

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Г.Ж /рд:/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  Д.Г /рд:/-д холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцох, 7,344,902 төгрөг болон Amway брендийн тогоо гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч М.Б, гэрч Ё.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г овогтой Ж миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Д овогтой Гтэй хамтран амьдарч байсан. Түүнтэй хамтран амьдарч байх хугацаанд өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлан түүний 3 хүүхдийг тэжээн тэтгэж байсны дээр гэрт нь хэрэгтэй эд зүйлсийг байнга авч өгдөг байсан. Хамтран амьдрах дөрөвхөн сарын хугацаанд Г нь надаас их хэмжээний мөнгө болон үнэ бүхий зүйлийг мөнгө нэхэж ойр ойрхон авсан байдаг. Хамт амьдрах хугацаанд 2022 оны 02 дугаар 10-ны өдөр “Д” ХХК-с 979.902 /есөн зуун далан есөн мянга есөн зуун хоёр/ төгрөгөөр Hansa брендийн 4 ширэмтэй плитка, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Скайтел компаниас 4 290 000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгөөр самсунг галакси-22 маркийн утас, 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр машинаа вьетнам засварт засуулна гэж 800 000 /найман зуун мянган/ төгрөг нэхэж би хүнээс зээлж авч өгч өөрөө төлж байсан. Үүнээс гадна 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 625 000 /зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийг онлайн захиалгаас бараа аваад түүнийгээ зараад өгнө яаралтай цүнх гутал авах шаардлагатай байна бас мөнгө авсан байдаг. Хамгийн сүүлд Г эмнэлэгт хэвтэхэд нь эмчилгээний төлбөрт 2022 оны 05 дугаар сарын 01 -ны өдөр 650 000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийг эмчилгээний төлбөр Г гэсэн утгаар би төлсөн байдаг. Ийм байдлаар маш удаан намайг санхүүгийн хэрэгцээгээ болгож явсныг би мэдээгүй. Үүнээс гадна надад байсан 1 200 000 / нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий Amway брендийн тогоог аваад эргүүлж өгөөгүй байдаг. Ингээд хамтын амьдралын хугацаанд зөвхөн намайг эдийн засгийн хэрэгцээ болгон ашиглаж байснаас гадна хамтын амьдралаас гадуур харилцаа үүсгэж надад мэдэгдэж хүнд цохилт болж байсан. Энэ хугацаанд би сэтгэлзүйн маш их хямралд орж сэтгэл зүйчид маш олон удаа хандсан байдаг. Иймд миний Гөд шилжүүлсэн зарцуулсан 7 344 902 /долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун хоёр/ төгрөг болон Amway брендийн тогоог тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Г нь шүүхэд, түүний төлөөлөгч М.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Г би нэхэмжлэгч Г.Ж-ын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бид анх 2021 оны 03 сард танилцсан. Миний нөхөр өөд болж би 3 хүүхэдтэйгээ үлдэж олон жил ганцаар яваа нэгэн. Г.Ж 12 настай хүүхэдтэй байсан ба тал талаасаа амьдрал, ахуй нөхцөлөө ойлгож болж бүтэн гэсэн сэтгэлээр хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд Г.Ж нь миний цахим орчны хэрэглээг хянах, өнгөрсөн зүйлсийг ухаж түнхэх, цахим орчноос найз нөхдийг хасах, ажил хэргээ явуулдаг дугаарыг битгий барь хаа гэх зэргээр хүмүүсээс аль болох тусгаарлах, нийгмийн амьдрал оролцуулахгүй байлгах зэргээр маш их хардаж орох гарах үйлдлийг хязгаарладаг байсан. Ж нь хамтран амьдрах хугацаандаа бэлгийн замын өвчин тусаж ирээд түүнийгээ эмчлүүлж байсан ч тохиолдол бий. Г.Ж нь Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр 14 хонож ажиллаад, 14 хоног амардаг байсан ба ажилдаа явсан хойгуур түүний хүүг хооллох, ундлах, асран хамгаалах, сургуульд, дугуйланд хүргэж өгөх бүхий л ажлыг миний бие ганцаар хариуцаж хийдэг . Миний хувьд Г.Жас ийм зүйл худалдаж аваад өг, энэний төлбөрийг төлөөд өг дараа өгье гэж гуйж байгаагүй ээ. Гар утсыг хаанаас авсан гэдгийг би мэдэхгүй ээ, худалдаж авах үед нь хамт яваагүй өөртөө хэрэглэх зорилгоор авсан гэж ойлгосон одоо хэрэглэдэг байх, машин засуулах, цүнх гутал авах зорилгоор түүнээс мөнгө авсан зүйл байхгүй ээ. Чи надаар ерөөсөө юм авхуулахгүй юм гэж хэрүүл уруул хийж байсан тохиолдол байгаа. Тэгэхэд нь би хэн нэгнээр юм авхуулах, санхүүгийн асуудлаа шийдүүлэх гэж амьдраагүй хэн хэнийхээ хүүхдүүдэд сэтгэл санааны дэм, нөмөр болъё гэсэн санаа байгаа гэдгээ хэлж байсан. Тогоо гэх зүйлийг би мэдэхгүй аваагүй. Хамтран амьдарч байх хугацаандаа 2 ч удаа хутга барьж чамайг алчхаад амиа хорлоно, байнгын хардана, янхан гичий пизда гэж хүүхдүүдийн дэргэд хүртэл хэлдэг байсан. Түүний энэ үйлдлүүд үнэхээрийн хүнд тусаж маш их айж цочирдож 3 хүүхэд болон надад сэтгэлийн хувьд нөмөр болохгүй гэдгийг ойлгож салахаар шийдсэн. Надаас салахгүй гэдэг агуулгаар ийм утга учиргүй зүйл бичиж, намайг эд мөнгө харсан хүн мэтээр ойлгуулж шүүхэд нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. Г.Ж-н нэхэмжилсэн 7,344,902 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс дурдсан зүйлсийг аваагүй. Гомдоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийгөө гомдоосон, эдийн засгийн хэрэгцээ болгосон гэж нэхэмжлэлд бичсэн байдаг. Талууд 2022 оны 1 сараас хамтран амьдарч 5 сар хүртэл амьдарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь 10 гаруй насны хүүхэдтэйгээ хамт хариуцагчийн гэрт амьдарч байсан. Нэхэмжлэгч нь 14 хоногоор уурхайд ажилладаг. Энэ хугацаанд хүүхдийг нь хардаг байсан юм. Иймд нэхэмжлэгчийг гомдоосон зүйл байхгүй. Хариуцагч нь нөхрөө нас барснаас хойш 3 хүүхдийн хамт амьдардаг. Эд зүйлийг өгсөн авсан зүйл байхгүй. Утсыг нэхэмжлэгч өөрөө авсан байж болох боловч хариуцагчид өгөөгүй. Мобикомоос ирсэн баримт нь ямар утас гэдэг нь мэдэгдэхгүй байна. Плиткаг хариуцагч аваагүй. Энэ нь хаашаа хүргэгдсэн гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд хариуцагчийн хаягаас өөр газар хүргэгдсэн байдаг. Машин засуулах болон эмнэлгийн зардлыг төлсөн нь үнэн. Гэхдээ гомдоосон зүйл байхгүй тул буцааж өгөхгүй. Тогоо нь ойлгомжгүй бөгөөд аваагүй юм. Гомдоосон баримтгүй бөгөөд тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Машин засуулсан учир нь хариуцагч өөрөө Prius машинтай байсан бөгөөд хамт амьдарч байсан тул нэхэмжлэгч унаж яваад жижиг осол гаргаад засуулсан юм. Улмаар машинаа засуулж зараад том машин авахаар ярьж байсан юм. Гэрч нь барааг хэн авсныг хэлж мэдэхгүй байх тул хариуцагч авсан гэж тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь мөнгө гаргасан гээд дансны хуулга гаргасан бөгөөд уг утсыг хариуцагч авсан гэдэг нь харагдахгүй байна. Плитка хариуцагчийн хаягаар нэхэмжлэгч өөрөө хүлээж авсан байна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: мемориалын баримт 6 ширхэг /хх4-9/, баталгаат засварын хуудас /хх11/, Голомт банк дахь өөрийн дансны хуулга /хх12-13/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: О-ийн шинжилгээний хариу /хх59/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр “Д” ХХК-ийг бараа худалдан авсан талаарх лавлагаа /хх41-43, 49, 51-53/, “М” ХХК-с дугаарт ашиглагдаж байсан утасны IMEI кодын лавлаа /хх44-46/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Г.Ж нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, плитканы үнэ 979,902 төгрөг, утасны үнэ 4,290,000 төгрөг, автомашины засварын төлбөр 800,000 төгрөг, эд зүйлийн үнэ 625,000 төгрөг, эмнэлгийн төлбөр 650,000 төгрөг, нийт 7,344,902 төгрөг болон Amway нэртэй тогоо гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Хариуцагч Д.Г нь эмчилгээний болон засварын төлбөрийг төлүүлсэн, харин бусад зүйлийг аваагүй бөгөөд гомдоосон зүйл байхгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А-д шүүх хуралдааны тов мэдэгдэж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч нь хэд хэдэн шаардлага гаргаж, үндэслэлийг бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, улмаар бэлэглэлийн гэрээний зарим зүйлийн үнийг болон зарим зүйлийг биет байдлаар буцаан гаргуулахаар шаардсан.

 

            Хариуцагч нь автомашины засварын зардалд 800,000 төгрөг болон эмнэлгийн үйлчилгээ авсан төлбөрт 650,000 төгрөг, нийт 1,450,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болохыг зөвшөөрсөн боловч нэхэмжлэлд дурдсан бусад зүйлсийг аваагүй гэж маргаж байна.

 

            Зохигчид хамтын амьдралтай байсан ба дуусгавар болсон талаар хэн аль нь маргаагүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

            Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэгчийг ноцтой гомдоох гэдэг нь бодит үйлдэл байхыг шаарддаг.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг бусадтай хамтын амьдралаас гадуур харилцаа үүсгэсэн гэж, харин хариуцагч нь нэхэмжлэгчийг бусадтай гадуур харилцаа үүсгэж, бэлгийн замын халдварт өвчин тусаж байсан бөгөөд хүүхдийн хажууд зүй бус харьцаж, сэтгэл санааны дарамтад оруулж байсан гэж маргаж байна.

           

Гэвч хэн аль нь өөрийн тайлбарыг нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч түүнийг ноцтой гомдоосон гэх үндэслэлээ нотолж чадаагүй тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэлд дурдсан эд зүйлийн хувьд:

Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тавцан плитка худалдан авсан нь батлагаат засварын хуудсаар тогтоогдсон бөгөөд “Д” ХХК-с 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр BHC66906 кодтой тавцан плиткаг хариуцагчийн оршин суугаа хаягаар хүргүүлж, плиткаг нэхэмжлэгч өөрөө хүлээн авсан байна. /хх11, 51-52/

Улмаар уг плиткаг хариуцагчийн гэрт ашигласан, өөрөөр хэлбэл хариуцагчийн гэрт үлдээсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд хариуцагч нь уг плитканы талаар мэдэхгүй гэж маргасан. Иймд уг плиткаг бэлэглэсэн гэж үзэх боломжгүй.

 

Голомт банк дахь нэхэмжлэгчийн данснаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Caxbiphone center UB CHD 5 khoro Skytel гэсэн утгаар 4,290,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. /хх12/

Мөн хариуцагч нь тухайн цаг хугацаанд ,,,,, дугаарын ашиглагч байсан бөгөөд уг дугаарт ,,,,0 гэсэн IMEI кодтой гар утас ажиллаж байсан болох нь “М” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/833 дугаар албан тоот, түүний хавсралтаар тогтоогдсон. /хх44-45/

Гэвч нэхэмжлэгч нь дээрх зарлагын гүйлгээгээр гар утас худалдаж авсан эсэх, хэрэв авсан тохиолдолд уг гар утас нь дээрх IMEI код бүхий гар утас мөн эсэхийг баримтаар нотлоогүй.

Улмаар хариуцагч нь гар утасны бэлэг хүлээн аваагүй гэж маргаж байх тул нэхэмжлэгчийг хариуцагчид гар утас бэлэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Цахим дэлгүүрээс эд зүйл худалдан авч өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэрлэснээр уг дэлгүүрийг ажиллуулагч буюу гэрч Ё.Д нь шүүх хуралдаанд “2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ,,, дугаар утас,  дугаар данснаас 625,000 төгрөгийн орлого орж, худалдан авалт хийгдсэн, хүлээж авсан хүнийг санахгүй байна” гэх тайлбарыг гаргасан. Гэвч гэрчийн мэдүүлэгт дурдсан утасны болон дансны дугаар нь нэхэмжлэгчийн утас, дансны дугаартай таарахгүй байна. Мөн хэрэгт байгаа нэхэмжлэгчийн дансны хуулганаас үзэхэд тухайн өдөр уг зарлага гараагүй. /хх12-13/

Иймд нэхэмжлэгчийг энэхүү худалдан авалтыг хийж, зарлага гаргасан, өөрөөр хэлбэл хариуцагчид цахим дэлгүүрээс эд зүйл худалдан авч бэлэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Цаашлаад, нэхэмжлэгч нь 1,200,000 төгрөгийн үнэ бүхий Amway брэндийн тогоо худалдан авсан, улмаар хариуцагчид бэлэглэсэн гэх тайлбараа нотлоогүй бөгөөд энэ талаар ямар нэг баримтыг дээрх хуульд заасан үүргийн дагуу шүүхэд ирүүлээгүй.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь автомашины засвар, эмнэлгийн төлбөрт нийт 1,450,000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлсөн талаар маргаагүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн бусад эд зүйлийг бэлэглэсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г-өд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, 7,344,902 төгрөг болон Amway тогоо гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД