Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00814

 

Ж.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/01093 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.А-ын хариуцагч Г.А- холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож 7,344,902 төгрөг болон Амвей (Amway) брендийн тогоо гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А-а, түүний өмгөөлөгч Г.Алтанзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ж.А-а 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Г.А-тэй хамтран амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Долоон Болдог ХХК-аас 979,902 төгрөгөөр плитка, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Скайтел ХХК-аас 4,290,000 төгрөгөөр гар утас, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр автомашины засварын хөлс 800,000 төгрөг авсан. Мөн Г.А- нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр цүнх, гутлын үнэ 625,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгийн төлбөрт 650,000 төгрөг төлүүлсэн. Үүнээс гадна 1,200,000 төгрөгийн үнэ бүхий Амвей (Amway) брендийн тогоог аваад эргүүлж өгөөгүй. Г.А- нь хамтын амьдралаас гадуур харилцаа үүсгэсэн нь Ж.А-ад сэтгэл зүйн хүнд цохилт болсон. Энэ хугацаанд Ж.А-а сэтгэл зүйн хямралд орж сэтгэл зүйчид олон удаа хандсан. Иймд Г.А-өөс 7,344,902 төгрөг болон Амвей (Amway) тогоог гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Г.А- Ж.А-атай 2021 оны 03 дугаар сард танилцсан. Ж.А-а 12 настай хүүхэдтэй байсан. Ж.А-а нь хамт амьдрах хугацаандаа Г.А-ийн цахим хаягийг хянах, цахим орчноос найз нөхдийг хасах, утасны дугаараа хаа гэх зэргээр бусдаас тусгаарлаж хардаж үйлдлийг нь хянадаг байсан. Ж.А-ыг орон нутагт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хугацаанд түүний хүүг Г.А- асран халамжилдаг байсан. Ж.А-ыг эд зүйл авч өг, төлбөрийг нь төл гэж гуйж байгаагүй. Гар утсыг хаанаас авсныг мэдэхгүй. Цүнх, гутал авах зорилгоор мөнгө аваагүй. Ж.А-а Г.А-ийг надаар юм авахуулахгүй байна гэж хэрүүл хийж байсан. Плитка, тогоог аваагүй. Г.А-ийн хаягаар хүргүүлж Ж.А-а плиткийг өөрөө авсан. Хамт амьдрах хугацаанд таарамжгүй харилцаа үүссэн тул хамтын амьдрал дуусгавар болсон. Автомашин засуулах болон эмнэлгийн зардлыг төлсөн нь үнэн. Гэхдээ гомдоосон зүйл байхгүй тул буцааж өгөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.А- холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, 7,344,902 төгрөг болон Амвей (Amway) тогоо гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүх Нэхэмжлэгч нь хариуцагчийг бусадтай хамтын амьдралаас гадуур харилцаа үүсгэсэн гэсэн, хүүхдийн хажууд зүй бус харьцаж, сэтгэл санааны дарамтад оруулсан гэж маргасан. Гэвч хэн аль нь өөрийн тайлбарыг нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч түүнийг ноцтой гомдоосон гэх үндэслэлээ нотолж чадаагүй тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч ямар шалтгааны улмаас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэгчийг ноцтой гомдоосон, сэтгэл санааны хувьд хүнд нөхцөл байдалд байсан. Хариуцагч гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас нэхэмжлэгч сэтгэл зүйн дарамтад өртөж сэтгэл зүйчээс зөвлөгөө авсныг нотлох зорилгоор гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хангахаас татгалзсан.

Мөн Долоон болдог ХХК-аас авсан плиткийг хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хариуцагчийн гэрт үлдээсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн. Хариуцагчийн хаягаар плитка хүргэсэн нь тодорхойлолтоор нотлогдоно. Гэвч шүүх гэрт үлдээсэн болохоо нотлоогүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Нэхэмжлэгч хариуцагчид цахим дэлгүүрээс эд зүйл худалдан авч 625,000 төгрөгийн гүйлгээ хийсэн болох нь гэрчийн мэдүүлэг болон дансны хуулгаар тогтоогдсон. Гэвч шүүх Гэрчийн мэдүүлэгт авагдсан утасны дугаар болон дансны дугаар нь нэхэмжлэгчийн данс, утасны дугаартай таарахгүй байна. Мөн нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзэхэд тухайн өдөр зарлага гараагүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь Голомт банк ХХК-ийн дансаар 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гүйлгээ хийсэн нь тогтоогдсон байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Ж.А-а нь Г.А-ийн өмнөөс автомашины засвар болон эмнэлгийн төлбөрт 1,450,000 төгрөг төлсөн талаар тэрээр маргаагүй. Г.А- эд зүйл авахуулж байсан үеийн бүх цахим зурвасыг устгасан. Ж.А-а хамт амьдрах зорилгоор эд зүйл бэлэглэсэн боловч Г.А- нь түүнийг ноцтой гомдоосон. Гэтэл шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч сэтгэл зүйчтэй уулзсан тухай тэмдэглэлийг нотлох баримтаар өөрөө гаргаж нотлох бүрэн боломжтой байсан. Плиткийг хариуцагчийн гэрт үлдээсэн талаар баримт байхгүй, нэхэмжлэгч плиткийг авсан. Мөн данс андуурсан, цахим дэлгүүрээс гутал, цүнх авч өгсөн гэх тайлбараа нотлоогүй. Г.А- гэр бүлийн хамтын амьдралаас гадуур харилцаа үүсгэж Ж.А-ыг гомдоогоогүй. Г.А- 8,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, талуудын хоорондын маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

1. Нэхэмжлэгч Ж.А-а хариуцагч Г.А- холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж плиткийн үнэ 979,902 төгрөг, гар утасны үнэ 4,290,000 төгрөг, автомашины засварын төлбөр 800,000 төгрөг, цахим дэлгүүрээс авсан эд зүйлийн үнэ 625,000 төгрөг, эмнэлгийн төлбөр 650,000 төгрөг, нийт 7,344,902 төгрөг болон Амвей (Аmway) брэндийн тогоо гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагчтай хамтран амьдарч байх хугацаандаа нэхэмжлэлд дурдсан эд зүйлийг бэлэглэсэн боловч тэрээр бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулна гэж, хариуцагч нэхэмжлэгчээр эд зүйл авахуулж байгаагүй, харин автомашин засварын болон эмнэлгийн төлбөр төлсөн нь үнэн боловч түүнийг гомдоогүй тул буцаан төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

2. Нэхэмжлэгч Ж.А-а хариуцагч Г.А- 979,902 төгрөгийн үнэ бүхий плитка, 4,290,000 төгрөгийн гар утас, 625,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авч өгсөн, Амвей (Amway) брендийн тогоог хариуцагч авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.А-ийн хаягаар плиткийг хүргүүлсэн гэх баримтыг үндэслэн уг плиткийг хариуцагчийн эзэмшилд үлдээсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Мөн Голомт банк ХХК дахь Ж.А-ын эзэмшлийн данснаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр CAXBIPHONECENTER UB CHD 5 KHORO SKYTEL гэсэн утгаар 4,290,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх тул хариуцагч Г.А- IMEI код бүхий гар утсыг худалдан авч өгсөн гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Сэргэлэнцэцэгийг гэрчээр асуулгах, уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ... Х.Сэргэлэнцэцэг маргааны үйл баримтыг мэдэх гэрч биш, сэтгэл зүйчид нэхэмжлэгчийн ярьсан зүйлийн талаарх тэмдэглэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй... гэж дүгнэж хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2.2. Харин Ж.А-а нь Г.А-ийн өмнөөс автомашины засварын зардал 800,000 төгрөг, эмнэлгийн төлбөр 650,000 төгрөг, нийт 1,450,000 төгрөг төлсөн талаар хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан тул нэхэмжлэгч Ж.А-а нь хариуцагч Г.А-өөс автомашины засварын болон эмнэлгийн төлбөрт төлсөн 1,450,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

3. Нэхэмжлэгч Ж.А-а нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Г.А-ийн өмнөөс бусдад төлөх төлбөрийг төлсөн тул буцаан гаргуулна гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг бэлэглэлийн гэрээтэй холбоогүй байгааг шүүх анхаараагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А-өөс 1,450,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-ад олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,894,902 төгрөг болон Амвей (Amway) брендийн тогоо гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/01093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заасныг баримтлан хариуцагч Г.А-өөс 1,450,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-ад олгож, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,894,902 төгрөг болон Амвей (Amway) брендийн тогоо гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... үлдээсүгэй гэснийг ... үлдээж, хариуцагч Г.А-өөс 38,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-ад олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.А-ын төлсөн 202,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ